Э.Халиун: Зохиол, бүтээлийг дотроос нь ойлгож, мэдэрч орчуулахыг хичээдэг


Э.ЭНХЖИН

Энэ удаагийн “Залуус” буландаа уншигчдад Уильяам МакРейвений “Хамгийн багаас эхэл” номоо хүргээд буй “Ehlel Publishing”-ийн залуу орчуулагч Э.Халиуныг урьж ярилцлаа.     

             
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг О.Халиун гэдэг. “Ehlel Publishing”-д 2021 оны тавдугаар сараас орчуулагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд дөрвөн ном орчуулсан. “Хамгийн багаас эхэл” нэртэй ном маань хэвлэгдсэн. Үлдсэн нь редакторын шатанд байгаа.

-Ном, уран зохиолтой хэдийнээс нөхөрлөж байна вэ?

-Манай аав ээж хоёр орчуулагч, сэтгүүлч мэргэжилтэй, номын хүмүүс байдаг. Тийм учраас багаасаа энэ ертөнцөд өссөн. Би аливаа зохиолыг орчуулах дуртай, Англи хэлний хичээлдээ ч илүү сонирхолтой байсан. Гэхдээ бичгийн орчуулга хэцүү, багаар үнэлэгддэг болохоор зөвхөн хоббигоороо л хийж, аль болох энэ чиглэлээр явахгүй гэсэн бодолтой байсан. Их сургуулиа аялал жуулчлалын чиглэлээр төгссөн. Төгсөх үед ковид гараад мэргэжлээрээ ажиллах боломжгүй, гадагшаа дотогшоо явж чадахгүй болсон үед ном унших нь надад тайвшрал өгч байлаа. Номоор зөвхөн орон зайгаар биш цаг хугацаагаар аялах боломжтой. Тийм ч учраас орчуулгын ажилдаа шамдан орсон. 

-Хоббигоо мэргэжил болгожээ. Хамгийн сайхан бас бэрхшээлтэй зүйл нь юу байна вэ?
-Ер нь, их амгалан ажил. Өдөр тутамдаа номоо орчуулаад, гадаад хэл дээрх зохиолыг яаж монгол хүний сэтгэхүйд хүргэх вэ гэдэг талаас нь бодоод сууж байх нь нэг төрлийн бясалгал болдог болохоор ажлаа өдөржин хийсэн ч залхдаггүй. 

Гол бэрхшээл нь  гадаад хэл дээр бичигдсэн зүйлийг хэрхэн монгол уншигчдад, монгол хүний сэтгэхүйд тааруулах вэ, тухайн зохиолч энэ мөрийг бичиж байхдаа юу гэж бодсон, ямар сэтгэл хөдлөлтэй бичсэн ард давхар ямар утга илэрхийлэхийг хүссэн бол гэдгийг аль болох дотроос нь ойлгож, орчуулахыг хичээдэг. Тийм болохоор зохиолчтойгоо адилхан сэтгэл хөдлөөд заримдаа өөрийн мэдэлгүй ганцаараа инээчихсэн байдаг. -Орчуулга хийхэд хамгийн чу­хал нь таны анзаарснаар юу вэ? 

- Орчуулга хийхэд зөвхөн гадаад хэл төдийгүй эх хэлээ сайн сурах хэрэгтэй гэж боддог. Ажиглагдаад байгаа нэг зүйл бол манайхан гадаад хэл сурах дээр маш их анхаардаг болсон ч эргээд эх хэлний маань найруулга зүй, уламжлал алдагдаж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд монгол хэлний дүрэм өөрөө их адармаатай болж, эрдэмтэд ч маргалддаг болсон. Гадаад хэл сурахыг хүссэн хүн, гадаад хэл рүү, гадаад хэлнээс орчуулга хийхийг хүсч байгаа хүн эн тэргүүнд өөрийнхөө эх хэлний өгүүлбэрийн бүтэц, дүрмийг их сайн мэдэг байх хэрэгтэй. Зарим хүмүүс “Google translate” байхад орчуулагчийн хэрэг байхгүй мэтээр энэ ажлыг үнэлж үзэхгүй үе бас байдаг. Гэтэл хүн орчуулж байгаа гэдэг утгаараа ямар ч программ хийж чадахгүй цаад хүний сэтгэлийн илэрхийлэл, уран санааг уншигчдад хүргэдэг. 

-Ном, зохиолын олон төрлөөс хувь хүний хөгжлийн номыг яагаад сонгосон юм бэ?  
-Манай Publishing анх хувь хүний хөгжлийн тухай номнууд гаргаж эхэлсэн. Түүний дагуу энэ чиглэлийн болоод бизнестэй холбоотой хэд хэдэн ном хэвлүүлж, уншигчдад хүргэсэн. Цаашдаа өөрсдийн чиг баримжаагаа өөрчлөөд шинжлэх ухаан тал руугаа явахыг зорьж байгаа. Тийм болохоор редакторын шатандаа, арай хэвлэгдээгүй байгаа ном маань физикийн шинжлэх ухааныг энгийнээр хүмүүст тайлбарласан ном байгаа юм. 

-Таны орчуулан уншигчдын гарт хүрсэн “Хамгийн багаас эхэл” номныхоо тухай хуваалцаач? 

-Энэ бол надад даргын маань хамгийн анх оноож өгсөн ном. Англи нэр нь “Make your bed” буюу “Ороо өөрөө зас” гэдэг ном. Хамгийн анхны бүтээл, мөн жижигхэн хэрнээ доторх утга нь нэлээд баялаг, гүн болохоор миний хувьд онцгой бүтээл. Энэ номонд Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэрэгт 36 жил алба хаасан адмирал Уильяам МакРейвен гэх хүний талаар гарна. Зарим уншигчид маань тэнгисийн цэрэг гэхээр монголчуудад ямар хамаатай юм бэ гэж бодож магадгүй. Гэтэл тэнгисийн цэрэгт байх богино хугацаандаа тэрбээр бусадтай хамтран ажиллах, жижиг зүйлийг ч нягт нямбай хийх гээд амьдралаас суралцах бүх зүйлийг сурч авсан байдаг.

 Манай улсад сүүлийн үед цэрэгтэй холбоотой янз бүрийн асуудал гарсан болохоор эцэг, эхчүүд эрэгтэй хүүхдээ цэргийн албанд явуулахаас айдаг болсон. Хэрвээ энэ номыг уншаад үзвэл цэрэгт явахаас айх хэрэггүй юм байна, цэргийн чанга хатуу дэглэмийн дор цэргийн дарга нар бидэнд юуг ойлгуулж, сургах гээд байдаг вэ гэдгийг дотроос нь сайн ухаж ойлгуулсан ном шүү. Гэхдээ эрэгтэй хүүхдүүд гэлтгүй охидыг ч бас энэ номыг уншаасай гэж хүсэж байна. -Үг, өгүүлбэр бүрийг нь шимтэн, хайрлаж уншдаг дуртай зохиол, дуртай зохиолчийнхоо тухай хуваалцаач?   

-Олон ном бүтээл бий. Сүүлийн үед Японы зохиолчдын бүтээлийг шимтэн уншиж байгаа. Тэдний бичлэгийн өвөрмөц байдал, зохиолчоос гарах эр зориг нь үнэхээр сэтгэл татдаг.

-Цаашид ямар төрлийн бүтээл орчуулахаар төлөвлөж байгаа вэ? 
-Яруу найргийн бүтээл орчуулах бодолтой байгаа. 

-Өөрийгөө мэргэжлийн хувьд хэр хөгжүүлж, хөглөж байна вэ? 

-Мэдээж орчуулагчаар ажиллаад удаагүй болохоор сурах зүйл их байна. Дан ганц Англи хэл гэхгүй, Монголын дээхэн үеийн зохиолчдын номуудыг шимтэн уншиж байгаа. Тэр дундаас орчин үед тэр болгон хүмүүс хэрэглэхээ больсон монгол хэлний баялаг урын санг хүмүүст дахин хүргэх тал дээр ажиллая гэсэн бодол төрсөн.  

-Одоо ямар бүтээл дээр ажил­лаж байна. Цаашдын төлөв­лө­гөөгөө бидэнтэй хуваалцаж болох уу?
-Одоогоор “Физикийн долоон хураангуй хичээл” гэдэг номон дээр ажиллаж байгаа. 

Манай улсын хувьд физик, хими, байгалийн шинжлэх ухаанаас залуучууд холдож байна. Яагаад гэвэл энэ чиглэлээр төгсөөд ирэхэд ажлын байр байхгүй гээд улс орны нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх хүн нийгмийн шинжлэх ухааныг сонирхдог болсон. Тийм болохоор манай оронд дутагдаад байгаа байгалийн шинжлэх ухааныг залуучуудад хүргэх тал дээр ажиллая гэж бодсон. Байгалийн шинжлэх ухаан гэхээр хүмүүс өөрөөсөө хол гэж боддог. Гэтэл бидний эдэлж, хэрэглэж байгаа утас, техник технологи гээд энэ бүхэн ардаа байгалийн шинжлэх ухааныг багтаасан байдаг. Тийм болохоор бид энэ бүхний талаар тодорхой хэмжээний ойлголттой байгаасай гэж хүсдэг. 


1142
622
28
265
0
7

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.