Сэргээн засах эмчилгээг урт хугацаанд, тасралтгүй хийлгэхийг эцэг эхэд зөвлөдөг


Б.ЛХАГВА

 Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд орших “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг сурвалжлахаар зорилоо. Учир нь, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан байдаг. Харин Монголд хоёр жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах анхны цогц төвийг байгуулжээ. Уг төв нь өдөрт 250 хүүхэд хүлээн авахаас гадна мөн тооны хүүхдэд сэргээн засах, боловсрол танин мэдэхүй, нэн шаардлагатай орлох болон туслах хэрэгсэл хийх зэрэг тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх хүчин чадалтай.

 

 Эцэг, эхчүүд хүүхэддээ гэртээ  ч дасгал эмчилгээг нь үргэлжлүүлэн хийх хэрэгтэй

Төвийн үүдээр ороход нь хүүхдийн дуу, төгөлдөр хуурын ая угтана. Аль ч давхартаа харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгай замтай, ханын зургууд нь хүүхдэд зориулсан өнгөлөг, хүүхэлдэйн баатрын хөрөгтэй. Цахилгаан шат нь тэргэнцэртэй хүүхэд орох боломжтой том зай талбайтай. 

Эмчилгээний болон сэргээн засах үйлчилгээ үзүүлэх тасгууд нь “Нарлаг ой”, Пороро-1, 2”, “Маша, Миша-1, 2”, “Аами Таами” гэх зэрэг нэртэй. Үүдэндээ алдартай анимэ, хүүхэлдэйн баатрын дүрс бүхий хогийн сав байрлуулжээ. Энэ мэтээр үйлчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг өргөхөөр хүрээлэн буй орчныг тохижуулжээ. Биднийг очиход “хөгжим засал”, “спорт засал”-ын багш нар тун завгүй, хүүхдүүдтэй ажиллаж байсан тул хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нартай уулзлаа.

 Хөдөлмөр засалч Б.Жавзандулам “Манай төвд ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь тархины саажилт оноштой. Хөдөлмөр засалд өдөр тутмын үйл ажиллагаа, бие даасан байдлыг сайжруулах, гарын нарийн нийлмэл хөдөлгөөн, танин мэдэхүй, тэнцвэрийн үйл ажиллагаа хөгжүүлэх дасгал багтана. Олдмол болон төрөлхийн гэж ялгахаас илүү онош, насны онцлогоор нь тодорхойлж сэргээн засах эмчилгээ хийнэ. Хөдөлмөр гэхээр өглөө сэрэхээс орой унтах хүртэл тухайн өдрийн турш хийдэг үйлдлүүд багтдаг ба хүүхдийн хувьд хөдөлмөр нь тоглох юм. Тоглоомоор дамжуулан тухайн хүүхдийн онцлогоос хамаарч хөдөлмөр засалд нь анхаарна. Жишээ нь, гутлын үдээсээ үдэж чадахгүй, цамцны товчоо товчлоход хүндрэлтэй бол тэдгээрийг нь заана. Хэрхэн чимхэж, атгах, тэнийлгэх вэ?, мөн авч чадахгүй байгаа тоглоомоо яаж авдаг болох вэ? Гээд өдөр тутмын үйл ажиллагааг хөгжүүлдэг. Хүн гараараа л хувцсаа өмсөж, хоолоо иднэ. Бид тэдгээр үйлд нь тулгуурлаж сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг. Сэргээн засах эмчилгээ бол багийн ажиллагаа байдаг. Сэргээн засахын эмч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, боловсрол олгох багш гэх мэт мэргэжилтнүүд нэгдсэнээр тухайн хүүхдийг нийгэмшихэд нь тусална” гэлээ.

Хөдөлгөөн засалч М.Эрдэнэтуяа “Хөдөлгөөн заслын хоёр хэсэгт есөн ажилтан хуваагдаж ажилладаг. Энэ эмчилгээнд сунгалт, булчингийн хүч, тэсвэр сайжруулах, тэнцвэр сайжруулахаас гадна, нүүрний саажилтын үед хийх дасгал, мөн бага насны хүүхдийн хөдөлгөөний хөгжилийг нэмэгдүүлэх, хөгжлийн хоцрогдлоос сэргийлэх дасгал эмчилгээ орно. 

 Үйлчлүүлсэн хүүхдүүд ихэнхдээ эмчилгээгээ тасралтгүй үргэлжлүүлдэг. Бид эхлээд хүүхдийн хөдөлгөөний хөгжил нь ямар шатандаа явж буйг үнэлнэ. Ингээд тэр хүүхдэд тохирсон төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу эмчилгээ хийнэ. Жишээ нь, толгойгоо даадаггүй гурван настай хүүхэд ирлээ гэхэд эхлээд толгой даах дасгал хийлгэнэ. Дасгал хийж эхлээд 14 хоногийн дараа бага зэрэг толгойгоо дааж байвал дасгалаа ахиулж, суулгах дасгал хийх гэх мэтээр хөдөлгөөний үечлэлийг нь шат шатаар ахиулдаг. 

Зарим эцэг эхчүүд хүүхдээ 14 хоног эмчилгээнд явуулчихаад гэртээ гараад огт анхаарахгүй байгаа нь ажиглагддаг. Яагаад гэвэл дараагийн ээлж эмчилгээнд ирэхдээ өмнөхөөсөө муудсан байх тохиолдол гардаг. Тархины саажилт юм уу, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдэд эмчилгээг тасралтгүй хийх ёстой. Учир нь эдгээр хүүхдийн сэргэлт удаан байдаг. Тиймээс эмчилгээ, сувилгааг таслахгүй байж үр дүн гардаг. Эмчилгээ хийлгээд гурван сарын дараа эргээд хүүхэд толгойгоо даахгүй болчих аюултай” гэв. Тэрбээр “Ер нь эцэг эхчүүд хүүхдээ манай эмчилгээнд хамрагдах хугацаанд маш идэвхтэй сайн хийлгэдэг ч гэрт нь дасгал, хөдөлгөөнгүй орхисноос хүүхдээ эргээд хүндрүүлдэг” хэмээн онцгойлон анхааруулсан юм. Энэ асуудал эцэг эхчүүдийн дунд түгээмэл тохиолддог аж. Тиймээс эмч нарын хичээж хийсэн сэргээн засах эмчилгээ үр дүнгээ алдах аюултай байдаг.

 

“TORCH” халдварын улмаас ургийн гажиг үүсэх эрсдэл бий

Хоёр давхрын танхимд байрлах төгөлдөр хуурыг эмч, сувилагч нар тоглоно. Эхчүүд хүүхдээ тэврээд тойрон суужээ. Цонхны хажууд байрлах хөгжим, ширээ сандал нарны илчийг мэдрэхэд таатай. Сэлэнгэ аймгийн иргэн  н.Баясгалан “Хөдөөнөөс ирээд хүүтэйгээ хоёр дахь удаагаа хэвтэн эмчлүүлж байна. Улиралд нэг удаа ирдэг. Коронвирусийн улмаас нэлээн завсарласан. Манай хүү дөрвөн настай гар, хөлний саажилттай, хэл ярианы хувьд асуудалтай. Би хүндрэлтэй төрж, хүү маань эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, төрөл бүрийн шинжилгээ өглөө. Удаан хөгжилтэй гэж оношлогдсон. 2019 онд энэ сэргээх засах төв байгуулагдсаныг мэдээд үйлчлүүлэх болсон. Сэргээн засах эмчилгээ, үйлчилгээнээс гадна боловсролын үйлчилгээ нь их сайн. Энэ төв цэцэрлэгтэй төстэй. Эцэг эхчүүдийн хувьд эмнэлэгт ирээд л хүүхдээ анхаардаг. Гэрт нь ч гэсэн мөн адил харилцаж, тоглох, дасгал хийлгэх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм. Дээрх төвийн үйл ажиллагааны талаар сэргээн засалт эрхэлсэн дэд дарга Ц.Батчимэгтэй ярилцлаа.

 

-Энэ төв байгуулагдсанаас хойш хэчнээн хүүхдэд хүрч үйлчилсэн бэ?

-Манай төв сэргээн засах тусламж үйлчилгээний байдлаараа улсын хэмжээнд гуравдугаар шатлалын үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй. Одоогийн байдлаар 8000 гаруй хүүхдэд давхардсан тоогоор тусламж, үйлчилгээнд хамрагдаад байна. Хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, өөрийгөө илэрхийлэх чадвар, харилцах чадвар, биеэ даах чадварыг сайжруулах болон түүнийгээ хөгжүүлэх ганцаарчилсан болон бүлгийн хөтөлбөртэй. Тулгуур эрхтний, хараа, сонсгол, танин мэдэхүй оюуны хэл ярианы бэрхшээлтэй, цаашлаад хавсарсан эмгэгтэй, төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой. 

Хүүхдүүд гурван сар тутам буюу улиралдаа нэг удаа хэвтэж эмчлүүлнэ. Гэртээ байх хугацаандаа хүүхэд энд сурсан чадвараа алдаагүй байх ёстой. Энэ нь хүүхдийг нийгэмд бие даах, амьдралын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй.-Тэгэхээр сэргээн засах эмчилгээ урт хугацаанд үргэлжилдэг байх нь ээ? 

-Сэргээн заслын тусламж үйлчилгээ гэдэг нь урт удаан хугацааны туршид явагдаж байж үр дүн гардаг, сайжрахгүй юмаа гэхэд одоо байгаа түвшнөөс нь доошлохгүй байх тал дээр анхаардаг. Тиймээс хэдэн жил ч үргэлжилж болно.

-Тэгвэл хүүхдэд тулгараад буй хөгжлийн бэрхшээлийг хэзээнээс анхаарч, эрүүл хүүхэд бойжуулах ёстой юм бэ?

-Энэ бол өргөн хүрээний асуудал учраас урагт нөлөөлөх зөвхөн хоёрдогч хүчин зүйлсийг яръя. Удамшлын буюу төрөлхийн эмгэгийн талаар энэ удаад орхиё. Эрт илрүүлэг маш чухал. Үүний  тулд иргэдийн эрүүл мэндийн боловсролын байдал, түвшин, мөн анхан шатны  нэгж болох сум, өрхийн эмнэлэгийн хяналт, жирэмсэн эх хуваарийн дагуу тогтмол үзлэгт хамрагдах зэрэг нь тун  чухал. 

Хамгийн анхны урьдчилан сэргийлэлт бол эмэгтэй, эрэгтэй хүний эрүүл байх  юм. Залуу хосууд гэр бүлээ зөв төлөвлөх, тэгэхийн тулд нөгөө л эрүүл мэндийн боловсролын мэдлэг чухал  байх нь ээ. Сошилын мэдээллээр эмчилж, төлөвлөхгүй. Тухайлбал эмэгтэй хүн хүүхэдтэй болохын тулд эхлээд биеэ бэлдэх хэрэгтэй. Үрэвсэлт өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг. Тэдэнд насанд хүрсэн хойно нь биш  цэцэрлэгт байх үеэс нь эрүүл мэндийн боловсрол олгох ёстой. Охид гоё ганган харагдах гэж хүйтний улиралд дулаан хувцасладаггүйн улмаас бага аарцагийн хөндийн эрхтэнүүдийн үрэвсэлт өвчинөөр өвдөх нь түгээмэл байна. Даарснаас дархалаа сулрах, вирусын халдвар авах, түүнийгээ бүрэн төгс эмчлүүлж, өөртөө анхаарахгүй байна. Ирээдүйн эхийн бие гэх мэт шалтгааны улмаас эрүүл бус болох нөхцөл бүрдээд байна. Ингээд ураг бойжиход асуудал үүснэ. Зөвхөн даарч хөрөх бус өөр бусад өвчлөл, тэр тусмаа  вирусийн халдвар болох “TORCH” нь ургийн гажиг үүсгэх, ураг өсөлтгүй болох, төрсний дараах хөгжлийн хоцрогдол зэрэг асуудал үүсэх бас нэг шалтгаан болдог. TORCH халдвар гэдэг нь

  • – Токсоплазм
  • – (others) бусад – тэмбүү, варицелла-зостер вирус, парвовирус Б19, ДОХ
  • – Рубелла вирус
  • – Цитомегаловирус
  • – Херпес вирус зэрэг халдвар үүсгэгчид юм.


Жирэмслэхээс өмнө дээрх шинжилгээг өгсөн байх ёстой.

-Эрүүл хүүхэд төрсөн ч өсөх явцдаа хөгжлийн бэрхшээл эсвэл хоцрогдолд орж буйг хэрхэн мэдэх вэ?

-Бидний хэлж заншсанаар эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтрийг сайн судалж, бөглөж харилцах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн өсөлт, хөгжлийн хоцрогдлыг ээж өөрөө эмчгүйгээр хянах боломжтой. Жишээлбэл: эхний хоёр сард хүүхдийн хажууд алга ташихад тэр зүгт толгойгоо эргүүлж харахгүй байх, дараа сард нь мөн адилхан бол хүүхдэд хөгжлийн хувьд ямар нэгэн асуудал үүсч байгаа юм биш биз гэж сэжиглэн эмчид хандах хэрэгтэй. Эх хүүхдийн дэвтэртэйгээ сайн ажилла, хүүхдээ сайтар ажигла, болохгүй бол эмнэлэгт яаралтай ханд.

-Танай төв өнгөрсөн жилээс цахим болсон гэсэн. Сэргэн засах эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээллийг хөдөө орон нутгаас хэрхэн авах вэ?

-Манай цахим эмнэлгийн үйлчилгээ 90-95 хувьтай явж байна. Алслагдсан аймаг, сум, гадаад орноос холбогдох иргэдэд зориулсан цахим үйлчилгээг нэвтрүүлж байна. Иргэд маань төвийн фэйсбүүк, веб сайтад хандаж зайнаас цаг авах, зөвлөгөө авах боломжтой. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд “Бидэнд ойр” төслийн баг вэйб сайтыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй хийж өгсөн. “Eclinic.mn” платформоор дамжуулан телемедицин үйлчил­гээг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмнэлэгт бус гэрийн нөхцөлд ч холбогдож зөвлөгөө тусламжаа авах боломжтойгоос гадна эмч, багш, мэргэжилтнүүдийн үзлэгийг цаг алдалгүй авч болдог. Энэ даширмыг ашиглан “Бидэнд ойр” төслийн багтаа талархал илэрхийлье.-Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”?

-Манай төв энэ өдрийг тохиолдуулан сарын аян зохиодог. Саяхан тусгай олимпийн хороо, спорт заслын багш нар хамтран цөөнгүй арга хэмжээг зохион байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтаж “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар”-аас эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, ТХНСЗ газар маань хүүхэлдэйн жүжиг бэлтгэн энэхүү эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр  төлөвлөсөн. Мөн бид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгдөг гэх мэтчилэн тус өдрийг угтан хүүхдэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.


891
412
40
182
0
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.68
    2021/12/08

    Байршил яг хаана вэ?

    Хариулах
  • 43.228.130.68
    2021/12/08

    Зөв эмнэлэг байгуулагджээ. Амжилт хүсье

    Хариулах