Төрийн дарамт түц, жижиг худалдаа эрхлэгчдийг “сөхрүүлж” байна


Б.ЛХАГВА

 Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 18-нд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр “Дэлхийн бүх хот гудамжны хоолны соёлтой байна. Энэ хэрээр иргэд нь орлоготой болдог. Гэтэл манайд хяналтын байгууллагын олон дүрэм, журмууд иргэн, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байгаа. Энэ бүхний ард хүнд суртал, авлигын эрсдэл үүснэ. Тиймээс ирэх оноос ихэнх юмыг чөлөөтэй явуулна. Хийж чадаж байгаа нь орлогоо олох боломжийг нээх ёстой. Зах зээлийн зарчмаараа чадахгүй нь шахагдаад, чаддаг нь хөгжөөд явдаг болох хэрэгтэй” гэж хэлсэн нь худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд таатай мэдээлэл болсон. Энэ долоо хоногийн даваа гарагт хийсэн “Нээлттэй Улаанбаатар” мэдээллийн цагаараа “Хуульд заагаагүй, шаардлагагүй журам, зөвшөөрлүүдийг цуцалж байж Улаанбаатар хотод бизнес хөгжинө.Тиймээс ажлын хэсэг байгуулж, ААН, иргэдэд дарамт болж байгаа зохицуулалтуудыг судлахаар боллоо “гэсэн билээ. Тэгвэл амьдрал дээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд “бичиг цаас”-ны хүндрэл хэр их тулгардаг вэ, мөн элдэв шалгалт дарамтад хэрхэн өртдөг талаар сурвалжлахаар III, IV дүгээр хороолол болон бидний нэрлэдгээр 32-ын тойргийг зорилоо. Тодруулбал, автобусны буудал дагуу байрлах хамгийн их асуудал дагуулдаг түргэн үйлчилгээний цэгүүдийг онцоллоо.

 

Хаанаас ирээд ТҮЦ-ийг маань ачих бол гэж айж суух хэцүү

Түргэн үйлчилгээний цэг буюу бидний хэлж заншсанаар ТҮЦ нь 1990-ээд оны эхээр хүнсний жижиглэн худалдаа эрхлэх зориулалтаар бий болжээ. Голдуу жижиглэн худалдаа эрхэлдэг энэ мухлагууд ихэвчлэн автобусны буудал, автозам дагуу байрлана. 2014 оноос Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл ТҮЦ-ийг хотын өнгө үзэмжид нөлөөлсөн, зай талбайд саад учруулсан гэх зэргээр цэгцлэх журам гаргаж, ачиж эхэлсэн байдаг.

 ТҮЦ эрхлэгчид аль болох хотын өнгө үзэмжтэй зохицохыг хичээж нэгдсэн өнгө, стандарттай болох гэж хэрэндээ хичээсэн байдаг. Хэдийгээр гадны хөрөнгө оруулалттай томоохон сүлжээ дэлгүүрүүд байгуулагдаж, мухлагийн хэрэгцээ, шаард­лагыг бууруулсан боловч  цөөн­гүй ажлын байрыг орлож, бас тэр хэмжээний айлын амжир­гааг залгуулсан хэвээр байна.Ялангуяа нийтийн тээврээр зорчих иргэд ТҮЦ-ээр үйлчлүүлж, автобусны карт цэнэглүүлэх, ус ундаа авах гээд наад захын хэрэгцээгээ хангадаг. Гэвч түргэн үйлчилгээний цэгүүд муу нэртэй, луу данстай хэвээр.

III, IV дүгээр хорооллын эцэс, “И-март” худалдааны төвийн зүүн талд байрлах “Гутал засвар, савхи будна” гэх хаягтай ТҮЦ-нд гутал засварын үйлчилгээ эрхэлдэг С.Энхтуултай ярилцлаа. Тэрээр хичээлдээ явах гэж буй хоёр хүүхдээ хажуудаад суулгачихсан, нөхрийнхөө хамт гутал хичээнгүйлэн засч байсан юм.

-Гутал засварын үйл ажиллагаа явуулахад хаанаас хэчнээн бичиг баримт бүрдүүлж зөвшөөрөл авсан бэ?

-Бидэнд зөвшөөрөл өгдөггүй. Хөөгдөөд л байраа солиод явж байна даа. Зөвшөөрөл авах гээд хөөцөлдөнө, хариу байхгүй. Тэгсэн атлаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас байнга шаардах бичиг өгнө. Эрчим хүчний газрыг цахилгаанаа тасал гээд явуулна. Харин тэдний хувьд харьцангуй тайван, иргэнээ ойлгодог. Бид зөвшөөрөл авахын тулд Газар зохион байгуулалтын алба, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар зэргээр бол байнга орно. Даанч тэд нар зөвшөөрөхгүй юм.

-Хотын дарга жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих талаар ярьсан. Яагаад зөвшөөрдөггүй гэж?

-Би арван хүүхэдтэй. Нөхөртэйгээ хоёулаа гутал засварын үйлчилгээ эрхэлдэг. Төр засгаас биднийг дэмжиж, хэрэгжүүлдэг арга хэмжээ гэж байхгүй. Өргөдөл бичээд өмнөх хотын дарга, газрын албаны дарга нарт өгч үзсэн. Хэзээ ч хариу ирж байгаагүй. Одоо Засаг даргад бол өгч үзээгүй ээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд очихоор ажилтнууд нь үнэхээр хариуцлагагүй.

 Зарим даргатай нь шууд уулзаад зөвшөөрөл авахаар боллоо гэхэд ажилтнуудын харилцаа, хандлага ялгавартай. Бидний өмнөөс хүүхэд гаргачихсан юм шиг, та нарын шалтаг хамаагүй шууд ач л гэдэг. Тэгээд өглөөнөөс орой болтол ажлаа хийх ёстой хүн чинь хаа газрын хаалга сахиад суух завгүй. Нэг өдөр явна. Залхаад хаяна. Хөөхөөр нь дахиад өөр газар зөвшөөрөл авах гэж явна. Гэвч үр дүн нь яг адилхан.-Тэгэхээр төрийн байгууллагуудаас албан бичиг, зөвшөөрөл авахад нэлээд хүндрэл учирдаг байх нь ээ?

-Хүнд суртал ихтэй. Жишээ нь, бид хаанаас зөвшөөрөл авах вэ гээд асуухад хариулах хүн олдохгүй эсвэл энд тэнд гээд заагаад явуулчихна. Үйлдвэр үйлчилгээний хэлтэс дээр очихоор өгөхгүй, Газар зохион байгуулалтын алба нь болохоор ачна л гэнэ. Би гэрчилгээгээ гаргуулаад авчихвал санаа амар ажлаа хийнэ шүү дээ. Хаанаас, хэзээ ирээд ТҮЦ-ийг маань ачаад явчих бол гэж айж суух мэдээж хэцүү.

-Та энд ажиллаад хэр удаж байгаа вэ?

-Хорооллын эцэст ажиллаад 20 жил болсон. Эдгээр жилүүдэд тогтвортой ажиллах газар гэж байхгүй. Энд ч очиж хөөгдөөд, тэнд ч очиж ад үзэгдээд. 

ТҮЦ-ээ ачуулах болгондоо мөнгө өгч, эргүүлж авна. Ядаж ачуулж байгаа мөнгөөрөө ар гэртээ, үр хүүхдэдээ мах ч болтугай аваад өгвөл хэрэгтэй юм.-Нэг удаа ачуулаад эргүүлж авахад хэдэн төгрөг төлдөг вэ?

-Ачсан байраа эргүүлж авахдаа 150-160 мянган төгрөг өгнө. Тамхи зардаггүй болохоор бусад худалдааны мухлаг шиг торгууль ирэхгүй. Гэхдээ дарамт их ирдэг. Урьд нь их хэцүү байсан. Одоо бол шаардах бичиг өгөөд 14 хоногийн дараа ачна. Тэр үед нь хүн байхгүй аваад явчихна.


Хөрсөн дээр буугаагүй зүйлс нэхдэг

Бидний нэрлэдгээр 32-ын тойргийн автобусны буудлын ТҮЦ-ийн худалдагч Б.Болортуяа “Би энэ байрлалд ажиллаж эхлээд сар болж байна. Зөвшөөрлөө аваад ажиллавал амар юм. Манайхыг эхлээд зөвшөөрөл аваагүй учраас цахилгаан таслана гэсэн. Дүүргээсээ зөвшөөрөл авах гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын алба руу явуулна. Тэндээс нь асуухаар тийм юм гэж байхгүй гээд гаргаж өгдөггүй гэнэ. Тэгээд учраа олохгүй сууж байна” гэсэн юм. Энэ мэт тэр хавийн түргэн үйлчилгээний цэгүүдээр орж асуухад зөвшөөрөлтэй худалдаа эрхэлж буй хүмүүс алга. Мэргэжлийн хяналтын газраас хааяа ирж гэрчилгээ нэхдэг аж. Гэвч албан бичгээ аваагүй худалдаа эрхлэгчид байхгүй гээд л сууж байна. Ачна гэвэл өөр газар мухлагаа байрлуулна. Нэг талаар худалдан авагч, иргэдэд аюул учруулж байгаа боловч нөгөө талаар ТҮЦ эзэмшигчдийн үйл ажиллагаа “хэцүү” л харагдана. 

Худалдаа эрхлэгчдийнхээ асуудлыг шийдчихээд хотын өнгө үзэмжиндээ анхаарч болох л юм. Зургаан жил ТҮЦ-үүдийг хөөж туусан ч тэд багасаж, өнгөлөг болсонгүй. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг нэг болгох, нийслэлийнхэнд зөв мэдээллийг өгөх боломжийг нээж байна. Бүх зүйл нээлттэй байх ёстой. Хотын ажил бол амаргүй ажил. Тэр дундаа эрхзүйтэй уялдсан төсөв санхүүгийн асуудал, 30 жилийн гажуудлыг богино хугацаанд засаж залруулахаар ажиллана” гээд “Төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны болон захиргааны хэм хэмжээний актыг өөрчлөнө. Тодруулбал, ЖДҮ, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, ААН, байгууллага болон мэргэжлийн холбоо, ТББ-уудын оролцоог ханган, тэдгээрийн саналыг тусган хамтран ажиллана” гэсэн билээ. Тиймээс дээрх түргэн үйлчилгээний цэгүүдээс гадна ойролцоох цайны газар, хоолны мухлагуудын эзэдтэй уулзаж учрыг нь сонслоо. “Монгол Солонгос зоог” газрын эзэн Д.Отгонбаяр “Энд үйл ажиллагаа явуулаад 20 жил болж байна. Олон газраас зөвшөөрөл авдаг. 

Жишээ нь, хороо, гал, мэргэжлийн хяналт, цахилгаан түгээх зэрэг байгууллагаас зөвшөөрөл авна. Албан бичиг, зөвшөөрөл авахад хүндрэл нээх учирдаггүй. Гэхдээ манай нэрээр Мэргэжлийн хяналтын газарт худлаа, үнэн нь мэдэгдэхгүй гомдол очвол ирээд заавал торгодог. Үүнийг бас сайн ойлгохгүй л байгаа юм” гэв. Тус хоолны газраас холгүйхэн байх цайны газрын тогооч н.Туяа “Манайх түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг. Анх Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтаас ажлын байрны талаар үнэлгээ хийлгэсэн. Явцын дунд мэргэжлийн хяналтаас шалгах нь ихэссэн. Бидэнд сайжруулж, алдаагаа засах зүйл байлгүй яахав. Гэхдээ тэд хэт их стандарт шаардсан, хөрсөн дээр буугаагүй зүйлс нэхдэг. Ер нь, ирвэл заавал нэг алдаа олж харах гээд байдаг” хэмээв. Түргэн үйлчилгээний цэгүүдийг бодвол хоолны газар болон дэлгүүрүүд зөвшөөрөл, гэрчилгээ зэргээ авахад хүндрэл бага учирдаг аж. Зарим нь хоолны газар, дэлгүүр зэргийг түрээсэлж үйл ажиллагаагаа явуул­­­даг учир цаад эзэд нь бичиг баримтыг нь шийдээд өгчихдөг гэнэ.

 

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна