Модыг суулгаснаасаа хойш хүүхэд шиг хайрлаж ургуулах ёстой

Admin
Өчигдөр 09 цаг 50 минут

Т.ТҮВШИН

“Алтан намар” модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа энэ сарын 1-нээс Барилгачдын талбайд гарч байна. Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 20 орчим аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн мод, модны суулгацаа дэлгэн тавьжээ. Тодруулбал Увс, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотоос ирсэн иргэн, аж ахуй нэгжүүд оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд зарлиг гаргаж, жил бүрийн тавдугаар сар болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр мод тарьдаг уламжлал тогтсон. Үүнээс хойш 11 дэх жилдээ энэхүү, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй ажээ.

Хавар, намартаа мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хувь хүмүүс нийслэл хотод үзэсгэлэн худалдаанд оролцдог уламжлал тогтсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 4­нд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж, “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зарласнаас хойш мод, суулгац авах албан байгууллага, хувь хүмүүсийн тоо ихэссэн аж. Барилгачдын талбайд зохион байгуулж буй тус арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжин оролцож буй бөгөөд хог хаягдлын мөнгө, ариун цэврийн үйлчилгээний төлбөрөөс өөр татвар, хураамж авахгүй байгаа гэж худалдаачид дуулгав. 

Увс аймгийн Улаангом хотоос хүрэлцэн ирж, мод, суулгац худалдаалж буй Г.Долгортой ярилцлаа. Тэрбээр сүүлийн арав гаруй жил тус үзэсгэлэн худалдаанд хавар, намартаа тасралтгүй оролцож иржээ. Г.Долгор “Би нягтлан бодогч мэргэжилтэй.

Гэхдээ олон жил энэ чиглэлд ажиллаж байна. Увс аймгийн Улаангом хотод гурван талбайтай. Нийт есөн га газарт модны үрсэлгээ, суулгац тариалдаг. Үзэсгэлэнд ирээд арав гаруй хонож байгаа. Чацаргана, үхрийн нүд, хайлаас, бургас, шар хуайс, хус, үрэл, тэхийн шээг гээд жимс, гоёлын модны суулгацтай ирсэн. Арав гаруй төрлийн 20 мянга гаруй суулгац бий. Чацарганы суулгац гэхэд 4000 гаруйг авчирсан” гэлээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

 -Хүмүүс ихэвчлэн ямар модны суулгац авч, тарих сонирхолтой байна вэ?

­-Жимсний мод болон гоёлын мод авч тариалах сонирхолтой байна. Хайлаас, улиас авах нь их байна. Хайлаас гэхэд усалгаа, арчилгаа бага шаарддаг мод. Анх тарихдаа сайн услаад ургуулчихвал байгалиараа ургачихдаг мод. Мөн чацарганыг албан газрууд, ангиараа ирж авч тариалж байна. 

Ерөнхийлөгчийн мод тарих уриалга гарсантай холбоотойгоор албан байгууллага, хувь хүмүүс ирж модны суулгац ихээр авч байна. Урьд жилүүдээс худалдан авалт өндөр байна. Нэг үеэ бодвол хүмүүс мод тарих ажилд идэвхтэй оролцдог болжээ.-Мод тарьж, ургуулах хүсэлтэй хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ? ­

-Газраа ухаж, хөрсөө бэлдэж, хар шороо, элс бууцаа сайн тохируулж өгөх хэрэгтэй. Тарьснаасаа хойш арчилгаа, усалгаа хийх нь чухал. Тарьчихаад орхидог нь манайхны сул тал. Залуучууд модоо тариад жилдээ жимсээ өгөх юм шиг ойлгодог. Гэтэл ямарч мод эхлээд хөрсөндөө дасан зохицно. Хамгийн багадаа хоёр, гурван жилийн дараагаас жимс өгдөг.

-Мод ургуулж, суулгац тариалж буй байгууллага, хувь хүнд төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг юм болов уу? ­

 -Төрийн дэмжлэг байдаггүй. Харин бизнесийн төслөө сайн бичээд банканд хандвал зээл олддог гэж сонссон. Гэхдээ манайх зээл авахаар хөөцөлдөж үзээгүй. Тэрбээр мөн “Хэдэн жилийн өмнө Хятадаас суулгац орж ирдэг байсан. Би 50 ширхэг алимны модны суулгац авч, тариалах гэж суулгасан боловч нэг ширхэг ч ургаагүй. Хятадууд химийн бордоо ашиглаж ургуулдаг учраас Монголын хөрсөнд тохирдоггүй юм билээ” гэв. Модны суулгацны үнэ нас, өндөр намаасаа хамаарч өөр өөр үнэтэй байна. Хайлаасны суулгац 500 ­ 1500 төгрөг, үхрийн нүд 3000 ­ 10000, чацаргана 2500 ­ 6000, буйлс, гүйлс 5000 ­ 10000, бургас, улайс 2500 ­ 10000, шар хуайс 1000 ­ 2500, мөнгөлөг хуайс 25000 ­ 45000, улаан моносны суулгац 35000 ­ 180.000, нарсны суулгац 150 ­ 180 мянган төгрөгийн үнэтэй байв. Гацуур мод нүдэнд тусав. Хоёр настайгаас 10 хүртэлх насны гацуур модны суулгац харилцан адилгүй үнэтэй аж. “Алтан намар” модны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд “Шувуун фабрик”­аас ирж оролцож буй Х.Тогтуун “Гацуур модны суулгац өндрөөсөө хамаарч 35000 ­ 450.000 төгрөгийн үнээр худалдаалж байна. Тухайлбал, 30 смийн өндөртэй гацуур модны суулгац 35000 төгрөг, 50 см нь 55000, 1.5 метр өндөр гацуур 250 мянган төгрөг, 2­2.5 метр өндөр гацуур модны суулгац 380­450 мянган төгрөгийн үнэтэй. Хүмүүс гоёлын модны суулгац авах сонирхол их байна” гэв.


ЕРӨНХИЙЛӨГЧ МОД ТАРЬСАН ХҮНД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Н.Жамбал “Манайх хэдэн жилийн өмнөөс хашаандаа жимсний мод тарьж байгаа. Нэмж хэдэн чацарганы мод тарихаар суулгац авлаа. Модоо зөв тариад, арчилж, усалж чадвал сайхан ургадаг юм байна. Услахгүй орхивол хатчихна. Тиймээс хамгийн түрүүнд арчилгаа чухал юм. Мод тарилаа гэж хүмүүс баахан ярьцгаадаг. Гэтэл тарьсан модоо услахгүй бол яаж ургах вэ. Хүүхдийг төрснөөс хойш насанд хүртэл нь хайрлаж, хамгаалж өсгөдөг шигээ, модыг хайрлаж ургуулах ёстой. Үүнийг хүмүүс мэддэг хэрнээ тэр болгон хэрэгжүүлдэггүй. Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарих уриалга гаргасан. Тарьсан модоо эргээд хамгаалж, ургуулдаг, хариуцах эзэнтэй байх ёстой. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачилга үр дүнгүй болно. Ийм зохион байгуулалтыг төрөөс хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Мөн мод тарьж гүйцэд ургуулсан хүнд төрөөс мод бүрийн тоогоор урамшуулал олгодог байх хэрэгтэй. Нэг мод тарихад багагүй мөнгө зарцуулдаг. Суулгац, бордоо, усалгаа, хөдөлмөрийн хөлсийг тооцвол нэг модонд зарцуулах төсөв 20 мянга гараад явчихна. Үнэтэй модны суулгац авбал үүнээс их мөнгө болно. Төр нэг мод ургуулсны урамшууллыг 50 мянган төгрөг болгох хэрэгтэй. Тэгж байж хувь хүн, аж ахуй нэгж мод тарих ажилд хувь нэмрээ оруулах боломжтой. 

Ерөнхийлөгч мод тарьсан хүнд урамшуулал олгож байж, түүний уриалга үр дүнгээ өгнө” гэв. Үзэсгэлэн худалдаа бүтэн нэг сарын турш үргэлжлэх ажээ.Ташрамд дуулгахад, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг энэ сарын 4­ний өдрөөс эхлүүлснээс хойш иргэд, аж ахуй нэгжүүд Хан-­Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, Сонгинохайрхан дахь “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгдэж, мод тарьжээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилт эрчимжсэн газар нутгийн дөрвөн хувийг ойжуулж, нийт газар нутгийн 7.9 хувь нь ойтой болно гэж тооцоолжээ. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоолол хийгээд байгаа талаар албаныхан мэдээлж байна. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна