С.Төмөр-Очир: Нийт сурах бичгийн анги болон хичээл хоорондын уялдаа алдагдсан дүн гарсан


А.МӨНХЖИН

Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очироос улсын хэмжээнд ашиглагдаж буй ЕБС-ийн сурах бичгүүдэд хийсэн судалгааны дүгнэлтийн талаар ярилцлаа. ­

-Дунд сургуулийн сурах бичгүүдэд дүн шинжилгээ хийсэн нь үнэхээр хэрэгтэй ажил боллоо. Та энэ багийн ахлагчаар ажилласан. Уг судалгааг эхлүүлэх болсон шалтгааны талаар яриагаа эхлэх үү?

-Миний бие төрд янз бүрийн алба хашиж байсан ч өөрийгөө боловсролын салбарын хүн гэж боддог. Насаараа энэ салбарт ажиллажээ. Их сургуулийн оюутнаас захирлыг нь хүртэл хийж явлаа. Тиймээс өөрийгөө энэ салбарт өртэй, хэрэгтэй юм хийх ёстой хүн гэж боддог. Боловсролын салбарт болж байгаа бүхнийг анхаарч, анзаарч явдаг. Нэг өдөр намайг Японд байж байтал фэйсбүүкээр тавдугаар ангийн монгол хэлний улсын шалгалтын материалд “үхсэн хойноо”, “чацга царайлчихаад” гэсэн хоёр үгийн утгыг тайлбарла гэсэн даалгавар ирсэн байна гээд яваад байна. Би эхэндээ худлаа байлгүй дээ гээд итгээгүй. Судлаад үзтэл үнэн байсан. Тэгээд мэргэжлийнхээ дагуу хэд хэдэн сурах бичиг олж үзтэл үнэхээр болохоо байжээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Хүмүүстэй санал сэтгэгдлээ солилцож байгаад Л.ЭнхАмгалан сайдтай уулзахдаа санаагаа хэлсэн юм. Энэ санал маань дэмжигдээд сурах бичигт дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан. ­

-Таны идэвх санаачилгаар энэ ажлын хэсэг байгуулагджээ. Судалгааны багаа хэрхэн бүрдүүлэв?

-2021 оны гуравдугаар сарын 31-нд БШУ-ны сайдын тушаалаар сурах бичиг нэг бүрд дүн шинжилгээ хийх 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгтээ бүх насныхнаас буюу үе үеийн төлөөллөөс гадна ерөнхий боловсролын сургуулийн хичээл бүрээс нэг багшийг сонгон оролцуулж бүрдүүлсэн. Энэ 45 хүний 11 нь дунд сургуулийн багш, үлдсэн нь эрдмийн зэрэг цолтой эрдэмтэн судлаачид. Гэхдээ сурах бичиг зохиогчдын төлөөллийг оролцуулаагүй. Хүн өөрийнхөө хийсэн ажлыг мэдээж сайн л гэнэ шүү дээ. 

Өөрөөр хэлбэл, зохиогчийг тендерээр сонгодог тул бизнесээ хамгаалах ашиг сонирхол нь өндөр байна гэж үзсэн юм. Ингээд бид зургаан сарын хугацаанд энэ дүн шинжилгээг хийлээ. Ажлын хэсэг ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн гэсэн үндсэн дөрвөн хэсэгт төвлөрч ажиллан, дүн шинжилгээ хийж, эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа. Энэ дөрөв нь задарч судлагдсан. Мөн судалгаандаа SWOT шинжилгээний аргыг ашигласан.-174 гэдэг нь дунд сургуулийн бүх сурах бичиг гэсэн үг үү?

-Тийм, 1-12 дугаар ангид үзэж буй нийт сурах бичиг буюу 1700 гаруй хэвлэлийн хуудас материал. Үүн дээр казах хэлний сурах бичгийг ч оруулсан. Өмнө нь бүх сурах бичгийг нийтэд нь иж бүрэн судалж байгаагүй юм билээ.

-Судалгааны дүнгээс та тоймлож танилцуулаач?

 - Стандарт хэмжилзүйн газраас 2008 онд батласан сурах бичигт тавигдах стандарт гэж байдаг. Энэ дагуу судалсан. Шинжилгээний ажлын үр дүнг ерөнхийд нь авч үзвэл сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга хоорондоо нийцэж байв. Гэхдээ энэ нь хөтөлбөр сайн гэсэн ойлголт биш. Сурах бичгийн дизайнд тавигдах шаардлага үндсэндээ хангалттай гэж үзжээ.

-Тухайлбал,

-Сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан.

-Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон.

-Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан, технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон.

-Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендэрийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага туссан.

-Сурах бичгийн сэдэв, дэд сэдвүүд болон түвшин хоорондын, хичээл хоорондын логик холбоо алдагдсан.

-Сурах бичиг зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гарах шалтгаан болсон гэсэн ерөнхий дүгнэлт эхний байдлаар гараад байна. Судалгааны эх материал одоогоор 2500 хуудас болсон. Эндээс нийт сурах бичгүүдэд сайн тал юу байна, муу нь юу байна гээд гарна. Сурах бичгийн дизайн бол хэвлэлтийн хөгжилтэйгөө уялдаад сайжирчээ.

Мөн манай сурах бичгүүд нэг намын тогтолцооны хуучин үзэл санаанаасаа салж чаджээ. Гэхдээ хүнд жинтэй, хуудсаараа салдаг гэх мэт сул талууд байна. Орчин үед дэлхий даяараа сурагч, багшийн хэлснийг цээжлэх биш мэдлэгийг өөрөө олж авах өөрөө бүтээх чиглэл рүү явж байгаа. Нийтлэг алдаа гэвэл манай сурах бичгүүдэд энэ чиглэл дутуу харагдсан. Хүүхэд сэтгэн бодох, өөрөө мэдлэг бүтээх талыг нь орхигдуулжээ. Мөн монгол хэлний эрдэмтэд Журамласан толь гаргасан шүү дээ. Тэрийгээ баримталж сурах бичгээ шинэчлэхгүй бол үг үсгийн алдаа маш их байна. Мөн сурах бичиг тус бүрээр агуулгын судалгааг гаргасан. Энэ ажил маань боловсролын чанарыг сайжруулахад ач холбогдолтой юм.

-Сурах бичгүүдэд байгаа нийтлэг сул талыг та хэллээ. Сурах бичгийн агуулгын чанар муудсан шалтгааныг та бүхэн хэрхэн дүгнэсэн бэ?

-Үүнийг товчхон тоочоод хэлчихэж болно. Тухайбал, сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болж байна. Тиймээс сурах бичгийг тогтвортой хэрэглэх, зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах, казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсролд анхаарах гэх мэт шаардлага бий.

-Сурах бичгийн чанар зохиогчоосоо л шалтгаална. Ер нь, сурах бичгийг зохиогчдод тавьж байгаа шаардлага сул байна уу?

-Сурах бичгийг зохиох, хянан тохиолдуулах тогтолцоо задгайрсан байна. Хуучин “Сурах бичгийн нэгдсэн редакц” гэж байлаа шүү дээ. Нэг бүрчлэн хянаж туршдаг байсан. Гэтэл өнөөдөр тавдугаар ангийн математикийн сурах бичгийг нэг хэсэг хүн, зургадугаар ангийнхыг өөр хэсэг зохиож байх жишээтэй. Тэгэхээр сэдвүүд болоод ангиудын хоорондох агуулга, логикийн уялдаа холбоо байхгүй болно. 

Тендер зарлаж, зохиогчдын багийг шалгаруулж, сурах бичгийг зохиолгодог юм байна. Нөгөө талаасаа харвал агуулга гэхээсээ илүү үнэ мөнгөний хямд, хурдан шуурхай байдал, танил талаа хардаг байх. Энэ өөрөө буруу юм. Сурах бичгийг туршиж байж хэрэглээнд оруулах гэдэг тогтолцоо алга болчихож. Өмнө нь, дөрвөн үе шат дамждаг байсан бол одоо зохиох, хэвлэх гэдэг үе шатаар л бүтэж байна. Ингэж цаг хугацаанд шахагдаж шууд хэвлээд тараахаар агуулгыг хянахгүй, туршихгүй. Сурах бичгийг судлаад зохиогоод, туршаад, туршсанаа хэлэлцээд, за одоо болж байнаа гэвэл хэвлэх ёстой. Бас нэг аюул нь бага ангийн сурах бичгээс бусдыг нь үнэтэй гээд хүүхдүүдийнхээ тоогоор хэвлэдэггүй. Ерөөсөө сурагчдын 40-хөн хувьд нь сурах бичгээ хэвлэж байна. Үлдсэн 60 хувь нь мөнгөөрөө авна, боломжгүй айлын хүүхэд авч чадахгүй. Ангидаа 2-4 хүүхэд дамжуулж номоо үзэх жишээний. Юуны өмнө сурах бичгээ хүүхдийнхээ тоогоор хэвлэх ёстой. Сурах бичгийн хүрэлцээ муу байна шүү.

-Сурах бичгийн хүрэлцээ муу гэдэг. Тэгсэн хэрнээ жил болгон шинээр хэвлэж өмнөх жилийн шинэ номуудаа хог дээр хаядаг нь нэг талаар эцэг эхчүүдэд дарамт болдог. Энэ талаар...?

-Наадах чинь маш том асуудал. Манай улс сургалтын хөтөлбөрөө олон өөрчилж байна.

 Сайд нь солигдохоор нь сурах бичиг зохиодог, хэвлэдэг компани нь солигдоод түүнийгээ дагаад бүгд өөрчлөгддөг. Энэ бол маш буруу. Сургалтын агуулга тогтмол, тогтвортой байх ёстой. Мэдээж шинэчлэх, нэмэх сайжруулах зүйлс байна. Мэдээлэл технологийн эрин үеэ дагаад шинэчлэх агуулгууд байна. Ингэлээ гээд сурах бичгээ сольж болохгүй.-Хамгийн чухал болоод хамгийн их шүүмжлэлд өртдөг бага ангийнханд зориулсан сурах бичгийг онцгойлон анхаарч судлав уу? Алдаа дутагдал юу байна?

-Энэ судалгааны ажлаа бид бага, дунд, ахлах ангийн сурах бичиг гэж гурав хувааж үзсэн. Бага ангийн сурах бичгийн хувьд дөнгөж цагаан толгойгоо үзэж дуусангуутаа л баахан шинжлэх ухаан руу орж байна. Гэтэл бага ангийн хүүхдэд ахуй, амьдралд суралцах буюу хамгийн гол нь хүмүүжлийн агуулгууд орох учиртай. Япон зэрэг бусад оронд бага насны хүүхдийг гадаад орчинтой болон хүмүүстэй хэрхэн харилцахад сургаж байна шүү дээ. Эцэг эх, найз нөхөд багштайгаа хэрхэн харилцах вэ гэх зэргээр. Анги ахих тусам шинжлэх ухаан руугаа ойртох агуулгаар бүтээх нь зөв гэдэг нь харагдаж байна. Бага ангид бид хүн болж төлөвших суурийг л сайн тавих хэрэгтэй. Манайх чинь дэлхийн Монгол хүнийг бэлдэнэ гээд байгаа биз дээ.

-Хүүхдэд зориулсан ном товхимолд утга найруулгагүй, ёс зүйгүй үг хэллэг, зураг дүрс элбэгшсэн. Сурах бичигт ийм зүйл ажиглагдаж байна уу?

- Бид агуулгыг хянадаг тогтолцоогоо муу хэлсээр байгаад авч хаясан. Үүний завхрал бүх насныхны ном, зохиолд гарч байна. Би дээр өгүүлсэн тавдугаар ангийн монгол хэлний улсын шалгалтын материалд “үхсэн хойноо”, “чацга царайлчихаад” гэдэг үгийг оруулсан байсан. Энэ бол ганц жишээ. Энэ үгийг мэддэггүй байсан хүүхэд мэдэж аваад гараад хэн нэгнийг ингэж хэлээд явахыг үгүйсгэхгүй. 

Сурах бичигт орчихсон үгийг хэллээ гэж бид хүүхдээ яаж буруутгах юм бэ. Мөн сурах бичгийн зурагт үндэснийхээ ахуй амьдралын тусгал, монгол хүнийг харуулсан зураг цөөн байна. Хурга тэвэрсэн биш муур тэвэрсэн хүүхдийн зураг олон байна гэсэн үг л дээ. Ямар ч агуулгын хувьд тэнцвэр барих нь чухал.-Манайд нэг сурах бичгийг олон хүүхэд гар дамжуулан хэрэглэдэг. Хүүхдүүд хуруугаа норгоод л номоо эргүүлдгийг та мэднэ. Дээрээс нь сурах бичгүүдийн хэвлэлийн хор, цаасны чанар, жин, хэмжээ нь эрүүл ахуй болон стандартын шаардлагад нийцэж байна уу?

-Би дизайн нь сайжирсан гэж хэлсэн. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тал нь. Цаашид засаж сайжруулах зүйл маш их байна. Гадаадын улс оронд нэг хүүхэд нэг номоо эзэмшиж хэрэглэдэг нь ариун цэвэр болоод хичээл давталт гээд олон талын ач холбогдолтой. Тиймээс бид бага ангийн сурах бичгийг жил болгон шинээр хэвлэх зөвлөмж боловсруулж байна. Тэгж байж эрүүл ахуйн шаардлага хангана. Агуулгаа солиод хэвлэх биш номоо шинээр хэвлэнэ гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт, сурах бичгийн овор хэмжээг жаахан багасгах шаардлага байна. Та нар мэднэ дээ.

Өмнө нь бага ангийнханд Цагаан толгой, Унших бичиг гээд хоёр ном байсан. Одоо нэгтгэчихсэн. Тэр хэмжээгээр овор хэмжээ нь нэмэгдсэн. Монголын боломж бололцоо хэцүү юм даа. Болдогсон бол нэг хүүхэд нэг номыг, нэг улиралд үзээд дуусгахаар л овор хэмжээ багатай хэвлэдэг баймаар. 

Хоёрдугаар улирал эхлэхэд гар дамжуулаад нухчихсан, эхний хэсгүүд нь хүн хүрэхийн эцэсгүй болчихсон номоо л цүнхлээд явна шүү дээ. Халдварт өвчин ихэссэн өнөө цагт энэ оновчгүй арга. Цаас бол маш их нян тээдэг материал. Төр 12 жилийн боловсролыг заавал олгох юм бол сурах бичиг хүүхэд бүрийн тоогоор, үнэгүй байх ёстой гэж бид үзэж байгаа.

-Сүүлийн үед хүүхэд төвтэй бүтээлч сургалт гэх юм уу хүүхдүүдийг маш их гэрийн даалгавраар шахаж, суралцахад дургүй болгож байна гэсэн гомдол олонтаа гарах болсон. Энэ байдал сурах бичигт шингэсэн байна уу?

-Бага ангийн хүүхдийг ахуй амьдралд суралцуулах, хүмүүжил олгох агуулга сурах бичигт нь тусаад ирэхээр аяндаа гэрийн даалгавраар булдаг байдал өөрчлөгдөнө . Хүүхдийг суралцах арга барилд сураад ирэхэд нь шинжлэх ухааны мэдлэг рүү оруулахад хичээлээс зүрхшээх, залхах хандлага багасна. Бага ангийн хүүхдийн сурах бичигт ядаж л эцэг эх нь мэддэг, тусалж чадах агуулга ороод ирнэ шүү дээ.

-Та бүхний судалгааны нэгтгэл зөвлөмж хэзээ БШУЯ-нд хүрч, энэ судалгааны үр дүн сурах бичигт тусгалаа олох бол?

-Ажлын хэсэг сурах бичиг тус бүрээр нийт 2500 орчим хуудас тайлан бичиж байна. Эндээс гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх нь чухал. Эхнээсээ ажил хэрэг болж хуулийн төсөлд тусгагдсан. Тодруулбал, Боловсролын ерөнхий хууль болон дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийнхэн 20 орчим санал тусгуулаад байна. Бид энэ бүх дүнгээ арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд хүлээлгэж өгнө. 

Манай ажлын хэсэгтэй сайдын ярьж тохирсон зүйл гэвэл, 2024 оноос сурах бичгийн шинэ хөтөлбөрөөр хичээллэнэ гэж байгаа. Тэгэхийн тулд бид 2023 онд хөтөлбөрийн чиглэлээ гаргасан байх ёстой. Наана нь баталж туршаад 2024 онд шинэ сурах бичиг бэлэн болох ёстой гэсэн асуудал тавьж байна. Хөтөлбөрөө эхлээд баталчихвал шинэ агуулгын сурах бичгээ цөөн тоогоор хэвлэж заавал туршилтад оруулах ёстой гэж үзэж байгаа юм.-Энэ ажлын хэсгийн дараагийн ажлууд төлөвлөгдсөн үү?

- Энэ судалгааны дүнд дараагийн шатны хэрэгжүүлэх ажлууд гарч ирэх байх. Хоёрдугаарт, Боловсролын хүрээлэнд Сурах бичгийн сектор гэж бий. Өнөөдөр тэнд 5-6 хүн ажиллаж байна. Мөн сурах бичгийн судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалсан ганцхан хүн байх жишээтэй. Энэ хүрээлэнгийн Сурах бичгийн секторыг өргөжүүлэх, мэргэшүүлэх саналыг тавиад байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна