Ж.Чинбүрэн: Бид л өөрсдийгөө муулаад байгаа болохоос дэлхийд сайн жишээ болж байгаа ард түмэн


Т.АМАРТҮВШИН

 УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд ярилцлаа.

 -Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байгаа. Хуульд орох өөрчлөлт, ач холбогдлын талаар яриагаа эхлэх үү?

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүлээгдэж буй ажлын нэг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг батлах  явдал юм. Монгол Улсад борлуулж байгаа эмийн чанар, үнэ хоорондоо уялдаагүй байна. Урвуу хамааралтай байна. Чанартай эмийг иргэддээ санхүүгийн дарамтгүй олгох зорилтыг бид тавиад байгаа. Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд, ажлын хэсгийг надаар ахлуулсан. Хууль батлах процесс нь удаан байдаг. “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг яараад хуулийг баталчихаж болохгүй. Хувийн хэвшил, улсын эмнэлгийн төлөөлөл, эмийн бодлого барьж буй төрийн байгууллага, эмийн сан, худалдааны байгууллагын төлөөллийг оролцуулаад олон талаас нь хэлэлцэх ёстой. Чанартай эмийг, санхүүгийн дарамтгүйгээр  иргэддээ хүргэх тогтолцоог боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх байх. Хэлэлцүүлэг өргөн хүрээнд хийгдэж дууссан. Хэлэлцүүлгээр гарсан саналуудыг хуулийн хэллэгт хөрвүүлэх ажил үлдсэн.  Эрүүл мэндийн тогтолцоог тунгалаг болгох ёстой. Төрөөс худалдан авдаг эмийн жагсаалтад компаниуд лобби хийж, дуртай эмээ оруулдаг байдлыг зогсоож, шударга тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.

-Эм импортлогчид үнийг нь хэт хөөрөгдөж, өндөр үнээр эм борлуулах явдал их байдаг. Энэ тал дээр хуульд зохицуулалт орох уу?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явахад өөр нэг ажиглагдсан зүйл нь эм, тариа, нэг удаагийн багаж хэрэгслүүдийн худалдан авалт зохицуулалтгүй байгаа учраас үнэ нь хэт хөөрсөн. Эсвэл нэг ижил бараа мөртлөө өөр өөр үнээр тендерийн худалдан авалт хийсэн байх жишээтэй. Энэ нь зохицуулалтгүйг харуулж байгаа юм. Олгой авах хагалгаанд зориулж 1.2 сая төгрөгийг даатгалаас өгөхөд, хагалгаанд хэрэглэж буй антибиотик эмчилгээ, дуран, нэг удаагийн багаж хэрэгсэл нь үнэтэй байгаа учраас хагалгаа хийж буй эмчийн цалинг өсгөх боломжийг хязгаарлаж байна. Эмчилгээ хийх өртөг нь өндөр болоод эмчид нь бага цалин үлдэж байна. Тиймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар энэ төрлийн зохицуулалтыг хийж, аль болох хөөрөгдсөн үнийг байхгүй болгоно.

 Дараагийн нэг анхаарах ёстой зүйл нь эрүүл мэндийн байгууллагыг цахимжуулах ажил. Банк санхүүгийн байгууллага ямар хурдан цахимжив. Заавал банк явалгүй, гүйлгээ үйлчилгээгээ гар утаснаас хийж байна. Үүнтэй адил эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ цахимжих ёстой. 

Цахимжуулах нь мэдээлэл солилцох талаасаа чухал. Хоёрдугаарт, эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай болоход түлхэц өгнө. Энэ чиглэлээр Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих ёстой байсан том хөтөлбөр бүтэн жил гацаад одоо хэрэгжиж эхлэх гэж байна. Ирэх оны зургадугаар сард гэхэд энэ хөтөлбөр хэрэгжиж, цахим платформыг дуусгана. Эрүүл мэндийн байгууллагын цахим мэдээллийг зангидаж, нэг урсгалд оруулаад, даатгалтай холбож, мэдээлэл солилцдог болно. Түүнчлэн 3.3 сая хүний өвчтөний түүх нь цахим болно. Эмчдээ үзүүлэхдээ нэг удаагийн кодоор нэвтэрч өвчтөний түүхээ харуулж, үзүүлдэг болох юм. Өвчтөний мэдээлэл цахимжсанаар тухайн хүний үзлэг шинжилгээ давхацдаггүй болох ёстой. Өвчтөн нэг лабораторид шинжилгээ өгчихөөд, өөр эмнэлэгт очоод нөгөө шинжилгээгээ дахиж өгдөг, шинжилгээ давхцуулдаг байдлыг арилгана. Бид чинь тийм их мөнгөтэй  ард түмэн биш шүү дээ. Үрэлгэн системээс оновчтой, хэмнэлттэй систем рүү ороход цахим мэдээллийн сан чухал. Энэ бүхнийг хийчихвэл эрүүл мэндийн салбарын тогтолцоо эрүүлжинэ.

-Улсын эмнэлэгт ажиллаж буй эмч нарын цалин бага. Харин хувийн эмнэлэг эмч нартаа өндөр цалин олгодог. Тиймээс эмч нар улсын эмнэлэгт ажиллах дургүй байдаг. Сайн эмч нар хувийн эмнэлэгт ажиллах сонирхолтой учраас улсын эмнэлгийн чанар, үйлчилгээ муудсан нь анзаарагддаг. Эмч нарын цалин ирэх жил нэмэгдэх үү?

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүжүүлэх учраас тогтсон цалин гэдэг ойлголт байхгүй болж байна. Өмнө нь төсвийн хуулиар эмч нар цалинждаг байсан. Эмнэлэгт улсаас “Энэ эмч нарын цалингийн мөнгө шүү. Эмийн мөнгө, эмнэлгийн цахилгааны мөнгө шүү” гэж тус тусад нь өгдөг байсан. Одоо ийм ойлголт байхгүй болсон. Хувийн ч бай, улсын ч эмнэлэг байсан хэчнээн олон хүн эмчилж чадна төдий хэмжээгээр санхүүжилтээ их авна. Тэр олсон санхүүжилтээрээ эмээ авна, эмч нарынхаа цалинг тавьж, байшин барилгаа авч явна. Тоног төхөөрөмжөө шинэчилнэ. 

2019 онд ердөө 470 тэрбум төгрөг байсан эрүүл мэндийн салбарын төсөв 2022 онд нэг их наяд 450 тэрбум болж батлагдсан. 2020 онд 800 тэрбум төгрөг, 2021 онд 1.1 их наяд, 2022 онд өмнөх оныхоос 350 тэрбум төгрөгөөр нэмж баталлаа. Чинбүрэн элэгний хагалгаа хийдэг. Элэг тайрах нэг хагалгаа таван сая төгрөг. Би нэг эмнэлэгт жилдээ элэг тайрах 100 хагалгаа хийхэд, тэр эмнэлэгт 500 сая төгрөгийн орлого оруулах нь байна. Тэгэхээр хагалгаа хийсэн эмч би орлогын 10 хувийг авлаа гэж бодоход 50 сая төгрөгтэй болно. Сардаа дөрвөн сая төгрөгийн цалинтай эмч байх нь. Тиймээс эмнэлгийг авч явж байгаа удирдлага нь илүү менежер сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Эмнэлэг бие даасан тогтолцоотой, төсвөөс хараат бус, үйл ажиллагаагаа төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлага дор шуурхай явуулах тогтолцоо руу орж байна. Бие даасан тогтолцоо гэдэг нь хувьчлал биш шүү. Ямар ч менежментийн хувьчлал байхгүй. Нэг хэсэг буруу ойлгож, тоглолт хийж, дээрх ажлыг явуулахад саад хийж байсан. Одоо ойлгосон гэж бодож байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүжүүлдэг тогтолцоо руу орж байна. Хуучин бол тогтмол цалинтай учраас хэчнээн хүн үзэж эмчлэх нь эмнэлэгт чухал биш байсан. Одоо бол ажлаа хий, хүн эмчил, эмнэлэгтээ орлого оруул, хүний төлөө ажилла, хүнээс зугтаж биш тосож ажил гэдэг тогтолцоо руу орно. Энэ тогтолцоо нь шударга биз дээ. Тэгэхээр эмнэлэг хувь, улсынх нь хамаагүй болж байна. Чанараар өрсөлдөнө. Сайн менежменттэй ажиллаж, олон хүн эмчилсэн эмнэлгийн эмч, ажилтан сайн цалин авах боломжтой.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, анх “Ковид 19” халдвар тархаад, дараа нь вакцин орж ирэхэд, УИХ-аас байгуулагдсан Дархлаажуулалтын ажлын хэсгээс вакцинд иргэдээ яаж хурдан хамруулах вэ гэдэг дээр Улсын Онцгой комисст хоёр шаардлага тавьсан юм.

  • Нэгдүгээрт, вакцины хатгалт болгонд эмч сувилагч нарт мөнгө өг. 
  • Хоёрдугаарт, хамраас цар тахал илрүүлэх шинжилгээ авах болгонд эмч, сувилагчид мөнгө тавь гэдэг шаардлага тавьсан. Эмнэлгийн ажилчид цэрэг, командаар ажилладаг хүмүүс биш. Тэд эрсдэлтэй орчинд ажиллаж байна, хөдөлмөрийг нь үнэл гэдэг байр суурьнаас хандсан. Дээрх шаардлагууд биелэлээ олж, сувилагчид вакцин хийсэн хүн бүрийн тоогоор 5000 төгрөг, хамраас шинжилгээ авах бүрд нь 3000 төгрөг олгож байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт тодорхой дэмжлэг болж, санхүүжилт нэмэгдсэн гэж ойлгож байгаа.

-Сум, хорооны өрхийн эмнэлгүүдийн төсвийг нэмэгдүүлсэн. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа эмч, ажилчдын цалин ч нэмэгдэх боломжтой биз дээ?

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар тогтоолын биелэлтийг шалгах Ажлын хэсэг байгуулж, Д.Батлут гишүүнээр ахлуулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулахад шинэ хууль хэрхэн зохицож байгаа эсэхэд анхаарал хандуулж, Ажлын хэсэг бүтэн гурван сарын хүрээнд бүх сум, аймаг, дүүрэг хорооны эмнэлэг, томоохон эмнэлгүүдэд очиж ажилласан. Эндээс ажиглагдсан зүйл нь юу вэ гэхээр төрөлжсөн мэргэжлийн лавлагааны төвүүд болох Улсын гуравдугаар эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, ХСҮТ зэрэг эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжилт сайн авсан байна. Өмнөх онтой харьцуулахад санхүүжилтээ 2 - 10 тэрбум төгрөгөөр давуулж авсан байсан. Гэтэл анхан шатны тусламж үйлчилгээнд санхүүжилт дутмаг харагдсан. Өөрөөр хэлбэл сум, хорооны өрхийн эмнэлгүүд санхүүжилт бага авсан байна.

 Анхан шатны эмнэлэгт өвчтөнүүд хамгийн түрүүлж хандаж, өвчин зовлонгоо яриад очдог. Өрхийн эмч сайн байвал өвчнийг зөв оношлоод, анхан шатны тусламж үзүүлээд, мэргэжлийн эмч рүү явуулах онцлогтой. Тэгэхээр анхан  шатны тусламж үйлчилгээг сайжруулахгүйгээр салбарын шинэчлэл хийгдэхгүй юм байна гэж үзээд анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэсэн зөвлөмжийг гаргасан. Баянзүрх дүүргийн нэг өрхийн эмнэлэг ойролцоогоор 10 мянган хүнд үйлчилдэг байлаа гэж бодъё. Тэр эмнэлэг нэг иргэний санхүүжилт гэж 30 мянган төгрөг авдаг байсан. Нийт 300 сая төгрөг. Дээр нь эрүүл мэндийн дөрвөн төрлийн тусламж үйлчилгээ үзүүлснийх нь төлөө Эрүүл мэндийн даатгалын газраас санхүүжилт олгодог. Энэхүү төрөөс нэг иргэнд өгдөг 30 мянган төгрөгийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж 60 мянга болгосон. Ирэх оноос хэрэгжинэ. Тэгэхээр өрхийн эмч нарын цалин багадаа 50 хувь нэмэгдэх боломжтой. Анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын санхүүжилтийг ингэж хоёр дахин нэмэгдүүлснийхээ хариуд чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүл гэдэг л шаардлага тавина.

-Та тойргийнхоо ахмадуудыг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг багагүй хугацаанд зохион байгуулсан. Ахмадуудын дунд түгээмэл тохиолдож буй ямар өвчлөл байна вэ?

-Ахмадын олон улсын өдрийг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойргийн 17 хорооны 65-аас дээш насны ахмадуудаа хамрууллаа. Өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга нартай хамтарч эрт илрүүлэх үзлэгийг хийлээ. Нийтдээ хоёр сар 10 хоногийн хугацаанд 2500 гаруй гаруй иргэнийг найман төрлийн нарийн мэргэжлийн үзлэгт хамрууллаа. Цар тахалтай холбоотойгоор ахмадууд эмнэлэгт очиж чадаагүй. Дээрх 2500 гаруй иргэнээс 60 хүнд нь хорт хавдар оношлогдлоо. Азаар дээрх хавдартай 60 хүний 52 нь хавдрын эрт үедээ байна. Эрт үедээ гэдэг нь хавдар эмчлэгдэх боломжтой байна гэсэн үг. Мөн нийт үзүүлсэн хүний 80 гаруй хүн нь зүрх судасны өөрчлөлттэй гарсан. Даралт ихсэх өвчтэй, судасны хатууралтай, цусан дахь холестрин нь өөрчлөлттэй байна. 

Мөн нарийн мэргэжлийн үзлэг дотроо сонсголын бэрхшээлтэй эсэхийг нь үзсэн. Ахмадууд сонсгол муудсанаа мэдэхгүй явдаг юм байна. Сонсголын дутагдалтайг нь илрүүлээд зогсохгүй нийгмийн халамжаас сонсголын аппарат үнэ төлбөргүй олгох асуудлыг шийдлээ.Элбэг тохиолдож буй өвчлөл нь бодисын солилцооны асуудал байна. Тэр дундаа сахар ихсэх өвчлөл байна. Үүнийгээ ахмадууд мэддэггүй. Архаг хууч өвчнийг эрт илрүүлж, эмийн эмчилгээнд орвол өвчнийг эмчлэх, эмгэгийг удаашруулах, зөөллөх боломжтой юм. Баянзүрх дүүргийн 17 хороонд эрт илрүүлэх үзлэг хийхэд ингэж олон тоогоороо өвчлөл илэрч байна гэдэг бол Монгол орон даяар эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулах хэрэгтэй байна гэдэг нь анзаарагдаж байна. Иймд ирэх оны төсөвт эрт илрүүлэх ажлыг зохион байгуулахаар 60 тэрбум төгрөг тусгасан.

-Засгийн газар цар тахалтай тэмцэх ажлыг хэр зохион байгуулж байна гэж үзэх вэ. Та өөрөө эмч хүн. Тодорхой мэдлэг, мэдээлэлтэй хүний хувьд гүйцэтгэх засаглалд ямар дүн тавьж байгаа вэ?

-Аливаа үйл ажиллагаа нь үр дүнгээр л тооцогддог. Дэлхийн дунджаас бид хаана явна. Вакцинжуулалтдаа хэчнээн хүнийг хамруулж чадав. Эмнэлгийн бэлэн байдал ямар хэмжээнд байна, бид хэчнээн ор дэлгэв гээд олон асуудлыг авч үзэх ёстой. Зарим оронд хүмүүсээ эмнэлэгт авч чадахгүй, эмнэлгийн гадаа хаяж байсан шиг зүйл болоогүй. Хэчнээн хүн өвчилж, хэд нь эндэв гээд тоо баримтад түшиглэж дүгнэлт хийх ёстой. Эрүүл мэндийн салбарт дандаа нотолгоонд суурилсан шийдвэрүүд гардаг. Тоо баримтыг авч үзье. Монголд халдварын гурав дахь том давлагаа үргэлжиллээ. Нийт 600 гаруй мянган хүн халдварлаж, 1800 гаруй хүнээ алдаад байна. Дэлхийн дундажийг харвал, халдвар авсан 100 хүний хоёр нь нас барсан. 

Монгол Улсад 1000 халдвар авсан хүний гурав нь эндсэн. Хувиар тооцвол, дэлхийд халдвар авсан хүний нас баралтын дундаж хоёр хувь, манай улсад 0.3 хувь гэсэн үг. Хэдийгээр нас баралт бүртгэгдэж байгаа ч дэлхийтэй харьцуулбал гарц,  хохирол багатай байна гэж дүгнэх ёстой. Үүнийг үгүйсгэх боломжгүй. Бодитой тоо.Вакциныг амжилттай хийж чадаагүй байсан бол Итали, Америкт болсон явдал давтагдана шүү дээ. Эмч нар халдвар авч, хүмүүсээ эмчилж чадахгүй байдалд хүрэх эрсдэл байсан. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл хангаж, эрчимт эмчилгээ хийх 1000 ор дэлгэсэн байхгүй юу. Өмнө нь 200 хүрэхгүй ортой байсан. Тусгай ор, хяналтын мониторинг, амьсгалын аппарат, эм тариа хурдан шахдаг шахуургуудын бэлэн байдлыг сайн хангаж ажилласан. Эмийн агентлаг байгуулж, нэгдсэн худалдан авалт хийж, үнэ бууруулсан. Эмийн үнэ бууруулах бодлого бодитой хэрэгжлээ. Тиймээс би Монгол Улс цар тахалтай тэмцэх ажлыг муу зохион байгууллаа гэж хэзээ ч хэлэхгүй. Одоо гуравдугаар тунг бүх нийтээрээ хийлгэх ёстой. Гуравдугаар тунд хамрагдсанаараа гарц хохирол багатай давна. Хүмүүс гуравдугаар тунд хамрагдаад эндлээ, илүү өвчиллөө гэж сошиалд бичиж байна. Энэ бол худлаа. “Ковид 19” халдвараас вакцин л хамгаална, өөр юу ч хамгаалахгүй. Вакцинд хамрагдаж байж өвчлөл, эндэгдлийг бууруулж байна.

-Цаашид халдварын нөхцөл байдал хэрхэх бол. Цар тахлын халдвар буурах найдлага байна уу. Эсвэл зохицож амьдрахаас өөр аргагүйд хүрэх нь үү. Ямар таамаглал байгаа вэ?

-Би хэд хоногийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзсан. Олон улсын парламентын Ази - Номхон далайн хуралд оролцож, “Монгол Улс Ковид цар тахалтай хэрхэн тэмцэж чадсан бэ” гэдэг илтгэл тавих гэж байна. Бусад оронд жишээ болгож ярина. 

Манай улсын цар тахалтай тэмцсэн ажил нь сайн жишээ шүү дээ. Бид л өөрсдийгөө муулаад байгаа болохоос дэлхийд сайн жишээ болж байгаа ард түмэн байхгүй юу. Цар тахлын хүнд үеийг хэрхэн даван туулсан тухайгаа ярина. Ирээдүйд ковид яаж хувирч, мутацад орж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ Сергей Диордицатай ярьж байхад, ирэх оныг тун дажгүй давчих байх гэсэн таамагтай байна. Энэ оных шиг халдварын давлагаа нь арай зөөлөн байх болов уу. Гэхдээ зорилтод бүлгийнхээ 50 хувийг гуравдугаар тундаа хамруулчихвал тун давгүй болчих боломжтой байгаа юм. Вирус мутацлагдаад өөрчлөгдөхийг мэдэхгүй ч, тэр магадлал нь бага. Эерэгээр харж байна. Гэхдээ цар тахал бүр алга болохгүй. Вакциныг зургаан сард, эсвэл жилдээ нэг хийлгэдэг байх байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Үүнд бид бэлтгэлтэй байж төсөв санхүүгээ хүртэл төлөвлөж оруулсан.

-Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд өргөн барьсан. Хуульд ямар өөрчлөлт оруулахаар боловсруулав?

-Орон сууцад амьдарч буй иргэдийн нийтийн газар нь хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй байдаг. Сууц эзэмшигчид ямар ч оролцоо байхгүй байна. Тэгэхээр орон сууц эзэмшиж буй иргэд газар эзэмшлийн асуудалдаа оролцдог, түүнийгээ мэддэг баймаар байгаа юм. Нийтийн эзэмшлийн газар дээр хэн нэг нь дураараа барилга барьдаг байж болохгүй. Тиймээс орон сууцны нийтийн эзэмшлийн газрыг иргэд нь мэддэг, түүнийгээ арчилдаг хамгаалдаг байх хэрэгтэй. Хуулийн төсөлд газрын эзэд нь иргэд байх зохицуулалтыг тусгаж өгсөн.

 


2
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.58.76.148
    2021/12/01

    Ene hyn hynii uvchin zovlongoor bayjih heregslee hiisen luivarchin.saun saihniig avchrah tangargaa saa bucsan ene luivarchin hynii zovlongoor toglohoo boli

    Хариулах