Даниэл Ортега Никарагуа Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо


Никарагуа Улсад өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ  удаагийн төрийн тэргүүний сонгууль улс орны болон дэлхийн хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний шүүмжлэлийн дунд явагдлаа. Никарагуагийн цахим хэвлэлийн мэдээлснээр сонгогчдын ирц тааруу байсан бөгөөд цөөн хэдэн зүйлийг эс тооцвол санал авах байруудад урт дараалал үүссэнгүй. Хэлмэгдүүлэлтийн үеэр Никарагуаг орхихоос аргагүйд хүрч, гадаадад дүрвэсэн сөрөг хүчний төлөөлөгчид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг улсынхаа иргэдэд уриалав.

 Санал хураах байрууд хаагдахаас  өмнө одоогийн Ерөнхийлөгч Даниэль Ортега дөрөв дэх удаагаа дараалан сонгогдох нь эргэлзээгүй байв. Сүүлийн саруудад Никарагуагийн эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүчтэй өрсөлдөгчдийг баривчилж, заримыг нь гэрийн хорионд байлгажээ.Дэглэмийг шүүмжилсэн 39 хүнийг баривчилж, сөрөг хүчний байгууллагыг гэмт хэрэгт тооцож, хориглов. Эрх баригчдыг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хэлмэгдэлтэд өртсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Никарагуад болсон төрийн тэргүүний сонгуулийг “хуурамч” хэмээн нэрлээд, Д.Ортега болон түүний эхнэр, Дэд ерөнхийлөгч Росарио Мурильо нарыг шүүхэд өгөхийн тулд дипломат болон эдийн засгийн бүхий л арга хэрэгслийг ашиглахаа амлалаа. Түүнчлэн Коста-Рикагийн Засгийн газар Никарагуад болсон Ерөнхийлөгчийн сонгууль “Ардчиллын хүрээнд шударга” болоогүй тул түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарласан аж.  

Даниэл Ортега 1945 онд мэндэлсэн бөгөөд Никарагуагийн улстөрч, 1979 онд болсон хувьсгалын удирдагчдын нэг бөгөөд Анастасио Сомосын дэглэмийг түлхэн унагасан. 1985-1990 онд Никарагуагийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тухайн үед эх орондоо социалист нийгэм байгуулна хэмээн зүтгэж АНУ тэргүүтэй барууны орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан. 1990 онд сонгуульд ялагдаж, хүчтэй сөрөг хүчин болсон. 2007 онд төрийн тэргүүнээр дахин сонгогдож түүнээс хойш суудлаасаа буухгүй байгаа юм.  


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна