Усны өндөр түрэлт гарган усан цахилгаан станц байгуулах боломж


ДОКТОР, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Б.ДАГВАДОРЖ

Монгол орны гол дээр барих УЦС-ын хамгийн их потециал чадал, түүнийг өндөр түрэлтийн УЦС-аар гаргах боломж

УЦС-ын усны эх үүсвэрийн олон жилийн дундаж урсац ба  усны түвшинг дээшлүүлж хамгийн  их түрэлт /даралт/ үүсгэн  ажиллах хэмжээгээр тодорхойлсон чадлыг боломжит буюу потециал чадал гэж нэрлэдэг бөгөөд энэ чадлаар УЦС олон жилийн туршид саадгүй  ажиллах боломжтой байдаг.

         УЦС-д турбина, генераторыг сонгохдоо потециал чадалтай тэнцүү эсвэл цахилгааны оргил ачаалалд тохируулан 2-3 дахин нэмэгдүүлэн суурилуулж болдог бөгөөд түүнийг суурилуулсан чадал гэдэг. Түүнээс илүү чадлаар суурилуулах нь ашиггүй гэж үздэг.

Монгол орны хамгийн их усны урсацтай Сэлэнгэ мөрөн Шүрэн, Зүүнбүрэн сумын орчимд олон жилийн дундаж урсац 240-250 м3/с орчим байдаг бөгөөд Шүрэнгийн УЦС-д Сэлэнгэ мөрөн дээр 65-70 м өндөр боомт байгуулбал 60 орчим м усны түрэлт үүснэ. Энэ 250 м3/с дундаж урсац, 60 м усны түрэлтээр 126 МВт чадал гаргах нь Монгол орны голууд дээрх боомт бүхий УЦС дотроос хамгийн их боломжит /потециал/ чадалтай гэж үзэж болно.Хэрэв энэ УЦС-ын потециал чадлыг гурав дахин их нэмэгдүүлэн 360 МВт чадлаар суурилуулж, эрчим хүчний системийн оргил ачааллыг хааж ажиллуулах гэвэл усан санд хуримтлуулсан уснаас 750 м3/с усыг ашиглах замаар горимын тохируулга хийдэг.

УЦС-ын 100 м-ээс их түрэлтийг өндөр түрэлт гэж тодорхойлдог бөгөөд гол дээр боомт барьж байгуулах УЦС-аас өөр онцлогтой байна.

        Дээр дурьдсан Сэлэнгэ мөрөн дээр байгуулах Шүрэнгийн УЦС-ын 126 МВт боломжит чадлыг 500 м түрэлттэй УЦС 30 м3/с усаар гаргах бол 1000 м түрэлттэй УЦС 15 м3/с усаар гаргах чадвартай юм. (8-16 дахин бага усаар)

Үүнээс үндэслэн байгалийн нуурт эсвэл усан сан байгуулж, усыг хуримтлуулан түүнээс 1000 м-ээс илүү түрэлт үүсгэх боломжтой, 15 м3/с-ээс дээш усны урсацтай УЦС-ыг байгуулах газрыг хайж олох нь Сэлэнгэ мөрний Шүрэнгийн УЦС-аас илүү чадалтай УЦС байгуулах боломж бүрдэхээр байна.

Иймд Монгол орны өндөр түрэлтийн УЦС-ын шинжилгээ судалгааг үргэлжлүүлэн явуулж, шинэ байрлалыг олж илрүүлэх нь манай орны эрчим хүчний хөгжилд чухал ач холбогдолтой юм.Гол дээр байгуулах боомт усан сан бүхий УЦС-ын байрлалыг голын урсаж буй уулсын хоорондох боомт барих тохиромжтой хамгийн ойр зайгаар амархан тогтоож болдог.

Харин гидротехникийн туннел, түрэлтийн хоолойгоор өндөр түрэлт үүсгэж ашиглах УЦС барих газрыг илрүүлэх нь ихээхэн бэрхшээлтэй бөгөөд голууд болон нууруудын байрлалын өндөржилт, тэдгээрээс усны түвшний зөрүү үүсгэж болох байгууламжийг байршуулах нөхцлийг гидротехникийн мэргэжлийн ур чадвар гарган, гидравлик тооцоог хийж, судалсны үндсэн дээр сонгон, байгалиас заяасан ховорхон нөхцлийг олж тодорхойлдог, инженерийн  оюун ухаанаар бүтдэг зүйл юм.

Өндөр түрэлтийн УЦС байгуулж болох усны эх үүсвэр, газрын өндөржилтийн шинжилгээ судалгааны ажилд Улсаас хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлдэггүй тул “Усны Эрчим” ХХК өөрийн мэргэжилтний хүчээр гүйцэтгэж, судалгааны баримт материалыг  бүрдүүлэн, зохиогчийн эрх авч ажиллаж байгаа болохоор энэхүү шинжлэх ухааны бүтээл нь байгууллага, хувийн өмчид хамаарагддаг.Энэхүү эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн өгөөж нь Монгол орны хүн ам, үйлдвэр аж ахуйн хэрэгцээг байгальд ээлтэй цэвэр, хямд цахилгаан эрчим хүчээр ханган, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, сайн сайхан амьдрах боломжийг хангахад  чиглэгдэж байна.

Томоохон хүчин чадалтай өндөр түрэлтийн УЦС-ын байрлалыг олж нээж илрүүлэх нь арвин нөөцтэй алтны ордыг нээсэнтэй дүйцхүйц ач холбогдолтой бөгөөд алтны орд ухагдаад дуусдаг бол УЦС нь жил бүр сэргээгдэх усаар эрчим хүч үйлдвэрлэдэг болохоор дуусдаггүй баялаг болж олон зуун жилээр эрчим хүчээр тасралтгүй хангадаг онцлогтой.

Өндөр түрэлтийн УЦС, түүний байрлалын илрүүлэлт

Өндөр уулын бүсэд суваг туннелээр усыг явуулж гидротехникийн байгууламжаар 1000-1874 м хүртэл түрэлт үүсгэн УЦС байгуулах болжээ. Тухайлбал, Дэлхийн рекорд болсон Швейцарь Улсын 1874 м түрэлтээр ажиллах 423 МВт чадалтай Bieudron УЦС-ыг Андритц Хайдро  компани тоноглон байгуулсан байна.

Суваг туннелээр усыг явуулж гидротехникийн байгууламжаар өндөр түрэлт үүсгэн УЦС байгуулах судалгааны ажил 1993 оноос эхлэн “Усны Эрчим” ХХК зохион байгуулан явуулж, Монгол орны өндөр уулууд бүхий баруун бүсэд 50 гаруй байрлалыг олж илрүүлэн зураг схемийг боловсруулан гаргасан.Тэгэхдээ голыг хааж өндөр өртөгтэй, томоохон боомт байгуулахаас зайлсхийж, байгалийн нууранд ойролцоох голуудын усыг гидротехникийн байгууламжаар оруулж хуримтлуулан, түүнээс гидротехникийн байгууламжаар өндөр түрэлтийг үүсгэн УЦС байгуулж ашиглах шинэ санаачлагыг гарган төслийн ажлыг гүйцэтгэсэн.

      “Усны Эрчим” ХХК-ийн судалгааны материалыг ашиглан “Монгол орны Баруун бүсэд өндөр түрэлтийн УЦС байгуулах судалгаа” бүтээлээр техникийн ухааны докторын зэрэг миний бие 2016 онд хамгаалсан бөгөөд Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаанд усны эрчмийн өндөр түрэлтийг ашиглах Монгол Улсын анхны бүтээл болсон юм.

      Түүнд шинээр олж илрүүсэн, өндөр түрэлтийн УЦС байгуулж болох газруудыг хураангуйлан оруулсны дотор: Ховд голын савд 18, Булган, Дунд Цэнхэрийн голын савд 12, Дэлгэрмөрөн, Шишхэд голын савд 13, Хангайн нурууны баруун хэсэгт 12 газарт  байна.

    Үүнээс 100-200 м түрэлтээр ажиллах 26 УЦС, 200-400 м түрэлттэй 16, 400-800 м – түрэлттэй 13 УЦС-ын үзүүлэлтийг тодорхойлон гаргасан.

     Эдгээр УЦС дотроос хамгийн их өндөр түрэлттэй нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Цүнхэлийн УЦС 808 м түрэлттэй, боломжит чадал нь 72.4 МВт, жилд үйлдвэрлэх ЦЭХ нь 571.2 сая кВтц түүнийг 150-220 МВт чадлаар суурилуулах боломжтой нь Эгийн голын Өрөмгөтийн 220 МВт УЦС-аас 70 гаруй сая кВтц-аар ЦЭХ илүү үйлдвэрлэх боловч, боомтын байгууламж барихгүйгээс хөрөнгө оруулалт нь 2 дахин бага байх төлөвтэй юм.Эдгээр өндөр түрэлтийн УЦС-ын боломжит /потенциал/ чадлын нийлбэр 441.2 МВт, жилд үйлдвэрлэж болох ЦЭХ 3.48 тэрбум кВтц байгаа нь Усны бодлогын хүрээлэнгийн 1994 онд тодорхойлсон Монгол орны усны эрчим хүчний потенциалын 6.2 хувь болж байна. Эдгээрээс: Улсын чанартай жилдээ 90-570 сая кВтц ЦЭХ үйлдвэрлэх 11 УЦС

Бүс нутгийн ач холбогдолтой жилдээ 30-80 сая кВтц ЦЭХ үйлдвэрлэх 17 УЦС

Орон нутгийн хангамжид ашиглаж болох 10-30 сая кВтц ЦЭХ үйлдвэрлэх 14 УЦС байгаа нь тогтоогдсон байна. Эдгээр УЦС-аас хамгийн ашигтайг сонгон, барьж байгуулах нь улс, орон нутгийн хөгжил, хүн амын амьдралыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Ойрын үед барихаар зөвлөмж болгосон өндөр түрэлтийн УЦС

Миний бие “Үндэсний шуудан” сонины 2018-01-11-ний №007-д “Усан цахилгаан станц /УЦС/-ын өндөр түрэлтийн гайхамшиг” өгүүлэл, нийтлүүлж, түүнд ойрын үед байгуулах УЦС-ын талаар мэдэгдсэн. Манай орны Баруун бүсэд өндөр түрэлтийг үүсгэн УЦС байгуулах боломжтой 50 гаруй байрлалаас 42-д техник эдийн засгийн үзүүлэлтээр шалгаруулалт хийж, хамгийн ашигтай, хялбар хэрэгжүүлж болох газруудаас сонгосон дараах УЦС-ыг эхний ээлжинд барьж байгуулах зөвлөмж болгосон:

  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байрлах Майхантолгойн 418 м түрэлттэй УЦС түүний эхний ээлж 18 МВт Майхан УЦС
  •  Ховд аймгийн Мөнххайрхан сумын Бортын 635 м түрэлтээр ажиллах УЦС

      “Үндэсний шуудан” сонины сонины 2021-09-11-ны №171-д “Монгол орны УЦС-ын хөрөнгө оруулалт ба түүний үр ашиг”  өгүүлэлд 18 МВт Майхан УЦС-ын техник технологи, эдийн засгийн үр ашгийн талаар тодорхой оруулсан болно.

       Энэхүү УЦС-д 3800-3944 м өндөржилттэй Цэнгэлхайрханы нурууны баруун талын мөстөл, цасны уснаас тэжээлтэй гурван жижиг голын усыг гидротехникийн байгууламжаар 2487 м өндөржилтөд усны түвшинтэй Цэнгэлийн Хар нуурт оруулж, усыг хуримтлуулан, түүнээс туннел, түрэлтийн хоолойгоор дамжуулан 418 м түрэлт үүсгэн Хотон голын эрэгт 18 МВт чадлаар тоноглох УЦС байгуулах төсөл юм. УЦС нь 418 м түрэлтээр 1.6 м3/с усаар 6 МВт, 5.2 м3/с усаар 18 МВт чадал гарган ББЭХС-ийн цахилгааны ачааллын бага, их хэлбэлзлийг (3-18 МВт) хааж тохируулан ажиллах боломжтой.Майхан УЦС-ын байгууламж нь Монголын барилгын байгууллагууд барих боломжтой, механик, цахилгаан тоноглолыг үйлдвэрлэсэн байгууллагаар нь угсруулан зүгшрүүлж нийтдээ хоёр жилийн хугацаанд байгуулж, ашиглалтад 25-30 хүн тогтмол ажилтай болгох юм.

УЦС-ын төслийн II ээлжинд Цэнгэлхайрханы нурууны баруун талын мөстөл, цасны хайлалтаас тэжээгддэг 6 голыг нийлүүлэн боомт бүхий усан санд усыг хуримтлуулан, түүнээс төмөрбетон хоолой, туннелээр Цэнгэлийн Хар нуурт оруулж усны эх үүсвэрийг нэмэгдүүлэн, нэмж 20 МВт-аар тоноглон 36-40 МВт чадалтай болгохоор төлөвлөж байна.

Энэ нөхцөлд Майхантолгойн УЦС нь жилдээ 180-200 сая кВтц хямд ЦЭХ үйлдвэрлэх боломжтой болж, одоо байгаа 26 МВт чадалтай УЦС-уудтай хамтран Баруун бүсийн 5 аймгийн ЦЭХ-ний хэрэгцээг бүрэн хангаж, жилд 8-9 сая ам.доллар зарцуулдаг импортын хараат байдлаас ангижран, ББЭХС, АУЭХС улсын төсвөөс жилд 10-15 тэрбум төгрөг авахаа больж, бие даан ажиллах боломжтой болно.

Алтайн нурууны 4362 м өндөр Мөнххайрхан уул, түүнийг дагасан 20 гаруй км үргэлжилсэн мөстлөгөөс үүссэн Нарийн Цүнхэл, Шуурхайн гол,  Долоон Нуурын голын усыг нийтдээ 18 км туннелээр 2715 м өндөржилтөд усны түвшинтэй 3 км2 талбайтай өндөр уулсын хонхорт байрласан Бортын нуурт оруулж хуримтлуулах юм.     Бортын нуураас 11 км урт туннел, 1.8 км түрэлтийн хоолойгоор 635 м түрэлт үүсгэн Дунд Цэнхэрийн голын эрэгт байрлах УЦС-ын байшинд хүргэн Мөнххайрхан сумын төвөөс ургаш 5 км зайтай УЦС-ыг байгуулна. Бортын УЦС-ын боломжит чадал 55.9 МВт, бөгөөд УЦС-ыг 150-160 МВт чадлаар суурилуулж болох юм. УЦС 9.4 м3/с усаар 50 МВт, 28.2 м3/с усаар 150 МВт чадал гаргах чадвартай, жилд 440 сая кВтц ЦЭХ үйлдвэрлэнэ.

       Энэ УЦС нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын 2020 оны төслөөс 80 сая кВтц ЦЭХ илүү үйлдвэрлэх, суурилуулах хүчин чадал нь 60-70 МВт-аар илүү, хөрөнгө оруулалт нь /123 сая ам.доллар/ 2 дахин бага байх төлөвтэй.

Мөн Хархираа уулын зүүн талаас эх авсан голуудыг нийлүүлж байгалийн Хөх нуурт оруулж усыг хуримтлуулан түүнээс туннел, түрэлтийн хоолойгоор 456 м түрэлт үүсгэн (22.7 МВт боломжит чадалтай) 50-70 МВт чадлаар суурилуулан, жилд 179 сая кВтц ЦЭХ гаргах Хархираагийн УЦС (Зохиогчийн эрх 232/95) Улаангом хотоос 30 км зайд 93 сая орчим ам.доллараар байгуулах боломжтой байна.

Харширээтийн УЦС-ын шинэчилсэн хувилбар нь Сэлэнгэ мөрөний

Шүрэнгийн УЦС-аас илүү ЦЭХ үйлдвэрлэх боломжтой

Усны Эрчим ХХК-ий Эгийн голын Өрөмгөтийн 220 МВт УЦС-ын төсөл дээр ажиллаж байсан мэргэжилтнүүд 1993 оны 10 дугаар сард Баруун 3 аймагт өндөр түрэлтийн УЦС-ын анхны судалгаа хийж, 5 байрлалыг илрүүлсний дотор Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт Хархираагийн өндөр уулсын баруун талаас эх авсан Иригийн голын савд нэвтрэн орж хэмжилт хийж, Харширээтийн УЦС-ын байрлалыг илрүүлэн, түүний зураг схемийг гаргаж Монгол Улсын Зохиогчийн эрхийн 235/95 тоот гэрчилгээ авсан юм.

УЦС-ын эхний хувилбар нь Иригийн голын эхэнд орших 3 км2 талбай бүхий нууруудаас эх авсан голыг жижиг боомтоор хааж усан сан үүсгэн түүнд Зүүн Иригийн голын усыг 6 км урт туннелээр оруулна. Усан сангаас усыг авч Харширээт уулын доогуур 8 км урт туннел, 8 км урт түрэлтийн хоолойгоор Улаан сайр хүргэн 770 м түрэлт үүсгэн 48.4 МВт боломжит чадалтай, 150 МВт-аар суурилуулах боломжтой, жилдээ 382 сая кВтц ЦЭХ үйлдвэрлэх Харширээтын УЦС нь Увс аймгийн Хотгорын  нүүрсний уурхайгаас ургаш 15 км зайтай байрлахаар төлөвлөсөн.2021 онд УЦС-ын туннел болон түрэлтийн хоолойг Увс аймгийн Ховд сумын нутгаар дамжуулан Ачит нуур хүргэх хэд хэдэн хувилбар гарган судлан үзсэн юм. Иригийн голын эхэнд орших нууруудын усны түвшин 2575 м байхад Ачит нуурын усны тевшин 1435 м байгаагийн зөрүү 1140 м нь Монголд оронд илэрсэн ховорхон тохиолдол юм.

УЦС-ын шинэчилсэн хувилбар нь Иригийн 2 голын урсац, усан санг ашиглах хуучин хувилбар дээр нь нэмж Түргэний уулын мөстөлийн баруун талаас эх авсан Ямаатын голын усыг 7 км урт туннелээр усан санд нийлүүлнэ.

Усан сангаас 12х3=36 м3/с усыг 12 км туннелээр явуулан 2570 м өндөржитөд түрэлтийн сан байгуулан түүнээс 6 км түрэлтийн хоолойгоор 1720 м өндөржилтөд хүргэн 855 м түрэлтээр 87.2 МВт боломжит чадалтай, 260 МВт чадлаар суурилуулах УЦС-ын эхний шатлал байх болно.

УЦС-аас гарах усыг 10 км урт 285 м түрэлт бүхий туннелээр Ачит нуурын эргээс 2 км зайд хүргэн 28.7 МВт боломжит чадалтай, 90 МВт чадлаар суурилуулах УЦС байгуулна.Энэхүү  2 шатлалаар 350 МВт чадлаар суурилуулан жилдээ 1 тэрбум кВтц ЦЭХ үйлдвэрлэх боломжтой, ойролцоо хөрөнгө оруулалт нь 324 сая ам.доллар буюу Шүрэнгийн станцаас 2-3 дахин бага байх төлөвтэй байна. Энэ нь 2020 онд Монгол Улс дотооддоо үйлдвэрлэсэн 7.1 тэрбум кВтц ЦЭХ-ий 14-18  хувьтай тэнцэх ЦЭХ гаргах чадвартай юм.

Иригийн ба Ямаатын голын урсацын баримт материал байдаггүй бөгөөд Хархираагийн уулс ба Монгол Алтайн нурууны хойт хэсэгт мөстөл бүхий ус хурах талбайн дундаж өндөржилт ба урсацын модулийн графикаас тооцож үзэхэд 12 м3/с орчим урсацтай байна.

Хархираа уулсын  арын мөстөл, Түргэний уулсын баруун урд талын мөстөл, цасны 2 талын тэжээлтэй болохоор усны урсац их байх төлөвтэй тул эдгээр 2 гол дээр усны харуул байгуулан ажиглалт хийж урсацын хэмжээг тодорхой болгох шаардлагатай юм.Хэрэв судалгаагаар дээрх 3 голын дундаж урсац 15 м3/с-ээс дээш гарвал УЦС-ыг 400 МВт чадлаар суурилуулан Монгол Улсдаа усны эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болох боловч Алтай Таван Богд, Цамбагарав зэрэг өндөр уулсаас эх авдаг мөстлийн тэжээлтэй ус ихтэй голуудыг ашиглан илүү хүчин чадалтай УЦС байгуулах боломжтой тул судалгаа шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай болно.

Өндөр түрэлтийн УЦС-ыг барьж байгуулах талаар

Сэлэнгэ мөрний савд усан сан бүхий УЦС байгуулахыг ОХУ-аас хориг тавьж, БНХАУ нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцад хөрөнгө оруулахаас татгалзаж байгаа нөхцөлд Монгол оронд томоохон чадлын эрчим хүчний эх үүсвэр байгуулахад бэрхшээлтэй болж, үйлдвэр аж ахуйн газруудыг шинээр байгуулж, хөгжих боломж хомсдох төлөвтэй.

Иймд Баруун бүсэд байгаа усны өндөр түрэлтийн УЦС-уудыг байгуулан түүнээс хямд, цэвэр ЦЭХ-ийг Төвийн бүсэд хүргэн ашиглах нь эрчим хүчний гачигдлаас гарах,  агаарын бохирдлыг бууруулах нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

Бидний илрүүлсэн өндөр түрэлтийн УЦС-ууд нь Сэлэнгэ мөрөн, Эгийн гол дээр барихаар төлөвлөсөн УЦС-аас илүү ЦЭХ үйлдвэрлэх чадвартай, хөрөнгө оруулалт нь 2-3 дахин бага байгаа нь эхний ээлжинд байгуулах нь ашигтай болохыг гэрчилж байна.Бидний техникийн шийдлээр УЦС-ын өвөл эрчим хүч гаргах усыг байгалийн нууранд хуримтлуулан, бага усаар ажиллах өндөр түрэлтийн горим нь хөрөнгө оруулалтыг бууруулах нөхцлийг бүрдүүлж, богино хугацаанд барьж байгуулах, хялбар техник технологийг ашиглах боломж олгож байна.

Гол дээр боомт барьж усан сан бүхий УЦС байгуулахад олон зуун техник, хүн хүч хэд хэдэн жилийн туршид дулааны улиралд ажиллах шаардлагатай байдаг.

Харин өндөр түрэлтийн УЦС-ыг байгуулахад туннел ухах, доторлох, түрэлтийн хоолой угсрах техник технологи эзэмшсэн мэргэжлийн хэд хэдэн баг ажиллаж, тоноглолыг үйлдвэрлэсэн байгууллагаар нь угсруулж зүгшрүүлэн ашиглалтад оруулж, богино хугацаанд барьж байгуулах боломжтой байдаг.

Иймд өндөр түрэлтийн УЦС-ын төслүүдээс эрчим хүчний нэгдсэн системийн хөтөлбөрт оруулан барьж байгуулах санал болгож байна.

Монгол Улсад өндөр түрэлтийн УЦС-ын судалгаа, зураг төслийн ажлыг эрхэлдэг, барилгын ажилд техникийн хяналт тавих чадвартай ганц байгууллага Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК юм. Иймд зохиогчийн эрхийн дагуу энэ ажлыг хариуцан, Монголын ба гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх боломжтой.Харин Эгийн голын 220 МВт УЦС-ын ТЭЗҮ-г Азийн хөгжлийн банк, Тайширын УЦС-ын ТЭЗҮ-г Кувейтын сангийн буцалтгүй тусламжаар боловсруулж байсантай адил Улсаас хөрөнгө гарган санхүүжүүлж төслийг ургашлуулах эхлэл болгох нь зүйтэй.

УЦС-ын барилгын ажлын санхүүжилтийг Засгийн газар гадаадын зээл тусламж болон хөрөнгө оруулалтын сангаас гарган, тодорхой хэсгийг зээлийн хэлбэрээр санхүүжүүлэх зэргээр шийдвэрлэн, хөгжлийг түргэсгэх боломж олгох хэрэгтэй.

Өндөр түрэлтийн УЦС-ын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК мэргэжлийн байгууллагын дагуу ажиллаж, гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлэн, ашиглалтад оруулж цаашид төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ашиглах арга хэмжээг зохион байгуулахаар Засгийн газартай гэрээ хийж ажиллах нь тохиромжтой юм.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна