“Монгол нутгийн зураг” түүхэн гурван боть судалгааны эргэлтэд орлоо


Б.ЛХАГВА

“Монгол нутгийн зураг” хэмээх зургийн тайлбар, галигийн хөрвүүлэлт бүхий гурван боть ном хэвлэгдэн гаржээ. Дэлхийн 20 гаруй оронд манай орны газрын зураг хадгалагддаг ч Монголд буй зургууд нь бараг судалгаанд хамрагдалгүй удаан хугацаанд дарагдаж ирсэн байна. Эдгээрийг иж бүрдлээр нь эргэлтэд оруулахыг түүхч Ж.Гэрэлбадрах санаачилж, архивт байсан зургийг ашиглан хэвлүүлжээ. “Монгол нутгийн зураг” түүхэн газрын зургийн цомогт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт хадгалагдаж байсан 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, нооргууд болон Халхын аймаг хошуудын “Нутгийн зураг”- ийн гараар зурсан эх оржээ. Номын нээлт өчигдөр Үндэсний номын санд болж, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай, доктор Ж.Гэрэлбадрах, сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуу болон холбогдох албаны хүмүүс оролцов. Үйл ажиллагааны үеэр МУБИС-ийн Түүхийн тэнхмийн профессор Ж.Гэрэлбадрахтай ярилцлаа. 

-Архивт хадгалдагдаж байсан газрын зургийг түүхэн боть болгон хэвлүүлсний ач холбогдлыг та хэрхэн үнэлэх вэ?

 -Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн архивт “Монгол нутгийн зураг” хэмээх 182 зураг байдаг. Үүнийг хадгалахын зэрэгцээ олон түмэнд үзүүлж, судалгааны эргэлтэд орууллаа. Мөн хүмүүс өөрийн нутаг, хошууныхаа зургийг харж, түүхээ мэдэх, эрдэм шинжилгээний нээлттэй эх сурвалж болгон ашиглах ач холбогдолтой. Тухайн үед монголчууд аймаг, сум, баг, хошуу гэх зохион байгуулалттай байсан бол 1931 оноос шинэ аймаг, сум байгуулж өөрчилсөн. Жишээлбэл, Дундговь аймгийн Дэлгэрхангай уулыг “Инэл” хайрхан гэдэг байж гэх мэтээр 100, 200 жилийн өмнөх нутгийн нэрсийг мэдэж авна. Энэ ном зөвхөн судлаачдад бус хүн болгонд зориулсан гарын авлага. 

-Номоо бүтээх санаа 30 жилийн өмнө төрсөн гэсэн?

 -Архивын тусгай хөмрөгт байгаа нутгийн зургийг үзэх, судлах сонирхол одоогоос 30 жилийн өмнө төрсөн. Би 1991 онд Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны салбарын түүхийн ангийн оюутан байлаа. Тухайн үед номын багш маань нэрт газарзүйч шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор О.Пүрэв байсан. Тэрээр намайг дагуулж Баруун дөрвөн замд байрлах Геодези зураг зүйн газарт очиж “Энд Монгол нутгийн зургууд бий. Гэтэл эд нар нуугаад үзүүлэхгүй юм. Байгаа гэдгийг би мэднэ” хэмээн ярьсан. Тэр үйл явдал миний сэтгэлд хоногшиж, марталгүй явсаар өдий хүрлээ. Нөгөө талаар тус газрын зургийг судлаарай гэсэн багшийн маань захиас ч байх. Ингээд 2018 онд манай судлаачид Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд учраа хэлсэн. Тэрбээр газрын зургийг бүртгэж, судалгааны эргэлтэд оруулж, хэвлүүлье гэсэн санааг минь дэмжсэн.

 -Судалгааны материалаа цуглуулахад хэчнээн жил зарцуулсан бэ?

 -Энэ судалгааны ажилд хоёр жил гаруй хугацаа зарцуулсан. Тухайн үед Манжийн засгаас өгсөн үүрэг даалгаврын дагуу монгол ноёд хошуу, өртөө, харуулынхаа зургийг удирдан зуруулсан. Харин одоо монголчууд өөрсдийнхөө түүхийг судалгааны эргэлтэд оруулах гэж байна. Тиймээс нутгийн зургийг нэг бүрчлэн хуулбарлан, дөрвөлжин хүрээ татаж, дугаарлаж, газрын нэрийг монгол бичгээс кирилл үсэгт хөрвүүлнэ. Цаашлаад өнөөгийн засаг захиргааны нэгжтэй харьцуулж, нэрийн хэлхээ хийх гэх мэтээр чимхлүүр ажил их. 

-Судалгааны баг хэдэн хүнтэй ажилласан бэ?

 -Манай судалгааны баг цомхон, гурван гишүүнтэй. Миний бие чөлөөт уран бүтээлч, судлаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бадамсамбуу, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Мөнхбаатар нарын хамт ажилласан. 

-Гурван ботийн агуулгад Халхын Засагт хан аймаг байсангүй? 

-Нэгдүгээр ботид Халхын Сэцэн хан аймгийн нутаг, хошуудын 70 зураг, хоёрдугаар ботид Халхын Түшээт хан аймгийн нутаг, Орос-Монголын гэр хорооллын 54 зураг, гуравдугаар ботид Сайн ноён хан аймаг, Ховдын хязгаар, Халх баргын харуул, бага хошууд болон бусад 57 зураг багтсан. Номд эхлээд газар нутгийн зургийг бүрэн эхээр нь тавьж, товч тайлбар бичнэ. Дараа нь тухайн зурагт байх газрын нэрийг хөрвүүлж дугаарласан. Халхын нэг гол аймаг болох Засагт хан аймгийн зураг тухайн архивт хадгалагдаж буй 182 зураг дотор байгаагүй. Ер нь тус аймгийн зураг Үндэсний төв архив, Үндэсний төв номын санд байдаг. Гэвч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт газрын зураг нь байгаагүй учир ороогүй юм.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна