АНУ 100 гаруй орныг Ардчиллыг дэмжих дээд хэмжээний уулзалтад урив


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ойролцоогоор 110 орныг арванхоёрдугаар сард болох Ардчиллыг дэмжих дээд хэмжээний цахим уулзалтад оролцохыг урьсан байна. Энэ сарын 23-нд АНУ-ын Төрийн департаментын цахим хуудаст нийтэлсэн жагсаалтад Вашингтоны холбоотнууд багтжээ. Уригдсан улс орны дотор түүнчлэн Армени, Болгар, Гүрж, Косово, Молдав, Монтенегро, Хойд Македони, Пакистан, Румын, Серби, Украин, Азербайжан, Босни-Герцеговин байна. Харин уг жагсаалтад БНХАУ болон ОХУ, мөн Дундад Азийн орнуудыг ч оруулсангүй. Дэлхийн улс орнуудын төр, Засгийн газар, иргэний нийгэм болон бизнесийн төлөөлөгчдийг нэгтгэдэг Ардчиллыг дэмжих дээд хэмжээний уулзалт ирэх сарын 9-10-нд цахимаар явагдана. 

“Дээд хэмжээний уулзалт ардчилсан орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээл, боломжуудад анхаарлаа хандуулж, удирдагчдад дотоод болон гадаадад ардчилал, хүний эрхийг хамгаалах хувийн болон хамтын үүрэг амлалт авч, шинэчлэл, санаачлагыг гаргах боломжийг олгодог. Эдгээр амлалтууд дарангуйллын эсрэг, авлигатай тэмцэх, хүний эрхийг дээдлэхийг дэмжих дотоодын болон олон улсын санаачилгыг хамаарах болно” гэж АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. “Америкийн дуу хоолой” агентлагийн бичсэнээр, дээд хэмжээний уулзалт өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш хийсэн анхны мэдэгдэл хэр биеллээ олсныг харуулна. Тэр үед Жо Байден Орос болон Хятад тэргүүтэй авторитар дэглэмийн эсрэг зогсохын тулд АНУ дэлхийн тэргүүллийг гартаа авна хэмээн мэдэгдэж байв. ОХУын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын зохион байгуулах гэж буй дээд хэмжээний уулзалттай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, ард түмэн, улс орнуудыг ардчилсан болон ардчилсан бус гэж хуваах зорилготой гэжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна