У.Балжинням: Өөртөө тавьсан зорилготой юм чинь сандарч болохгүй


Б.ЛХАГВА

Хэдхэн хоногийн өмнө болсон жүдо бөхийн Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Уламбаярын Балжиннямтай ярилцлаа. Тэрээр ирэх сарын 4,5-ны өдөр зохион байгуулагдах Ази Номхон далайн орнуудын өсвөр болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд +100 килограммд барилдах билээ.

 -Сайн байна уу. Хэзээнээс барилдаж эхлэв, аль спорт хороонд харьяалагддаг вэ?

 -Би 2015 онд Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хороонд С.Баяржаргал багшийн удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Би анх турах гэж спорт сонирхож байсан ч одоо үндэсний бөх, самбо, жүдо аль алинаар бэлтгэл хийдэг.

 -Энэ жил наадмаар барилдсан уу? 

-Барилдсан. Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат. Энэ жил сумынхаа наадмаар барилдаж сумын начин цол хүртсэн.

 -Саяхан Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байранд орсон. Үүнээс өмнө ямар улс, бүсийн тэмцээнд орж байв? 

-Жүдо бөхөөр хичээллээд жил гаруй болсны хойно улс, бүсийн тэмцээнд хүч сорьсон. Жишээлбэл, 2017 онд Бүх Оросын улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Харин дараа жил нь даагаа нэхэн түрүүлж, мөн багаараа нэгдүгээр байранд орсон. Тухайн жилдээ Чингэлтэй дүүргийн өсвөрийн аваргад алт авсан. 2018 онд жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах Азийн нээлттэй тэмцээнд гуравдугаар байранд орсон. 2019 онд Монгол туургатан тэмцээнээр Өвөр Монголын Ордос хотод очиж шагналт тавдугаар байранд шалгарч, дараа нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит 11 дэх удаагийн жүдогийн өсвөр үе, залуучуудын олон хотын тэмцээнд мөнгө авсан. Энэ мэтээр бэртэл гэмтэлгүй бол тэмцээн уралдаандаа хичээж оролцдог. 

-Удахгүй болох Ази Номхон далайн орнуудын өсвөр болон залуучуудын аварга шалгаруулах жүдо тэмцээнд оролцоно гэсэн үү?

 -Тийм. Монгол Улсын аварга шалгаруулах жүдо бөхийн барилдаан болоогүй ч наймдугаар сард нь Дэлхийн аварга шалгаруулах сорилго тэмцээн болсон. Тухайн тэмцээн Итали улсад зохион байгуулагдаж би ковидоос шалтгаалж явж чадаагүй. Тиймээс Азийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцохоор зорьж байна. Ази Номхон далайн орнуудын өсвөр болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Ливаны Бейрут хотод арванхоёрдугаар сарын 2-5ны хооронд болно. Биднийг хариуцаж “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч ОУХМ Б.Мөнхтуяа багш авч явна. Тэмцээний онцлог нь цар тахлын улмаас үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа. Мөн улс улсаас зөвхөн нэг ноймрын тамирчид орж байгаа учраас нэлээн өрсөлдөөнтэй, хариуцлага өндөртэй барилдаан болох байх. 

-Энэхүү тэмцээнд өөртэй чинь нэг жинд хэчнээн хүмүүс оролцож байгаа вэ. Монголд хүнд жингийн жүдогийн тамирчид “цөөхөн” гэгддэг. Тиймээс бэлтгэл хийхэд хүндрэлтэй байв уу? 

-Одоо болох тэмцээнд нэмэх 100 килограммд барилдана. Сая орж харахад миний жинд 12 тамирчин байсан. Тэмцээн дөхөж байгаа учраас тамирчид нэмэгдсэн байх. Би “Аварга” дээд сургуулийн жүдо бөхийн дасгалжуулагчийн ангийн II дамжаанд суралцдаг. Бэлтгэлээ сургуульдаа ихэвчлэн хийдэг ч тэмцээн дөхөөд ирвэл Чингэлтэй дүүргийн спорт хороонд С.Баяржаргал багшийнхаа удирдлага дор явдаг. Долоо хоногийн долоон өдөр заалны бэлтгэлийг үеийнхэн болон ах нартайгаа хийдэг. Монголд хамт бэлтгэл хийх хамтрагч, нэг жингийн тамирчин цөөхөн байдаг. Гэхдээ хүмүүсийн ярьдаг шиг хүнд жингийн бөхчүүд тийм ч цөөхөн биш. Гол нь хамтдаа бэлтгэлээ сайн хангаж, нэгнийгээ хурцалж өгөх хэрэгтэй.

 -Тэмцээнд оролцохын өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг вэ? Сандарч, шантрах үе тохиолдож байв уу?

 -Тэмцээнээс өмнө бэлтгэлээ л сайн хангадаг. Хоол ундандаа хүртэл анхаарч бие зуурахааргүй, шөлтэй хоол иддэг. Сэтгэл санааны хувьд бол харьцангуй тайван байдаг. Бодлоо нэлээн цэгцэлж, бусад зүйлд санаа зовохгүй байхыг хичээдэг. Өөртөө тавьсан зорилготой юм чинь сандарч болохгүй. -За ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.



103
114
0
7
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.