Карлос Гон Японоос Ливан руу зугтсан шалтгаанаа тайлбарлав

Admin
Өчигдөр 10 цаг 32 минут

Автомашин үйлдвэрлэлийн “Renault-Nissan-Mitsubishi” концерний тэргүүнээр ажиллаж байсан Карлос Гон Ливан руу зугтсан шалтгаанаа Японы прокуророос өөрийгөө хамгаалах цорын ганц арга зам байсан хэмээн тайлбарласан тухай өчигдөр “NHK” телевиз дамжуулав. “Япон дахь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа намайг хамгаалж чадахгүй, учир нь хэргийн 99.4 хувь прокурорын талд гардаг. Миний араас элдэн хөөж, гэр бүлтэй минь шударга бус харьцсан. Японоос зугтах нь өөрийгөө хамгаалах цорын ганц арга зам байсан” хэмээн К.Гон хэлжээ.

Түүний хэлснээр, Японы прокурорын газар шүүх хурлыг Ливанд явуулахын тулд мөрдөн байцаалтын бүх материалыг Ливаны эрх баригчдад шилжүүлэх ёстой гэнэ. “Би Ливан улсын иргэн учраас Японд шилжүүлэн өгөх ёсгүй” хэмээн Гон шаардаж байна. 

Концерны тэргүүн асан зугтсан тухайгаа эргэн дурсахдаа, түүнийг шалган нэвтрүүлэхэд сканерт оруулаагүй хөгжмийн хайрцганд нууж гаргажээ. Карлос Гон Франц, Бразил болон Ливаны иргэншилтэй. Түүнийг 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нд Токио хотын прокурорын газар баривчилсан аж. Тэрбээр 2010- 2018 онд “Ниссан” компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж байв. 2018 оны намар К.Гоныг Японы санхүүгийн хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж баривчлан Токиогийн шоронд хорьсон аж. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, тэрбээр татвар төлөхөөс зайлсхийхийн тулд өөрийн баруун гар болох Грег Келлитэй хамт орлогынхоо бодит хэмжээг нуун дарагдуулж байжээ. Зургаан сарын дараа К.Гоныг батлан даалтаар шоронгоос гаргаж, гэрийн хорионд оруулсан.

2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Ниссан” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын үеэр түүнийг захирлуудын бүрэлдэхүүнээс хассан аж. Тухайн оны арванхоёрдугаар сарын 31- нд Карлос Гон Японоос хөгжмийн хайрцганд нуугдаж Бейрут руу ниссэн онгоцоор зугтсан нь тодорхой болсон. К.Гоны хэлснээр, Японы прокурорын газар өөрийг нь буруутгаж буй хэргээ хүлээж гарын үсэг зурахгүй бол гэр бүлийг дарамтална гэж сүрдүүлжээ. 2020 оны нэгдүгээр сард Ливаны шүүхээс топ менежер асанд эх орноосоо гарахгүй байхыг тушаасан. К.Гон өөрийгөө гэм буруугүйг нотлох баримт бичиг байгаа гэж мэдэгдэж байсан аж.

2021 оны хоёрдугаар сарын 24-нд Туркийн шүүхээс К.Гоныг Японоос зугтахад нь тусалсан хувийн агаарын тээврийн “MNG Jet” компанийн захирал Окана Косемен болон хоёр нисгэгчид шоронд хорих ял оноосон билээ. Тэд хоёр сараас дөрвөн жил хоригдох ял авсан. Тэднийг хууль бус шилжилт хөдөлгөөн зохион байгуулсан гэх зүйл ангиар буруутгажээ. Мөн өнгөрсөн долдугаар сарын 19- нд Токио хотын шүүхээс Карлос Гоныг оргуулахад оролцсон Майкл Тейлорт хоёр жил, түүний хүү Питер Тейлорт 20 сар хүртэл шоронд хоригдох ял оноосон. Тэднийг гуравдугаар сард АНУ-аас Япон руу шилжүүлж авсан.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна