П.Баттулга: Mиний итгэл үнэмшилд өв уламжлал, зан заншлаа авч үлдэх нь чухал гэсэн ойлголт бий


Б.ЛХАГВА

Монгол өв соёл, “Эгэл” төслийг санаачлагч, Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга, гэрэл зурагчин П.Баттулгатай ярилцлаа.

-Яриагаа таны хэрэгжүүлж буй “Эгэл” төслөөс эхлэе. Та ямар шалтгаанаар уг төслийг санаачилж байв?

-Би 1995 оноос хойш өдөр тутмын сонин, хэвлэлийн салбарт 20 жил орчим ажиллалаа. Эхний 10 жилд гэрэл зургийн сурвалжлагч, үлдсэн жилүүдэд нь сэтгүүлч мэргэжлээр явсан. 2012 онд “Zev photo” студийг үүсгэн байгуулж, дараа нь Монгол гэрэл зургийн нэгдсэн холбоондоо ажиллаж байна. Залуу наснаасаа л монгол ахуйн фото зурагт татагдсан. Тэр үед томилолтоор хөдөө, орон нутаг явж хальсны аппаратаар зураг авдаг байлаа. Сүүлийн үед хувиараа ажил эрхэлж, үндсэн сонирхлоороо хөдөө нутгаар явж сурвалжилга хийхийн зэрэгцээ судалгааны ажил эхлүүлсэн. Ингээд 2019 оны зургаан сараас Монгол угсаатны өвийн “Эгэл” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Уг төсөл нэрээсээ эхлээд эгэл энгийнээс агуу бүхэн бүтдэг гэх санааг агуулна. Монгол ахуй бол хамгийн эгэл. Энэ үгэнд л Монголчуудын гэх онцлог, хамаарал бүхий бүх зүйл багтах юм. 

Хүмүүс хөдөөний нэг сайхан буурал бурхан болоход нэг судар ном дагаад устлаа гэж ярьдаг. Тиймээс тэр хүмүүстэй амьд ахуй дээр нь ярилцаж, уламжлалт эдийн соёл, биет бус өв, түүнийг нь сонсож үлдэх ёстой. Энэ мэтээр миний итгэл үнэмшилд өв уламжлал, зан заншлаа авч үлдэх нь чухал гэсэн ойлголт бий. Тодруулбал, хорь хүрэхгүй жилийн хугацаанд Монгол уламжлал, нүүдэл устаж үгүй болчих юм шиг. Өнөөдөр тавин насандаа нүүдэл хийж байгаа энэ хүмүүс маань арван жилийн дараа нүүдлийн ая даахаа боливол яах уу? Хөдөө нутгаар явахад дээрх уламжлалыг үргэлжлүүлэх үр хүүхэд, ач зээ нь ховор. Ингээд үзвэл уламжлагдаж ирсэн ахуйн соёл маань алга болчих вий дээ гэсэн  санаа зовнил надад байна. Тэр утгаараа энэ сэдвийг барьж авч, гэрэл зургаар баримт болгож үлдээхийг зорьсон. Мөн эгэл сайхан хүмүүсийн яриаг авч үлдэх нь чухал байна. Сарын өмнө Дундговь аймгийн Дэрэн сумын Г.Дадьсүрэн гэх буурай бурхан болчихлоо. Тэр хүн “Уяхан замбуу тивийн наран” дууг нутгийнхаа аялгуугаар Н.Норовбанзад гуайд зааж байсан. Түүнээс “Боржигон найр” гэж ямар найр байдаг, хэдэн түрлэг дуу дуулах ёстой, тэр хүмүүс нь яаж найрладаг тухай авч үлдсэн. Хүн болгон өөрөөр ярих ч Г.Дадьсүрэн гуайн ярьсан өв ганцхан.

-Та төслөө эхлүүлснээс хойш Монгол нутгаар нийтдээ хэр км урт замыг туулсан байна?

-Би 40 орчим мянган километр замыг туулжээ. Ярилцлага авч, тэмдэглэл хийсэн 110-аад хүн байна. Гурван жилийн хугацаанд авсан нүүдлийн зургууд л гэхэд дөрвөн терабайт хэмжээнд хүрсэн байна.

-Зөвхөн нүүдлийн зургууд л гэж үү?

-Арван өөр нүүдлийн зураг. Нүүдлийн зураг авна гэдэг нь өнөөдөр цаг хугацаа товлоод маргааш шууд авчихдаг юм биш. Тухайн айл маань хэзээ, ямар нөхцөлд, яаж ч нүүж магадгүй. Тиймээс эхлээд утсаар холбогдож хаашаа хөдлөх талаар асууна. Нутаг орны удирдлагатай ярина. Ингээд нүүдэл хөдлөх хугацаанд нь тааруулж нь очиж зураг авна уу гэхээс зохиомлоор нүүдэл үүсгэх боломжгүй. Гэхдээ нүүдэл бол дэд сэдэв. Монгол ахуй дотор маш олон зүйл бий. Түүнийг нүүдэл өөртөө агуулж явдаг.

-Арван өөр нүүдэл гэлээ. Таны олж тэмдэглэснээр нутаг орноосоо шалтгаалаад нүүдэллэх өөр өөр онцлогийг ингэж хэлж байна уу?

-Зураг аваад явж байхад миний олж үзсэнээр уламжлалт арав орчим нүүдэл байна. Машин тэрэг ашигладаггүй ердийн хөсгөөр нүүдэг. Тэмээ, үхэр, цаа бугыг ачилгад ашигласан гурван төрлийн нүүдэл байна. Тэр нь дотроо олон янз. Хангай нутагт “тэмээний нуруу” ачиж нүүнэ. Харин Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд намрын цагт “Их-Монгол” элсийг давж нүүхийн тулд тэмээний нуруунд ачаа ачиж давдаг. Энэ хоёр гэхэд өөр өөр. Элсний нүүдэл нь сүүлийн тэмээндээ морь уядаг шонгоо ачивч, чирүүлж мөр гаргадаг. Үүгээрээ ялгаатай. Тэр элсэн далайг зөвхөн тэмээ л давж гарна. 

Шонгийн модноос үлдсэн мөр дараа дараагийн айлуудад мэдээлэл болж үлддэг. Мөр харсан айлууд энэ хавиар айл явж өнгөрсөн байна. Тиймээс бид арай өөр газраар явах ёстой, олон мал нэг дор цуглах нь гэх мэт. Жижигхэн зүйлээс л Монгол өв соёл харагдана. Хархираа өндөр уулсын нүүдэл гэж бий. Увс аймгийн өндөр уулс дунд тэмээ л зөвхөн орж, гардаг хонхортой. “Олон нуур”-ын зуслан гэх газарт “Ховд”, “Хөх мөрөн” сумдын 250 орчим айл ирж зусна. Намар болохоор буцна. Найман сард тус газар савтай ус зайрмагтаж хонодог. Тийм сэрүүхэн сайхан нутаг. Хангай нутгийн хад асганд тэрэг чирэх боломжгүй, зөвхөн ачиж хөдөлнө. Харин тал нутагт тэмээн тэрэгний нүүдэл явдаг. Энэ нь Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумдад ажиглагдана. Ингээд нутгийн онцлог уламжлалаасаа шалтгаалж өөр өөр болно. Дээрх зүүн аймгийн нутагт тэмээн тэрэгний чингэлэг, мөхлөг зэргийг байрлуулдаг.

Үхэр тэрэгний нүүдлийг Монголчууд сайн мэднэ. Гэхдээ дотроо олон янз. Зуны цаг ойрын зайд бууриа сэлгэх бол өвлийн улиралд 100-300 километр зам туулж хүрдэг отрын нүүдэл бий. Жишээлбэл, Завхан аймгийн Их-Уул сумаас гарсан 30-40 өрх малчид Цахир сум дамжиж, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын эхэнд очдог. Тэд уул хангай зэрэг бартаатай замыг туулахдаа “ханан дугуй”-даа хоноглоно. Ханан дугуй гэдэг нь гурван хана тойруулж, дээгүүр нь нэг хана хөндлөн тавьж, эсгий туургаар бүрэхийг хэлнэ. Мөн Дархадууд тэмээнд нуруу ачдаг шиг “үхэрт нуруу” ачна. Янгирцаг буюу модон эмээл тохож, хүндийн төвийг нь тааруулаад гэрээ ачдаг. Үхрээ барагтай бол хөтөлж явахгүй заримдаа мал дундаа туурна эсвэл өмнөө тууж явна.

 Монгол гэх угсаатны талаар ярьж байгаа бол бүх Монголчуудыг хамрах ёстой. Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд үхэр тэрэгний нүүдэл ажиглагдана. Гэхдээ манай нутгаас өөр, үхэр тэргэндээ чингэлэг тогтооно. Гэрийн тооно нь хүртэл ялгаатай, уньтайгаа үргэлж сархинаг тооно байна. Манайхан үхрийн хүзүүн дээр ганц буулга модоор тэргээ чиргүүлж, хамран дахь дөрөөр нь хөтөлнө. Харин урд зүгт хүзүүний дээд, доод талд нь хоёр буулга мод байрлуулах бөгөөд дөр ашиглахгүй. Монголчууд тэмээн тэргэнд л чингэлэг, мөхлөг ярьдаг бол тэнд үхэр тэргэндээ бараа хураах чингэлэг, хүн суух мөхлөг хийжээ.

-Энэ бүхнийг ингэж сайн судалж, эд анги бүрээр нь салгаж ярьж буйгаас харахад та хөдөө өссөн үү?

-Үгүй шдээ. Би хотын хүүхэд. Гэхдээ бага зэрэг хөдөөтэй ойр өссөн. Манай өвөө, эмээ хоёр хотын захад хэдэн үхэр малладаг байсан. Тэнд бага насаа өнгөрөөж, хичээлийнхээ амралтаар очиж ус түлээ зэргийг нь бэлдэнэ. Би хүүхэд байхын хөдөө, малчдын аж ахуйг дүрсэлсэн хуучин цагийн кино, ном зохиолыг үзэж өссөн. Эдгээрээс болж л татагдсан байх.

-Завхан аймгийн Их-Уул сумын нүүдэлчдийг гурван жилийн хугацаанд 11 удаа очиж зургийг нь авсан гэсэн. Ингэж нэг газраа олон дахин очихоор шинэ зүйл нэмж харж чадах уу?

-Талдаа 800 орчим километр газарт өвөл, зунгүй очсон. Учир нь хавар нутагтаа үлдсэн болон отрын нутагт төллөсөн мал ямар ялгаатай байдгийг үзэх санаатай. Зуны дэлгэр цагт яаж зусдаг. Намар Монгол ахуй хэрхэн харагддаг зэргээс шалтгаалж олонтоо очсон. Би нэг л зүйлээ харах гэж түүнийхээ зургийг нь авах гэж зүтгээд. Очих болгонд тэр газар заавал өөр, шинэ зүйл олж хардаг. Сая очоод ирэхдээ хүртэл “гарын шар” гэж ямар үхрийг хэлдгийг мэдэж авлаа. Хөтөлж явахдаа уяаг нь сул орхивол явдаггүй, номхон дөлгөөн, их том эвэртэй байх ёстой. Том эвэртэй үхэр эвгүй гэдэг ч тэр тусмаа толгойгоо сэждэггүй юм байна. Харин хөсгийн хоёрт хамгийн хүчтэй, том шар нь байрлана. Гуравт нь малчин болгон өөр өөрсдийнхөө шинжсэн сайн гэсэн үхрээ оруулна. Харин дөрөв болон тавт гунан үхэр юм уу нас гүйцсэн үхрийг тэрэггүй хөтөлж явна. Тэдгээр шарууд эхний үхрүүдэд аюул учрахад оронд нь байрлах юм. Энэ мэтээр энгийн атлаа, ардаа уран нарийн учиртай зүйлсийг мэдэж авна. Үүнийг надаар дамжуулж олон нийт таних юм даа.

-Та өнгөрсөн есдүгээр сард “Ноолуурын салбарын тогтвортой байдал” олон улсын хуралд “Нүүдэлчин ахуйг орчин үеийн дизайнд урвуулах нь” сэдэвт итгэлийг олон улсын хуралд тавьж хэлэлцүүлсэн. Энэ мөн л “Эгэл” төсөлтэй холбогдож байгаа юу?

-Манай нүүдэлчин ахуйд орчин үеийн дизайны элементүүд байгаа гэх санаа дэвшүүлсэн. Илтгэлдээ нүүдэл, өнгө, тооно, адуун соёл, элдэв гэх таван үндсэн сэдвийг ярьсан. Тодруулбал, дугуй дүрс, тэгш хэм гэдэг нь монголчуудад их утга учиртай. Тооно олон янз байвч дугуй л хэлбэртэй. Үхэр тэрэгний дугуй, хана, гэрийн буйр, сур, огт, бугуйл нь хүртэл дугуй. Ц.Чимэддорж гуайн “Би майга” шүлэгт

“Суунаг ногоон талд ханаан дугуйлах шиг майга

Суран бугуйл тэнгэрт гогцоорох шиг майга

Халхын их Занабазарын хадан дээрх мөр шиг майга

Хацар гоо охидын хар саран хөмсөг шиг майга” гэж өгүүлдэг. Дээрх сэдвийн хүрээнд зургаа харуулж, ярьснаар модны өнгийг, дугуй дүрсийг, нүүдэл дундах ахуйг, адууны соёлд байх эмээл хазаарын чимэглэлийг ноолууран эдлэлдээ авч хэрэглээсэй, тусгаж үзүүлээсэй гэж хүссэн юм. Энэ л үүднээс сэдвээ хэлэлцүүлсэн.


 

 


3
7
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна