“Нарантуул” захын худалдаачид: Бүсээ чангалаад ажлын байраа хадгалж үлдэнэ

Admin
Өчигдөр 09 цаг 41 минут

Б.ЛХАГВА

 Дөрвөн улирал дамнан түм түжигнэж, бум бужигнаж байдаг “Нарантуул” олон улсын худалдааны төвийг өчигдөр зорилоо. Учир нь коронавирусийн халдварын улмаас хилээр орж ирэх бараа, бүтээгдэхүүн ховордсон, үнэ нь нэмэгдсэн, иргэдийн худалдан авах чадвар муудсан гээд Нарантуул захад ажиллаж байгаа олон арван хүний ажлын байр, амьжиргаа хүндэрч эхэлсэн. Цар тахал хүмүүсийн эрүүл мэнд төдийгүй эдийн засаг, нийгэм, соёл гээд бүхий л салбарт сүүдрээ тусгажээ.

 

Сонголтгүй байгаа ч бараагаа дэлгээд л зогсч байна

Хүмүүсийн хөл хөдөлгөөн урьдын адил биш болжээ. Зөрөх ч зайгүй шахам байдаг худалдааны төв маань урагшаа, хойшоо эргэхэд “чөлөөтэй” болж. Хаалгаар оронгуут дүүрэн бараатай “угтдаг” гутлын тасаг ч дундуурхан харагдана. Харин шинэ жилийн уур амьсгал орж, гацуур мод, саа, гэрлэн чимэглэл энд тэндгүй гялалзаж, гялтганаад арай гэгээ нэмэх шиг санагдав. “Нарантуул” захын худалдаа эрхлэгчидтэй уулзаж, бараа бүтээгдэхүүний худалдан авалт, нийлүүлэлтийн талаар асуулаа.

Тэд бүгд нэрээ хэлэхээс татгалзаж байсныг дурдах нь зүйтэй.

 

Нарантуул зах: Гутлын лангууны худалдагч Д.Ө

-Цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний татан авалт зогссон. Энэ байдал худалдаа эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байна?

-Хамгийн сүүлд арван сарын эхээр тал бараагаа татаж авсан. Талыг нь авч амжаагүй байтал хил хаачихсан. Тэрнээс хойш бараа авч чадсангүй. Лангуу, тавиуруудыг хар даа. Шүд нь уначихсан хүн шиг. Гэхдээ хил албан ёсоор хаагаагүй учраас манайх хэвийн ажиллаж байна.

-Өвлийн бараагаа хэдэн удаа татан авдаг вэ?

-Гурваас дөрвөн удаа татдаг. Энд байгаа худалдагчид бүгд адилхан. Ганц, нэг татаж амжсан нь хальт бараатай, амжаагүй нь хуучин бараагаа зарж байна.

-Худалдаачдын орлого буурч, бараа татан авалт зогссоноор захын удирдлагууд лангууны түрээсээ бууруулсан уу?

-Нарантуул түрээсээ огт багас­гаа­гүй. Манайх хэвийн ажиллаж байна гэх шалтгаанаар. Тэгтэл бидний бараа багасаад л. Энэ сарын түрээс өндөр гарсан. 

Яагаад гэтэл шинэ жилийн өмнө мягмар гарагт ч ажиллана гээд. Өмнө нь яаж ажилладаг байсан тэр хэвээрээ гарч түрээсээ өгөх ёстой. Одоо тэгээд түрээсээ төлөхийн тулд цөөн хэдэн гутлаа зарах гээд л зогсож байна.

-Одоо борлуулж буй барааны үнийг анх татаж авснаараа зарж байгаа юу?

-Худалдан авалт ялгаатай. Энд зогсох хүмүүс чинь бараагаа үнэтэй зарж, түрээсээ төлнө шүү дээ. Одоо энэ эмэгтэйн өмсөж үзэж байгаа гутал л гэхэд ганцхан размер үлдсэн.

 

Нарантуул зах: Хүүхдийн хувцасны тасгийн худалдагч Б.Б

“Иргэдийн худалдан авалт муу болсон. Бид урдаас нэг ч бараа татан аваагүй гурван сар боллоо. Хажууд зогсч байсан хүмүүс бүгд буусан. Учир нь, улирлын бараагаа авч чадаагүй. Тиймээс амралтаа авсан. Энэ дундуур хэн ч гарахгүй. Үзүүр хэсэгтээ бид зогсоод, ардаа хүнгүй. Зарим нь амрал­тын өдрөөр л горьдоод, “сезонгүй” байгаа хэдээ дэлгэнэ. Дээр нь лан­гууны түрээсийг хөнгөлөх нь битгий хэл бидний гарах хоногийг нэмсэн. Нэгэнт эндээ наймаа хийж дассан болохоор орхиод явах аргагүй” гэв.

Үнэхээр ч цөөхөн хэдэн бараагаа гаргаж тавьсан худалдаа эрхлэгчид байхад зарим лангуу эзэнгүй харагдав. Харин хичээлийн хэрэгсэл болон оймс зэрэг бүтээгдэхүүн өмнөх шигээ өрөөтэй. Учир нь урдаас орж ирэх бараа нь дууслаа ч дотоодод үйлдвэрлэсэн дэвтэр, оймс лангууны зайг нөхнө.Зах дээр худалдаа хийхээр ирсэн Сонгинохайрхайн дүүргийн 28 дугаар хорооны иргэн Ө.Саруул “Гутал, куртик гэлтгүй өвлийн хувцас сонголтгүй болжээ. Өөр дэлгүүрээс хүүхдийнхээ өвлийн хувцсыг бэлдэж болох ч захаас үнэтэй зарна. Сонголт байхгүй ч өмсөж үзээд таарвал аваад явахаас өөр аргагүй. Энэ хавиар явж үзье дээ. Бүр өөр таарах хувцас олдохгүй бол эргээд ирнэ ээ” хэмээн ярилаа.

 

Лангууны түрээс өөрчлөгдөөгүй арваад жил болж байна 

Худалдаачдын хэлсэн лангуу түрээсийн үнийг тодруулахаар “Наран­туул” худалдааны төвийн Хяналт зо­хион байгуулалтын албаны дарга Г.Энхээтэй ярилцлаа. Тэрээр аль бо­лох үнэн, бодит мэдээлэл өгөхийг хү­сэж буйгаа удаа дараа илэрхийлсэн юм.

-Худалдаа эрхлэгчид түрээс буураагүй талаар дурдсан. Цар тахалтай холбоотойгоор лангууны түрээсээ өөрчилсөн үү?

-Лангууны түрээс өөрчлөгдөөгүй арваад жил болж байна. Найман жилийн өмнө зардаг байсан өвлийн гадуур хувцасны үнэ одоо бараг тав дахин нэмэгдсэн. Үүнтэй харьцуулбал бид авч байгаа түрээсээ өндөр гэж бодохгүй байна. Харин энэ хооронд хүмүүсийн 50 төгрөгөөр зардаг байсан бараа бараг 500 төгрөг болсон. Тэгэхээр лангууны түрээс ачаалал, дарамт болохгүй. Бид ч түрээсээ нэмэхгүй аль болох худалдаа эрхлэгчдээ дэмжинэ. 

Цар тахлаас үүдэлтэй санхүүгийн хэцүү үед өөрсдөдөө ажлын байр бий болгож байна. Тиймээс лангуу түрээслэгчдийг буцааж дарамтлах бодлого байж болохгүй. Томоохон хөрөнгө оруулалт хийж гадаа талбайн зогсоол шийдсэн. Тэр хэмжээгээрээ лангууны үнийг нэмэх бидэнд амархан. Гэхдээ тэгсэнгүй. Энэ чинь хийх ёстой ажил. Ингээд харвал лангууны түрээс нэмэгдсэн тухай ярьсан бол үндэслэлгүй.-Өмнөд хөршөөс орж ирэх бараа бүтээгдэхүүн саатаад удаж байна. Түүнээс болж лангуу түрээслэгчид худалдаа эрхлэхээ больж, түрээсээ цуцалсан тохиолдол бий юү?

-Лангуу цуцлах эрх нь худалдаачдад нээлттэй. Магадгүй дараагийн хүн авсан хойно би буцаад ирлээ гэж болно. Зах зээл сэргэлээ, худалдаагаа хийе гээд. Гэтэл тэр үед нь тавиур нь байхгүй. Энэ захын худалдаа эрхлэгчид олон жил болсон хүмүүс. Тиймээс тэд  өөрийн худалдаа эрхэлдэг газраа хаяж явах “дуртай биш”. Ер нь бол сарын 60000 төгрөг төлөөд эдийн засаг сэргэхийг хүлээнэ. Бүсээ чангалаад ажлын байраа хадгалж үлдэх сонирхолтой. Тэдэнд түрээсээ цуцлуулна гэх асуудал бараг байдаггүй. Цуцлуулж болох ч өөрийнхөө зогсож дассан тэр байрнаасаа хөдлөх дургүй. Харин бараа татан авалтаас болж худалдаачдын бараг гуравны хоёр нь ажиллаж байгаа нь үнэн. Тал хувь нь барааны нөөц сайтай. Нөөц багасаж, размерын сонголт буураад ирэхээр хий зогсох буюу хоёр өдөр амраад нэг өдөр гарах гэх мэтээр ажиллана. Хувиараа өөрсдөө зохицуулна. Бараа хомстсон ч гэсэн “Нарантуул” зах бусад худалдааны төв, дэлгүүрийг бараагаар хангадаг хэвээрээ.

-Тэгэхээр нэг лангууны сарын түрээс нь 60000 төгрөг. Огт өөрчлөгдөөгүй гэж ойлгож болох уу?

-Өдрийн 2000-2700 төгрөг болдог. Ажилласан өдрөөрөө түүнийгээ үржүүлээд л гаргаад ирнэ. Барааныхаа их бага зай эзлэхээс шалтгаалаад өөр өөр. Тэгэхээр 60000 төгрөг тогтмол үнэ биш.

 

Нарантуулын явуулын цэгт 2000 гаруй иргэн вакцинд хамрагджээ

“Нарантуул” олон улсын худалдааны төвд сурвалжлага хийх явцдаа дархлаажуулалтын явуулын цэгтэй таарлаа. Оюутан залуусыг сургууль, дотуур байранд нь очиж дархлаажуулсан явуулын цэгийнхэн зах дээр байрлаж, худалдаа эрхлэгчдийг вакцинжуулж эхэлжээ. Өдөр бүр олон хүнтэй харилцдаг захын худалдаачид вакцины  III тунд идэвхтэй хамрагдаж байгаа аж. Захын ажилчид амрах өдрөө эсвэл ачаалал багатай үедээ ирж вакцинаа хийлгэж байгаа бол тус төвөөр үйлчлүүлэх иргэд ч ажлаа амжуулангаа III тундаа хамрагдаж буй харагдана.

Вакцинд иргэдийн идэвхтэй хамруулахын тулд арваннэгдүгээр сарын 18-аас томоохон худалдааны төв, захуудад дархлаажуулалтын түр цэгийг ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 26 зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллаж байна. 

Эдгээрийн нэг нь “Нарантуул” олон улсын худалдааны төвийн“Баялаг-Ундраа”-д байрлах явуулын цэг юм. Тус вакцинжуулалтын цэгийн эмч Б.Эрдэнэчимэг “Иргэдийн III тунд хамрагдах байдал янз бүр. Өдөрт тогтмол 150-160 хүн үйлчлүүлдэг. Одоогоор вакцинд нийт хамрагдсан иргэний тоо 2000 хүрсэн. Хүмүүсийг сайн дурын үндсэн дээр Файзер буюу америк, Синофарм буюу хятадад үйлдвэрлэсэн вакцинаас сонголт хийлгэнэ. Гуравдугаар тунд 18-аас дээш насны иргэд хамрагдаж байгаа бол жирэмсэн болон 12-17 насны хүүхдүүдэд II тун хийж байгаа. Энд ихэвчлэн “Нарантуул” захын ажилчид болон түрээслэгчид ирж байгаа ч худалдаа хийж яваа иргэд ирэх нь бий. Манайд хийлгэсэн хүмүүсээс дархлаажуулалтын хариу урвал төдийлөн илрээгүй. Иргэд ихэвчлэн Файзер вакцин хийлгэж байна. Бид иргэдэд дархлаажуулахын өмнө ямар вакцин хийлгэх, тунгийн хугацаа, хариу урвал зэрэг зөвлөмжийг тогтмол өгч байгаа. Тиймээс ямар нэгэн саад бэрхшээл, асуудал үүсээгүй” гэлээ. Мөн тус явуулын цэгээр үйлчлүүлэх хүмүүс бусад явуулын цэгийг бодвол хамаагүй идэвхтэй байгааг дурдлаа.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна