Европт вакцин хийлгээгүй хүмүүстэй хатуу тэмцэж байна


Дэлхий дахинд болон Европын ковид-19 цар тахлын дөрөв болон тав дахь давлагаа эхэлж, зарим орнууд вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тавьж эхэлсэн. Сүүлийн үед Европт цар тахлын нөхцөл байдал маш хүндэрсэн аж. “Өвлийг дуустал Германы ард иргэд вирусийн эсрэг вакцин хийлгэнэ, эсвэл өвдөж эмчлүүлнэ, нэг бол үхэх болно” хэмээн тус улсад цар тахлын халдар эрс нэмэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн сайд Йенс Шпан мэдэгдэв. Германд Зул сарын баярын худалдаа үзэсгэлэн явагдахгүй болсон. Берлинд зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүсийг олон нийтийн газар болон ажил руугаа явахыг зөвшөөрсөн. Австрийн Вена хотод хатуу хөл хорио тогтоож гудамж талбай эзгүйрч байна. Тус Европ тивд хатуу хөл хорио тогтоосон эхний улс боллоо. Тэнд өвчний халдвар эрс нэмэгдэж, вакцин хийлгэсэн хүмүүсийн түвшин доогуур байгаа аж. 

Брюссель дархлаажуулалттай холбоотой хүмүүсийн худал яриа буруу ойлголт ковид-19-ийн дөрөв дэх давлагааны дэгдэлтийн гол асуудал болж байгаа хэмээн үзэж байна. “Европын холбооны гишүүн бүх орны олон мянган ахмад болон залуу хүмүүсийн эрүүл мэнд ковид19-ийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр байгаагүй бол илүү хүндрэх байсан. Гэсэн хэдий ч зарим иргэд вакцин хийлгэхгүй байгаагийн улмаас цар тахлын хүнд нөхцөл байдалтай дахин тулгарлаа. Бид бүгдээрээ үүний эсрэг зогсох ёстой” хэмээн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Еврокомиссар Стелла Кириакидес онцлон тэмдэглэв. Чех улсад вакцин хийлгээгүй иргэдийг олон нийтийн газар оруулахгүй. Тус улсын иргэдийн 60-аас доош хувь нь дархлаажуулалтад хамрагдсан нь Европын холбооны дунджаас доогуур үзүүлэлт аж. Чехийн хөрш Словак мөн вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тогтоож эхэлжээ. Вакцин хийлгээгүй хүмүүс зоогийн газар, худалдааны төв ч орох эрхгүй. 

ДЭМБ: ЕВРОПТ НАС БАРАЛТ НЭМЭГДЛЭЭ 

Европын бүс нутагт ковид-19- ийн шинэ тохиолдол болон нас баралт нэмэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) уламжлав. Тиймээс ДЭМБ-аас хөгшин тивд амны хаалт зүүх журмыг албадах болон эрсдэлтэй бүлгийнхэнд вакцин хийлгэхийг санал болгож байна. Өнгөрсөн долоо хоногт Европын бүс нутгийн орнуудад ковид-19-ийн улмаас нэг хоногт дунджаар 4200 хүн нас барсан байна. Энэ нь есдүгээр сартай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Европ болон Дундад Азид нас барсан хүмүүсийн ихэнх нь ковид-19-ийн халдвар авсан хүмүүс гэж ДЭМБ мэдээлэв.

Шинжээчдийн анхааруулснаар, Европын бүсийн 53 орны 25-д нь ойрын хугацаанд эмнэлгүүдэд өвчтний ор олдохгүй аж. Харин ирэх оны гуравдугаар сар гэхэд Европын 49 улсад эмнэлгүүд пиг дүүрнэ гэж таамаглаж байна. ДЭМБ-ын урьдчилсан таамгаар ирэх хавар гэхэд цар тахлын улмаас нас барсан хүний тоо 2.2 саяас давж магадгүй. “Вирусийн эсрэг тэмцэхийн тулд, мөн хатуу хөл хорио тогтоохгүйн тулд “вакцин нэмэх” аргыг хэрэглэх хэрэгтэй. Энэ бол вакцины бүрэн тунг хийлгэж, боломжтой бол бүүстэр хийлгэх хэрэгтэй” гэж ДЭМБ-ын Европын салбарын тэргүүн Ханс Клюге өгүүлэв. 

ЗӨВХӨН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮС НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИНО 

Германд цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой нэмэлт хязгаарлалт авч эхэлсэн. Үүний хүрээнд арваннэгдүгээр сарын 24-ний лхагва гарагаас эхлэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих журмыг чангатгажээ. Бүх зорчигчдод “3G дүрэм”-ийг нэвтрүүлсэн. Энэ нь Genesen, Geimpft, Getestet (“өвдөөд эдгэрсэн”, “вакцин хийлгэсэн”, “шинжилгээ өгсөн”) гэсэн товчлол. Хэрэв зорчигч дээрх нөхцлүүдийн аль нэгийг биелүүлж буйгаа нотлох боломжгүй бол хамгийн ойрын зогсоолоос буух болно. 

“Deutsche Bahn” төмөр замын концерний удирдлага энэ сарын 23-наас эхлэн туршилтын журмаар “3G дүрэм”-ийн шалгалтыг нэвтрүүлжээ. Мөн өчигдрөөс эхэлж “3G дүрэм”-ийг албан газар болон оффист ч хэрэгжүүлж эхэлсэн байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна