Б.Энх-Амгалан: Цар тахлын үед оюу толгой амортизаторын үүрэг гүйцэтгэж байна


МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн багш нар Оюу толгойн Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг судалсан. Таны хувьд ““Ковид-19” цар тахлын үед Оюу толгойн Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлсэн нөлөө” хэсгийг судалж үр дүнг нь танилцуулжээ. Ярианыхаа эхэнд Оюу толгойн Монголын нийт эдийн засагт үзүүлж буй нөлөөг хэдхэн үзүүлэлтээр тайлбарлаж өгнө үү?

-Манай судалгааны багийнхан Оюу толгой төсөлтэй байх үе, төсөл хэрэгжээгүй бол гэдгийг 2014, 2015, 2016, 2017 оны датануудыг ашиглаж, тооцоолол гаргаж үзсэн. 2017 оны  байдлаар Монгол Улсын бодит ДНБ 17.5 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь Оюу толгойн нөлөөг оруулсан дүн. Хэрвээ Оюу толгой төсөл хэрэгжээгүй байсан бол ДНБ 13.9 их наяд төгрөг байх байсан гэдэг төсөөллийг /тусгай аргачлал ашигласан/ хийсэн. Өөрөөр хэлбэл, 3.6 их наяд төгрөг Оюу толгой төсөлтэй холбоотойгоор ДНБ-д нөлөөлсөн харагдаж байна. Энэхүү нөлөөллийг улсад төлсөн татвар хураамж, ажлын байр, ханган нийлүүлэгч, хөрөнгө оруулалт зэргийг нэгтгэж гаргасан дүн юм.

2017 оны байдлаар Оюу толгойн нийт худалдан авалтын динамикийг харвал 1.033 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь, Монгол Улсад хийгдэж байгаа нийт худалдан авалтын 55 хувь нь Оюу толгойтой ямар нэгэн байдлаар холбогдож байна гэсэн үг. Нарийн тооцоолж үзвэл, Оюу толгойн худалдан авалт нэг хувиар өсөхөд Монгол Улсын татварын бодит орлого 0.45 хувь, ДНБ 0.034 хувиар нэмэгдэж байсан. Мөн 2011-2020 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.4 хувь уул уурхайн салбарт ногдож байгаа. Үүн дотор Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалт нэлээд өндөр хувийг эзэлдэг. Энэ бүхнээс дүгнээд харахад, Оюу толгой Монголын макро эдийн засагт нэлээд том нөлөө үзүүлж байна.

-Цар тахлын үед Оюу толгойн нийт эдийн засагт үзүүлэх нөлөө ямар байсан бэ. Төслийн хөрөнгө оруулалт хуваарийн дагуу хийгдэж явсан нь макро эдийн засагт эерэгээр нөлөөлсөн үү?

-ДНБ-д эзэлж байгаа Оюу толгойн төлсөн төлбөрийн динамикийг авч үзвэл, Оюу толгой хөрөнгө оруулалт, төсөвт төлөх татвар, хураамж төлбөрийн хэмжээ багасахаар ДНБ-ий хэмжээ аажмаар буурч байсан. Тухайлбал, дотоодод цар тахал бүртгэгдсэний дараа буюу 2020 оны  нэг, хоёрдугаар улиралд үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт саарахад ДНБ буурах хандлагатай болсон. Эргээд гурав, дөрөвдүгээр улирлаас хэвийн болоход өсөх хандлагатай болов. Тэгэхээр нэгд, Оюу толгойгоос авах төлбөр хураамж тухайн улирлынхаа ДНБ-д нөлөөтэй. Ер нь Оюу толгойн төлж байгаа төлбөр хураамж хэдий чинээ их байна, тэр хэрээр Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр байна.

Зөвхөн төсөвт төлсөн орлогын дүнг авч үзье. 2020 онд төсвийн орлого нийт хэмжээгээр огцом буурсан. Гэхдээ Оюу толгойн төлсөн татвар хураамж нь огцом буураагүй учраас төсвийн орлогын хэлбэлзлийг багасгаж, тогтворжуулж байсан нь харагдаж байна. Төсвийн өрлого өндөр байх үед Оюу толгой татвар хураамж улам л өсгөнө. Харин төсвийн орлого хэт буураад ирэхэд Оюу толгойн төлж байгаа татвар хураамж уналтыг зөөллөж өгсөн. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед Оюу толгой амортизатор маягийн үүрэг гүйцэтгэж байна. 

Тухайлбал, Оюу толгой нь улиралд дунджаар 188.26 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамжийг төсөвт төвлөрүүлж байсан бөгөөд 2019 оныг дуустал нэмэгдэх хандлагатай явж иржээ. Хэдий “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр 2020 оны нэг, хоёрдугаар улирлын татвар хураамж багассан ч 2020 оны дөрөвдүгээр улиралд хамгийн өндөр буюу 267.2 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн байна. 2020 онд Оюу толгой нийт 826 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төлсөн нь 2019 оныхоос 29 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар л буурсан.Цар тахлын үед Монголын эдийн засаг унасан ч Оюу толгой өмнөх хэмжээгээр татвараа төлнө гэдэг нь уналтын хүчийг сааруулсан. Өнгөрсөн жил Монголын эдийн засаг -5.3 хувиар агшсан. Магадгүй Оюу толгой байхгүй байсан бол энэ агшилт -8 болох байсныг үгүйсгэхгүй. Татвар хураамжаас гадна улс төрийн шийдвэрээр Оюу толгойгоос нэг их наяд гаруй төгрөг гаргаж, цар тахлын үед иргэн бүрт нэг удаа 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг өгсөн шүү дээ. Энэ нь татвар хураамжинд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй тусдаа асуудал байсан.

-Татвар хураамжаа хэвийн төлсөн гэдгийн цаана мэдээж ажлын байр, ханган нийлүүлэлт тогтвортой байсан гэсэн үг биз дээ?

-Тийм ээ. Хамгийн гол нь цар тахлын үед Оюу толгой ханган нийлүүлэлт хэвийн, үүнийг дагаж ажлын байрыг тогтвортой хадгалсан. Дээр нь улсын төсөвт оруулах орлого тогтвортой байсан нь нийт эдийн засагтаа том дэмжлэг үзүүлсэн гэж дүгнэсэн. 2020 оны байдлаар Оюу толгой компани 770 гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилласан. “Ковид-19” цар тахлын үзүүлж буй нөлөөллийн судалгаанд 154 ханган нийлүүлэгч оролцсон. “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр Оюу толгойн ханган нийлүүлэгчдийн ажиллах горим, цагийн хуваарьт өөрчлөлт орсон боловч ханган нийлүүлэгчдийн 42.9 хувь нь ажлын байраа нэмэгдүүлж, 28.6 хувь нь ажлын байраа тогтвортой хадгалж чадсан байсан. Энэ бол бодит дэмжлэг юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Оюу толгойгоос 100-500 сая болон 1-10 тэрбум төгрөгийн жилийн орлого олж буй ханган нийлүүлэгчид 60 орчим хувийг эзэлж байна. 100 сая хүртэлх борлуулалтын орлоготой ханган нийлүүлэгчдийн тоо сүүлийн гурван жилд өсчээ. 2020 онд Оюу толгойгоос олох орлого нь буурсан 50 байгууллага байхад 68 байгууллагын орлого нь өмнөх жилийнхээсээ өссөн байх жишээтэй.-Ер нь улсын төсвийн орлогын хэдэн хувийг Оюу толгойгоос бүрдүүлж байна вэ?

-Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого болон Оюу толгойн Монгол Улсад төлсөн нийт төлбөрийн хооронд урт хугацааны хамаарал байгаа эсэхийг коинтеграцийн шалгуур ашиглан тодорхойлж үзсэн. Үр дүнгээс харвал, Оюу толгойн төлсөн төлбөр нь Монгол Улсын төсвийн орлогод нөлөөтэй гэж гарсан. Нийт төлсөн төлбөрийн нөлөөг шугаман регрессийн загвар ашиглан тодорхойлоход Оюу олгойн төлсөн төлбөр хураамжийн хэмжээ нэг хувиар нэмэгдэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого дунджаар 0.81 хувиар нэмэгдэж байна. Сүүлийн дөрвөн жилийн дунджаар авч үзвэл Монгол Улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийн 13 төгрөг тутмын нэг төгрөг нь зөвхөн Оюу толгойн төлбөр хураамжаас бүрдэж байна. Хувиар авч үзвэл энэ нь нийт төсвийн орлогын 7.63 орчим хувь гэсэн үг юм.

-Энэ бол зөвхөн Оюу толгой төслийн ил уурхайг олборлож, борлуулж байгаа үйл ажиллагаанаас гарч байгаа нөлөө шүү дээ. Тэгэхээр далд уурхайн олборлолт эхлэхээр эдийн засагт, төсөвт нөлөөлөх нөлөө улам л нэмэгдэнэ биз дээ?

-Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл одоо үзүүлж байгаа нөлөө илүү хүчтэй болно. Өнөөдөр Монгол Улс 100 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд 2.20 төгрөг нь Оюу толгой эзэлж байна. Сүүлийн дөрвөн жилийн дунджаар авч үзвэл Монгол Улсын экспортын орлогын долоон доллар тутмын нэг нь Оюу толгойнх байна. Хувиар нь авч үзвэл, нийт экспортын 16 хувь Оюу толгойгоос хамаарч байна гэсэн үг.

Тэгэхээр дүгнээд хэлэхэд, Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарт гарч буй өөрчлөлт нь Монгол Улсын ДНБ-ий өсөлт, улсын төсвийн орлого, экспорт, ГШХО, ажиллах хүч зэрэг макро эдийн засгийн өөрчлөлтөд голлох нөлөөг үзүүлсээр байна. 

Дэлхийн нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр ГШХО, ДНБ болон уул уурхайн салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Оюу толгойн Монгол Улсад төлсөн төлбөр, татвар хураамж жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд хэдийгээр 2020 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлуудтай харьцуулахад буурсан боловч дөрөвдүгээр улиралд төлсөн дүн нь түүхэн дээд амжилтыг тогтоожээ. Монгол Улсын ДНБ болон Оюу толгойн Монгол Улсад төлсөн татвар, төлбөр, хураамжийн хооронд урт хугацааны тогтвортой хамааралтай байна. Үүнийг тоон шинжилгээний утгаар илэрхийлбэл урт хугацаанд Оюу толгойн төлсөн төлбөр хураамжийн хэмжээ нэг хувиар нэмэгдэхэд тухайн улирлын Монгол Улсын ДНБ-ийг дунджаар 0.52 хувиар нэмэгдүүлж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Э.Мөнхцэцэг


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна