“Омикрон”-оос хамгаалахын тулд вакцины нэмэлт тунг хийлгэх хэрэгтэй


М.ХҮСЛЭН

 Ковид-19 цар тахлын мутацид орсон “Омикрон” нэртэй шинэ хувилбар нь сүүлийн өдрүүдэд дэлхий дахинд дэгдэж, олон орны санааг зовоогоод эхэлсэн. Өмнөд Африкт анх илэрсэн шинэ хувилбар халдварлах чадвар өндөр байж болзошгүй бөгөөд 20 гаруй оронд тархаад байна. Тодруулбал, Австралид хоёр, Австрид нэг, Бельгид нэг, Ботсванад 19, Германд гурав, Данид хоёр, Израилд нэг, Испанид нэг, Италид нэг, Их Британид ес, Канадад гурав, Нидерландад 13, Өмнөд Африкт 77, Португалд 13, Хонконгт гурав, Чехэд нэг, Шведэд нэг тохиолдол тус тус илэрлээ. Шинээр бүртгэгдсэн орнуудын тоо ч нэмэгдсээр байгаа аж. Япон, БНХАУ-д ч илэрсэн тухай мэдээлэл өчигдөр дуулдлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) ковид-19-ийн шинэ хувилбар дэлхий даяар тархах өндөр эрсдэлтэй болохыг анхааруулаад “Омикрон” нь зарим бүс нутагт ноцтой уршиг дагуулж болзошгүй гэж мэдэгдлээ. Уг хувилбар нь уурган дээрээ л гэхэд 30 гаруй мутацитай бөгөөд тэдгээрийн зарим нь халдварлах чадварыг нь нэмэгдүүлж, эсрэг биеийн хамгаалалтыг бууруулах магадлалтай байгаа. ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейесус “Цар тахал дуусаагүй” гээд ядуу буурай орнуудад вакцин нийлүүлэхийг дэлхий нийтэд дахин уриалсан юм. “Хэдийгээр Өмнөд Африкт энэ хувилбарын талаар шуурхай мэдээлсэн ч “омикрон” урьд өмнө байгаагүй олон тооны мутацитай. Тэдгээрийн зарим нь цар тахлын шинэ давлагаа үүсгэж болзошгүй” хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд онцолжээ. Т.Гебрейесусийн хэлснээр, дэлхийн өнцөг булан бүрт эрдэмтэн судлаачид шинэ хувилбарын халдварлах чадвар, вакцинд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, өвчилсөн хүн дахин халдвар авах эрсдэл зэргийг судлахаар ажиллаж байгаа аж. АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирал Энтони Фаучигийн хэлснээр, шинэ хувилбарын талаар тодорхой мэдээлэл гаргахад хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатай гэсэн байна. Гэхдээ түүний үзэж буйгаар вакцин нь цар тахлын шинэ хувилбарын эсрэг тодорхой хамгаалалт болж, хүнд өвчлөлөөс сэргийлнэ гэдгийг онцолж, иргэдийг нэмэлт тунд хамрагдахыг уриалжээ. 

Зарим оронд ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тун эхэлсэн байгаа ч ядуу орнуудад хүн амын дөнгөж долоон хувь нь хамрагдсан нь цар тахлын дахин шинэ хувилбар гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Европын комиссын даргын мэдэгдсэнээр, вакцин үйлдвэр­лэгчид шинэ мутацийн талаар судалгаа гаргахад гурван долоо хоног хэрэгтэй гэжээ.

 Хятадын эрдэмтэд “Омикрон”-ы гурван гол аюултай шинж чанарыг нэрлэлээ

Хятадын эрдэмтэн судлаачид коронавирусийн шинээр бүртгэгдсэн “омикрон” хувилбарын хамгийн аюултай гурван үндсэн шинж чанарыг нэрлэжээ. Энэ тухай судлаачдын эх сурвалжаас эш татаж “Парламентын сонин” мэдээлсэн байна. Фудан их сургуулийн Хуашань халдварт өвчин судлалын эмнэлгийн дарга Жан Вэньхунгийн хэлснээр, “Омикрон”-ы аюулын нэг нь олон тооны мутацид оршдог. 

Энэ онцлог нь шинэ хувилбарын “амьд үлдэх чадвар” өмнөхтэй харьцуулахад нэмэгдэж, гадаад төрх байдлын хувьд өмнөх бүх хувилбаруудыг аль хэдийн ялсан байна. Түүнчлэн судлаачид “омикрон”-ы тархалт хурдасч байгааг тэмдэглэв. Боломжтой өгөгдөл дээр үндэслэн эрдэмтдийн тогтоосноор, хүний биеийг маш хурдан хугацаанд дарангуйлдаг аж. Тархвар судлаач Жун Наншаны үзэж буйгаар тэр нь хэд хэдэн улс орон нутаг дэвсгэртээ “омикрон” нэвтрэхээс аль болох урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад хүргэсэн. Гурав дахь онцлог нь хүний биед нэгэнт бий болсон коронавирусийн эсрэг дархлааг даван туулах чадвар юм. Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтын түвшин өндөр байгаа Их Британи, Израйль зэрэг оронд шинэ хувилбар бий болсон тухай мэдээнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг судалсан эрдэмтэн Жан Вэньхун дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Гэсэн хэдий ч Хятадын мэргэжилтнүүд “омикрон”-ы аюулын талаар эцсийн дүгнэлт хийхэд эрт байна гэж үзжээ. 

Шинэ хувибарын эсрэг одоо байгаа вакцины үр нөлөөг үнэлэх, түүнчлэн түүний бодит аюул заналхийллийг тогтооход цаг хугацаа шаардлагатай гэдгийг Хятадын эрдэмтэд онцлов.   

Японд “омикрон” хувилбар халдварласан тохиолдол бүртгэгджээ

Японы нийслэл Токио хотын Наритагийн нисэх онгоцны буудалд ковид-19-ийн “омикрон” хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай өчигдөр “Kyodo” агентлаг мэдээлэв. Шинэ хувилбар илэрсэн хүн 30-40 насны эрэгтэй бөгөөд Намиби улсаас нисэж ирсэн байна. Хилээр нэвтрэх үеэр түүнээс вирус илэрч, тусгаарлагджээ. Үүний дараа эмч нар “омикрон” хувилбарыг илрүүлэх зорилгоор нэмэлт шинжилгээ хийсэн байна.

 Дэлхий даяар “омикрон” хувилбар тархаж эхэлсэнтэй холбоотой Япон улс арваннэгдүгээр сарын 30-наас эхэлж гадаадынханд хилийн хориг тавьсан. Үүний хүрээнд гурван долоо хоногийн өмнө баталсан гадаадын бизнес эрхлэгчид оюутнуудыг нэвтрүүлэхийг хөнгөвчилсөн журмыг цуцалсан аж. Түүнчлэн гадаадын иргэдэд шинээр виз олголтыг зогсоов. Дээрх арга хэмжээ мэргэжилтнүүд шинэ хувилбарын аюулын тухай дүгнэлт гаргах хүртэл нэг сарын хугацаанд хэрэгжинэ. Шаардлагатай тохиолдолд хязгаарлалтын хугацааг сунгана. Мөн 23 улсаас ирэх хүмүүст хорио цээрийн дэглэмийг чангатгалаа. Үүнээс гадна Ангол, ӨАБНУ, Зимбабве, Намиби зэрэг Африкийн 10 улсаас ирэх иргэдийг заавал 10 хоног тусгаарлана.

     

Нэмэлт тунд хамрагдах зөвлөмжийг чангатгана

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв (CDC) “омикрон” хувилбар олон улсын мэргэжилтнүүдийг түгшээж байгаатай холбогдуулан ковид-19-ийн эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунгийн талаарх зөвлөмжөө чангатгаж, насанд хүрсэн бүх иргэн нэмэлт тунд хамрагдах ёстой гэж мэдэгдлээ. “Омикрон” (B.1.1.529) хувилбар шинээр үүссэн нь ковид-19-ийн вакцинжуулалт, бүүстер тун, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлд гаргах хүчин чармайлтын ач холбогдлыг улам бүр тодотгон харуулж байна гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга, доктор Рошель Валенский мэдэгдсэн.

 Тус төв нь вакцины нэмэлт тунг насанд хүрсэн бүх иргэнд тарихыг энэ сарын эхээр зөвшөөрсөн. 18-аас дээш насны иргэн бүр нэмэлт тунд хамрагдах боломжтой гэж мэдэгдэж байв. Харин одоо 18 болон түүнээс дээш насны иргэд “Pfizer”, “Moderna”-гийн вакцины хоёр тунг хийлгэснээс зургаан сарын дараа, “Johnson & Johnson”-ы вакцины нэг тунг хийлгэснээс хоёр сарын дараа нэмэлт тунг хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Мөн “Өмнөд Африкийн судлаачдын цуглуулсан мэдээллээс үзэхэд “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр байх магадлалтай байгаа бөгөөд АНУ болон олон улсын эрдэмтэд уг хувилбарт вакцин хэрхэн үйлчлэхийг яаравчлан судалж байна” гэж Р.Валенский мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн даваа гарагт мэдэгдэхдээ, эрт орой хэзээ нэгэн цагт шинэ хувилбартай нүүр тулна гэдгийг онцлоод, вакцины нэмэлт тунд хамрагдахыг америкчуудад уриалсан юм. Мөн Р.Валенский шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалсан байна. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд вакцины үйлчлэл суларч байгаатай зэрэгцэн өвлийн улиралд халдварын тархалт нэмэгдэж болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.

 

“Pfizer” шинэ вакциныг 100 хоногт гаргаж авна

Хэдийгээр “омикрон” нь урьд нь давамгайлан тархаж байсан “дельта” хувилбараас илүү хурдан халдварладаг байх магадлалтай байгаа ч олон тооны мутаци нь одоогоор хэрэглэж буй вакцины үйлчлэлд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. “Moderna”, “Pfizer” компанийн хувьд холбогдох мэдээлэл хоёр долоо хоногт тодорхой болно гэдгийг мэдэгдсэн. Мөн шаардлагатай тохиолдолд вакцинуудаа харьцангуй богино хугацаанд өөрчлөх боломжтой гэжээ. “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла өнгөрсөн даваа гарагт “CNBC” сувагт ярилцлага өгөхдөө, “Вакцин шинэ хувилбараас хамгаалж чадахгүй гэсэн дүгнэлт гарахгүй” гэж бодож байгаагаа илэрхийлээд, харин үйлчлэл суларч магадгүй гэж хэлжээ. Түүний ярьснаар, “Pfizer” шинэ вакциныг 100 хоногт гаргаж авах бололцоотой аж. “Moderna”-гийн гүйцэтгэх захирал Стефан Банселийн хувьд компанийн мэргэжилтнүүд “омикрон”-ы эсрэг өндөр тунт нэмэлт тарилгыг богино хугацаанд гарган авах боломжтой гэсэн боловч хувилбарт зориулсан вакциныг бий болгоход олон сарын хугацаа шаардлагатай гэв.

“Pfizer” компани энэ долоо хоногт 16, 17 настнуудад гуравдугаар тун хийх зөвшөөрөл авах хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна. Хэрвээ энэ хүсэлт нь зөвшөөрөгдвөл 18-аас доош насныхан анх удаа гуравдугаар тун хийлгэнэ гэсэн үг. Эмийн агентлагаас энэ долоо хоногтоо багтаад шийдвэр нь гарах аж. АНУ-д одоогоор 18 болон түүнээс дээш насны иргэдэд вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээсээ хойш зургаан сарын дараа нэмэлт тунд хамрагдахыг зөвшөөрөөд байгаа юм.

Жо Байден “омикрон”-оос айж сандрахгүй байхыг уриалав

Хойд Америкт цар тахлын “омикрон” хувилбар илэрсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Энэ бол санаа зовох шалтгаан мөн ч, сандрах шалтгаан биш” гэж мэдэгдлээ. Мөн иргэд вакциндаа хамрагдаад маскаа зүүсээр байвал хөл хорио тогтоох шаардлагагүй гэж тэрбээр онцлов. Хэдийгээр иргэд вакциндаа хамрагдаж, Жо Байден вирусийг устгана гэдгээ амласан ч гэсэн өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил илүү олон хүн цар тахлын хүндрэлээр нас баржээ. 

АНУ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиб, Лесото, Эсватини, Мозамбек, Малави улсаас нислэг хүлээж авахаа зогсоосон. Канад, Их Британи болон Европын холбооны улсууд ч мөн адил өмнөд Африкаас аялагч хүлээж авахгүйгээ мэдэгджээ.

 “Их-7”-гийн сайд нар шуурхай хуралдаж, асуудлыг хэлэлцэв

“Их-7” бүлгийн Эрүүл мэндийн сайд нар Их Британийн санаачилгаар шуурхай хуралдлаа. Шуурхай хурлаар цар тахлын шинэ хувилбар омикроны тархалт, олон улсын эдийн засгийн нөлөөлөл зэргийг авч хэлэлцжээ. Өмнөд Африкт анх бүртгэгдсэн “омикрон” хувилбар нь арваннэгдүгээр сарын 26-нд ДЭМБ-д албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд дэлхийн одоогоор 20 орчим оронд бүртгэгдээд байгаа. 

“Их-7” бүлгийн эрүүл мэндийн сайд нарын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд олон улсын өмнө тулгарч буй “омикрон” хувилбарын аюулыг үнэлэх, халдвараас сэргийлэх арга замыг эрэлхийлсэн арга хэмжээг шуурхай авах талаар дурджээ. Мөн цар тахлын шинэ хувилбарыг шуурхай илрүүлж, олон улсад сэрэмжлүүлэг мэдээллийг тараасан Өмнөд Африкийг сайшааж, тус улсад туламж үзүүлэхээ мэдэгджээ. Мөн Эрүүл мэндийн сайд нар нягт хамтран ажиллаж, ДЭМБ болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд “омикрон” хувилбарыг хянаж, мэдээллээ солилцохоор ярилцсан аж. “Их-7” бүлгийн сайд нар ирэх арванхоёрдугаар сард шинэ хувилбарын талаар илүү судал­гаатай эргэн уулзахаар тохи­­ролцжээ. “Их-7” бүлэгт Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ багтдаг.

 

Их Британид насанд хүрсэн бүх иргэнийг нэмэлт тунд хамруулна

Их Британид “омикрон” хувилбарын тархалтаас үүдэн халдварын шинэ давлагаа үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд 18 болон түүнээс дээш насны бүх иргэнд вакцины нэмэлт гуравдугаар тунд хамрагдахыг санал болгох аж. Дархлаажуулалтын асуудал хариуцсан хамтарсан хороо нэмэлт тунг тарих ажлыг өргөтгөхтэй холбоотой хэд хэдэн зөвлөмж гаргажээ. 

Урьдчилсан мэдээллээс үзэхэд “омикрон” өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн дахин халдварлах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгаа ч судлаачид хувилбар вакцины үр дүнд хэрхэн нөлөөлөхийг судлахад гурван долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Их Британид илэрсэн “омикрон” хувилбарын тохиолдлын тоо 11-д хүрээд байна.

 


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна