Гари Линекер: Марадона бол давтагдашгүй, цор ганц хүн


М.ХҮСЛЭН

ВВС-ийн хөлбөмбөгийн тоймч, хөтлөгч Гари Линекер 1980-аад онд ногоон талбайд гялалзаж явсан нэгэн. “Лестер”, “Эвертон”, “Тоттенхэм”-ын шилдэг довтлогч, “Барселона”-д тоглож байсан. Түүнд байдаг онцгой тодотгол нь спортын замналдаа шар, улаан хуудас ганцыг ч авч байгаагүй. Тэрбээр Ла Лигийн элч болсны дараа “Marca” сэтгүүлийнхэн уулзаж ярилцжээ.

 -“Marca” танд ямар дурсамж авчирч байна даа, Гари? 

-Бидний үед цахим ертөнц сайн хөгжөөгүй байлаа. “Marca” “Реал Мадрид”-ыг, “Mundo Deportivo”, “Sport” “Барса”-г илүүтэй төлөөлдөг байсан. Өрсөлдөгчөө үзэн яддаг тоглогчдын дотор би байгаагүй л дээ. Өрсөлдөөнийг ойлгоно, харин үзэн ядалтыг бол үгүй. Спортын бүх сонинг ойлгож дэмждэг, учир нь тэд эцсийн эцэст хөлбөмбөгийн, спортын үнэ цэнийг мэдрүүлж байдаг. Хөлбөмбөг улам алдартай, түгээмэл болох тусам олон хүн үр шимийг нь хүртэх болно. 

-Та одоо довтлогчоос илүү сайн хөтлөгч болсон уу?

 -Нэг хошин түүхээр хариулъя. 2018 оны Оросын ДАШТ-ий сугалааны ажиллагааг хөтөлж байлаа. Дэлхийн аварга болсон найман улсын шигшээ багийн найман төлөөлөл тайзан дээр гарлаа. Сугалааг хөтөлнө гэдэг амаргүй ажил байсан. Тэнд Диего Марадона байлаа. Сугалааны дараа Диего над дээр ирээд “Чи сугалааны ажиллагааг хөтөлсөн шигээ талбайд тоглодог байсан бол миний түвшинд тоглох байж” гэж билээ, ха ха. Марадона бол давтагдашгүй, цор ганц хүн байсан даа. 

-Та англи хүн. Гэхдээ Марадона, Месси хоёрт их хайртай. Үүний төлөө таныг эх оронд тань муулж зэмлэдэг үү?

 -Тийм ээ, тэд аргентин хүмүүс. Гэвч тэднийг хайрладаг шалтгаан их амархан. Би хөлбөмбөгт хайртай. Тэд хэнээс ч илүү энэ спортод бүхнээ өгсөн. Бусад нь чадах ч үгүй, төсөөлөх ч үгүй зүйлийг тэд хийсэн. Тэд бид нарт аз жаргал бэлэглэсэн. Өөр агуу тоглогчид байгаа, жишээ нь, хоёр Роналдо. Гэхдээ би тэднийг аймшигтай гоолдогчид гэж хардаг. Диего, Лео хоёр тоглолт бүр дээр хэний ч спортын замналдаа хийж байгаагүй хоёр, гурван зүйлийг хийдэг. Тэд “өөр спорт” үзүүлдэг.

 -Crack-ийг бусдаас нь яаж ялгадаг юм бэ?

-Тэдний тоглохыг харахаар цаанаасаа л баясал, таашаал төрдөг. Би мэргэжлийн хөлбөмбөгч байсан. Гэхдээ л тэднийг хараад “Чөтгөр гэж. Яаж үүнийг хийгээд байна аа?” гэж өөрөөсөө асуудаг. Тэд хоёулаа аргентин хүн байлаа гээд миний бодолд нөлөөлөхгүй. Хар даа, Диего 86 оны Мексикийн дэлхийн аварга дээр Англид ихээхэн хохирол учруулсныг би хамгийн сайн мэднэ... Гэхдээ л. 

-Та тэрхүү “Бурханы гар”-ыг уучилсан уу?

 -Тэгэлгүй яахав. Магадгүй хажуугийн шүүгч (Болгар шүүгч Богдон Дочев)-ийг би мартаагүй байна. Тэр Марадонагийн гарыг харсан гэдэгт би итгэлтэй байдаг. Гэвч үнэн хэрэгтээ айсан гэж би боддог. 

-Лео, Диего хоёр талбайн гадна их өөр хүмүүс. Та Мессиг хэр таних вэ? 

-Диеготой хэд хэдэн удаа уулзаж байсан. Тэр их нээлттэй хүн. Харин Лео их даруухан, чимээгүй. Гэвч талбай дотор би тэр хоёр шиг агуу тоглогчийг хэзээ ч хараагүй. Заримдаа би “Месси Кристианогоос илүү” гээд хэлчихээр хүмүүс барьж идэх шахдаг. Роналдо ч намайг гайхшруулдаг. Би түүнийг ихэд хүндэтгэдэг, тэр бас л аймаар. Шулуухан хэлэхэд, хэн нь шилдэг вэ гэж харьцуулах юм бол байхгүй. Тэднийг харьцуулах их түвэгтэй, хоёулаа агуу. 

-Лео бие бялдрын хувьд Премьер лигт тоглож чадахгүй жулдана гэсэн яриаг та нэгэн твит дээрээ егөөдөж байсан?

 -Премьер лиг нь илүү биеийн хүчнийх тул Лео тэнд шилдэг байж чадахгүй гэдэг нь шал тэнэг бодол. Лео Европт Английн багуудын эсрэг 35 тоглохдоо 27 гоол оруулсан. Түүхэн амжилт. Энэ амжилтыг давсан хоёр гурван л тоглогч байдаг. Долоо хоног бүр Премьер лигт тоглоод шүү дээ. Английн лиг бол хамгийн топ, бусад нь их амархан гэсэн фанат үзэл их байдаг л даа. 

-Та одоо Ла Лигийн элч боллоо. Ла Лиг нь Премьер лигийн дараа орох хоёр дахь хүчтэй лиг гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?

 -Ла Лиг намайг сонгосонд баяртай байна. Нэр төрийн хэрэг. Хэдийгээр Барса санхүүгийн бэрхшээлд орж амаргүй байдалтай байгаа ч Ла Лигт авьяаслаг залуу тоглогчид ирж байгаа нь тун чухал. Реал, Барса бол хөлбөмбөгийн ертөнцийн дэлхийн том хоёр брэнд л дээ.

-Гэхдээ л Премьер лиг илүү хүчтэй байна уу? 

-Тийм ээ. Гурав, дөрвөн жилийн өмнө Ла Лиг Английн лигийг давж гарсан. Месси, Кристиано ноёлсон энэ арван жилд тэд Аваргуудын лигт эзэрхийлж, Европын лигт “Севилья”, “Атлетико” хүчтэй байсан... Испаничууд бараг бүх тэмцээнд түрүүлж байлаа. Гэвч бүх лигт уналтын үе гэж байдаг. Ла Лигийн уналт удаан үргэлжлэхгүй байх. Учир нь тэнд залуу сайн тоглогч олон байна. Жишээ нь, Педри байна. Ямар гайхалтай тоглогч вэ! Ансу Фати гэж байна. Битгий л ханаж цадаасай. Оуэн, Роналдо шиг хүчтэй гарч ирээд гэмтэж байгаа тоглогчид байна. Педри тийм биш байгаасай гэж хүсч байна. 

-Англи, Испанийн лигийн ялгаа нь юу вэ?

-Хариулахад амархан асуулт. Гол ялгаа нь хэв маягтаа байна. Хэдийгээр Англид гадаад тоглогч их байдаг ч завсар зайгүй пижигнэж байдаг хурдтай британи хэв маяг давамгайлсаар байна. Зарим гадаад дасгалжуулагч энэ ритмийг удаашруулсан нь сайн талтай. Гэвч ерөнхийдөө британи хэв маяг хадгалагдсаар байна. Ла Лиг бол илүү техник талдаа.

 -Английн залуу үе илүү техниктэй байгаа юм биш үү? 

-Тийм ээ. Бидний шинэ үе түүхэндээ анх удаа маш техниктэй болоод байна. Беллинхам, Фоден, Санчо, Рэшфорд, Грилиш гээд... Тэд бол “испани хэв маяг”-аар тоглодог англичууд. Хоёр техник холилдож байгаа нь сайн хэрэг. 

-Хөлбөмбөг техник гэхээсээ илүүтэй биеийн хүчний тал руугаа хэлбийж байх шиг. Та зөвшөөрөх үү? 

-Хөлбөмбөгт биеийн хүч үргэлж давамгайлж ирсэн. Магадгүй тийм болохоор л биеийн хүчинд илүү зохицсон Премьер лиг нэгд жагсдаг байх. Гэвч Евро дээр бид илүү техниктэй хөлбөмбөгийг харсан. Тоглолт үргэлжлээд, урсаад явж байгаасай. Шүүгчийг хараад л тасалдаад, зогсоод байвал хэцүү. 

-Өнөөдөр гоол хийх нь таны үеийнхээс амархан болчихов уу?

 -Хавьгүй амархан болсон. Тоглолтын дүрмээс эхлээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Миний үед хамгаалагчтай нэг шугамд зогсож байхад л отон тоглолт болчихдог байлаа. Талбай илүү муу, бөмбөг ч муу байсан... Мөн бидний үед дэгээдэж, өшиглөж унагаж алчих гээд байдаг байлаа. Шар хуудас бараг байхгүй. Өрсөлдөгчөө гурван удаа тийрч унагаж байж л шар хуудас авдаг байлаа. Одоо нэг алдаа гаргах төдийд л шар хуудас гаргаж байна. Ийм болохоор л Месси гайхамшгаа бүтээж байна. Марадонагийн үед түүнийг цохьсон гээд цагаан хуудас үзүүлдэг байлаа. Миний үед хоёр тоглолтод нэг гоол хийвэл сайн гэж үздэг байв. Одоо бол луугарууд нэг тоглолтод нэг гоол оруулж байна. 

-Та саяхан Твиттер дээрээ “Куман агуу үйл хэргийг бүтээж байна” гэж бичиж байсан. Одоо үүнийгээ хамгаалж чадах уу? 

-За мэдэхгүй ээ... ха ха.. Энэ их хэцүү. Барсагийн хамгийн муу үед ирэх нь ямар ч дасгалжуулагчид амаргүй байх нь ойлгомжтой. Барсагийн бүх тоглолтыг үздэг. Лестерийн дараахь миний хоёр дахь баг л даа. Сүүлийн хэдэн жилд “Лео байхгүй бол Барса яах бол?” гэж боддог байлаа. Одоо бид Леогүй “Барса”-г харж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна