Залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Playback” мюзикл


Б.ЛХАГВА

 “Монголын Урлагийн Зөвлөл”-ийн дэмжлэгтэйгээр “Соёл, урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн 2017-2021 төгсөгчид урлагаар дамжуулан өсвөр насныханд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх төсөл санаачилсан. Үүний үр дүнд “Playback” мюзикл жүжиг арванхоёрдугаар сарын 4-нд үзэгчдийн хүртээл болохоор болжээ.

Мюзикл жүжгийн ерөнхий найруулагчаар СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн багш Т.Цэнд-Аюуш, жүжгийн зохиолчоор тус сургуулийн “Утга зохиол судлал” хөтөлбөрийн IV дамжааны оюутан Г.Золбоо, хоёрдугаар найруулагчаар “Найруулах урлаг” хөтөлбөрийн IV дамжааны оюутан Д.Амгаланбаяр, хөгжмийн зохиолчоор “Жүжиглэх урлаг” хөтөлбөрийн IV дамжааны оюутан Л.Сайханбилэг, хөгжмийн найруулагчаар “Zun” продакшны продюсер Э.Дэлгэрдалай, бүжиг дэглээчээр Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчин Ц.Мөнхжин нар ажиллажээ. Гол дүрүүдэд СУИС-ын “Жүжиглэх урлаг” хөтөлбөрийн IV дамжааны оюутан Г.Мөнхжин,  Л.Сайханбилэг, А.Энхжин, Э.Аминхүслэн, болон “Бадмаараг” ахлах сургуулийн сурагч Г.Бямбацэнд нар тоглоно.

Найруулагч Т.Цэнд-Аюуш “Төсөлдөө гол нь залуу уран бүтээлчдийг оролцуулсан. Энэ сонголт нь залуу хүмүүс, хүүхдүүдэд илүүтэй хүрэх болов уу. Бид жүжгээ өсвөр үеийнхнээс авсан судалгаанд үндэслэж төлөвлөсөн. 

Уг төслийн зорилго нь мюзикл жүжгээрээ дамжуулан өсвөр үеийнхэн болоод тэдний эцэг эхчүүдэд цахим орчны хяналтгүй хэрэглээ хэрхэн аюул учруулдаг. Тэр тусмаа өсвөр үеийнхний хайр дурлал, нөхөрлөлөөр дамжуулан гадуурхалт бусдад хэрхэн нөлөөлдөг, ямар хүндхэн нөхцөл байдал руу түлхэж байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон” гэлээ. Ийнхүү залуу уран бүтээлчдийн хамтын бүтээл болох “Playback” мюзикл жүжиг ирэх амралтын өдөр ”Улаанбаатар чуулга”-ын тайзнаа ганцхан удаа хөшгөө нээх нь ээ.

 


1
19
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна