“Талибан”-ы төлөөлөгчид москвад ирлээ


Афганистаны төрийн эрхийг булааж авсан “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотод ирлээ. Хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Забихулла Мужахидын хэлснээр, Москвад болох Афганистаны асуудлаарх уулзалтад тус улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа гэнэ. Москвад ирсэн “Талибан”-ы төлөөлөгчдийг Афганы түр Засгийн газрын орлогч Абдул Салам Ханафи удирджээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Афганистаны Гадаад хэргийн сайд Амир Хан Моттаки болон бусад сайд нар багтсан байна.

Москвагийн уулзалтыг 2017 онд ОХУ, Афганистан, Пакистан, Иран, Энэтхэг, БНХАУ-ын тусгай төлөөлөгчдийн зургаан талт зөвлөлдөх механизмын үндсэн дээр анх зохион байгуулж байв. “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид Москвагийн уулзалтад оролцогчдоос эдийн засаг, улс төрийн дэмжлэг хүсэхээр төлөвлөжээ.Талибуудын төлөөлөгч, Мэдээлэл, соёлын сайдын орлогч Забихулла Мужахид “Бид Москвагийн хуралд оролцож буй орнуудаасаа дэмжлэг үзүүлэхийг хүснэ. Ялангуяа эдийн засаг, улс төр-дипломат салбарт улс орнууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Афганистаныг дэмжихийг хүснэ” гэжээ. “Афганистан улс нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдгийг тэрбээр мөн онцолжээ. 11 орны төлөөлөгчид өчигдөр Москва хотноо Афганистаны асуудлаарх гурав дахь уулзалтыг зохион байгуулсан юм. Хамгийн сүүлд ийм зөвлөлдөх уулзалтыг 2018 оны арваннэгдүгээр сарын 9-нд хийж байсан. Энэ сарын 18-нд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс тээврийн хүндрэлийн улмаас Москвагийн уулзалтад оролцохгүй гэж мэдэгдсэн аж. Мөн тэрбээр АНУ энэ удаа оролцож чадахгүй ч, үйл явцыг дэмжиж байгаа, ирээдүйд оролцох боломжтой хэмээн нэмж өгүүлжээ.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна