Үндэсний баялгийн санг улстөрчдөөс хол байлгаж, мэргэжлийн хүмүүсээр удирдуулах ёстой


Т.Амараа

Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг “Шангри-Ла” зочид буудалд өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт, уул уурхайн салбарын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн үндэсний компаниудын удирдлага, инженер мэргэжлийн ажилтнууд хүрэлцэн ирсэн байв. Хэлэлцүүлгийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар үг хэлж нээсэн юм. 

“CRU consulting” судалгааны байгууллагаас Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайланг танилцууллаа. Судалгаанд дурдсанаар “Монголын уул уурхайн салбар 2030 он хүртэл хурдацтай өсөх төлөвтэй, ялангуяа зэс болон нүүрсний үнэ өснө. Эдгээр хоёр салбар дахь хөрөнгө оруулалт хүчин чадлыг нэмэгдүүлэхийн хэрээр ирэх арван жилд энэ хоёр салбар хоёулаа хоёр дахин тэлэхээр байна. Өмнийн говьд нүүрс, зэсийн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр орон нутгийн усны хүртээмжид ноцтой ачаалал бий болно. 2030 онд энэ бүс нутгийн уул уурхайн үйлдвэрлэлийн усны хэрэглээ орон нутгийн нийлүүлэлтийн 98 хувийг бүрдүүлнэ. 2020-2030 оны хооронд үйлдвэрлэл нэмэгдэж, урт хугацаанд үнэ эерэг байх хүлээлттэй холбоотойгоор салбарын нийт орлого 5.3 тэрбум ам.доллараас 12.5 тэрбум ам.доллар болж өсөхөөр байна” гэжээ. Мөн “Монгол Улсын ДНБ жилд таван хувиар өснө гэж үзвэл уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 2020 онд 19.7 хувь байсан бол 2030 онд 32.7 хувь болж өснө. Одоогийн суурь кейс нь нүүрсний орлогоос хамааралтай байгааг харуулж байгаа тул аажмаар тус салбар шахагдаж, бодлогын өөрчлөлтөд өртөмтгий байхаас үүдэн урт хугацааны төсвийн орлого, ажил эрхлэлтийн хувьд томоохон эрсдэл бий болгож байна” гэж судалгаанд дурджээ. 

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал Үндэсний баялгийн сангийн төслийг танилцуулсан. 

Тэрээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “...газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоогийн болон ирээдүйн иргэн бүрд Үндэсний баялгийн санд төвлөрүүлж хүртээмжтэй хүртээнэ” гэж Үндэсний баялгийн сангийн талаар хуульд тусгаж өгсөн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улс Үндэсний баялгийн сантай байна гэж заасан” хэмээн санг байгуулах үндэслэлийг тайлбарлав. Мөн тэрээр “Том зургаар харвал 2030 онд уул уурхайгаас орж ирэх орлого илүү тэлэхээр харагдаж байна. 

Дэлхийн банкны судалгааны дүнгээр 2030 онд уул уурхайн салбарын ДНБ-д оруулах хувь нэмэр 32.7 хувь хүртэл өснө гэх тооцооллыг хийсэн байсан. Энэ нь гэхдээ нүүрсний хэрэглээ алга болох бус ашиглах технологи өөрчлөгдөхийг нь хэлж байгаа юм” гэлээ. Мөн “Бид энэ санг баялгийн хуваарилалт гэж харж болохгүй. Энэ бол хуваарилалтаас илүү олсон хөрөнгөө арвижуулах үйл явц бөгөөд бид бялуугаа томруулж байж илүү цааш томорч явах, хуваарилалт ч томроод явах боломжтой юм” гэдгийг  онцолж байв.

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн “Баялгийн сангийн үйл ажиллагаа нээлттэй тодорхой байх хэрэгтэй. Тэгж байж санд орж ирсэн хөрөнгийг арвижуулах боломжтой. Сангийн мөнгийг үр өгөөжөө өгөх төслүүдэд зарцуулах ёстой. Олон улсын туршлагыг судалж, ирээдүйд үр өгөөжөө өгөх төслүүдэд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгж байж зөв хуваарилалт болно” гэв.


ТӨМӨР ЗАМЫН ДЭД БҮТЦЭЭ САЙЖРУУЛСНААР БАЯЛГИЙН САНД  ТӨВЛӨРӨХ ХӨРӨНГӨ НЭМЭГДЭНЭ

Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна. Цаашид уул уурхайгаас орж ирэх хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэхийн тулд тээврийн хүндрэл, зардлыг бууруулах шаардлагатай гэж уул уурхайн салбарынхан онцлов. Иймд тээврийн хувилбарт хэд хэдэн гол уурхай, хүдрийн биетүүдийг хямд, хурдан ачаа тээвэрлэх маршруттай холбосон төмөр замын сүлжээг байгуулах асуудлыг судалж байгаа аж. Зүүнбаянгаас Цагаан суваргаар дамжин Тавантолгой хүртэл үргэлжилсэн төмөр зам, Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх төмөр зам, Нарийн сухайт, Овоот толгойгоос Шивээ хүрэн хүртэл 46 км төмөр замыг ашиглалтад оруулах, түүнчлэн хойд-урд чиглэлтэй Овоотын уурхайн төсөл хүртэл үргэлжилсэн төмөр замтай Эрдэнэтийг холбосноор төсвийн нийт орлого 2030 оны суурь кейсийн орлоготой харьцуулахад ойролцоогоор 14 хувиар өсөх боломжтой гэж тооцсон байна. 

Тодруулбал, төмөр замын дэд бүтцийг шийдсэнээр Тавантолгойн хувьд тонн тутамд 20 доллар, Нарийн сухайтын хувьд тонн тутамд 4.5 ам.долларын ашиг хүртэх нь ижил хэмжээний ашгийг төдий хэмжээгээр нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх аж. 


Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамба Баялгийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах тухайд саналаа хэлсэн юм. Тэрбээр “Уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг өмнө нь үр дүнгүй зарцуулж ирсэн. Баялгийн сангийн мөнгийг ийм байдалтай явуулж болохгүй. Засгийн газар, төр барьж байгаа нам Үндэсний баялгийн сангийн мөнгөний зарцуулалтад нөлөөлдөггүй байх зохицуулалтыг хийхгүй бол ялсан намын улс төрийн зорилгоор ашигладаг хөрөнгийн эх үүсвэр болж, иргэдэд 20 мянгаар тарааж өгөөд дуусна. Тиймээс Үндэсний баялгийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийг томилохдоо мэргэжлийн багаар бүрдүүлэх нь зөв гэж бодож байна. Удирдлагад нь төрийн хүн байх ямар ч шаардлагагүй. Тухайлбал, Ерөнхий сайдын томилдог “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагыг Үндэсний баялгийн сангийн ТУЗ-д томилох шаардлагагүй. Тэгвэл, Засгийн газар болон ялсан намын мэдэлд очиж, үйл ажиллагаа нь буруу тийшээ явна. Энэ сангийн мөнгийг аривжуулахын төлөө ТУЗ ажилладаг туршлага гадаадын орнуудад байна. Гадаадын орны туршлагыг судалж, зөв зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй” гэв. 

Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг хуулиар зохицуулдаг байх нь зүйтэй гэж салбарынхан нь үзэж байна. Мөн олон улсын туршлагыг судалж, хэрэгжүүлэх хэрэгжүүлэх гэж улс орнууд баялгийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлж байгаа талаар сонирхуулъя. ОХУ, АНУ-нь эрдэс бүтээгдэхүүний экспортын татвараас, Хятад, Сингапур Төв банкны нөөцөөс, Австрали, Малайз өмч хувьчлалын орлогоос, БНСУ нь санхүүгийн илүүдэл хөрөнгөөс, Ирланд, Франц, Шинэ Зеланд нь тэтгэврийн нөөцөөс, Ботсвана, Кувейт, Чили, Эмират нь эрдэс бүтээгдэхүүний экспортын орлогоос бүрдүүлдэг байна.

Монгол Улсын хувьд Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрээ байгалийн баялгийн экспортын орлого, ашигт малтмалын экспортын татвар, санхүүгийн илүүдэл хөрөнгө,  тэтгэврийн сангийн нөөц, төв банкны нөөц, өмч хувьчлалын орлого зэргээс бүрдүүлнэ хэмээн тооцжээ.Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг үр өгөөжтэй төсөлд зарцуулахаас гадна валют худалдан авч, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах буюу байршуулах замаар арвижуулан өсгөх боломжтой гэж тооцжээ. Баялгийн сангийн зорилт амжилттай хэрэгжсэнээр макро эдийн засгийн менежментийн ухаалаг тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, нөөц баялгаа ашиглан эдийн засгийн найдвартай суурь бааз бий болгох, эдийн засаг, төсвийн тогтвортой байдал хангагдана гэж үзэж байна. Мөн шаардлагатай байгаа уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, нийгмийн дэд бүтэц дэх хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх боломжтой болно гэж санг санаачлагчид онцолж байна. 




 


1091
30
254
328
70
38

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна