Үндэсний хөтөлбөрөө үнэгүйдүүлэхгүй юмсан


Н.БАТ

Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн урсгал зардалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 6.3 мянган га талбайд ойжуулалт, ойг нөхөн сэргээх, үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, 65.0 мянган га талбайн ойн хөнөөлт шавжийн голомттой ойн санд тэмцлийн ажил явуулах, 1600.0 мянган га талбайд ойг түймрээс урьдчилсан сэргийлэх хамгаалах, ойн төлөв байдлыг үнэлэх, 1.5 мянган га талбайд ойн төлөв байдлыг сайжруулах, арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

2016 оны ойн тооллогын дүнгээс харахад нэг га талбайд дунджаар 3000 зулзган мод ургадаг гэжээ. Харин эрдэмтэд тэрбум мод тарихад дунджаар нэг га талбайд 2500 мод гэж тооцож 400 мянган га талбайг ойжуулна гэж үзээд байгаа юм. Тэгэхээр ирэх жилийн төсөвт тусгасан 6.3 мянган га гэдэг нь нийт зардлын ердөө 1.5 хувь харагдаад байна. Манай улс 1980-2016 онд 199144.9 га талбайг ойжуулсан хэмээн 2016 онд гаргасан Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд бичжээ. Дээрх хоёр тоо баримтаас харвал тэрбум мод тарихад бараг 100 жил зарцуулах нь. Тэрбум мод тарих бүх нийтийн хөдөлгөөнийг ирэх 10 жил гэж тооцсон ч том амбицаар магадгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих төсөл.

Монгол Улсын Ойн тухай хуулиар жилд 10 мянган га талбайг ойжуулахаар заасан байдаг ч жил жилийн төсөвт энэ тоо буурч тусдаг. Ойн тухай хуульд 2013 онд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш гээд тооцохоор найман жилийн хугацаанд 80 мянган га талбайг хуулийн дагуу ойжуулсан байх ёстой. Харамсалтай нь, эрдэмтдийн тооцоолсноор жилд 5-6 мянган га талбайг ойжуулдаг. Тарьсан модных нь 50 хүрэхгүй хувь нь амьдардаг гэсэн судалгаанаас харвал социализмын үед дөрвөн дугуй цохуулаад нэг ирдэг гэгчээр... Тэгвэл тэрбум мод гэдэг монголчуудын хувьд мөрөөдөл үү эсвэл хэрэгжих боломжтой төсөл үү...

 



БОЛОМЖ БАС БЭРХШЭЭЛ

400 мянган га талбай гэхээр уншигч та ямар нэг хэмжээгээр баримжаа авч байгаа байх. Монголын газар нутгийн 0.25 хувь орчим. Ойн судалгаа хөгжлийн төвөөс 2016 онд ойн сан бүхий газрыг 18.5 сая га талбай гэсэн тооцоо гаргаж байсан. Үүнээс 12.3 сая га нь ойгоор бүрхэгдсэн буюу хэвийн ургаж байгаа ой. Энэ нь нийт газар нутгийн найман хувь. Тэгэхээр хэвийн ургаж байгаа ойг 100 хувь гэж тооцоход 1 тэрбум модны эзлэх талбай хамгийн ихдээ 3.2 хувь. Үүнээс харвал 10 жилийн хугацаанд тэрбум мод гэдэг бүтэхгүй санаа огтоос биш гэдгийг эрдэмтэн, судлаачид баталсаар байгаа. Гол нь зөв төлөвлөлт, сайн стратеги, хүний нөөц, суулгацын нөөц, экологийн боловсрол, туршигдсан жишээ, техник, технологийн дэвшил, судалгаа шинжилгээ гээд олон чухал асуудлыг орхигдуулж болохгүй гэдгийг тэд анхааруулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021-2024 он буюу бэлтгэл үе, 2024-2026 он буюу эрчимжүүлэх, 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Тэгэхээр ирэх гурван жилийн хувьд бид бэлтгэлээ дээд зэргээр хангах ёстой болох нь. Манай улсад мод тарих 51 бүрэн хэмжээний стандарт байдаг. Харамсалтай нь, үүнийг мөрдөж, сөхөж харалгүй мод тарих гэдгийг нүх ухаад тарьц, суулгац хийгээд шороогоор булж, нэг удаа услахаас хэтрэлгүй орхисоор байна. Дээрээс нь дэлхийн олон оронд ашиглаж байгаа эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд хөшүүрэг хийх гээч чухал зүйлийг бид орхигдуулсан хэвээр... 2020 онд Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын нормативыг шинэчлэн баталсан юм. 2013 оны нэг га талбайн зардлын нормативаас 1.5-5 дахин нэмэгдсэн хэмээн ойн салбарынхан онцолж байна.

Хэдийгээр тарьсан модоо 2-3 жилдээ арчилж тордох зардлыг багтаасан гэдэг ч хүрэлцээтэй биш. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хэлснээр тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 4.3 их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл салбарын мэргэжилтнүүд дөрөв дахин их тоо бас хэлсээр байна. Өөр нэг асуудал бол ойжуулалтын арга хэмжээг гүйцэтгэж буй хуулийн этгээд 333 гэсэн тоо Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайтад байна. Гэхдээ мод үржүүлгийнхэн өнөөдрийнхөө хэмжээнд ажиллавал суулгацын нөөцийг бүрдүүлж чадахгүй. Импортоор авахаас аргагүй гэсэн тооцоо бий. 

Одоогоор 2022 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тэднийг НӨАТ болоод техник, тоног төхөөрөмжийг нь НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх байдлаар төр дэмжлэг үзүүлж байна. Асуудлыг тоочоод байвал тэрбум мод тарихын тулд багагүй бэрхшээлтэй тулгарах нь тодорхой. Гэхдээ бидэнд боломж байна.2010 онд Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш зөвхөн Сэлэнгэ аймагт 12970 га талбайд ойжуулалтын ажил хийж 38 сая ширхэг мод тарьсан аж. 21 аймаг тус бүрдээ ийм хэмжээний мод тарьсан бол 11 жилийн хугацаанд 798 сая ширхэг мод тарьчихсан байхсан. Үүн дээр дүүргүүдээ нэмчихвэл тэрбум гэсэн тоонд хүрэх л байж. Хамгийн чухал нь мод тарих үйлсэд итгэл сэтгэл, зүтгэлээ зориулж яваа хүмүүсийн туршлага байна. 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсан өнгөрсөн баасан гарагт сая дахь модоо тарьж, хоёр сая мод тарих зорилтоо эхлүүлж байгаагаа олон нийтэд мэдээлсэн. Ч.Галсан зохиолч 15 жилийн хугацаанд сая мод тарьж чадсан юм чинь тэрбум мод гэдэг 1000 хүний хийх ажил.Одоо 999 хүн л сая мод тарихад бүтэх ажил хэмээн түүний хэлснийг энд онцольё. Мөн Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчулуун, “Буянт үйлстэн” ТББ-ын тэргүүн Г.Наранчимэг, “My club”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам, “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”- ыг санаачлагч Д.Наранцогт нарын хүмүүс бий.Тэгэхээр үлгэр болсон жишээ туршлага байна. Хамгийн чухал нь нүх ухаад модны тарьц суулгаад тэрбум гэх тоонд хүргэх гэж зүтгэхдээ биш дэлхийд амласан “Үндэсний хөтөлбөрөө” үнэгүйдүүлчихгүй арчилж, тордож ургуулахад анхаарах, хөрөнгө төсөвлөх нь чухал байна. Тиймээс байгууллага бүр хэдэн мод тарьснаа мэдээлэхийг хөдөлгөөнд нэгдсэн гэж тооцохоосоо өмнө дараагийн ажлаа яаж төлөвлөж, суулгасан модоо амьдруулахад хаа хаанаа анхаарахсан.

гэх мэтээр аж ахуйн нэгжүүд болон орон нутгийнхан амлалт авчээ. Өнөөдрийн байдлаар 320 гаруй байгууллага тэрбум мод хөдөлгөөнд нэгдсэн гэсэн мэдээ бий.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.46
    2021/10/19

    Гол нь хортон шавьж түймрээс

    Хариулах