Солонгост халамжийн картыг архинд уншуулах боломжгүй


БНСУ-аас сэтгүүлч Б.МӨНХЗАЯА бичиж байна

Миний бие Солонгос оронд хөл тавиад зургаан жилийг үджээ. Гэр бүлээрээ амьдарч эхэлснээр Солонгосын нийгмийн эд эс бүхэнд оролцох шаардлага гарч, хурдан хугацаанд дасан зохицох амаргүй үүрэг оногдсон билээ. Эрүүл мэнд, боловсрол, халамж, хөдөлмөр эрхлэлт гээд бүхий л салбарыг танин мэдэж, тэмтэрч үзэхдээ алдсан оносон нь ч бий. Гэвч тасралтгүй суралцсан гэдэгтээ итгэдэг.

Тиймээс хөгжлийн хурдаараа дэлхий нийтийн анхаарлыг татдаг  БНСУ-ын нийгмээс авах гээхийн ухаанаар хандаж, хэрэг болохуйц жижигхэн ч болов шийдлийг, шинэ ноу хауг эх орондоо аваад очихыг хүсдэг билээ. Энэ удаад технологийн хөгжлийг ашиглаад халамжийн бодлогыг цэгцэлж байгаа жишээнээс нь товчхон хуваалцахыг хүслээ. Хүн бүрд хамаатай сэдэв буюу хүүхдийн мөнгөөр эхлээд жишээ татья.      

Хүүхдийн мөнгийг тойрсон өнгө өнгийн үзэл бодол Монголд бий. Аль 2000-аад оноос л нэг бодлого мөртлөө бусдыгаа цавчаад шинэ тайлбар, өмнөхөө үгүйсгээд шинэ зөвтгөл, цаашилбал өнгөө хувиргаад цоо шинэ попролууд хөвөрдөг. Үе үеийн Засгийн газарт хүүхдийн мөнгө олгосонд талархья. Цар тахлын хүнд үед 100 мянга болгож өсгөсөнд нь мөн баярлууштай санагдсан. Саяхан талыг нь хуримтлал, талыг нь бэлэн мөнгөөр олгоно гэх цоо шинэ хувилбар санал болгож буй дуулдсан. Гэвчиг тэр мөнгийг газар дээрээ хэн, юунд үрдэг бол. Эргээд бодохгүй бол Дарханы замаас ялгарах юмгүй үүсгэх асуудал нь хүнд. 

Төрөлтөөрөө дэлхийн улс орны сүүл мушгиж яваа Солонгос оронд хүүхэд тойрсон бодлого төгсрөхөөс аргагүйд хүрчээ. Эс бөгөөс таван жилийн дараа маш олон сургууль, цэцэрлэг үүд хаалгаа барьж, хэдэн сая багш ажилгүйчүүдийн эгнээнд шилжих нь. 2030 он гэхэд Солонгос орон ажил хийх насныхны дутагдалд орно гэдгээ тооцоолоод урьдчилсан бодлогуудыг хэрэгжүү­лээд хэдийнэ эхэлчихсэн. Энэ дотор буурай хөгжилтэй орны эмэгтэйчүүдийг солонгос эрчүүд­тэй гэрлүүлж, хүүхэд төрүүлэх гэдэг хэсэг хүртэл бий нь анх сонсоход жаахан гомдмоор санагдаж билээ. Гэвч энэ бол бидний өнөөдрийн үндсэн сэдэв биш учраас дараа хүүрнэхээр түр орхиё.

БНСУ-д сургуулийн өмнөх насны буюу найм хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 100 мянган вон олгодог. Монгол орны өнөөдөр хэрэгжиж буй хүүхдийн 100 мянган төгрөгтэй яг ижил зарчмаар олгогддог. Ялгаа нь Солонгост найман нас хүртэл буюу бага сургуульд ортол, харин Монголд 0-18 насны бүх хүүхэд хамрагддаг. Коронагийн хүнд үе хэмээн нэг хэсэг 200 мянган вон болгосон боловч одоо хэвийн байдалдаа эргэн орж, 100 мянган вон олгогдож байна.

Мөн өнгөрсөн жилээс ахлах, дунд сургуульд шинээр элссэн сурагчдад тус бүр 300 мянган воны дэмжлэгийг өрхийн орлогоос үл хамааран олгож эхэлсэн. Гэхдээ зөвхөн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, таблэт зэргийг худалдан авах боломж бүхий ваучер маягаар ирдэг. Энэ төрлийн тусламж үр дүнгээ өгсөн гэж үзсэн тул ирэх жилээс бага сургуульд шинээр элсэн орж буй хүүхдүүдэд мөн тус бүр 200 мянган воны нэг удаагийн дэмжлэг буюу ваучер хэлбэрээр тэтгэмж олгохоор төсөвтөө 40 тэрбум вон суулгаж чаджээ.

Энэ мэтээс гадна цар тахлаас үүдэлтэй санхүүгийн хямралыг даван гарах зорилго бүхий дэмжлэгүүд ч бий болсон. Ээжийнх нь дансанд бага сургуульд сурдаг хүүхдийн тоогоор бэлэн мөнгө шилжүүлсэн удаа ч бий. Хоёр удаа 200 мянган вон буюу нэг хүүхдэд нийт 400 мянган вон. Бага сургуульд сурдаг хоёр хүүхэдтэй бол 800 мянган вон гэх мэтээр олгосон. Мөн цар тахалд хамгийн их нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүд энэ сард гурав дахь удаагийн тусламжаа авч эхлээд буй. Гэхдээ Халамжийн газраар бус Боловсролын байгууллагуудаар дамжин олгогдож буй эдгээр тусламжид гадаад хүүхдүүд мөн ижил тэгш эрхтэй хамрагдаж чадсан нь онцлог.

 Боловсролын байгууллагад ялгаварлан гадуурхал байх учиргүй тул ийнхүү гадаад, дотоод гэж ангилалгүй нийтээр нь халамжийн бодлогыг хүртээжээ. Ийм төрлийн дэмжлэгүүдийг Халамжийн газраар биш Боловсролын яамны төсөвт суулгаж сургуулиар нь дамжуулж олгосноороо Монголоос ялгаатай юм.Ковидоос үүдэлтэйгээр номын сангууд хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй болсон тул энэ жилийн төсвийг сурагч бүрийн гэрт нь хүргэжээ. Бага сургуулийн нэг сурагчид 40 мянган воны лимит тогтоогоод ном захиалах эрх өгөв. Сурагч аав, ээжтэйгээ зөвлөлдөн захиалах номоо сонгож, эцэг эх нь зөвшөөрсөн гарын үсэг зурах ёстой. Ангийн багш, сургууль нь нэгтгээд захиалсан номыг нэг сарын дотор хүүхэд бүрийн гэрт нь хүргэсэн юм.

Солонгос Улсад өнгөрсөн жил хоёр сар хэртэй сургуулиуд карентилагдсан байдаг. Энэ үеэр хүүхдүүдийн үдийн хоол хөтөлбөрийн мөнгө хуримтлагдсан тул хоёр удаа тус бүр 50 мянган воны хүнсний дэмжлэг үзүүлсэн удаатай. Солонгос оронд хүргэлтийн үйлчилгээ өндөр хөгжсөн учраас хүүхэд бүрийн гэрийн хаягаар хүнсний ногоо, будаа тэргүүтэй бүтээгдэхүүн хүргэгдэн ирсэн юм. Хоёр хүүхэдтэй айл үндсэндээ нэг удаад 100 мянга, хоёр удаа гэхээр 200 мянган воны хүнсний тусламж авсан гэсэн үг. 

Солонгос сургуулийн хүүхдүүд өглөө бүр ангидаа 200 граммаар савлагдсан сүү уудаг бөгөөд төсөв нь хичээлийн улирлаар биш жилээр батлагджээ. Тиймээс улирлын амралтаараа уух сүү нь гэрийн хаягаар нь хүргэгдэж ирсэн. Магадгүй сурагч амралтаараа өвөө, эмээгийндээ зочлох гэх мэтээр өөр хотод байж таарвал тухайн хаягаа багшдаа бүртгүүлээд хүргүүлэх боломжтой байдлаар зохицуулсан юм билээ.

Эдгээр тусламжийн нэг онцлог нь бэлэн хүнс, сүүг эс тооцвол карт, эсвэл ваучер маягаар ирсэн бөгөөд дээд зэрэглэлийн их дэлгүүр, архи согтууруулах ундаа, тамхи зэрэгт уншуулах боломжгүйгээр шийдсэн байх юм. Картанд мөнгө орлоо, зөвхөн хүнс, хүүхдийн шүдний эмнэлэг, хичээлийн хэрэгсэл гээд уншуулах барааны нэр төрөл, үйлчлүүлэх дэлгүүрийн хязгаарыг тогтоож өгчээ. Үндсэндээ ээж, хүүхдийнхээ мөнгөөр брэндийн сүрчиг авч болохгүй гэсэн үг л дээ. Мөн дэлгүүрүүд, хүүхдийн эмнэлгүүд, витамин хаусууд, номын дэлгүүрүүд гээд хүүхдэд хамаарал бүхий үйлчилгээний газрууд үүдэндээ халамжийн ваучер ашиглах боломжтой гэдгээ заавал бичиж тодруулсан харагддаг. Интернэтээр хайлт хийхэд халамжийн ваучер ашиглаж болох эсэхийг заавал дурдсан байдаг.

Мөн нэг удаагийн бар код ирсэн тохиолдол бий. Энэ нь CU, GS25 гэх мэт жижиг мухлагуудад (энэ нь Солонгостоо жижиг мухлаг гэж хэлэгддэг бөгөөд манай оронд ТҮЦ гэдэгтэй ойролцоо утгатай) уншуулах боломжтой бөгөөд архи, шар айраг, тамхи худалдан авахад шууд алдаа заах байдлаар шийдэгджээ. 

Өөрөөр хэлбэл, техник технологийн хөгжил халамжийг зөв зүгт хөтөлсний жишээ юм. Дахин сийрүүлэхэд, халамжийн мөнгийг зориулалтын дагуу ашиглахад зориулагдсан гар утасны апплэкэйшн, мөн интэрнэт сайтуудад гишүүнчлэлийн бүртгэл бүхий иргэн бүрд тусгайлан бар код олгох замаар хяналт тавьдаг гэсэн үг. Халамжийн карт нь өндөр зэрэглэлийн их дэлгүүрт уншигдахгүй гэдэгт нь бидний мэддэгээс ИМАРТ ордгийг бодоход цаагуураа жижиг, дунд үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төрийн бодлого нь тодорхой уншигдана.Иргэний бүртгэл, хаягжилт гээд нийгэм цахимжаад ирэхээр тухайн өрхийн орлого, зарлага ч цахимаар хянагдаад эхэлнэ, төлсөн татвараас үүдэлтэй янз бүрийн хөнгөлөлтүүд ч бүгд л гар утсан дотор багтчихдаг. Үүнтэй зэрэгцээд халамжид хамрагдах хүнээ ч амархан тодорхойлно. Иргэн та ч дүүрэг, хорооны үүдэнд дугаарлан зогсох хэрэггүй болно. Дээр дурдсанчлан, энэ бодлого маань зорилтот бүлэгтээ үр дүнгээ өгч чадсан эсэхэд Солонгосын Засгийн газар заавал судалгаа хийдэг бөгөөд үр дүнд нь үндэслэн дараа, дараагийнхаа алхмаа тодорхойлдог. Монголын Засгийн газар алдаа оноогоо дэнслэх судалгаануудыг хийж хэвшвэл илүү бодитой, үр дүнтэй алхам хийх боломжтой юм болов уу гэж бодогддог. 

Монголын Засгийн газар Хүүхдийн мөнгө буух үеэр ямар барааны гүйлгээ өсдөг вэ, эсвэл ТҮЦ-ийн өрийн дэвтэрт хүүхдийн мөнгө буухаар төлнө гээд ямар бараа бүтээгдэхүүн зээлдэг талаар судалгаа хийж, дүгнэж яагаад болохгүй гэж. Судалгаандаа дүйцүүлэн тохирох засвараа хийж сайжруулснаар бидний хүсээд буй байгаа олсон халамжийн бодлого төгсрөх биз.Зэрэгцээд мэргэжлийн байгууллагууд үгээ хэлэх биз. Хүүхдийн мөнгө буухаар архидалт өсдөг үү, хүчирхийлэл заналхийлэл ихэсдэг үү гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагаас гарах л байх. Ингээд хөөгөөд явбал хүүхдийн мөнгө эзэндээ хүрдэг үү, бидний ирээдүйг баялаг болгох зөв бодлого зөв эсэхийг батлах баримтууд дэлгэгдэх нь гарцаагүй. Үүн дээр үндэслээд бодлогоо зөв болгоё, технологийн шийдэлтэй хөтлөлцөөд халамжийн бодлогоо төгсрүүлье гэдэг санаагаар энэ удаагийн тэмдэглэлээ өндөрлөе. Аан тийм, яг энэ мөчид Дэлхийн цахим хөгжилд хөл нийлүүлэх зорилгоор чиглэлийн яамыг Засгийн газрын бүтцэд шинээр оруулж ирсэн сайшаалтай мэдээ дуулдлаа. 


44
17
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна