НҮБ: Афганчуудад яаралтай тусламж шаардлагатай

Admin
Өчигдөр 10 цаг 12 минут

Афганистанд хүмүүнлэгийн хямрал нүүрлэж байна. Тус улсын 20 сая хүнд тусламж шаардлагатай. Энэ тухай НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар мэдээлэв. Нэг сарын өмнө Афганистанд хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад 606 сая ам.доллар хэрэгтэй байгааг анхааруулсан. НҮБ дээрх мөнгөний дөнгөж 35 хувийг хандиваар цуглуулсан байна. Афганы эдийн засгийг бүрэн сүйрэхээс аврахын тулд их хэмжээний мөнгө шаардлагатай байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “ Их 20 ”-ийн удирдагчдад анхааруулав. Афганистаны асуудлаар “Их 20”-ийн удирдагчид хуралдсан. Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын төлөөлөгч Бабар Балох яаралтай туслах шаардлагатай афганчуудын тоо 20 саяд хүрч, өдөр тутам нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн.

НҮБ-ын мэдээлснээр, өнөөдөр Афганистаны нийт гэр бүлийн дөнгөж таван хувь нь зөв хооллодог. Таван нас хүртэлх хүүхдийн талаас илүү нь өлсгөлөнд нэрвэгдэж байгаа гэнэ. Дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий “Их 20”-ийн бүлгийн гишүүн улсууд Афганистаныг сүйрлээс аврах амлалт өгчээ. Тухайлбал, Германы канцлер Ангела Меркель тус улсыг эмх замбараагүй байдалд орхихыг зөвшөөрөх ёсгүй гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тусламжийг эрх баригч “Талибан” хөдөлгөөнд шууд олгох бус олон улсын байгууллагаар дамжуулан үзүүлэх ёстойг онцлов. 

Европын холбоо Афганистаны дүрвэгсдийг хүлээн авч буй хөрш орнуудад нэг тэрбум еврогийн тусламж үзүүлэх амлалт өглөө. Германы канцлер А.Меркель Афганистанд үзүүлэх 600 сая еврогийн амлалт хэвээр байгааг дурдсан байна.НҮБ-ын зүгээс “Их 20”-ийн бүлгийн удирдагчдыг Афганистаны эдийн засагт хөрөнгө оруулахыг хүссэний дагуу цахим уулзалт зохион байгуулсан юм. Өнгөрсөн наймдугаар сарын дунд “Талибан” хөдөлгөөн Афганистанд хяналтаа тогтоосны дараа банкууд хаагдсан. Дараа нь банк нээгдсэн ч бэлэн мөнгөний хомсдолд ороод буй. Мөн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, түүний дотор хүнсний үнэ огцом өсжээ.


АФГАНИСТАНЫГ АВРАХГҮЙ БОЛ, ДУНДАД АЗИ ДҮРВЭГЧДИЙН ХӨЛД ДАРАГДАНА

“Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, бусад улс орнуудыг дүрвэгчдийн урсгалаас хамгаалах ёстой” гэж “G20”-ийн чуулга уулзалтын үер Италийн төлөөлөгчид мэдэгдэв. 

“Хүмүүнлэгийн тусламж тус улсыг сүйрлээс аварна. Үүний үр дүнд Афганистанаас гадагшаа урсах цагаачдын тоо буурна. Хэрэв тэгэхгүй бол Дундад Ази болон Ойрхи Дорнод дүрвэгчдийн хөлд дарагдана” гэдгийг онцолжээ. Мөн Италийн төлөөлөгчид Афганистаны хүн амын эмзэг хэсэг, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд яаралтай тусламж шаардлагатай байгааг анхааруулав. Афганистаны асуудалд хил залгаа оршдог Дундад Азийн орнуудын удирдагчид маш ихээр санаа зовниж байна.

Тухайлбал, Узбекистан улс Энэтхэг, Пакистан, Иран, БНХАУ, Герман болон бусад орнуудтай афганы асуудлыг идэвхтэй хэлэлцэж буй. Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзияев узбекафганы хилийн нөхцөл байдлыг байнга хяналтад авснаа мэдэгдсэн. Түүнчлэн Афганы нөхцөл байдал Тажикстан болон Туркменистаны удирдагчдын толгойн өвчин болжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна