Экспортын стратегиа нарийн боловсруулж, тодорхойлох хэрэгтэй


--- “Увсын чацаргана” нь Европын Холбооноос Монголын бүтээгдэхүүний анхны Газарзүйн заалтыг авах бүрэн боломжтой болсон---

Б.БАЯРТОГТОХ

 ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “ProValue” төслийн ахлагч Рольф Шпайттай ярилцлаа. Энэхүү төсөл нь Архангай болон Увс аймагт хэрэгжсэн юм.

-Монгол Улсын эдийн засаг, экспорт, төсвийн орлого бүхэлдээ уул уурхайн салбараас ихээхэн хамаарч байгаа. Энэ хэт их хамаарлаа цаашид бууруулах, орлогын олон эх үүсвэртэй болох буюу эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай тулгараад байна. Уул уурхайн бус экспортыг хэрхэн хөгжүүлэх боломжтой гэж та харж байна вэ?

-Эхний ээлжинд кластерын бүлгүүдийг байгуулах хэрэгтэй. Үүний дараа тодорхой салбарын компаниуд болон төрийн байгууллага, бусад оролцогч талууд уулзаж, нэгдсэн экспортын чиг баримжаа болох стратегиа нарийн боловсруулах хэрэгтэй. Энэхүү стратеги нь зөвхөн цаасан дээр байх төдий биш амьдралд хэрэгжиж буй бодит алхмуудыг агуулсан байх нь маш чухал. 

Стратегийн нэг хэсэг нь экспортын боломжтой, баримжаатай бүтээгдэхүүнийг тодорхойлох. Тухайлбал, Экспортын боломжтой бүтээгдэхүүн гэвэл чацарганы тос байна. Чацарганы хувьд эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг, тээврийн зардал багатай зэрэг давуу тал цөөнгүй, өрсөлдөх боломж тэр хэрээр өндөр байна гэсэн үг. Дараа нь импортлогч буюу худалдан авагч улсын тухайн бүтээгдэхүүний талаарх стандартыг нарийвчлан шалгаж, Монголын экспортлогчид, үйлдвэрлэгчид эдгээр шаардлага, стандартыг хэрхэн мөрдөж байгааг анхаарах хэрэгтэй. Үүний дараа бүтээгдэхүүний цаашдын хөгжил яригдана.

-Уул уурхайн бус экспортыг дэмжих, чацаргана болон ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох “ProValue” төслийн хэрэгжилтийг та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Төслийн хэрэгжилт, одоогийн үр дүнг бид маш эергээр үнэлж байгаа. Увс аймагт “ProValue” төсөл  нь  чацаргана тариалагчид, боловсруулагчдад орлогоо нэмэгдүүлэхэд  үнэтэй хувь нэмрээ орууллаа. Энэ нь тариалалтын арга техникийг сайжруулж, өндөр чанартай суулгацыг нутагшуулснаар үйлдвэрлэл, бүтээмж нэмэгдсэн нь гол үр дүн юм. Энэ жил Увсын тариаланчид 700 гаруй тонн жимс хурааж, түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй ургац авах төлөвтэй байна. Боловсруулагчид элсэн чихэргүй чацарганы шүүс, чацарганы чанамал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн санал болгож байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард чацарганы чанамал үйлдвэрлэх шинэ үйлдвэр ашиглалтад орсон. Мөн Увс аймагт тариалалт, боловсруулалт нь GlobalGAP зэрэг олон улсын стандартын дагуу хийгдэж байна. “Увсын чацаргана” нь Европын Холбооноос Монголын бүтээгдэхүүний анхны Газарзүйн заалтыг авах бүрэн боломжтой болсон. Pro Value төсөл нь Монголын хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

Архангай аймагт мал эрүүлжүүлэх болон цахилгаан хайчаар хонь хяргах төв байгуулж, Архангай аймгийн орон нутгийн засаг захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр түгээн дэлгэрүүлсэн шинэ загвар боллоо. “ProValue” төслийн үр дүнд  тус төвөөр дамжуулан малын эрүүл мэндийг сайжруулж, хонины тарга хүчийг нэмэгдүүлэхэд хонины тогтмол угаалганд хамруулахын давуу талыг сурталчлан ажиллаж байна.  -Чацарганы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгоход орон нутгийн дэмжлэг, туслалцаа хэр байсан бэ?

-Бид Увсад аймгийн захиргаанаас эхлээд орон нутгийн үйлдвэрлэгчдээс бүх талын дэмжлэг  туслалцаа авсан.  Жишээлбэл, ихэнх хөрөнгө оруулалтын зардлыг “ProValue” төсөл гаргасан хэдий ч орон нутгийн бизнес эрхлэгчид ч тодорхой хэмжээгээр хуваалцсан. Орон нутгийн хэмжээнд ийм идэвхтэй оролцоог хангасан нь төсөлд оролцсон талууд харилцан тохиролцоонд хүрч, нэгдэж, нягтарч чадсантай холбоотой. Тухайлбал, төслийн санаачилгаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2016 оноос эхлэн Чацарганы баярыг жил бүр тогтмол зохион байгуулж хэвшлээ. Мөн Тэрэм хадны орчмын усалгааны шуудууг шинэчлэн засварлаж, усны алдагдлыг багасгаж, тариаланчдад хүрэх усны хүртээмжийг нэмэгдүүллээ. Төслийн хэрэгжилтийг үр дүнтэй байлгахад орон нутгийн дэмжлэг, туслалцаа маш их байсныг эндээс харж болно.

-Уур амьсгалын онцлог, бэлчээрийн мал аж ахуйгаас шалтгаалж тогтвортой үйлдвэрлэл явуулахад хүндрэл их байна. Үүнийг уян хатан, эрсдэл багатай шийдвэрлэх тал дээрх таны бодол?

-Тогтвортой үйлдвэрлэл нь Монгол Улсын эдийн засгийн хувьд нэн чухал. Үүний нэгдүгээрт, Монголын хөдөө орон нутагт байгаль орчны сорилтууд тулгарч байдгийг ойлгож, үүнд бэлтгэлтэй хандах хэрэгтэй. Монгол хүнсний бүтээгдэхүүн “ногоон, цэвэр” гэж олонтаа сонссон. Гэсэн хэдий ч энэ нь заавал тийм байх албагүй. 

Жишээлбэл, пестицидийг хэтрүүлэн хэрэглэх, талбайн ойролцоо хог шатаах зэрэг нь зохисгүй үйлдлүүд бөгөөд өнөөдөр ч Монголын хөдөө орон нутагт элбэг тохиолдож байна. Үүнийг ухамсарлах, сургах, илүү тогтвортой туршлагыг аажмаар нэвтрүүлэх замаар шийдвэрлэх боломжтой. Олон улсын стандартууд энэ талаар сайн зааварчилгаа өгдөг. 

Бэлчээрийн мал аж ахуйд бидний баримталж буй бодлого бол одоо байгаа мал сүргээсээ илүү ашиг шим хүртэх явдал. Тухайлбал, малын эрүүл мэндийг нь сайжруулж, тарга хүчийг нэмэгдүүлэх, хонины ноосны чанарыг сайжруулах, ингэснээр малчид тооноос илүү чанарт анхаарах, ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм

-Увс аймгийн тариаланчид, үйлдвэрлэгчдийн хүчин чадал, бие даасан байдал  ямар хэмжээнд хүртэл хөгжсөн?

-Увсад чацарганы үйлдвэрлэл, боловсруулалтын салбар их өөрчлөгдсөн. Төсөл эхлэхээс өмнө үндсэн сайн туршлагууд хүртэл бараг мэдэгддэггүй байсан бөгөөд зөвхөн цөөн хэдэн бизнес эрхлэгчид үүнийг дагаж мөрддөг байв. Одоо ихэнх тариаланчид, боловсруулагчид үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадавхийг эзэмшсэн. Салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа мэдэгдэхүйц сайжирч, шаардлагатай бүх ноу-хау хуваалцах боломжтой болсон. Увс аймагт чадавхи, бие даасан байдал жинхэнэ утгаараа бүрэн дээшилсэн.

-Ерөнхийд нь дүгнээд хэлбэл, Монгол Улсын хөгжил хөдөө орон нутагт байна гэж та өмнө нь хэлж байсан. Өнөөдөр энэ сэтгэгдэл хэр гүн байна вэ?

-Миний харахад Монгол Улсад хөдөөгийн үйлдвэрлэлийг тогтвортой байдлаар шинэчлэх боломжтой бөгөөд орон нутгийн хүн амыг хамарсан өргөн хүрээтэй өсөлтийг энд бий болгох боломжтой юм. Төслийн хүрээнд гарсан туршлагыг амжилттай хэрэгжүүлж болох эдийн засгийн өөр олон салбар бий.

-Орон нутагт ажилгүйдэл их байна. Ажлын байрны хүрэлцээгүй байдлаас ядуурал нэмэгдэж байна. Өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд төр хэрхэн анхаарах нь зөв гэж та үзэж байна вэ?

-Засгийн газар, МҮХАҮТ болон бусад хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран хөдөө орон нутагт эдийн засгийг кластераар хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх нь үр дүнтэй. 

Бүх аймагт эдийн засгийн ирээдүйтэй салбаруудад кластерийн бүлгүүд байгуулж, шаардлагатай арга хэмжээний талаар хоорондоо ярилцаж, олон улсын туршлагатай уялдуулан эдгээр бүлгийг чадавхижуулах хэрэгтэй. Бэлэн жишээ нь “ProValue” төсөл. Монголын оролцогч талууд төслийн үйл ажиллагаа бодит байдалд  хэрхэн амжилттай хэрэгжсэнийг  харахын зэрэгцээ эндээс туршлага судлах, суралцах нь чухал.-Төслийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломж бий юу? Төсөл үүнийг дэмжих боломжтой юу?

-Сарлагийн хөөвөр, торомны ноос, ноосоор хийсэн эсгий даавууг Герман Улсад экспортлоход дэмжлэг үзүүлж, дээд зэрэглэлийн эсгий хүрэм үйлдвэрлэж байна. ProValue төслийн хамтрагч Герман компани онлайн дэлгүүр нээсэн. Харамсалтай нь, Ковид-19 цар тахлын улмаас эдгээр хүрмийг Герман дахь холбогдох үзэсгэлэн худалдаагаар дамжуулан  сурталчлах боломжгүй байсан ч 2022 оноос хойш үүнийг хийх боломжтой болно гэж найдаж байна. Мөн бид 2018 онд Японд болох FoodEx үзэсгэлэнд чацаргана үйлдвэрлэгч хэсэг хүнийг оролцуулахыг дэмжсэн ч тухайн үед үйлдвэрлэгчид шаардлагатай стандартыг хангаж чадахгүй байгааг ойлгосон.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна