“Лексус LX600” загварыг танилцууллаа


М.ХҮСЛЭН

Монголчуудын танил “Лексус 570”-ын шинэ үе болох “Lexus LX 600” автомашины нээлт уржигдар орой гурван улсад зэрэг боллоо. Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компани өнгөрсөн зун “Land Cruiser 300” автомашиныг зах зээлд танилцуулсан. Тэгвэл тус компани шинэ үеийн тансаг зэрэглэлийн “Lexus LX600” автомашиныг зах зээлд танилцууллаа. 

Ийнхүү “Тоёота” жилийн дотор өөрсдийн нэрийн хуудас болсон “SUV” загварын хоёр шилдэг бүтээлийнхээ шинэ үеийн загвараар үнэнч хэрэглэгчиддээ бэлэг барилаа. “Lexus LX”-ын хувьд “Тоёота Ланд Круйзер”-ээс ямагт нэг шатаар илүү байдаг. Шинэ “Лексус” өнгөрсөн зун гарсан “Ланд-300”-гаас илүү өндөр, гоёмсог болж, технологийн ололтын хувьд улам баяжуулсан байна. Өмнөх загвараас илүү хүчирхэг хөдөлгүүртэй болгожээ. Дизайныг эрс өөрчилснөөр урд талаасаа илүү тайван, чамин харагдана. Арын хэсэгт уламжлалт логоны оронд тав дахь хаалган дээр том “Lexus” үсэг гарч ирсэн бөгөөд энэ нь “брэндийн шинэ үе”-ийг бэлгэдэх ёстой гэнэ. Шинэ “Лексус”- ийн платфор их биеийн хувьд “Toyota Land Cruiser 300”-ынхтай ижил. V35A-FTS загварын зургаан цилиндртэй хөдөлгүүр өмнө 5.7 литрийн багтаамжтай V8-ыг орлосон байна. Шинэ “LX600” нь 400 морины хүчтэй, 650 Нм эргүүлнэ. Бас нэг хувилбар нь 300 турбин, 700 Нм эргүүлэх хүчтэй хос турботой 3.3 литрийн багтаамжтай V6 дизель хөдөлгүүр юм. 100 км/цагийн хурдыг 6.8 секундэд авна. Хоёр хөдөлгүүр хоёулаа 10 шатлал бүхий автомат хурдны хайрцагтай. Шинэ LX нь өмнөх загвартай харьцуулахад 200 кг-аар хөнгөрсөн байна. Дээврээ хөнгөн цагаанаар хийснээр жин нь багасахад нөлөөлжээ. 

 Хөдөлгүүр нь илүү нягт болсон бөгөөд өндрийн идвэхтэй хяналтын (AHC) системтэй болно. Дэлгэц болон бусад товчлуур нь жолоочийн биеийн байрлалыг өөрчлөхгүйгээр байрлуулсан байдаг. Урд талдаа хос самбартай бөгөөд дээд хэсэгт 12.3, доод хэсэгт долоон инчийн дэлгэцтэй. Эхнийх нь навигацийн удирдлага болон тээврийн хэрэгслийн ерөнхий тохиргоог харуулдаг. Харин хоёр дахь нь цаг уурын хяналтын тохиргоо, жолоодлогын горимыг харуулж SUV-ийн бусад функцийг сонгож болно. Аудио системийн хувьд 25 өсгөгч бүхий “Mark Levinson Premium Surround”-ийг суулгажээ. Компанийн мэдээлснээр “Lexus LX 600” автомашин ирэх оноос АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхлэх. Одоогоор үнийн талаарх мэдээлэл тодорхой болоогүй бөгөөд шинжээчид 100 орчим мянган ам.доллар байх болов уу хэмээн таамаглажээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна