​“Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын барилгын ажлыг ирэх жил эхлүүлж, 2025 онд ашиглалтад оруулна


Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлахаар болжээ. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулах юм.

Мөн “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа. Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болжээ.

 Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна.Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан байна. Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай боловч станцын үндсэн тоноглолуудын насжилт өндөр болж ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байгаа аж. Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох “Интер РАО-Экспорт” компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцжээ. 

Интер РАО-Экспорт компани төслийн ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан Монголын талд ирүүлэхээр тохиролцжээ. ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахаар төлөвлөж байна.         Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Эрдэс баялгийн бирж байгуулах тухай асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, үүнтэй холбоотойгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын доорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор эрдэс баялгийн биржийг байгуулахаар ажиллаж байна. Хуулийн төсөлд өгсөн гол саналуудаас дурдвал, биржийн өмчлөлийн байдал, биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанарын хяналт, ногдох татварын асуудлыг хөндсөн байна.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна