Хосгүй амжилтын эзэн Б.Хонгорзул


Б.БАТ

Чөлөөт бөхийн 2021 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзул охин түрүүлснээр залуучуудын улсын аваргад дөрвөн жил дараалан түрүүлсэн амжилтын эзэн болов.

Ингэснээр Хонгор нутгийн 20 настай охин өсвөр үед дөрөв, залуучуудын улсын аваргад дөрөв, нийт найман алтан медаль хүртсэнээр бөхийн спортыг сонгож, хамтдаа бэлтгэл хийж ирсэн, нэг нутгийн, нэг багшийн шавь ОУХМ Ө.Пүрэвсүрэнгийн амжилттай зэрэгцлээ Түүний найз Пүүжээ 13 настайгаасаа хойш өсвөрт тав, залуучуудад гурван удаа түрүүлсэн байдаг. Тэгвэл Хонгорзулын өсвөр үе, залуучуудын УАШТ-ий найман алтан медаль дээр өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Улсын аваргын түрүү нэмэгдэнэ. Дөнгөж 20-хон настайдаа улсын аваргын есөн алттай түүний хосгүй амжилтыг өөр тамирчин дахин давтах бараг боломжгүй. 

Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Б.Хонгорзул одоогоос яг 10 жилийн өмнө чөлөөт бөхөөр хичээллэжээ. Тэрбээр 10 настайдаа сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, С.Мөнхдуулдах багшийнхаа шавь болж байв. 2014 онд өсвөр үеийн УАШТ-ий 13 настай охин 40 кгын жинд “Алдар”-ын Н.Азжаргалд ялагдан мөнгөн медаль хүртсэн нь түүний улсад үзүүлэх амжилтын эхлэл байв. Удаах дөрвөн жилд нь буюу 2015-2018 онд 46, 49, 52, 57 кг гээд дөрвөн өөр жинд өсвөр үеийн Монгол Улсын аваргаар тодров. Тэгвэл 2018-2021 онд дөрвөн жил дараалан залуучуудын ангилалд түрүүлэхдээ өрсөлдөгчдөө бараг оноо алдаагүй тасархай түрүүлсэн. 

16, 17 настайгаасаа чөлөөт бөхийнхөнд танигдаж эхэлсэн тэрбээр 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аваргаар туршлагатай тамирчин, ОУХМ А.Батцэцэгийг ялж 19 настайдаа улсын аварга болсон. Тэрбээр энэ хавар Казахстаны Алматыд болсон олимпын эрх олгох тэмцээнээр жиндээ торолгүй түрүүлснээр эрхээ авлаа. Үүнээс гурван сарын дараа дэлхийн томчуудтай анх удаа, тэр дундаа олимпын дэвжээнд нүүр тулсан юм. Олимпын дэвжээнд дөрөв барилдахдаа жингийнхээ хоёр шилдэг бөх, олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, АНУ-ын Хелен Марулистай нэг хэсэгт багтаж, тэдэнтэй анх удаа дэвжээнд гарч, аргагүй туршлага дутан ялагдаж шагналт тавдугаар байрт орсон нь түүнийг ямар их ирээдүй хүлээж байгааг тодорхой харуулсан даа. Дотооддоо өрсөлдөөн ихтэй 57 кгын жинд насанд хүрэгчдийн ДАШТий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, энэ жилийн Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэг, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гээд гурван насны ДАШТ-д “финалдсан” ОУХМ А.Батцэцэг гээд дэлхийд данстай жингийнхээ эгч нарыгаа ялаад үзчихсэн түүнд бөх сонирхогчид, бөхийн мэргэжилтнүүд өндөр итгэл найдвар хүлээлгэж буй.



2
2
1
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна