Автомашины үнэ 10 орчим сая төгрөгөөр өсчээ


Н.ТҮВШИН

Сар шинэ, шинэ жил, наадам гээд нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр ёслолоор дээл хувцас, унасан төмөр хүлэгээ сольдог олон монголчууд бий. Тиймдээ ч үндэсний баярын өмнө автомашины борлуулалт өсч, үнэ нь нэмэгддэг. Гэхдээ энэ жил тогтвортой байх боловуу гэж автомашин худалдаачид хэлж байна. Үнэндээ үнэ нь хэдийнээ нэмэгдсэн болохоор тэр. Тэгээд ч цар тахлын үед иргэдийн худалдан авах чадвар өмнөх жилүүдтэй харьцуулахад ихэд буурсан талаар захын ченжүүд ярьж байна. Тиймдээ ч хот хөдөөгийнхөн холхидог “Да хүрээ” хөл сийрэг байна. Ченжүүдийг эс тооцвол захаар үйлчлүүлэгч үнэндээ л цөөрчээ. Уг нь хүний хөлд дарагдаж наймаачдын халаас түнтийх цаг айсуй.

Машин авч байгаа иргэд дийлэнх нь лизингээр авч байгаа гэнэ. Ченжүүдийн яриагаар бэлэн мөнгөө тоолоод авах нь тун ч багассан аж. Үнэ нэмэгдсэнтэй ч холбоотой гэж захынхан хэлж байна. Өнгөрсөн онд 53,087 суудлын автомашин импортолсон манай улс 49,779-ийг нь Японоос авчээ. Үлдсэн нь БНСУ, АНУ, ОХУ тэргүүтэй бусад улсынх. 2020 оны импорт 2019 оныхоос 10 гаруй мянгаар буурсан. Тэгвэл энэ жил хил гааль хаагдсан, Тяньжины боомтод ачаа тээврийн бөөгнөрөл үүссэн гээд автомашины импорт улам л буурч байгаа. Орж ирж байгаа машины тоо буурах нь автомашины үнэ өсөхөд ч нөлөөлсөн нь мэдээж. Наадмын өмнөхөн 2900 ам.доллараар ирдэг байсан нэг чингэлэг өнөөдөр 6500 ам.доллар болсон гэнэ. Удахгүй 7000 ам.доллар болох сураг байгаа. Нэг чингэлэгт хоёр автомашин ачдаг гэнэ. Үүнийг дагаад автомашины үнэ ердөө хэдхэн сарын өмнөхөөс эрс өсчээ. Наадмын үеийнхтэй харьцуулбал одоо автомашины үнэ 5-10 саяар нэмэгдсэн гэж захын ченжүүд ярьж байна.

Манайхны хамгийн ихээр унадаг Toyota prius, Toyata Acua маркийн автомашинууд орж ирсэн номероо аваагүй нь өнгөрсөн жил 12-18 сая төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жил даруй 10 шахам сая төгрөгөөр өсчээ. Орж ирсэн приус 30 18 сая орчим байсан бол одоо 23-26 сая болж өсчээ. Энэ жил хамгийн их борлуулалттай байгаа гэх Тoyota harrier маркийн машин 38 орчим сая төгрөг байсан нь 46 сая болжээ. Бэнчинтэй эрхмүүдийн унадаг Ланд 200 л гэхэд ангилалаасаа хамаарч 120-180 сая болжээ. Ер нь л орж ирсэн машины үнэ 10 орчим сая төгрөгөөр өсөөд байгаа юм байна. Үүнийг нь дагаад Монголд явж байгаа автомашинуудын үнэ ч нэмэгджээ. Энэ бүх шалтгаанаас гадна үнэд нөлөөлсөн бас нэг зүйл нь Тяньжин боомт гэнэ. Уг боомтод чингэлэг бөөгнөрснөөс болж чингэлэг түрээслэх, хадгалах үнэ нь өсч өдрийн 50 ам.доллар болсон аж. Хоёр сараар гацаж байгаа чингэлэгийн үнэд 1000 ам.доллар нэмэгдэнэ гэсэн үг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна