Ч.Буянбадрах: Аялал жуулчлал тэргүүлэх салбар юм бол, бие даасан яамтай байх ёстой


Н.ТҮВШИНБАТ

“Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээ энэ сарын 26-нд болох нь. Тиймээс цар тахлын нөлөөнөөс хамгийн их хохирол амсаад байгаа аялал жуулчлалын салбарын талаар “Монголиан гайд” тур компанийн захирал Ч.Буянбадрахтай ярилцлаа.

-“Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээ болох гэж байна. Форумаас хувийн хэвшлийнхэн ямар үр дүн хүлээж байна вэ?

-Форумаар “Ковидын үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн бол омж ба шийдвэрлэх асуудлууд”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, мэдээллүүд хийгдэж, хэлэлцүүлэг өрнөнө. Ковидын дараах аялал жуулчлалынхан дэлхий нийтээрээ стартап компаниуд шиг нэг гараанаас эхлэх болчихлоо. Үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компаниуд ч ялгаагүй. Ковидтой зохицож ажиллана гэсэн хандлага руу дэлхий нийтээр орлоо. Ер нь групп жуулчид байхгүй болох нь. Яагаад гэхээр ковидын нөхцөл байдал нь олуулаа буюу масс аялалд тохиромжгүй. Жуулчид цөөн тоогоор орж ирнэ.

 Дэлхий дээр 200 гаруй улс байна. Бүгд л аялал жуулчлалдаа анхаарч байгаа. Монгол Улс аялал жуулчлалын хувьд сонирхолтой, нээлттэй орон мөн үү гэвэл үгүй. Нэг хэсэг Монгол сонирхолтой байсан. Юугаараа гэхээр Сталины нөлөөнд байсан улс гэдэг утгаараа.Бид 1990 он хүртэл социализм байгуулаад явж байсан 15 улсын хоёрдугаарт жагсдаг байлаа. Харин сүүлийн 30 жилийн хугацаанд өөр зүйлээр жуулчдыг татаж чадсан уу гэвэл үгүй. Нийгэм, улс төрийн байдлаараа ч юм уу, сонирхолгүй орны тоонд ороод ирсэн. Байгалийн хувьд ч сонирхолтой орон биш. Маш гоё байгальтай улс орон дэлхийд зөндөө. Минийхээр Монголыг үзье гэсэн хүмүүс нь ерөнхийдөө дууссан гэж боддог. Харин язгуур өв соёл, угсаатны соёлын хувьд сонирхол татах боломж бий.

-Тэгэхээр бидэнд өв соёлоо л түшиглэж жуулчдыг татах боломж бий гэж үү?

-Ерөөсөө л язгуур өв соёлоо түшиглэх ёстой. Нүүдэлч угсаатан дэлхийд өөр байхгүй болсон. Нүүдэлчдийг харахыг хүсвэл Монгол руу ирэх хэрэгтэй гэсэн мессэж цацах хэрэгтэй. Түүнээс биш манайх тасархай байгалтай орон гэх нь үр дүнгүй. Дэлхийн тэмээний 90 хувь нь нэг бөхтэй. Гэсэн хэдий ч арабчууд тэмээгээрээ маш их мөнгө хийж чадаж байна. Гэтэл хоёр бөхтэй тэмээгээр дэлхийд тэргүүлдэг хэрнээ бид аялал жуулчлалын брэнд болгож чаддаггүй. Салбарын бодлого болохгүй байгаагийн илрэл.

-Монгол Улсыг гадаадад сурталчлах ажил хэр хийгддэг гэж та бодож байна?

-Муу. Зарж байгаа бүтээгдэхүүн ядмаг, бүгд нэг хайрцаглагдсан, ижилхэн. Бүх компани ижилхэн юм яриад байж болохгүй. Энийг өөрчлөх хэрэгтэй. Бид өвлийн аялал жуулчлал, тэмээнийхээ аялал жуулчлалыг яримаар байна. Монголчууд байгаль дэлхийтэйгээ эртнээс зохицож ирсэн тэр л өв соёлын онцлог илүү гаргамаар байна. Бодлогоор дэмжиж хөрөнгө зарахгүй бол бүтэхгүй л дээ. 

Жишээ нь Айшолпан гээд бүргэдчин охины талаар ВВСгийнхэн баримтат кино хийсэн. Түүний хандалт бол маш сайн байсан. Жулия Робертс Монголд ирж баримтат кино хийсэн нь бүргэдчин охины дараа орохоор хандалттай байлаа. “Морьтой жаал” гээд Хөвсгөлийн тайгын бөө дээр очдог аутизмтай хүүхдийн нэвтрүүлэг гуравдугаарт орж байх жишээтэй. Дөрөвдүгээрт “Ингэний нулимс” киногоор танигдсан байдаг. Үүнээс өөр дэлхийд сурталчилгааны контент гээд байх юм одоогоор алга. Харин бид “Хү” хамтлагт их найдлага тавьж байгаа. Энэ хамтлаг дэлхийн залуучуудын ертөнцөд Монголыг таниуллаа. Ялангуяа хувиараа аялдаг үүргэвчтэнгүүд мэтийн өөр сонирхолтой хүмүүсийг татах байх гэсэн таамаглал, итгэл найдвар тээж хүлээж байна. Уг нь ковидын эхэн үед “Монгол Улсад халдвар гараагүй” гээд их таатай нөхцөл үүсч байсан. Гэтэл дэлхий дээр хамгийн их халдвартай, нас баралттай орнуудын тоонд жагсаад байна.

Бид ковидыг далимдуулж аялал жуулчлалын сурталчилгаа хийх ямар ч боломжгүй болсон. Өмнө нь аялал жуулчлалын салбар уул уурхайн дараа яригддаг байлаа. Уул уурхайн дараа хөдөө, аж ахуй, мэдээлэл технологи салбар гараад ирлээ. Бодлого нь буруу, хий тунхаглаад байгаа учраас л ухраад байна. Хэрвээ аялал жуулчлал улс орны тэргүүлэх салбар мөн юм тусдаа бие даасан яамтай байх ёстой. Яам тусдаа болоод ирэхээр тэдний тархи ажиллаж эхэлнэ. Намар, өвөл энэ салбарынхныг яаж байнгын ажилтай байлгах вэ гээд сэтгээд эхлэнэ биз дээ. 

Аялал жуулчлал байнга л нэг яамны хавсрага байдаг. Төсөв баталсан ч гэсэн аялал жуулчлалын салбарт бага ногддог. Аглаг бүтээлийн хийд гээд Пүрэвбат гуайн хийд рүү 10 км зам тавих 6.6 тэрбумыг УИХ-ын гишүүд үг дуугүй баталж байгаа мөртлөө аялал жуулчлалын салбарын төсвийг хасаж 3.7 тэрбумыг тэр жил баталж байсан жишээтэй.-Гадаадад болдог аялал жуулчлалын үзэсгэлэнд улсаас бодлогоор оролцож байгаа юу. Ц.Оюунгэрэл сайдын үед Германд болсон үзэсгэлэнд таван тэрбумаар павилон худалдаад авчихлаа, ямар ч үр дүнг гарсангүй гээд хэсэг шуугисан?

-Үзэсгэлэнд оролцох нь оролцдог. Гэхдээ аялал жуулчлалын маркетингаа өөрчлөхгүй бол хол явахгүй. Ц.Оюунгэрэл сайдын үед “ITB BERLIN”-д түнш орноор оролцсон. Хөрөнгө зарж арга хэмжээнд оролцсон бол “Ийм нислэг нэмэгдэж, төчнөөн жуулчин орж ирсэн” гээд үр дүн, тайлан гаргах ёстой. Эсвэл Германаас ирсэн жуулчны тэдэн жилд, ингэж өссөн гэдэг ч юм уу. Гэтэл тайлан байхгүй. Одоо 26-нд болох форумын хэлэлцэх асуудлыг харахаар зүгээр л бэлгэ тэмдгийн чанартай нөгөө л нэг ярьдаг сэдвүүд. Ирж байгаа дарга нар нь ч бүр дөжирчихсөн хурал болгон дээр хэлдэг нэг ижил үгээ л ярьдаг. Манай форум ийм л юм болох нь дээ.

-Манайд аялах жуулчдын өсөлт хэр байгаа бол?

-2009-2019 онд 250 мянгаар өссөн байдаг. Жилд ихдээ л 30 мянгын л өсөлттэй. Энэ өсөлт нь жамаараа л яваад байгаа болохоос үзэсгэлэнд хөрөнгө хаясан, АСЕМ эсвэл Скаутын женбори зохион байгуулаад гарсан үр дүн биш. Огцом өсөлт ерөөсөө харагдахгүй байна. Хэрэв ийм ажил зохион байгуулаад Монголоо сурталчилсан гэвэл ядаж дараагийн гурван жилдээ 100-гаас дээш мянга болж өснө биз дээ.

 Бид аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гээд өчнөөн л баталсан. Тэгээд энэ хөтөлбөрийн биелэлт гэх дүгнэлт нэг ч байхгүй. Тэгэхээр бид салбартаа дүн шинжилгээний ажил хийдэггүй гэсэн үг.-Дүн шинжилгээний ажил гэснээс танай салбарын судалгаа хэр хийгдэж байдаг бол?

-Монголд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх ёстой л гээд байдаг. Яг үнэндээ цанаар гулгах гэж хэдэн жуулчин ирдгийг мэдэхгүй. Тул загасны аялал жуулчлалаар үнэтэй жуулчид авдаг гэдэг ч үнэндээ тулын загасчлалаар хэдэн жуулчин ирж байгаа тоог өнөөдөр хаанаас ч олохгүй. Морин аялал хамгийн их эрэлттэй гээд байдаг ч зориод хэдэн жуулчин, аль улсаас ирж байгааг ч бид мэдэхгүй. 

Өвөрхангайн Хархорин сум жилд 20 мянган жуулчин авдаг. Гэтэл гадаад, дотоодын жуулчин нь хэд гэдгийг бид бас л мэдэхгүй. Сумын иргэд ямар үр өгөөж хүртэж байгаа юм бол. Аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлдэг улс орны гол суурь нь судалгаа.Тэгэхээр ерөөсөө энэ салбарын нарийн судалгаа байхгүйгээр дараа дараагийн ажлаа төлөвлөнө гэж хэзээ ч байхгүй. Судалгаа, шинжилгээ, төлөвлөлт гурав байж хөгжинө. Жишээ нь Хятад нэг ядуу тосгон байлаа гэхэд экспертүүд нь судлаад энэ тосгонд аялал жуулчлал хөгжүүлэх ийм боломжтой гэсэн дүгнэлт гаргаад өгчихдөг. Тэгээд арван жилийн дотор л танигдахгүй болдог.

 -Салбарын хэмжээнд хэчнээн ажлын байр алдаад байгаа вэ?

-Аялал жуулчлалын салбар 2019 оны байдлаар 88 мянган хүний ажлын байрыг идэвхжүүлж байсан юм. Сая есдүгээр сарын 27-нд Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр манай салбарынхны хийсэн хэлэлцүүлэг дээр 84 мянган ажлын байр идэвхтэй байдаг юм байна гэсэн тоо яригдаж байна билээ. Гэхдээ цар тахлын улмаас 30 мянга орчим ажлын байрыг нь бид алдлаа. Тэгээд цаана нь үлдсэн аж ахуйн нэгжүүд нь ганц хүний компани болчихсон, ямар ч орлогогүй байх жишээтэй. Ерөнхийдөө ковид намжаад ямар ч байсан жуулчин ирэх байх гэсэн горьдлого тээсэн маягтай л байна. Зарим компаниуд нь өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

 Зарим нэг нь дотоодын аялал жуулчлал дээр хөтөлбөр гаргаад монголчуудаа аялуулах оролдлого хийлээ. Туршлага хуримтлуулж байх шиг байна. Хэчнээн ашиг багатай ч дотоодын аялагчдаа жуулчин болгох хэрэгтэй юм байна шүү гэсэн компаниуд бас байна.-Дотоодын аялагч гэснээс манай аялагчид хөдөө очоод хог тариад соёлжоогүй гээд байдаг. Аялагчдаа зөв аялалд сургах талаар компаниуд ямар ажил хийж байгаа бол?

-Ер нь Улаанбаатараас явж байгаа аялагчид бол харьцангуй соёлжсон. Хог хэн тариад байна гэхээр орон нутгийнхан өөрсдөө тариад байдаг. Аймгаас аймаг, сум хоорондоо аялаж байгаа хүмүүс хог тарих нь их. Яг үнэнийг хэлэхэд орон нутгийнхан өөрсдөө аялж сураагүй. Дотоодын аялагчид аялж сураагүй байна гэхээс илүүтэй эерэг жишээнүүдийг нь сайн сурталчилах хэрэгтэй. Ер нь орон нутаг өөрөө замбараатай, цэвэрхэн байвал хүмүүс хог хаяхгүй. Сая Хяргас нуур руу явлаа. Нуурын урд, хойд эрэг нь өдөр шөнө шиг ялгаатай. Урд эрэг нь хоггүй. Гэтэл хойд хэсэгт нь тэр чигээрээ хог. Хогтой газар нэмээд л хаяад байдаг. Тэгэхээр орон нутаг санаачлагатай ажлаад тэр ойр орчинд байгаа малчдын нөхөрлөлд ч юм уу эрхийг нь олгоод менежмент өмчлөлөөр зохион байгуулах юм бол дотоодын аялал жуулчлалыг цэгцлэх боломжтой.

 - Ковидын нөхцөл байдалд бүх л юм цахимд шилжээд байгаа. Танай салбарын хувьд вертуал аялал ч юм уу шинэ бүтээгдэхүүн гаргасан газар байна уу. Технологи хэр ашиглаж байна?

-Хэнтий аймаг гэхэд байгалийн үзэсгэлэнт газруудаа бүгдийг нь вертуал хэлбэрээр үздэг болгочихсон байна билээ. Яахав дижитал тур бол та яг ямар газар очих гэж байна вэ гэдгийг урдчилж мэдрүүлэн сонголт хийхэд нь л туслах байх. 

Хүмүүс яг юунд мөнгө төлөх вэ гэдэгт нь дижитал туслах л боломжтой. Анхны төсөөллөө аваад өөрөө очиж үзэх ёстой юм байна гэдэг сэдэл өгнө үү гэхээс аялагчийн авах таашаалд нь нөлөөлж чадахгүй.-Манай улс хэчнээн жуулчин авах боломжтой юм бэ?

-Одоогоор Монгол Улс дөрвөн сая жуулчин ч авах чадал байхгүй. Хонуулах бааз, хоолны газар хүрэлцэхгүй. Бид гуравхан сая хүн амтай. Тэгэхээр бид бүх хүчин чадлаараа сая жуулчин л хүлээж авах чадамжтай. Түүнчлэн нислэг нэмэхгүйгээр сая давсан жуулчны тухай ярих ямар ч утгагүй. Өнөөдөр 300 орчим хүний суудалтай онгоц ирлээ гэхэд 60-70 хувь нь монголчууд үлдсэн нь л гадаадын жуулчид байдаг. Нислэгийн тийз нэгдүгээрт хүрэлцээгүй байна. Хоёрдугаарт, виз олгож байгаа асуудал төвөгтэй. Хэдий хожимдсон ч саяхнаас цахим визний асуудал ярьж байна. Уг нь аль эрт шийдэх ёстой байсан. 

Түүнчлэн аялал жуулчлалын сонирхол татахааргүй Киргизстан гэхэд дэлхийн улсууд тавь, жараар нь визгүй болгож байгаа жишээ ч байна. Манайх ч зарим улсыг визгүй болгохыг бодлогоор хийх ёстой. Гол нь нислэгээ нэмэхгүй бол нэмэргүй л дээ. Улаанбаатар хот маань найрсаг, ээлтэй биш байна. 

Гудамжаар алхахаар онгорхой, хонхорхойтой тээглэж уначих гээд. Түгжрэл их. Нэг музейн гадна очоод зогсох гэхээр зогсоол олдохгүй. Дээрээс нь барилгууд нь ил, дээрээс ямар нэг юм унаад ороод ирэх вий дээ гэсэн айдастай.

- Хятадад Цинши Хуандийн олдворыг аялал жуулчлалын маш том бүтээгдэхүүн болгосон байдаг. Манайх үүнтэй төстэй үзмэр бий болгож болмоор санагддаг?

-Аялал жуулчлалын салбарт үзмэр болж байгаа зүйлсийн салбар хоорондын уялдаа холбоо муутай байдаг. Жишээ нь эрдэмтэд археологийн малтлага хийгээд л, Монгол орон гайхамшигтай түүхтэй орон л гээд байдаг. Түүнийгээ яаж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох вэ гэдэг дээр хэн нь ч санаачлага гаргадаггүй. Үнэт олдвор олчихоод улсад тушаачихна, тэгээд тухайн газраа булчихаж байгаа. Хятадууд, бусад орнууд түүхэн археологио аялал жуулчлалтай холбохын тулд малтахаасаа өмнө яаг юу байгааг төсөөлчихсөн байдаг. Тэгээд эндээс ийм юм гарах магадлалтай гээд төрийн байгууллагууддаа хандана. Аялал жуулчлалын эргэлтэд оруулах боломжтой гэж үзвэл бодлого гаргаж хөрөнгө мөнгөтэй компаниудаа түшиглэн малтлагаа эхлүүлэх жишээтэй.

-Салбарын хууль эрхзүйн орчин ямар байдалтай байгаа вэ?

- Салбар хууль эрхзүйн орчноо шинэчлэх шаардлагатай. Аль 2000 онд баталсан Аялал жуулчлалын хууль өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байна. Улс орнууд хуульдаа нэмэлт өөрчлөлт хийгээд засаад явдаг. Гэтэл манайх 20 жил нэг хуультайгаа, тэр нь хамаг юманд садаа тээг болоод зөрчил үүсгээд байдаг. 

Одоо 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн хөтөч хийнэ гээд хязгаарлах гээд байдаг. Бид дэлхийтэй зэрэгцэж явъя гэвэл Монгол орны нутаг дэвсгэр дээр зохих байгууллагаас нь зөвшөөрөл авсан гадаадын иргэн ч аяллын хөтөч хийж болдог байх ёстой.Жишээ нь би монголчуудыг аваад Туркт очиход “Туркийн иргэн л хөтөч хийнэ” гээд намайг хөөгөөд байвал яах юм. Түүнтэй ялгаагүй шүү дээ. Мөн аялал жуулчлалын такс гэж бий болгох хэрэгтэй. Таксаараа эрсдлийн сан байгуулах хэрэгтэй. Манай улсад 2019 онд 573 мянган жуулчин ирсэн бөгөөд орлого нь 609 сая ам.доллар байна. Хэрэв энэ мөнгөнөөс татаас авсан бол ковидоос болж хойшилсон салбарын төсөл хөтөлбөрүүд зогсохгүй. Монголоос явж байгаа жуулчид гаднаас орж ирж байгаа жуулчны орлогоос давсан байдаг. Манай жуулчдын бусад оронд оруулсан орлого нь 615 сая ам.доллар. Хилээр гарч байгаа жуулчдаасаа 10 мянган төгрөгийн хураамж авахад л аялал жуулчлалын эрсдлийн санд асар их мөнгө орно. Иймэрхүү хууль эрхзүйн асуудлаа шийдэхгүйгээр урагшлахгүй л дээ.


9
1
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна