Гурбангулы Бердмухамедовын эхнэрийн зураг анх удаа хэвлэлд нийтлэгджээ


Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Турк­ме­нистаны Ерөн­хий­лөгч Гурбангулы Бердмухамедовын эхнэр Огулгерек Бердмухамедовагийн гэрэл зургийг нийтэлжээ. Туркмений төрийн тэргүүний эхнэрийн зураг ийнхүү анх удаагаа хэвлэл мэдээлэлд гарсан байна. Зургийг хамгийн эхэлж “SonDakika” цахим хуудас олны хүртээл болгожээ. Г.Бердмухамедов болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайып Эрдоган нар энэ сарын 27-нд Ашхабад хотод болсон хүлээн авалтын үеэр эхнэртэйгээ хамт патиар татуулсан байна. Р.Эрдоган Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтад оролцохоор Туркменистанд хоёр өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ.   

Туркменистаны албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Огулгерек Бердмухамедовагийн гэрэл зургийг нийтэлдэггүй аж. Ерөнхийлөгч Гурбангулы Бердмухамедов телевиз болон сонин, сэтгүүлд ганцаараа гардаг. Гэр бүлийнх нь зурагт хүү, охин болон ач нарыг нь харуулдаг байв. “Эрх чөлөө” радиогийн Туркмений албаны мэдээлснээр, Огулгерек Бердмухамедовагийн тухай ямар нэг баримт, түүний нас, ажил албаны талаарх мэдээлэл байхгүй аж. Гурбангулы Бердмухамедов гадаад улсад айлчлахдаа эхнэрээ дагуулж явдаггүй. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, 1991 онд тусгаар тогтнолоо зарласан Дундад Азид оршдог Туркмен улс их хаагдмал орон.

 Түркменистаныг 21 жил удирдсан Сапармурад Ниязов 2007 онд нас барж, түүний оронд Ерөнхийлөгчөөр Гурбангулы Бердмухамедов сонгогдсон. Түүнээс хойш улс орноо удирдаж байгаа. Түүнийг “Аркадаг” (ивээгч) хэмээн цоллодог. Сонгуулийн хороо нь Г.Бердмухамедов 2012 онд 97.14, 2017 онд 97.69 хувийн санал авсан гэж зарлаж байв. Түүнийг төрийн тэргүүн болсноос хойш Туркменистаны эдийн засаг уналтад орж, хоол хүнс, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хомсдолд орсон гэж олон улсын хэвлэлд мэдээлдэг.   


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна