Хотын захын жишиг сургууль


Н.ТҮВШИНБАТ

Улаанбаатар хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүдээд Ерөнхий боловсролын сургуулийн ачаалал жил бүр нэмэгдсээр байна. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, анги дүүргэлтийн тоо стандартаас хэтэрсээр байгаа. Боловсролын салбарын энэ тулгамдсан асуудлын ачааг хөнгөлөхөд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж асар их дэм болж байгааг дурдах нь зүй. 1990 оноос хойш Япон Улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэмжээнд 59 сургуулийн барилга болон өргөтгөлийг шинээр барьж, хүлээлгэн өгчээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын боловсролын байгууллагын орчныг сайжруулах, хойшид жишиг болох сургуулийн барилга барихад Япон Улсаас хамтран ажиллах болон санхүүгийн тусламж хүссэн.

Японы олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага Жайкагийн дэмжлэгээр 75, 149 дүгээр сургуулийн иж бүрэн барилга, 53, 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн ажлыг 2017-2021 онд гүйцэтгэн хүлээлгэн өгчээ. Цаашид жишиг болох эдгээр дөрвөн сургуулийг хоёр тэрбум 379 сая иенийн буцалтгүй тусламжаар барьсан юм. Чингэлтэй дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт баригдсан 149 дүгээр дунд сургуулийн орчин нөхцөлтэй танилцахаар манай сурвалжлах баг бидний хэлдгээр “70 давхар” гэх чимээгүй хотын баруун талд баригдсан жишиг сургуулийг зорилоо танилцлаа. Тус сургуулийн барилгыг 2020 оны наймдугаар сард хүлээлгэн өгч, есдүгээр сараас ашиглалтад оруулжээ. Баянхошуутай Чингэлтэй дүүргийн хиллэдэг хэсгээс эхлээд Дэнжийн 1000, Телевиз орчмын хүүхдүүд энэ сургуульд хамрагддаг аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд, байгаль орчинд ээлтэй, анги, танхимын аюулгүй орчин, хичээлийн хэрэглэгдэхүүн гээд бүх юм нь жишиг гэж хэлж болно. Тэргэнцэртэй хүүхэд бүх давхарт саадгүй зорчих налуу зам нь л гэхэд Улаанбаатар хотын олон сургуульд хэрэгжүүлэхээр жишиг аж. Шатны бариул нь хүртэл бага болон ахлах насны хүүхдүүдэд зориулсан хоёр түвшинтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулаад анги танхимын хаалга нь босгогүй. Шатны бариул нь баррель үсгийн тэмдэглэгээтэй, ариун цэврийн өрөө нь тусгай зориулалтынх. Сургуулийн дотоод барилгын заслыг үнэхээр хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр хийжээ. Хана нь хурц ирмэгтэй булангүй.

Давхар хооронд саадгүй явах тэргэнцэртэй хүүхдийн зам

Хичээлийн ширээ сандал, цонхны тавцан гээд хүүхэд бэртэх эрсдэлтэй бүхий л зүйлийн ирмэг мөлгөр дугуй ажээ. Ер нь, хүүхдийн аюулгүй байдалд бүрэн анхаарсан байдаг аж. Шатны зөрөх хэсэгт хүүхэд мөргөлдөхөөс сэргийлж өөдөөс ирж байгаа хүнийг харах толь байрлуулсан байх жишээтэй. Барилгыг барьсан бүх материал нь хүний эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн гэнэ. Спортын секц дугуйланд хамрагддаг хүүхдүүд гэхэд бэлтгэлээ тараад шүршүүрт орох боломжтой. Захирлын санаачлагаар тухайн хорооноосоо авсан ажилчиддаа сурч байгаа хүүхэдтэйгээ шүршүүрт орох эрх өгснөөр гэр хорооллын ажилчдынхаа асуудлыг бага ч болов шийджээ. Сургуулийн барилгыг гамшгийн үед түр хорогдох байр болгон ашиглах боломжтой. Ийн Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн ачаар өдгөө 22 мянган хүүхэд сурч боловсрох ээлтэй орчноор хангагдаад байна.

Хими, физик, газарзүйн хичээлд зориулагдсан Байгалийн ухааны хичээлийн лаборатори


АКИРА ИЧИОКА: ЯПОН СТАНДАРТЫН ОРЧИНГ БҮРДҮҮЛСЭН СУРГУУЛЬ

/Японы Элчин сайдын яамны Эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга/

 -Ер нь 1990 оноос хойш 55 сургуулийг шинээр барих болон өргөтгөн засварлах замаар хүүхэд багачуудын суралцах орчныг сайжруулах ажил хийсэн. Энэ удаагийн төслөөр 2018-2021 оны хооронд хоёр тэрбум 379 сая иенийн хөрөнгө оруулалтаар дөрвөн сургууль барьсан. Өнөөдөр Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан энэ сургууль хүүхдийн сурах орчныг хангасан, байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх лабораторитой маш өндөр түвшний чанар сайтай сургууль. Япон Улсын дунд сургуулиуд яг ийм жишиг, стандарттай байдаг. Хойшид бага дунд боловсролын байгууламжийн үлгэр дуурайлал болно гэж найдаж байна.


Э.ПҮРЭВСҮРЭН: МАНАЙ СУРГУУЛЬ ЖИШИГ БОЛОХООР ОЛОН ЗҮЙЛТЭЙ

2020 оноос тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа Э.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

Тэрээр Ерөнхий боловсролын сургуульд 16 дахь жилдээ ажиллаж, сүүлийн 10 жилд сургалтын менежер хийжээ.

-Танай сургуулиар явж үзээд үнэхээр жишиг сургууль байна даа. Төрийн өмчит бүх сургуулийн барилгыг ийм жишгээр барьсан бол?

 -Сургуулийн хувьд 2020 оны наймдугаар сарын 25-нд ашиглалтад ороод есдүгээр сарын нэгнээс хүүхдүүдээ авсан. Хамран сургах тойрог нь Чингэлтэй дүүргийн VII хороо гэж тодотгож өгсөн байгаа. Хорооны хувьд орон нутгаас шилжилт хөдөлгөөн, хүн амын нягтаршил ихтэй. 18 анги танхимтайгаас хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан. Үйлдлийн сургалтын болон оёдол эсгүүрийн сургалтын зориулалтын танхимтай. Хими, физик, газарзүйн хичээлд зориулагдсан Байгалийн ухааны хичээлийн лабораторитой. Мөн хүүхэд бүр компьютер дээр суугаад хичээл хийх боломжтой мэдээлэл технологийн танхим маань 36 компьютертай. 

Номын сан, уншлагын танхимтай. Ариун цэврийн өрөө нь хүүхдийн тоо стандартаараа. Биеийн тамирын заал нь дуу намсгагчтай, хүүхэд хөлрөөд бэлтгэл сургуулилт хийж байхад ямар ч хор нөлөөгүй финляндаас захиалж ирүүлсэн будгаар шалыг нь будсан байдаг. Анги болгонд угаалтуур, хүүхдэд бүр хувцсаа хийх шүүгээтэй гээд манай сургууль жишиг болохоор олон зүйлтэй.-Өмнө нь энэ хорооны хүүхдүүд Сонгинохайрхан, Баянгол дүүрэг рүү сургуульд явдаг байсан гэж сонслоо?

-Тийм. Их хол сургуульд явдаг байлаа. Анхнаасаа энэ хороо нь сургуульгүй болохоор хүүхдүүд нь Баянгол, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад сурдаг байсан. Өнгөрсөн хичээлийн жилд 680 хүүхэд хамран сургахаар авсан. Энэ жилийн хувьд 1-12- р ангийн 780 хүүхэдтэй байна. Хүүхдүүдийн 80 орчим хувь нь Баянгол дүүргийн Сэтгэмж сургуулиас ирсэн.

-Танай сургууль ашиглалтад орсон ч хороо 2300 хүүхэдтэй гэхээр цаашдаа ч сургууль хүрэлцэхгүй нь ээ. Анги дүүргэлт хэдэн хүүхэдтэй байна?

-Бүртгэлтэй хүүхэд 2300 байдаг боловч хаяг дээрээ байдаггүй, зарим нь хувийн сургуульд сурдаг юм билээ. Гэхдээ цаашдаа сургууль маш их ачаалалтай болно гэж бодож байгаа. Сургуулийн маань хүчин чадал нэг ээлжиндээ 720 хүүхэд сурах боломжтой. Хоёр ээлжээр хичээллэвэл 1400 орчим хүүхэд хүлээж авах боломжтой. Анги дүүргэлтийн хувьд дунджаар 27 хүүхэдтэй байгаа.

-Сургуулийн дэд бүтэц, халаалтыг яаж шийдсэн юм бэ?

-Сургууль маань ерөнхийдөө байгальд ээлтэй гэсэн зарчмаар баригдсан. Ус бол зөөврийнх. Ус сувгийн газраас усаа татаж авдаг. Одоогоор түүхий нүүрсээр галлаж байна. Халаалтын хувьд барилгын стандартаараа өвөлдөө тогтмол 24 хэмийн дулаантай байдаг. Яваандаа хийгээр халаадаг болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ослын үед ажилладаг нэг генератортай. 

Интернэтийн хувьд энэ жил Боловсролын яам шилэн кабель тавьж өгсөн. Бохир усны цэвэршүүлэх байгууламжтай. Эндээс гарч байгаа бүх бохир ус дөрвөн худаг дамжиж 99.9 хувь цэвэршээд газрын гүнд шингэдэг. Түүнчлэн манай сургууль алслагдмал гэдгээрээ одоогоор нийтийн тээвэр явдаггүй. Тиймээс 24 хүүхдийн суудалтай автобустай. Нийтийн тээврийн удирдах газар, нийслэлийн боловсролын газраас сургуулийн автобус гээд төсөл явж байгаа. Тэр төслөөр нэг том автобус өгсөн. Энэ хоёр автобусаараа бид хүүхдээ зөөдөг.

-Хүүхдүүд хэр холоос явж байна?

-Яг энд хаягтай шинэ сургуульдаа явах хүсэлтэй гэсэн цөөхөн хүүхэд Налайх, Амгалан, Улиастай, 22-ын товчооноос явж байна. Ихэнх нь бол энэ Зурагт, Дэнжийн 1000 орчмоос явдаг.

-Танай сургуулийн дотоод орчин үнэхээр л жишиг санагдлаа. Барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл бүгд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдсэн ажил уу?

-Төсөл гэдэг утгаараа барилга байгууламж, багш, сурагчдын ширээ сандал сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогооны тоног төхөөрөмж гээд шаардлагатай бүгд төслөөр орж ирсэн. 

Бүр самбар арчих спонж алчуур хүртэл жилийн хэрэглээтэй байгаа. Дутуу юм гэвэл офисс ажилчдын компьютер принтер л байсан.-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан орчин нөхцөлийг бүрдүүлжээ?

-Тийм ээ, Японы стандартын дагуу хийсэн учраас. Тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан хоёр танхимтай. Өнөөдөр манай сургуульд тусгай хэрэгцээт дөрвөн хүүхэд суралцаж байна.

-Үдийн цай хөтөлбөр энэ хичээлийн жилээс төсөв нь нэмэгдсэн. Хоолны чанар ямар байна?

-Нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгө 900 төгрөг байсан нь 1500 болж өссөн. Мэдээж өөрчлөлт гаралгүй яахав. Нэг, хоёрдугаар хоол, салат зууш, бор цай, жүүстэй гэх мэт аль болох л тэжээллэг байхад нь анхаарч байна. Өнөөдрийн цэсний хувьд байцаатай хуурга, сүүтэй шар будаа, бор цай, талх. 

Засгийн газрын 18 дугаар тогтоолоор 21 сургуулийг цайны газраа бие даан ажиллуулах сонголт хийсэн. Нэг ёсондоо сургууль гэрээт газраар биш өөрсдөө хоолоо бэлтгэх юм. Энэ сургуулийн тоонд манай сургууль хүсэлт өгөөд орчихсон. Яагаад гэхээр төслийн хүрээнд хоолны танхим, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүгд байгаа болохоор бид ямар нэгэн байгууллагад түрээслээд ашиг хараад байх шаардлагагүй. Тэгээд өөрсдөө хоол үйлдвэрлэлээ хийж байгаа.

-Сургуулийн багш ажилчид хэдэн хүн байна?

-Энэ хичээлийн жилд 70 хүн ажиллаж байна. Үүнээс 40 нь багш, үлдсэн нь захиргаа, аж ахуйн ажилчид байна. Багш нараа сонгон шалгаруулалтаар авсан. Манай хорооны хувьд орон нутгаас суурьшигч олонтой болохоор ажилгүй хүмүүс их байдаг юм билээ. Бид хорооныхоо 20 хүнийг ажилтай болгосон.

-Сургуулийн анхны төгсөгчид хэд байв?

-Өнгөрсөн жил 15 хүүхэд төгссөн. Яагаад гэхээр төгсөх ангийн хүүхдүүд нэг их шилждэггүй юм байна. Энэ жил 22 хүүхэд төгсөнө.


11а АНГИЙН СУРАГЧ Б.БОЛОР: СУРАХ ОРЧИН НЬ САЙХАН БОЛОХООР СУРГУУЛЬДАА ИРЭХ ДУРТАЙ

-Энэ сургуульд хэзээнээс сурч эхэлсэн бэ, танай сургууль их гоё юм?

-Тийм ээ, манай сургууль их гоё орчинтой. Багш нар маань ч их эелдэг байдаг. Би сургуулиа нээгдсэн цагаас л суралцаж байгаа. Өмнө нь, би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд сурч байсан. Манайх хот руу шилжээд би энэ сургуульд орсон. Сурах орчин, багш нарын маань харилцаа, хичээл заах арга нь сайхан болохоор сурах хүсэл маань цаанаасаа төрдөг. Хичээлдээ ч ахиц гарч байгаа.



556
383
149
261
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна