Нью-Йорк хотын даргаар Эрик Адамс сонгогдлоо


Цагдаагийн ахмад байсан, АНУ-ын Ардчилсан намын гишүүн Эрик Адамс Нью-Йорк хотын захирагчаар сонгогдлоо. Энэ сарын 2-нд болсон сонгуулийн үр дүнд тэрбээр Нью-Йорк хотын 110 дахь захирагч болсон байна. Мөн хотын түүхэнд анх удаа өнгөт арьст мэр болж байгаа тухай “The New York Times” сонин уламжлав. Түүний гол өрсөлдөгч Бүгд найрамдах намын Кертис Слива байв. “Нью-Йорк өнөө орой та болон бидний нэгийг сонголоо. Би бол чи. Би бол та” хэмээн Э.Адамсын ялалтаа тэмдэглэх үдэшлэг дээр дэмжигчиддээ баярлаж хэлсэн үгнээс “Ассошейтэд Пресс” агентлаг эш татлаа. 

Эрик Адамс хотын захирагчийн ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор эхлүүлнэ. Хотын одоогийн дарга Билл де Блазио Нью-Йоркийн мэрийн албан тушаалыг найман жил хашсан. Шинэ дарга цар тахлын үр дагавар, түүний дотор эдийн засгийн тогтворгүй байдал, жигд бус сэргэлт, гэмт хэргийн өсөлт, мегаполисын хүмүүсийн амьдралын чанар гээд олон асуудалтай тулгарах болно гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн зун Нью-Йорк хотод болсон Ардчилсан намын сунгаанд Адамс ялалт байгуулахад захирагчаар сонгогдох нь бараг тодорхой болсон. Ардчилсан намын дэмжигчдийн тоо Бүгд найрамдах намынхаас долоо дахин их байсан юм. Ардчилсан намын нэр дэвшигч мөн хотын дарга Билл де Блазиогийн танилцуулсан “Ковид19”-ийн эсрэг дархлаажуулалтын сертификатыг үргэлжлүүлэх эсвэл өргөжүүлэх гэсэн сонголттой тулгарах болно. Аравдугаар сарын 20-нд Нью-Йорк хотын мэр Билл де Блазио гал сөнөөгчид болон цагдаагийн албан хаагчдыг заавал дархлаажуулах тухай зарласан. Вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүсийг цалингүй амруулна хэмээн хотын дарга мэдэгдсэн аж. Энэ журам арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө вакцины ядаж нэг тунг хийлгээгүй хүмүүст хамаарна. 

Арваннэгдүгээр сарын 1-нээс Нью-Йорк хотын 10 мянга гаруй цагдаа, гал сөнөөгч болон хотын захиргааны бусад ажилчдыг хотын даргын тушаалыг биелүүлээгүйн улмаас цалингүй чөлөөлсөн байна. Ойролцоогоор 2.3 мянга гаруй гал сөнөөгч вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаа тул өвчний чөлөө авчээ. Боловсон хүчний хомсдолын улмаас хотын 18 гал унтраах анги хаагдсан байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна