У.Хүрэлсүх: Монгол Улс цөлжилтийн эсрэг ЕСБХБ-тай хамтран ажиллахад бэлэн байна


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, ЕСБХБ-ны хамтын ажиллагааг байгаль орчин, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, бизнесийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕСБХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хугацаандаа нийт 116 төсөлд 2.2 тэрбум орчим ам.долларын санхүүжилтийг олгож, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсанд гүн талархал илэрхийлэв.ЕСБХБ нь Монгол Улсад санхүүжилт олгох, техникийн туслалцаа үзүүлэх, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Хатагтай Сюзанна Харгитай цаашид хамтын ажиллагааг цахим шилжилт, ногоон хөгжил, хувийн хэвшил, нэн ялангуяа залуу бизнес эрхлэгчдийн оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр түлхүү хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа хэллээ. ЕСБХБ-ны зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нэн ялангуяа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд туршлага хуваалцаж, тодорхой судалгаа гаргаж хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгал, ногоон хөгжлийн асуудал бол дэлхий нийтийн асуудал гэдгийг онцолж, Монгол Улс ДНБ-ий нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах бодлогыг хэрэгжүүлж, тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлсэн гэдгийг хэллээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна