ДЭМБ: Халдварын тархалт долоон хувиар буурчээ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд “Ковид-19”-ийн халдварын 2.8 сая тохиолдол шинээр бүртгэгдэж, 46 мянга гаруй хүн нас барсан тухай мэдээлэв. ДЭМБ-ын мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын тоо долоо хоногт долоон хувиар, нас баралт 10 хувиар тус тус буурсан байна. Өнгөрсөн долоо хоногт Африк (32 хувь) болон Номхон далайн баруун хэсэгт (26 хувь) халдварын тоо эрс багасчээ. Харин Европ тив шинээр илэрсэн халдварын тоо нэмэгдсэн ганцхан бүс нутаг боллоо. Хөгшин тивд долоон хувиар өссөн байна. Мөн зөвхөн Европт нас баралт 11 хувиар нэмэгджээ. Долоо хоногт хамгийн их халдвар бүртгэгдсэн орнууд бол АНУ (653.837), Их Британи (249.699), Турк (205.266), ОХУ (188.829) болон Энэтхэг (139.572) улсууд. Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, өчигдрийн байдлаар дэлхий даяар “Ковид19”-ийн 239 сая 904 мянга 805 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн сая 888 мянга 687 хүн нас бараад байна. 

Мексикийн Засгийн газрын төлөөлөгч тус улсад цар тахлын халдварын тархалтын гуравдугаар давлагаа буурч байгааг мэдээлэв. Өвчнөөс урьдчилан сэргийлэх хорооны даргын орлогч Уго ЛопесГалтель тус улсад өнгөрсөн долоо хоногт “Ковид-19”-ийн халдварын тархалтын хэмжээ өмнөхөөс 30 хувиар багассан хэмээн мэдэгджээ. Мексикт цар тахал дэгдсэнээс хойш гурван сая 732 мянга 429 тохиолдол бүртгэгдэж, 282 мянга 773 хүн нас баржээ. 

“Ковид-19” цар тахлын “дельта” хувилбар хамгийн анх тархсан Энэтхэг улсад хүүхдийг дархлаажуулахыг зөвшөөрсөн байна. Дархлаажуулалтад “Covaxin” бэлдмэлийг сонгожээ. Эрх баригчид уг вакциныг 2-18 насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрлөө. Эхний болон дараагийн тунгийн хоорондох зай 20 хоног байх аж. Энэтхэгт дээрх вакцинаас гадна “Спутник V”, “AstraZeneca” бэлдмэлийг хэрэглэдэг. Тус улсад 685 сая 337 мянга 489 хүн вакцины эхний тунд, 269 сая хүн бүрэн тунд хамрагдаад байгаа аж. 

ЯПОН УЛС 4.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР “ВАКЦИНЫ САН” БАЙГУУЛНА

 Япон улс халдварт өвчний эсрэг вакцин болон шинэ эм гаргаж авдаг компаниудыг дэмжихийн тулд 500 тэрбум иений (4.4 тэрбум ам.доллар) сан байгуулахаар төлөвлөж байгааг Засгийн газар дахь эх сурвалж өнгөрсөн лхагва гарагт мэдээлснийг “Кyodo” агентлаг уламжлав. Ерөнхий сайд Фумио Кишида Засгийн газрар “Ковид-19” болон Японы шинжлэх ухаан, технологийг дэмжихийг эрчимжүүлэхээ амлав. Японы компаниуд “Ковид-19”-ийн эсрэг вакциныг бүтээх ажилд гадаадын өрсөлдөгчдөөс ард хоцорч, тус улс бусад орны тунд найдахаас өөр аргагүй болох үед сан байгуулах тухай санаа төрсөн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, аравдугаар сарын 31-нд парламентын доод танхимын сонгуулийн дараа хийгдэх эдийн засгийн багц арга хэмжээний дотор Засгийн газар судалгааг эрчимжүүлэх болон Японыг шинжлэх ухаан, технлологийн улс болгох зорилгоор “Их сургуулийн сан”-г 600 тэрбум иен болгож өргөжүүлэх зорилт тавьжээ. Түүнчлэн 4.5 их наяд иен бүхий санг Японы их сургуулиудын ирээдүйн судалгаанд хөрөнгө оруулалт хийх зорилгоор ирэх оны гуравдугаар сар хүртэл ажил хэрэг болгохоор төлөвлөсөн байна. Ф.Кишида үүнийг цаашид 10 их наяд иен хүргэх зорилготой байгаа гэнэ. 

НАС БАРСАН ХҮНИЙ ТОО ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

 ОХУ-д сүүлийн найман хоног дараалан “Ковид-19” цар тахлын улмаас нас барсан хүний 900-гаас буухгүй байна. Энэ сарын 13-нд 984 хүн нас баржээ. ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн долоо хоногт Орост “Ковид-19”-ийн халдвараас болж 6649 хүн нас барсан нь дэлхийд хоёрт орох үзүүлэлт болжээ. АНУ-д уг үзүүлэлт 9443 болсон аж. Кремлийн эрх баригчид нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд нэмэлт арга хэмжээ авч байна. Ард иргэдийг дархлаажуулах, түүний дотор өндөр настнууд болон эмзэг бүлгийг “Ковид-19”- ийн вакцинд хамруулахыг үр дүнтэй гэж үзжээ. Түүнчлэн Москва хотын захиргаа дунд сургуулийн сурагчдыг түргэвчилсэн оношилгоонд үнэгүй хамруулахаар болсон байна. 1-11 анги болон бэлтгэл бүлгийн сурагчид хоёр долоо хоногт нэг удаа шинжилгээ өгнө. Ингэснээр онлайнаар суралцах ангиудын тоог багасгах боломж олдоно гэж тооцоолжээ. Орост сүүлийн хоногт 28.717 шинэ тохиолдол бүртгэдсэн аж. Москва хотод 4410, СанктПетербург 4470, Москва мужид 1898 хүн “Ковид-19”-ийн халдвар авснаар улсад тэргүүлэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна