Иракийн Ерөнхий сайд руу дроноор халджээ


Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадимигийн өргөө рүү дэлбэрэх бодис бүхий дроноор халдсан байна. Хэрэг явдал өнгөрсөн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө болсныг ВВС агентлаг уламжлав. Албаны ёсны эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайдад ямар нэгэн хохирол учраагүй гэнэ. Иракийн цэргийнхэн Ерөнхий сайдын Багдад хотын “ногоон бүс”-д байдаг өргөөнд нисгэгчгүй онгоцоор дайралт хийж амь насанд халдах гэсэн оролдлого болсныг нотолжээ. 

Аль-Кадими өөрийнхөө албан ёсны “Twitter” хуудсандаа эсэн мэнд байгаа талаараа мэдээлсэн байна. “Аллахт баярлалаа, би эсэн мэнд байна. Бүх хүнийг Иракийн төлөө тайван, амар амгалан байхыг уриална” хэмээн жиргэжээ. “Шафак” агентлагийн мэдээлснээр, халдлагын үеэр Ерөнхий сайдын гурван бие хамгаалагч шархаджээ. Хатуу чанга хамгаалалттай Багдадын “ногоон бүс”-д төрийн байгууллагууд болон гадаадын элчин сайдын яамдууд байрладаг. “Ногоон бүс”-д байрладаг дипломатууд “Ройтерс” агентлагт мэдээлэхдээ, дэлбэрэлт болон буун дуу гарсан тухай ярьжээ.Иракийн нэрээ нууцлахыг хүссэн хоёр албан тушаалтны “Associated Press” агентлагт мэдэгдсэнээр бүрэн зэвсэглэсэн, хоёр ширхэг нисгэгчгүй онгоц Багдад хотын өндөр хамгаалалттай “Ногоон бүс”-д нэвтэрчээ. Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар нисгэгчгүй онгоцууд аль-Кадимигийн байрлаж байсан сууц руу цохилт өгөхийг оролдсон гэжээ. Халдлагын ард хэн байсан нь тодорхойгүй байгаа ч энэхүү хэрэг өнгөрсөн сард болсон парламентын сонгуулийн дүнг Ираны дэмжлэгтэй зэвсэгт хүчин хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хурцадмал байдлын үеэр гарчээ. Иракийн парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсагчид ногоон бүсийн гадна сар шахам байрлаж байгаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт аюулгүйн хүчнийхэн болон Ираныг дэмжигч шийтийн зэвсэгт хүчний хооронд мөргөлдөөн үүсэх үеэр жагсагчдын нэг амь үрэгдэн, аюулгүй байдлын хүчний олон арван ажилтан шархаджээ.

Иракийн нийслэл Багдад хотод болсон олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр дор хаяж арваад хүн бэртэж гэмтжээ. Мэдээллийн агентлагууд хоёр хүн амь үрэгдсэн тухай уламжлав. Харин Эрүүл мэндийн яам уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Цагдаагийнхан хамгаалалтын бүс рүү жагсагчдыг нэвтрүүлэхгүйн тулд дээшээ буудаж, нулимс асгаруулагч цацав. Аль-Хадими мөргөлдөөнийг хэн өдөөсөн болон гал нээхгүй байх тушаалыг хэн зөрчсөн болохыг тогтоох ажиллагаа явуулахыг үүрэгдсэн. Жагсагчдын ихэнх нь шийт намыг дэмжигчид бөгөөд сарын өмнө явагдсан сонгуульд ялагдал хүлээж, парламентын суудлын олонхоо алдсан аж. Тэд сонгуулийн үр дүнг луйвардсан гэж үзсэн. АНУ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон зарим орнууд аравдугаар сарын 10-нд болсон сонгууль хуулийн дагуу явагдаж, шаардлагатай журмыг мөрдсөн гэж үзсэн. Парламентын сонгуультай холбоотой өргөдөл гомдол ихэссэн учир үр дүнг эцэслэн зарлаагүй бөгөөд саналын хуудсын тоолох ажиллагаа одоо болтол үргэлжилж байна. Иракт өнөөдөр эдийн засгийн хямрал нүүрлэсэн. 2019 онд Иракт мөн Засгийн газарыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан болж байв. Дашрамд өгүүлэхэд, Иракийн парламентын сонгууль энэ оны аравдугаар сарын 10-нд болсон. Тус сонгуулиар Төлөөлөгчдийн зөвлөлийн 329 гишүүнийг сонгодог бөгөөд тус зөвлөл Иракийн Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг явуулж, Ерөнхий сайдыг томилдог юм байна.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна