Х.Булгантуяа: Ногоон бус хөрөнгө оруулалтаас татгалзах нь НҮБ-ынх бус дэлхийн нийтлэг зорилт


--- 16 үзүүлэлтээр тухайн үеийн эрх баригчдыг хэмжих бүрэн боломжтой ---

З.УРСГАЛ

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх дээд түвшний чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Энэ сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяатай ярилцлаа.

- Дэлхий нийт тогтвортой хөгжлийн зүг анхаарлаа хандуулж байна. Бидний монголчуудын хувьд тогтвортой хөгжлийн бодлого, сорилтуудаа хэрхэн авч явах вэ. Цар тахлын улмаас хөгжиж буй улс орон тогтвортой хөгжлийн бодлогоосоо татгалзаж, өнөө маргаашдаа анхаарч байгаа бол хөгжилтэй хүчирхэг гүрнүүд бодлогын шинэ түвшинд гарлаа. Харин бид хаана нь явна вэ?

-Дэлхийн улс орнууд ойрын цаг хугацаанд бүхий л нөөц бололцоогоо ковидтой тэмцэхэд зарцуулж байна. Энэ нь ялангуяа хөгжиж буй орнуудад их муу үр дагавартай байна хэмээн олон улсын байгууллагуудаас зөвлөж байна. Харин хөгжсөн улс орнууд энэ хүнд цаг үед өөрийнхөө хөгжлийн гарцыг шинээр тодорхойлж байна. Мэдээж нэг талаараа ковидтой тэмцэх ёстой ч үүний дараа бид хөгжлийн гарцаа шинээр тодорхойлох ёстой. Бидэнд шинэ эхлэл хэрэгтэй. Дэлхийн улс орнууд хөгжилгүй яахав. Хөгжихдөө хэрхэн хөгжих вэ гэдгээ харах ёстой цаг болж гэж ярьж байна. Тогтвортой хөгжил гэдэг асуудлыг хүмүүс зөв, буруу ойлгоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, яг өнөөдрийнхөө түвшнээр тогтвортой хөгжинө гэсэн үг биш. Хөгжих гэхээр зөвхөн эдийн засгийн хөгжлийг ярьдаг бол бүр биш. Хүн амдаа илүү ээлтэй байя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хот, хөдөөгийн гээд олон асуудлыг орхилгүй хөгжье.Хоёрдугаарт, байгаль орчны тэнцвэртэй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ч орхилгүй, дэлхийн эрүүл, энх тайван байдал, хамтын ажиллагааг хамтад нь шийдэхүйц бодлого боловсруулах учиртай. Зөвхөн Монгол Улс дангаараа хөгжих тухай яриад , бодлого гаргаж тавиад байлгүй, бүс нутгаараа байгаль орчиндоо ээлтэй байх нь чухал байна.

Монгол Улсын хувьд  ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлд шилжээд 30 жил явлаа. Эргээд харахад олон алдаа байна. Наад зах нь тэгш бус байдал, баян ядуу, хөдөө, хотын ялгаа  маш их болсон байна. Байгаль орчин­­доо хөнөөлтэй хөгжсөн байна, бид... Ялангуяа манайх шиг уул уурхайд тулгуурласан эдийн засагтай улс тогтвортой хөгжлийг баримтлахгүй бол 30 жилийн дараа магадгүй эдийн засгийн хувьд өндөр өсөлтөд хүрч болох ч, эргээд ямар ч үнэ цэнээр нөхөгдөшгүй байгаль орчиндоо хор хөнөөлд хүргэсэн  байхыг үгүйсгэх аргагүй байна. Тэр ч утгаараа Монгол Улс НҮБ-д ги­шүүнээр элссэнийхээ 60 жилийн ойг тохиолдуулан УИХ, УИХ-ын тогтвортой хөгжлийн зорилгын дэд хо­роо санаачилан Засгийн газар, НҮБ-тай хамтран дээд хэмжээний чуул­га уулзалтыг зохион байгуулсан юм.

-Хөгжсөн улс, орнууд цар тахлын цаг үед тогтвортой хөгжлийнхөө бодлогыг тодорхойлчихсон бол манай улс хоёр жил ковидтой тэмцээд одоо л тогтвортой хөгжлийн бодлогоо ярьж эхэлж байна гэж ойлголоо, зөв үү?

-Дэлхий дайдад байгаль орчинд ээлтэй байх бодлого бүх л салбарт эрчимжиж байна. Байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, барилга хот байгуулалт гэж ярьдаг болсон. Мэдээж бидний хувьд ковидтой тэмцэх нь нэн чухал асуудал.  

Нөгөөтээгүүр, байгальтайгаа хонзогносон байдалтай ажиллаж амьдарсны хариуг байгаль эх хүн төрөлхтөнд бариад эхэлчихлээ. Өнгөрсөн жилийн Сибирийн түймрийг харж,  хил хязгаар хамааралгүйг бид зунжингаа мэдэрлээ. Монголд болж буй цөлжилтийн улмаас үүссэн түйрэн Зүүн өмнөд Азийн орон цаашлаад Япон хүрлээ. Цөлжилт, түймэр гэдэг зөвхөн тухайн улсынх бус, бүс нутаг эх дэлхийн бүх улсад хамаардаг  юм байна гэдгийг харлаа, бид.Нэгдүгээрт, энэ бүхэн Монгол Улсын хөгжилд их том тушаа болно. Хоёрдугаарт, хэрвээ бид цөлжилтийн эсрэг зөв бодлого тодорхойлж чадвал дэлхий дахины бүх санхүүжилтийг татах боломж бий. Сая НҮБ-ын ассамблей дээр дэлхийн орнууд цаашдын бодлогоо  зарлалаа.

-Монгол тэрбум мод тарихаа, Хятад нүүрснээс татгалзлаа гээд байгаль орчинд ээлтэй  хөгжлийн бодлогоо  зарлаж, нэг талаар амлалт өглөө?

-Нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхгүй. Аль болох нүүрснээс татгалзана.  Хүлэмжийн хийг эрчимтэй бууруулна. Ногоон эдийн засгийн бодлогыг баримтална гэдгээ зарлачихлаа. Монгол Улсын хувьд хөгжлийн энэ том бодлогыг хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө бүх санхүүжилтээ босгож чадахгүй нь ойлгомжтой. Товчхондоо, томоохон эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг татахад, ногоон хөрөнгө оруулалт, ногоон хот төлөвлөлт, ногоон дэд бүтэц гэж ярихгүйгээр урагшлахгүй. Шуудхан хэлэхэд, ногоон бодло­гыг бүхий л салбарт  хийж, хэрэг­жүүлэх ёстой болж таарч байна.

-Дэлхий нэг цонхоор харж, НҮБ ногоон хөгжлийг дэмжинэ, санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэгвэл төр гэлтгүй хувийн хэвшлийнхэн маань ч энэ зүгт анхаарлаа хандуулах шаардлагатай юм байна шүү дээ?

-Хувийн хэвшлийнхэн маань маш өндөр манлайлалтай оролцох ёстой. Сая болж өн­гөр­сөн дээд хэмжээний хэлэл­цүүлэгт нь манай УИХ-ын байн­гын хороод, УИХ-ын дэд дарга оролцсон.  Ерөнхийдөө тогтвортой хөгжлийн бодлогыг төрийн бодлогод хэрхэн  яаж нутагшуулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоогүйгээр тогтвортой хөгжлийн бодлогын зорилгыг биелүүлж чадахгүй. Хувийн хэвшлийнхэнтэй ярилцлаа. Тэд маш хол алхсан байна. Зарим байгууллагууд аль хэдийн зорилго, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаад явж байна. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд бид ийм ажил хийж байна гэж танилцууллаа. Нэг талаар санхүүжүүлэгч талууд нь ч ногоон хөгжлийн бодлогоор ажиллахыг шаардаж байгаа байх.

-“Алсын хараа 2050” гэхээр хол мэт санагдах ч систем, технологи, хандлагыг нь зөв болгоод явчихвал иргэд, хувийн хэвшлийнхэнд том боломж нээгдэх нь. Төр бодлогыг нь зөв онилчихвол асуудал урагшлах юм байна гэх өөдрөг найдвар төрлөө?

-Би улс төрийн намын амлалтад нэг их итгэдэггүй. Дөрвөн жилд гээд том том баримт бичиг боловсруулчихсан байдаг. Иргэн бүр тэрийг нь нэгбүрчлэн уншиж чаддаггүй, бардаггүй. Дөрвөн жилийн дараа монгол хүн Монголдоо сайхан амьдарна гэдэг амлалтаар хэмжинэ гэдэг хэцүү. Харин 16 зорилт бол маш ойлгомжтой. Нэгдүгээрт, ядуурлыг бууруулах гээд л эхэлдэг. 2016-2030 оны хооронд 4-5 жилийн үечлэлээр хэмжиж болно. Энэ Засгийн газар ядуурлыг хэдэн хувьтай аваад хэдэн хувиар бууруулав. Боловсролын дэмжинэ гэсэн байна. Дэмжихэд санхүүжилтийг нь хэдэн төгрөгөөр нэмэх юм бэ. 

Монгол Улсын боловсрол олон улсын боловсролын үнэлгээгээр хэрхэн, яаж дээшлэв. Байгаль орчинд ээлтэй хот төлөвлөлтийн бодлого явуулна гэж байна. Үүн дээр бид өөрсдөө үнэлэлт, дүгнэлтээ хийж болно. Өөрөөр хэлбэл, ямар ч нам, засгийн  эрхийг барьсан 16 үзүүлэлтээр тухайн үеийн эрх баригчдын ажлыг хэмжих бүрэн боломжтой. Ингээд ярихаар хүмүүс НҮБ-ын зорилго зорилт юм шиг хардаг. Маш буруу ойлголт шүү. Энэ бол улс орон болгоны зорилго, зорилт байх ёстой.Монгол Улсын хувьд Дэлхийн эдийн засгийн форумаас үнэлсэн үнэлгээгээр үеэс үед дамжиж байгаа үзүүлэлтээрээ муу байна гэж гарч байна. Хэдийгээр нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дунд байдаг ч үеэс үед гэхээр бидний хүүхдэд илүү хэцүүхэн улс орныг өвлүүлж магадгүй байна л гэсэн үг. Дээр нь нүүрс хүчлийн хийн ялгаралт маш өндөр, өрийн хэмжээ их. Хэдийгээр боловсролын хүртээмж сайтай ч чанар муутай. Эрүүл мэндийн үйлчилгээ чанар, хүртээмж муутай... Энэ бол жилээс жилд эдийн засгийн өсөлтийн дүн мэдээ гардаг шиг үзүүлэлт биш.  Дараагийн үед ядуурлыг улам бүр ихэсгэдэг үзүүлэлтүүд. Бид тэр том үзүүлэлтүүдэд муу үнэлгээ авч байна. Зөвхөн эдийн засгийн өсөлт яриад  байх нь Монгол Улсад хэрэгтэй юу. Өөр ямар асуудалд анхаарах вэ. Эн­гийнчилбэл яаж тэгш бланстай хөг­жих вэ гэдгээ ярих хэрэгтэй байна.

-Урд хөршийн тухайд 30 жилийн өмнө манайхтай ойрол­цоо байсан ч одоо хол тасарсан гэж эдийн засагч халаглаж байсныг санаж байна?

-1990-ээд оноос хойш БНХАУ маш хурдацтай, нэг хэсэг бүр 10 гаруй хувийн хурдтай хөгжсөн. 1990 онд бид нэг хүнд ногдох ДНБ-ээрээ бараг адилхан хувьтай, хүний хөгжлийн индексүүдээрээ манай улс бараг илүү байсан. Бичиг үсэг тайлагдалт, эрүүл мэндийн үйлчилгээ маань сайн байсан. Харин 30 жилийн дараа бид хоцорчихсон. Хөрш улс маань нэг хүнд ногдох ДНБ-ээрээ гурван хувиар илүү, хүний хөгжлийн индексээрээ ч сайн болчихсон. Тэд хурдацтай хөгжлийн замаар 20 жил явсныхаа дараа, тогтвортой бус хөгжсөн байна гэж дүгнэлт хийсэн.   

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжлийн төлөө бүх зүйлээ зарцуулаад, эргээд харсан чинь байгаль орчин нь доройтчихсон, баян, ядуу, хот, хөдөөгийн ялгаа нь ихэсчихсэн, нийгмийн халамж хамгааллууд нь зарим талаараа маш их доройтчихсон байсан. Тиймээс хятадууд эдийн засгийнхаа хурдны тоормосыг жоохон татаж,   илүү их тогтвортой байх талаас нь анхаарах зорилт тавьсан. 10 гаруй хувийн өсөлттэй байсан эдийн засгийн хурдаа долоон хувьд барьсан. Долоон хувиас доошоо орвол төрийн бодлогоор дэмжинэ, дээшээ гараад ирвэл эдийн засгийн өсөлт халж байна гэж үзээд тоормосоо татна. Ногоон хөрөнгө оруулалт хийж чадахгүй бол гадна, дотнынх ялгаагүй хөрөнгө оруулалт хийлгэхгүй гэсэн. Одоо БНХАУ нүүрсний олон цахилгаан станц, ээлтэй бус хөрөнгө оруулалтаа хааж эхэлсэн. Эсвэл бүс нутаг заадаг болсон. Хүн ам, хөрөнгө оруулалт багатай бүс нутаг руу л ийм чиглэлийн хөрөнгө оруулалт хий гэж байна. Бид ч энэ талаар бодох ёстой болжээ. Эс бол ирээдүйд маш том гарз хохирол тохиох эрсдэл бодитоор нүүрлэчихсэн.

-Түүнээс гадна таны оройлон оролцож байгаа нэг ажил бол өсвөрийн парламентчдын  клуб.  Хүүх­дүүд хууль боловсруулж, улс­төрч­­дийн ажлыг хийх хэрэг үү?

-Хүүхдүүд байгаль орчны асуудал дээр их санаа зовдог юм байна билээ. НҮБ-ын Хүүхдийн сантай УИХ-ын судалгааны хүрээлэн, УИХ-ын Тамгын газар хамтран энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Гол шалтгаан нь хүүхдүүд ирээдүйн Монгол Улсын эзэд гэдэг утгаараа өөрийн эрхгүй энэ асуудалд санаа зовж байна.

  Монголчуудын олонх, хүүхдүүд сонсох ёстой, оролцох ёсгүй гэж боддог. Гэтэл дэлхий дахинд хүүхдүүд ямар нийгэмд амьдармаар байгаа юм бэ, тэрэндээ оролцох ёстой гэсэн хандлагатай болсон. Хоёрдугаарт, бид хүүхдүүдийг зөв дадалтай амьдраач, байгаль орчиндоо ээлтэй, илүү их хариуцлагатай иргэн болооч гэж шаардах гэж байгаа бол хүүхэд байхаас нь дуу хоолой, идэвх зүтгэлийг нь хөгжүүлэх ёстой. Би Австралид дунд сургууль төгссөн. Нийгмийн хичээл дээр та яагаад татвар төлөх ёстой юм бэ, яагаад НДШ төлөх ёстой юм бэ. Та нэгэнт татвар шимтгэл төлж байгаа юм чинь төр засгаасаа юу шаардах эрхтэй юм бэ. Та идэвхтэй иргэн байхын тулд бүх юмыг төр засгаасаа шаардах ёстой юм биш. Та санал санаачилгатай байх ёстой. Хөрш, нэг гудамжныхантайгаа нийлээд мод тавьдаг, сүүдрэвч барих ёстой гэдэг. Энэ сэтгэлгээг эртнээс суулгах ёстой. Хойшоо бай битгий дуугар гээд байвал хүүхэд тэгж л төлөвшдөг. 

Бид хүүхдүүдийг улстөрч болгох гээд байгаа юм биш, бусдадаа үлгэр дууриалал болоосой гэсэн юм. 90 хүүхэд манай өсвөрийн парламентчдын клубийн гишүүн. Бараг 1000 хүүхэд саналаа ирүүлснээс 90-ыг сонгосон. Хүүхдүүд маань энэ нийгэмд би идэвхтэй байх ёстой орон нутгаа хөгжүүлэхэд өөрийн дуу хоолойгоо хүргэдэг байх ёстой болохоо ойлгож, ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ хүртэл сонгочихсон. Төлөвшихийн хувьд үнэхээр том сургууль болдог юм байна.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.46
    2021/10/19

    Тэгсэн цагт даяарчлал жинхэнэ утгаар

    Хариулах
  • 103.212.118.46
    2021/10/19

    Дэлхий нэг цонхоор хараад хангалтгүй харь гаригууд нэгдэж нэг цонхоор

    Хариулах
  • 103.212.118.46
    2021/10/19

    хүннүгийн эрлийз засгийг байгуул

    Хариулах