“Омикрон” шинэ хувилбар дэлхийг түгшээж эхлэв


М.ХҮСЛЭН

Африк тивийн өмнөд хэсгээс илэрсэн ковид-19-ийн мутацид орсон шинэ төрөл болох “Омикрон” хувилбар дэлхий дахиныг түгшээж эхлэв. Олон янзаар мутацлагдсан “Омикрон” хамгийн аюултай гэгдэж байсан “Дельта”-гаас ч илүү аюултай, хурдан тархах чадвартай байж болох талаар эрдэмтэд сануулж байна. Өмнөд Африкт анх илэрсэн “Омикрон” өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дэлхийн хэд хэдэн улсад бүртгэгдлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аюултай хэмээн зарлаж, “Омикрон” хэмээн нэрлэсэн шинэ хувилбар Их Британи, Бельги, Чех, Дани, Герман, Израиль, Италид илэрлээ. Дээрх орнуудад шинэ вирус ихэнх тохиолдолд Өмнөд Африкаас очсон зорчигчдоор дамжжээ. Тийм учраас дэлхий даяар “Омикрон” бүртгэгдсэн улс орнуудаас ирэх нислэгээ зогсоож эхлэв. Коронавирусийн энэ шинэ хувилбар эрдэмтдийн санааг маш ихээр зовоож буй.

АНУ-ын Засгийн газрын халдварт өвчний асуудал эрхэлсэн мэргэжилтэн, доктор Энтони Фаучигийн хэлснээр, “омикрон” Америкт илрээгүй байгаа ч, удахгүй бүртгэгдвэл гайхах зүйлгүй гэнэ. “Хурдан тархдаг вирусийг бусад халдаасан тохиолдолд, эсвэл аялж яваа жуулчдаас илэрсэн бол тэр хаа сайгүй тархдаг” гэж Э.Фаучи онцлов. “Омикрон”-ы тухай мэдээлэл одоогоор бага. Эрдэмтдийн хувьд вирусийн шинэ хувилбарт үзүүлэх вакцины үр нөлөө, халдварлах хурд, өвчний хүндрэлийн шинж, эмчлэх арга барилыг судлахын тулд хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдана. Эрүүл мэндийн салбарын олон эрдэмтэн, мэргэжилтнүүд “Омикрон”-ыг одоогийн ковид19-ийн эсрэг вакцинууд зогсоож чадахгүй хэмээн таамаглаж байна. 

ДЭЛХИЙН ОРНУУД ХИЛИЙН ХЯЗГААРЛАЛТ ТАВЬЖ БАЙНА

 Женев хот дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) яаралтай хуралдаанаар коронавирусийн шинэ хувилбарыг албан ёсоор VOC (аюултай хувилбар) хэмээн зарласан тухай ВВС агентлаг уламжлав. “Уг хувилбар олон төрлийн мутацид орсон бөгөөд тэдний зарим нь маш аюултай” гэж ДЭМБ-аас онцолжээ. Өнгөрсөн баасан гарагаас эхлээд дэлхийн орнууд хилийн хязгаарлалтаа чангатгаж байна. Өмнөд Африкт илэрсэн B.1.1.529 хэмээн нэрлэгдсэн коронавирусийн шинэ төрөл 100 гаруй хунд халдварласан бөгөөд тэдний ихэнх нь ӨАБНУ-ын Гаутенг мужид бүртгэгдэв. Мутацид орсон шинэ хувилбарыг “омикрон” хэмээн нэрлэв. АНУ, Их Британи, Герман, ОХУ, Итали, Израиль, Сингапур, Франц, Чех, Япон Улс Африкийн иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглолоо. “Омикрон” Европ тивд ч хүрлээ. Анхны тохиолдол Бельгид бүртгэгдэв. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европын орнуудад хандаж вирусийн шинэ хувилбар илэрсэн улсаас ирэх жуулчдыг түр хугацаанд нэвтрүүлэхгүй байхыг уриалав. Тэрбээр “Одоо Европт бид бүгдээрээ маш хурдан, зоригтой болон зохистой ажиллах ёстой” хэмээв. Эрдэмтэд “бидний харж байсан хамгийн аймшигтай өвчин” хэмээн онцолж ковид-19-ийн шинэ хувилбарын талаарх мэдээллийн дараа олон орон, нислэгийн чиглэлүүдээ зогсоож, дэлхий даяартүүхий эдийн үнэ унаж эхэллээ. Вирус Израиль болон Европт хүрсэн байна. ОХУ-ын эрх баригчид шинэ хувилбарын тархалттай холбоотой өнгөрсөн баасан гарагаас Африкийн найман улс, Мадагаскар болон Хонконгийн иргэдийг хилээр нэвтрэхийг хориглов. Хориглосон орнуудад ӨАБНУ, Ботсван, Лесото, Намиби, Зимбабве, Мозамбик, Эсватини болон Танзани багтжээ

 “ОМИКРОН” ДЭЛХИЙН БИРЖИЙН ҮНЭД НӨЛӨӨЛӨВ

 Өнгөрсөн баасан гарагт вирусийн шинэ хувилбар гарсан тухай мэдээ түгсэнээр дэлхийн биржүүдэд газрын тосны үнэ 12 хувиар унасан байна. Энэ бол сүүлийн жил хагасын хугацаанд тохиолдсон хамгийн том уналт болсон тухай ВВС мэдээлэв. Эрчим хүчний хямрал үргэлжилж байгаа хэдий ч, хөрөнгө оруулагчид цар тахлын шинэ давлагаа хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлаж, түлшний хэрэглээг бууруулж, нийт эдийн засгийн өсөлтийг удаашруулна хэмээн болгоомжилж буй. Гэсэн хэдий ч алтны үнэ өссөөр байна. Хэрэв эрчим хүчний түүхий эдийн хэрэглээ буураад байвал дэлхийн эдийн засгийг сэргээх нь үүнээс ч урт бөгөөд илүү хэцүү болно. Ялангуяа, агаарын тээврийн болон аялал жуулчлалын компаниудын хувьцааны ханш 10-15 хувиар доошилжээ. Гэхдээ ДЭМБ-ын төлөөлөгчид улс орнуудад сандралд орохгүй, шинэ хөл хорио хязгаарлалт тогтоох гэж яарахгүй байхыг уриалсан байна. Нью-Йоркийн биржийн Dow Jones индекс нэг өдрийн дотор 2.5 хувиар буурлаа.

 ӨМНӨД АФРИКИЙН ОРНУУДТАЙ НИСЛЭГЭЭ ЗОГСООСОН УЛСУУД 

Африк тивийн өмнөд хэсэгт ковид-19-ийн илүү аюултай шинэ хувилбар дэгдсэнтэй холбоотой зарим орнууд агаарын шууд нислэгээ зогсоогоод байгаа. ӨАБНУтай нислэгээ зогсоосон орны тоо нэмэгдсээр. Герман Улс агаарын тээвэрлэгч компаниудад зөвхөн ӨАБНУ-д байгаа өөрсдийн иргэдээ татаж авах нислэгийг зөвшөөрлөө. Израиль Африк тивийн өмнөд хэсэгт оршдог бүх улс руу нислэгээ зогсоожээ. Их Британи ӨАБНУ-тай болон Ботсван, Зимбабве, Лесото, Намиби, Эсватинитай харилцаагаа таслав. Мөн Сингапур, Бахрейн, Итали, Нидерланд, Марокко, Франц, Чех, Австри, Малайз, ОХУ дээрх орны иргэдийг хилээр нэвтрэхийг хориглосон байна. 

Израиль Африк тивийн өмнөд хэсэгт оршдог бүх улс руу нислэгээ зогсоожээ. Их Британи ӨАБНУтай болон Ботсван, Зимбабве, Лесото, Намиби, Эсватинитай харилцаагаа таслав. Мөн Сингапур, Бахрейн, Итали, Нидерланд, Марокко, Франц, Чех, Австри, Малайз, ОХУ дээрх орны иргэдийг хилээр нэвтрэхийг хориглосон байна.“ОМИКРОН”-Ы ЭСРЭГ ҮР ДҮНТЭЙ БОЛГОХЫН ТУЛД ВАКЦИНЫГ НАЙРЛАГЫГ ӨӨРЧЛӨХӨД БЭЛЭН 

Дэлхийн тэргүүлэгч вакцин үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн “аюултай” төрөл болох “Омикрон”-д вакцин тэсвэрлэх арга замыг хайж эхэлсэн байна. Эрдэмтдийн үзэж буйгаар, одоогийн бэлдмэлүүд хурдан мутацид ордог коронавирусийн шинэ хувилбарын тархалтад дорвитой нөлөөлж чадахгүй байж болзошгүй гэнэ. “Pfizer”-тай хамтран вакцин бүтээсэн Германы “BioNTech” компанийн мэдээлснээр, шинжээчид ирэх хоёр долоо хоногт шинэ хувилбарын сорьцыг авч, шинжлэн судалж, шаардлагатай тохиолдолд вакцины найрлагад өөрчлөлт оруулах аж. Америкийн “Moderna” компани ч “Омикрон”-ы эсрэг үр дүнтэй нэмэлт вакцин гаргахаа мэдэгдэв. Эхэндээ B.1.1.529, дараа нь “Омикрон” хэмээх шинэ нэртэй болсон коронавирусийн шинэ хувилбарын тархалтад ДЭМБ санаа зовж байна. Урьдчилсан таамгаар, “Омикрон”-ы олон төрлийн мутаци коронавирусийн эсрэг дархлааг тэсвэрлэж чаддаг бөгөөд одоогийн вакцины үр дүнг сулруулж, маш хурдтай тархдаг аж. Европын холбооны эмийн агентлаг шинэ вакцины хэрэглээний тухай мэдэгдэл хийхэд эрт байна гэв. “Pfizer/BioNTech” компани хэрэв бэлдмэлийн найрлагад өөрчлөлт оруулах шаардлагатай бол, “Омикрон”-д тохируулж хийсэн шинэ вакцин ойролцоогоор 100 хоногийн дотор бэлэн болгоно хэмээн мэдэгдлээ. Европт бүртгэгдээгүй байгаа “Novavax” бэлдмэлийг үйлдвэрлэгчид “Омикрон”-ы уургийн дээжийг ойрын хугацаанд олж авч шинжилгээ хийх болсноо зарлав. 

БНХАУ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД САНДРАЛД ОРОХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ

 Хятадын мэргэжилтнүүд B.1.1.529 нэртэй ковид-19-ийн шинэ хувилбар гарсантай холбоотойгоор сандралд орохгүй байхыг уриалсан байна. Учир нь, халдварын тархалт өндөр байгаа тохиолдолд мутацийн тоо нэмэгдэхгүй гэж “Хуаншю Шибао” сонинд мэдээлжээ. Хонконгийн их сургуулийн профессор Шинь Дуньяны хэлснээр, олон нийт коронавирусийн шинэ хувилбарт сэрэмжтэй байж, гэхдээ сандралд орох хэрэггүй гэжээ. “Шинэ мутацийн аюул болон вакцины нөлөөллийн тухай одоогоор ямар нэгэн нотолгоо байхгүй” гэсэн эрдэмтний үгийг “Хуаншю Шибао” сонин уламжлав. Хятадын дархлаа судлаач Жуан Шилихэ дэлхий дахинд тархсан коронавирусийн төрлөөс хамгийн аюултай нь “дельта хувилбар” гэж үздэг. Дельта өмнө нь гарсан бүх хувилбарыг (Гамма, Бета болон Альфа) шахаж гаргасан. Үүнтэй холбоотой, түүний үзэж буйгаар “шинэ хувилбар “дельта”- тай харьцуулахад аюултай байж чадахгүй” аж. Өнгөрсөн пүрэв гарагт Сянганы (Хонгконг) засаг захиргааны тусгай бүс нутагт ковид19-ийн “Омикрон” шинэ хувилбар хоёр хүнээс илэрсэн байна. Бямба гарагаас эхэлж Сянганы эрх баригчид Ботсван, Эсватини, Лесото, Малави, Мозамбик, Намиби болон Зимбабве улсаас ирэх зорчигчдыг хязгаарлалтыг чангатгажээ. Сүүлийн гурван долоо хоногт дээрх орнуудад, түүний дотор ӨАБНУ-д байсан иргэдийг хилээр нэвтрэхийг хориглов.

 ХҮН АМЫН 76.8 ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛЖЭЭ

 Эх газрын Хятадад 1.08 тэрбум хүн ковид-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан нь тус улсын нийт хүн амын 76.8 хувь аж. Энэ тухай Гуанжоуд болсон БНХАУ-ын цахим хэвлэлийн чуулга уулзалтын үеэр тус улсын ерөнхий тархвар судлаач эмч Жун Наньшан мэдэгдсэн байна. Тэрбээр Хятадад ковид-19-ийн халдварын түвшин 100 мянган хүн тутамд 8.9, нас баралт 100 мянгад 0.4 тохиолдол ногдож байгааг онцлон тэмдэглэжээ. Нэг хоногт эх газрын Хятадад 13 тохиолдол шинээр бүртгэгдэж, нас баралт гараагүй байна. Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлын дөрөв нь Ляонин муж (Далянь) болон Шанхай хотод бүртгэгджээ.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна