Нийслэлийн “маргаашийн ажил”-ыг танилцуулав


Н.БАЯР

2040 онд бид ямар хотод амьдрах вэ. “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд нийслэл 2,8 сая хүнтэй, 667 мянган өрхтэй, хоёр шинэ төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвтэй, сургуулийн тоог 84-өөр, цэцэрлэгийг 425-аар тус тус нэмэгдүүлсэн, иргэд олон нийтэд  үзүүлэх нийгмийн болон төрийн үйлчилгээг нэмсэн, 1738 км зам, 14 олон түвшний уулзвар, 30 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц шинээр байгуулан, оргил цагийн хөдөлгөөний дундаж хурдыг 22,5 км/цаг болгон нэмэгдүүлсэн байхаар тусгасан” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага форумд хэлсэн үгэндээ онцлов.

Хорин жилийн дараах дүр зураг гэсэн үг. Энэ олон км зам, тэр олон уулзвар, гүүрэн байгууламж, нүхэн гарц гэхээр ирэх жилүүдэд нийслэлд бүтээн байгуулалтын ажил ундрах нь гэж харагдлаа. Мөн тэрээр иргэн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хот болгох чин хүсэл бодит амбицтай гэсэн.Хөрөнгө оруулагчид болоод дипломат ажилтнуудын өөдөөс харж зогсоод Нийслэлийн Засаг дарга “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулснаар хот илүү хурдацтай урагшлах хаалгаа нээж чадсан.  2022 оноос хэрэгжих энэ хуулиар нийслэл хотын эрхзүйн чадамж дээшилж, үнэт цаас гаргах, нийслэлийн хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэл концессоор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах замаар нийслэл хотыг нэг төвт хотоос олон төвт болгон хөгжүүлэх эрхзүйн үндэс бүрдэж байгаа.

 Мөн хуулийн хүрээнд нийслэ­лийн эдийн засаг санхүүгийн бүсийг шинэчлэн тодорхойлж, орло­гын эх үүсвэр нэмэгдэж, санхүүжил­тийн шинэ механизм бий болсноор хот  эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж бүрдэнэ гэж бид бодитойгоор харж байна. 

Асуудлаа шийдэх боломжийг тодорхойлсон, ирээдүйн Улаанбаатар хотыг ямар түвшинд хүргэх вэ гэдэг нь ойлгомжтой харагдсан, Улаанбаатар хотын өмнө гэрэл ассан гэдгийг хотын даргын хувьд нүүр бардам хэлж чадаж байна.” хэмээн өөдрөгөөр өөртөө итгэлтэй хэлэхийг харах нэг талаар сайхан байв. Ковидын цар тахлын улмаас хумиж танаж болох л бүхий л боломжийг эрэлхийлж байгаа энэ үед хотын дарга маань нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болох түгжрэл төвлөрлийг олон сая ам.долларын санхүүжилт шаардсан хөнгөн галт тэргээр шийдэх талаар танилцуулах нь хэтэрхий өөдрөг харагдавч, амьдрал үргэлжилж, улс орон хөгжих ёстой учраас маргаашаа харж байгаад нь талархаад сонслоо.Өнөөдрийн байдлаар нийслэл сая 597 мянган хүнтэй. Монгол Улсын хөдөлмөрийн насны нийт хүн амын 64 хувь нь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 69,4 хувь нь нийслэл хотдоо төвлөрч, ДНБ-ний 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Хотын захирагчийн хэлснээр жил бүр 35 мянган хүн нийслэлд шилжин ирж суурьшдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бусад аймаг сумдаас нийслэлийг зорин амьдрахаар ирдэг гэсэн үг. Ийн хүн ам өсөн нэмэгдэх тусам нийслэлийн шийдвэрлэх асуудлууд шил даран нэмэгдсээр байгааг хэн хүнгүй мэдэрч, мэдэж л байгаа. Утаа, хогноос эхлээд унаа, хоол хүнс, түгжрэл бөөгнөрөл гээд үе үеийн нийслэлийн удирдлагуудын хувьд шийдвэрлэх асуудлууд нэмэгдсэн үү гэхээс хасагдсан нь лав үгүй.  Гэхдээ өмнө нь энэ бүх асуудлыг шийднэ, хийнэ, хийсэн байх болно гэж ирээдүй цагт ярьж, төлөвлөж үлдээсэн нь өнөөдөр хэдэн сонины шарласан хуудсанд дурайтал хадаатай буй.

Хэрвээ 2008 онд тухайн үеийн Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр 2021 онд нийслэл гэр хороололгүй болно гэж амласан бол Э.Бат-Үүл хотын даргаар сонгогдохдоо 2017 онд метротой болгоно гээд Сонгинохайрхан дүүрэгт шав тавьсан. За утаагүй болох тухай амлалт бол 30 жилд хэчнээн ч удаа байсан юм бүү мэд. Хамгийн сүүлд өнөөдрийн Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа юу юугүй дүүжин тээврээр биднийг Зайсангаас Сүхбаатарын талбайд буулгачих дөхсөн.  Тийм учраас өнөөдөр нийслэлчүүдэд яг үнэндээ хотын даргын хэлснийг долоо хэмжиж, нэг огтлоод гараар барьж нүдээр үзсэний дараа л илтгэл үнэмшил төрөхөөр болж.

Өчигдөр болсон “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” фору­мын үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ирэх жилүүдэд хийх ажлаа онцлон ярихыг сонсоод өөрийн эрхгүй сонины шарласан хуудсан дээрх хэдэн гарчиг харагдаад байсныг нуух арга алга.Засаг даргын хэлснээр бид хамгийн түрүүнд Нисэхээс Яармагийн гүүр тэндээс Хан-Уул дүүргийн араар гарч, Гэгээнтэн хороолол, Баянзүрхийн 26 дугаар хороог дамжаад Сансар руу очих гүүрэн байгууламж бүхий хурдан галт тэрэгтэй болох нь.  Нэг чиглэлд зорчих цагаар тооцоход дунджаар 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай энэ хөнгөн алт тэрэгний ачаар түгжрэлийг 17-22 хувиар бууруулах боломжтой аж.

ТЭЗҮ боловсруулах ажил ид өрнөж, өдөр бүр шахуу гадаадын зөвлөх болоод бүтээн байгуулагч компаниудын төлөөлөлтэй уулзаж байгаа гэв. Мэдээж бүтвэл баярламаар л мэдээ. Ялангуяа Нисэх Яармаг орчмоос гурваас дөрвөн цаг зорчиж байж 15-20 км зам туулж байгаа иргэдийн хувьд цахилгаан галт тэргээр сүн хийгээд ороод ирвэл сайхан байлгүй л яахав. LRT  буюу хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтын ажилд хот бүх хүчээр орж, санхүүжилтийн олон талт боломжийг судалж, олохын төлөө ажиллаж байгаа гэнэ. Түүний онцлоод байгаа шиг нийтийн тээврийн цоо шинэ соёл. 

Хамгийн сүүлд Вьетнамд 660 сая ам.долларын өртгөөр хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтын ажлыг таван жилийн хугацаанд хийсэн туршлагатай компаниудтай ч уулзсан гэнэ. Таван жил гэхээр нийслэлийн 2020 оны сонгуулиар бүрдсэн баг дөнгөж эхлүүлээд орхих ажил мэт санагдсан ч нийслэлийн Засаг даргын тайлбарласнаар Вьетнамын хувьд газар чөлөөлөлт,  ажлын явцын дунд захиалгаа хэдэнтээ өөрчилсөн нь ийн сунжрах шалтгаан болсон гэнэ. Харин бид ТЭЗҮ-ээ бүрэн хийгээд шийдлээ гаргаж, ажлын төлөвлөгөөг эцэслээд тохирч чадвал 24 сарын ажил гэв. Ийн өөдрөгөөр харвал ямар ч байсан 2024 оны сонгуулиас өмнө хөнгөн галт тэргээр Нисэх орчмын иргэд хотын төвдөө сүнгэнээд ороод ирэх боломжтой  болох аж. Гэхдээ мэдээж 2024 онд хөнгөн галт тэрэгтэй болно гэдэг гарчиг өгөхөөс эмээж байгаагаа нуумааргүй байна. Японы “Жайка”-гийн инженерийн зөвлөснөөр резинэн дугуйтай, батерейгаар ажилладаг нь манай -40+40 градусын эрс тэс цаг уурт тохирохгүй бөгөөд цахилгаанаар явдаг байх шийдлийг сонгох нь. Эхлээд дээд галт тэрэгээ захиалаад дараа нь төмөр, бетонин хийцийн өртөг зардлыг тооцдог учраас багагүй судалгаа орох нь. Дэлхийн бусад орны жишгээс харвал  хийцээсээ шалтгаалаад нэг км зам 25-30 сая, 45-50 сая ам.долларын өртөгтэй. Манай улсын хувьд хамгийн чанартай бас хамгийн бага өртөгтэйг болж өгвөл сонгоно. Одоогоор дундаж тооцоог 400-500 сая ам.доллар гэж гаргаад байгаа гэсэн юм.

Зөвхөн үүгээр завгүй хотын иргэдийн цагийн идүүр болсон замын түгжрэлийг бууруулна гэвэл боломжгүй. Энэ бол нэг шийдэл нь. Үүний дараа юу хийх вэ гэдгийг нийслэлийн удирдлагууд ингэж тооцоолоод байгаа аж.-Улаанбаатар хот 71,5 км урттай, 3 эгнээтэй тойрог хурдны замын бүтээн байгуулалт хийх ТЭЗҮ хийж байна.

-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдсэн, хотын зам аюул осол гарах эрсдэл өндөртэй  гэдэг дүгнэлт гарсан зэргээс үүдэн аюулгүй гарц барих

-Гэр хорооллын замуудыг холбосон хурдны зам барих. Ингэснээр Баянхошуу, Толгойт, Хайлааст, Сэлбэ гэх мэт хотын дэд төвүүдийг  бий болгож, хурдны замаар холбож, хотын төвд байгаа стандарт, ажлын байрныг  бий болгож, түгжрэл бөөгнөрлийг сааруулах асуудлыг богино хугацаанд шийдэх

Одоогоор төлөвлөсөн томоохон ажлуудын эхний зураглал иймэрхүү гарчээ. Мэдээж такси үйлчилгээ, нийтийн тээврийн хүртээмж, парк шинэчлэл, цахилгаан дугуй,  явган хүний гарц, ногоон байгууламж гээд шийдвэрлэх асуудлууд шил даран хүлээж байна гэдгийг нийслэлийн Засаг дарга өөрөө тодорхой хэлнэ билээ.Хэрвээ гэсэн асуултгүй хийж хэрэгжүүлээд, нүдэнд харагдаж, гарт баригдвал сайхан л санаанууд. Гэвч өмнө дурдсанчлан хэдэн жилийн дараа сонины шарласан хуудас эргүүлэх бүрт харагдаад ундууцал төрүүлээд эхэлбэл...

Харин Нийслэлийн Засаг дарга УИХ-ын түвшинд нийслэлийн 26 гишүүний бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо, Засгийн газрын түвшинд Ерөнхий сайдаар ахлуулсан “Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо” гэсэн дэмжлэгтэй, МАН бүхий л түвшинд төрийн эрх барьж, нэг зорилго, нэгдсэн бодлогоор нэг зүг харж байгаа учраас энэ бүхэн бүтэх санаа” гэсэн. Дээрээс нь 2021 оны Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор ирэх 3 жилд жил бүр 420 тэрбум төгрөгний эх үүсвэрийг улсын төсөвт суулгаж, нийслэлийн төсөвт үлдээхээр шийдвэрлэсэн, санхүүжилт босгох хөрөнгө оруулалт татах боломжийг эрхзүйн орчноор баталгаажуулсан зэрэг олон давуу тал байгаа гэсэнд нь итгээд харья даа.

 


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.192
    2021/12/03

    Уламжлалт трамбай түгжрэл бий болгодог. Түгжрэлээс гарах төгс арга тусгай замын тээвэр

    Хариулах