Л.Батцэнгэл: Ю.Цэдэнбал даргын олон баримт, тэмдэглэл, түүхэн зураг ахад нь бий


Н.УУГАНБАЯР

1963 оны тавдугаар сарын 25

Бямба гараг. Ертөнцийн нэг өдөр.

Миний хувьд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын нарийн бичгийн даргаар ажиллах анхны өдөр. Энэ өдрийн өглөө гэрээсээ эртлэн гарч шинээр томилогдсон ажилдаа орохоор Засгийн газрын ордны зүүн хойд хаалган дээр очиход “нэвтрэх үнэмлэхгүй” учир оруулсангүй. Гол хаалгаар очвол мөн адил.

Гайхшаа бараад аминдаа дар­гын ирэх замыг тосох санаатай бунх­­ны хажууд зогсч байтал ордны комендатурын дарга Пүрэвдорж гуай тааралдаж “Чамайг ирж байгааг дуулсан. Чи орохгүй яагаа вэ” гэж асуув. Үнэмлэхгүй тул оруулахгүй байгааг учирлабал “За нааш ир” гээд ордны зүүн урд хаалган дээр хамт очиж “Энэ хаалгаар Цэдэнбал, Лувсан, Майдар нарын гурван дарга ордог юм. Чи үүгээр ороорой” гээд намайг дагуулж, гурван давхарт гарч, цэлийсэн өрөөнд оруулав......Өрөөнд чимээ аниргүй нам гүм. Гэнэт хонх дуугарах шиг болов. Тавиур дээр байгаа харилцууруудын нэгийг автал цаана нь орос хүн дуугарч байна. Харилцуурыг бушуухан тавьж, нөгөө хоёр утсыг ээлжлэн сонстол хариу алга.

Гэтэл хаалга онгойж Цэдэнбал дарга гарч ирээд “Сая хонх дуугарав уу” гэж асуулаа. Би “Утас юм байх гэж бодсон” гэвэл намайг дагуулж өрөөнд орж, урт шар ширээний булангийн доод талд байрлуулсан “дарах товч” харуулаад “Би үүнийг дарахад чиний тэнд хонх дуугарна. Хонхны дуугаар чи орж ирж байгаарай” гэж хэлээд намайг гаргаж хонх дуугарахыг сонсгов. Хонхны дуудлагаар  Их хүний өргөөний босгыг алхаснаас хойш  тэр л хонхны дуудлагаар “Даргын” өрөөний хоёр хаалганы  хооронд 15 жил холхино гэж даанч бодсонгүй...

Л.Батцэнгэл гуайн 2001 онд хэвлүүлсэн “Миний мэдэх Ю.Цэдэнбал” номоос...

 

Лувсандамбын Батцэнгэл 1963 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын нарийн бичгийн дарга, туслахаар томилогдон 1978 оны долдугаар сарын 17-ныг хүртэл 15 жил тасралтгүй шадарлан ажиллажээ. Л.Батцэнгэл гуай 700 гаруй одон медаль, энгэрийн тэмдгийн эх загварыг зохиосон бөгөөд өнөөдөр ч түүний эх загвараар төрийн 14 одон, медаль төрийн хүндэтгэлийг илэрхийлэн олон хүний энгэрт гялалзаж байна. Ярилцах сэдвээ бид төрийн хүний тухай гэж товлосон ч бүх л сэжмээрээ Юмжаагийн Цэдэнбал даргатай холбогдож байсан юм. Өдгөө 88 насны босго алхаад байгаа Л.Батцэнгэл гуайтай ярилцаж, олон сайхан дурсамжаас нь хуваалцлаа.

 -Таны номоос анх Ю.Цэдэнбал даргын туслахаар ажиллахаар ирсэн өдрийг онцолж харлаа. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал даргын туслахаар ажиллах болсон таны түүхийг товчхон сонирхоё?

-Багшийн сургуулийн орос хэлний анги төгсөөд Завханы Тосонцэнгэл суманд анх ажиллахаар очсон юм. Ёстой соёлын үрийг тарина гэгчээр их сайн ажилласан. Сумаасаа аймаг руу татагдаж, тэгээд л хотод ирсэн. Орос хэлний багш мэргэжил маань Гадаад харилцааны яам руу хөтөлсөн. Оюутан байхдаа орос хэлийг махруу сурсны ач. Олон ном уншсан даа. Номын сангаас салдаггүй байлаа. Арга ядаад Төв номын сангийн Рэнцэнханд гуай “Хүү минь би муухай ааштайдаа чамайг хөөгөөгүй. Явж амрахаа бод” гэдэг байж билээ. Орос хэл сурсны ачаар Гадаад харилцааны яамны ёслолын хэлтэст ажиллах болсон юм. Нэг удаа хүлээн авалт дээр гаргасан алдааны улмаас Ю.Цэдэнбал даргад дуудагдаж, очоод үнэнээ хэллээ. Яг үнэндээ миний алдаа байгаагүй ч би үүрээд л гарсан. Даргад үнэн учраа хэлсэн нь их таалагдсан бололтой юм билээ. Хоёр жил намайг хүн дагуулж судлуулаад нарийн бичгийн даргаараа өөрөө сонгож авсан.

-Таны тэмдэглэлийн дэвтрүүдийг үзэж байхад Ю.Цэдэнбал даргын хажууд үнэхээр цаг наргүй, нойр хоолгүй ажилласан он жилүүд өнгөрчээ. Төрийн ажил хийх хариуцлага, чадварын талаар танаас сонсмоор байна?

-Нэгэнт төрд ажиллаж эхэлсэн бол ажилласан шиг ажиллах ёстой. Надад тухайн үед хөтөлж байсан дэвтэр, бичиг баримт зөндөө юм бий. Залуу дарга нар санаа авбал сайн л байна. Бидний ярьж байгаа зүйл, явсан замнал залуу үед хэрхэн үлгэр дууриал болох вэ гэдэг талаас нь харах ёстой юм шүү. Төрийн ажил гэдэг цаг их зардаг, нойр хоолгүй, гэрийн бараа харахгүй хийдэг зүйл. Төрийн хүн гэдэг чинь муугаар хэлбэл үнэгүй зарц юм шүү дээ. Нойр хоолгүй ажилласныхаа төлөө шагнал байтугай харин ч зэмлүүлэх янзтай. Бидний үед тийм байлаа, одоо ч тийм л байгаа байх. Тэр үед ээж маань эхнэр хүүхэдтэй болчихоод гэрийн бараа харсангүй гээд намайг хааяа зэмлэнэ. 

Би арга ядаад та миний хүлээлгийн өрөөнд нэг өдөр суугаад үзээрэй гэж учирлана. Аав маань ойлгоно. Хүү төрийн хүн болсон, чи битгий зэмлээд бай гэнэ. Би ажлын найман цагаар ажил, амьдралаа хэмжиж үзээгүй хүн дээ.-Таны төрсөн аав тань эсэргүү хэмээн баригдаж, та эсэргүүний хүүхэд гэж багагүй адлуулж байсан гэж сонссон?

-Аав минь их эрдэм номтой хүн байсан. Эсэргүү гэж баригдаж, би гэдэг хүн хожуу сургуульд ороод ээжтэй минь учирсан сайн хүний хүү болж, Улаанбаатарт байсан Сүхбаатарын Цэргийн сургуульд суралцсан юм. IX анги төгсөх жил сургууль маань татан буугдаж, биднийг Багшийн сургуульд хуваарилснаар орос хэлний багш мэргэжлийг эзэмшсэн. Цэргийн сургуульд сурч байхдаа нөхөртөө үнэнч, шударга, зарчимтай, эмх цэгцтэй байхыг сурсан. Энэ маань Цэдэнбал даргын дэргэд 15 жил ажиллах хүч болсон гэж би бодож баярладаг юм.

-Таны энэ бүх баримт Монгол Улсын түүхийн нэг хэсэг. Та хадгалж хамгаалж, цаашид авч үлдэх талаар ямар бодолтой байна вэ?

-Амьдрал, ажилд нэлээн нухлуулж ах нь сайн муу олон юм үзсэн хүн. Тэр бүхнийг хэрхэн даван туулж ирснийг би тэмдэглэн бичсэнээ ном болгон эмхэтгэж байна. Залуучууд хүүхдүүдэд сургамжтай, түүх болон үлдэх байх. 2001 онд “Миний мэдэх Ю.Цэдэнбал” номыг бичиж эмхэтгэн хэвлүүлсэн юм. Тэр номтойгоо хамт эмхэтгээд нэг болгоод гаргах санаатай үргэлжлүүлээд бичсэн. Ю.Цэдэнбал дарга сайд, дарга нартай хэрхэн харилцаж байсан тухай, өдөр тутамд хийсэн ажлынх нь тэмдэглэл гээд олон баримт, түүхэн зураг ахад нь бий. Тэрийгээ ч цэгцлээд оруулах санаатай. Дурсамж бичье гэвэл аль эртнээс бэлтгэж, түүхэн баримтаа хадгалж хамгаалах ёстой юм шүү. Хойч үе минь мэдэж аваг...

-Таны мэддэг Ю.Цэдэнбал даргыг тодорхойлж хэлээч?

-Улс орноо хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг бичиж, удирдаж, үүрэг чиглэл өгч, биеэр танилцаж, ажиллаж байсан хүн бол Ю.Цэдэнбал дарга. Монгол Улсаа хөгжүүлэх гэж нойр хоолоо умартаж зүтгэж явсныг нь нүдээр хараагүй хүн үнэмшихгүй байх. Би дэргэд нь байж, харж, сонсч, хамт зүтгэж байсан учраас яс махаараа мэдэрсэн. Цэдэнбал дарга ямар их тэвчээртэй хүн байсан гэж санана.

-Танаас хамгийн их шаарддаг байсан зүйл нь юу вэ?

-Надад тэг, ингэ гэж учиргүй захиран тушаагаад байхгүй. Ажлын цаг таслана, ажлаас нь хойш татах гэх мэт хэл ам би гаргаж байсангүй. Харин ч даргыгаа “Та энийгээ хийчихээд амрах уу” гээд шахна. Гадаад, дотоод бүх ажлаа бид хоёр цагт нь бэлэн болгож чаддаг байсан юм шүү.

-Даргын нарийн бичгийн дарга, туслах байна гэдэг цай зөөж, бичиг цаас эмхлэхээс илүүтэйгээр зөвлөх нь, ойр дотно хүн нь байх ёстой биз дээ?

-Ер нь тийм. Маш их ажилтай учраас дарга зарим зүйлээ мартана. Тэр бүхнийг нь цаг алдалгүй сануулж байх ёстой. Хөдөө хамт явна. Айлд ороход настай хүн байвал гарын бэлэг өгөхөөс эхлээд бүх ажлыг нь алдаа мадаггүй гүйцэтгэх ёстой. Сүүлдээ зан зангаа аваад ажилдаа гаршчихдаг юм билээ. Дарга ч зарим ажлыг над руу шийд гээд явуулдаг болсон. Тэр хүний дэргэд ажилласан он жилүүд маань сайхаан, сайхан байсан. 

Даргын хажууд удаан ажиллахаар улсынхаа аль салбарт юу дутаад, юу нь болохгүй байна вэ гэдгийг хүртэл мэдэрч, хардаг болчихдог юм билээ. Зарим саналаа даргад хэлнэ. Боломжийн саналыг маань дарга “сайн судлаад улс төрийн товчоонд танилцуулья” гэнэ.  Аймаг сумын дарга нараа их сайхан урамшуулна.-1990-ээд оноос “социализмын үед” эрх мэдэл нэг хүний гарт хэт төвлөрсөн, Оросыг даган дууриасан гэх зэргээр Ю.Цэдэнбал даргыг буруутгаж байсан?

-Тэр бол хамгийн буруу дүгнэлт. Намын ажил, Засгийн ажил чинь тус тусын дүрэм, журамтай. Энэ дүрэм журмыг нь зөрчөөгүй байхад тэр хүнийг буруутгаж болох уу. Ажлаа хий гэж шаардсаны төлөө “Ёстой толгой авах шахлаа. Энэ тэр...” гээд өрөөнөөс нь гарч ирээд худлаа ярьчихдаг. Би тухайн үеийн сайд нарыг хэн нь ямар байсан бэ гэдгийг сайн мэднэ. Дарга дуудсан л бол хэнийг ч, хаанаас ч олдог байлаа. Манайхан өөрсдийгөө хаацайлахдаа л захиргаадалт гэдэг нэр томьёо гаргаж ирсэн гэж би боддог. Үүрэг авчихаад түүнийгээ биелүүлээгүй сайдыг зэмлэсний төлөө Цэдэнбал даргыг муухай ааштай хүн гэж ойлгож болохгүй шүү дээ.

-Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэг­чид гээд нийгмээрээ үзэн ядсан үе бий. Тэр үед таныг дуудаж байцаав уу?

-Байцаасан шүү. Би энэ хэдэн дэвтэр, хэдэн зургаа барьж очоод нэг бүрчлэн сайн ярьж өгсөн. Ингэж ажиллаад, ийм хүмүүстэй уулзаад, ийм үүрэг даалгавар өгч, ийм ажил хийсэн байна гээд ... Миний энэ хэдэн дэвтэр их хэрэг болсон шүү. Олон ч хүнийг аварсан.

-Тухайн үед Монгол Улсын эдийн засгийн суурь нь мал, малчин хоёр л байлаа. Тэгэхээр орон нутгийн удирдлагуудад өндөр шаардлага тавьдаг байв уу?

-Аймаг сумдын дарга нар маань үнэхээр чамбай байлаа. Өдөр шөнө­гүй, гэр орноо орхиод мал, малчин хоёрынхоо араас явж байсан юм. Үүрэг авсан л бол цагт нь ирээд тайлангаа тавина. Тэр үеийн дарга нарын хариуцлага үнэхээр сайн байлаа. Үүргээ биелүүлэхгүй тохиолдол тун ховор. Мэдээж бүх л шатандаа хөгжлийн төлөвлөгөөг биелүүлэх гэж хичээж байсан учраас тэр байх. Санаачлагатай ажилласан дарга нарыг ч сайн урамшуулна.

 Ю.Цэдэнбал дарга дуудсан гэхээр хүмүүс их эмээнэ. Гэтэл дарга өгсөн даалгавраа л асууна. Түүнээс өөрөөр хүнийг зэмлээд, аашлаад байхгүй. Аймгийн дарга нарын алдаа дутагдлыг дуудаад шууд ярилцана. Нэлээн ноцтой бол өөрөө аймагт нь очоод малчидтай уулзаад ажилтай нь танилцана. Даргаас эмээж, хулгасхийн орж ирэх хүн цөөнгүй. Би “За та тэдэн цагийн үед ир дээ. Би даргатай ярьж байгаад гайгүй цаг заваар нь уулзуулья” гээд тайвшруулаад гаргана. Аль болох нь зөв сайхан зохицуулаад явуулахыг хичээнэ. Дарга аймгийн дарга нарт их сайн. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг 18 аймгийн хүн, мал хоёр дээр л тогтож байсан нь үнэн.

-Ямар зан чанарыг чухалд үздэг байсан бэ?

-Тэр хүний дэргэд ажиллана гэдэг маш өндөр нэр хүнд. Дарга маань худлаа хэлэхийг ёстой үзэхгүй. Зарим сайд нар худлаа хэлээд баригдана. Учиргүй ширээ цохиод аашлахгүй ч шууд хууль дүрэм асуугаад л явчихна. Хөлсийг нь гаргана даа.

-Аймгийн Засаг дарга нараа хэрхэн томилдог байсан бэ. Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-Боловсон хүчний асуудалд шат шатанд нь маш их анхаарал тавьдаг байж. Төв хорооны боловсон хүчний хэлтэс дээр нарийн судалгаатай байлаа. Хэнийг дэвшүүлэх вэ. Хаана ямар сургууль төгссөн хүн хэрхэн хаана ажиллаж байна гээд судална. Маш нарийн судалж томилдог байсан учраас тэр үеийн дарга нар хариуцлагатай, сайн ажилладаг байсан байх. Ажлыг цалгардуулна гэж байхгүй. Хурлаар орно, зэмлүүлнэ. Гэхдээ шийтгүүлж байсан аймгийн дарга гэж би лав мэдэхгүй л юм.

-Тухайн үед Монгол Улс атар газрыг эзэмшинэ, үйлдвэр барьж байгуулна гээд ид бүтээн байгуулалт, хөгжилд тэмүүлсэн үе байлаа. Үнэндээ хоосон хэтэвчтэй ч томоохон үйлдвэр байгуулах их амбицтай байжээ?

-Ю.Цэдэнбал дарга оросуудтай их сайхан харилцаатай байсны гавьяа бол энэ хэдэн үйлдвэр байсан юм. Л.И.Брежнев Монголд ирлээ гэхэд манайхан юу өгсөн бэ гээд л сонирхдог байв. Мэдээж тэр хүн Монголд ирэхдээ судалгаатай ирнэ. Манайхан ч гуйх юмаа товлоод бэлдчихнэ. 

Цэдэнбал дарга нэг шөнө Брежневтэй утсаар ярьчихаад дуудаж байна. “За манай ойд Брежнев ирнэ гэж байна. Чи Улс төрийн товчооныхныг өглөө яаралтай цуглуул. Чамтай ярих зүйл бас байна. За ямар бэлэг өгөх вэ. Чи саналаа хэл. Улс төрийн товчооныхонд хоёулаа танилцуулья” гэв.Би шөнөдөө хэд хэдэн ном уншиж байгаад “Хүндэт иргэн” гэдэг цол өгье гэлээ. Дарга “За даа, түүхэнд ийм юм байдаг уу” гээд асууж байна. “Дарга аа, байхгүй тусмаа зүгээр биз дээ. Аль ч улс хүндэт иргэнээ болгоогүй байвал бүүр сайн” гэв. Ингээд цол тэмдэг бий болгоё гээд яриад ажил болголоо.

Дарга бид хоёрын энэ санал Брежнев гуайн сэтгэлийг их хөдөлгө­сөн. Олон бүтээн байгуулалтыг Оросын тусламжтай хийсэн шүү дээ. Тэр айлчлалын дараах ажлууд хүн бүхний нүдэнд ил байдаг. Брежнев дарга нутагтаа очоод ч манай шагналыг зүүгээд явдаг байсан гэдэг.

Түүнээс хойш “За уран хүн бурхан ухаантай чамд ямар санаа байна” гээд асуудаг болж билээ. Дарга маань ах дүү орнуудтай маш сайхан харилцаатай байсны ачаар олон ажлыг хийж бүтээсэн дээ.

-Даргын туслах гэхээр танаас их олон мэргэжил шаарддаг байж. Бичиг хэрэг, архив, хуульч, өмгөөлөгч, ёслолын ажилтан гээд хүний зан хандлагыг мэдрэх сэтгэлзүйчийн дайтай байх хэрэгтэй гэх мэт?

-Өнөөдөр боловсон хүчний шаард­лага ямар байгааг би сайн мэдэхгүй юм. Миний ажилласан туршлагаас харахад аливаа ажил хувь хүний зан хандлагаас ихээхэн шалтгаалдаг. Би чинь юу ч мэдэхгүй шахуу байхдаа даргын нарийн бичгийн даргаар томилогдчихсон. Тиймээс маш их боловсрох шаардлагатай болсон. Тэр үед номноос л хамаг мэдлэг мэдээллээ олж авна. 

Орос хэл дээр маш их ном уншсан. Асуусан асуултад нь хариулахад бэлэн байхын тулд би маш их боловсрох шаардлагатай байгаагаа өөрөө мэдэрч байсан юм.-Цаг наргүй ажиллахаар нэг талаар тухайн хүнээс чанартай ажил хүлээн авахад хүндрэлтэй болдог тал бий. Тэгэхээр амралт чухал байсан биз дээ?

-Даргыг хэсэг зуур амраахын тулд өрөөнийх нь буланд буйдан хүртэл тавьж өгч байлаа. Шөнө нь амраахын тулд тэр. Үнэхээр хэт их ажиллах нь сайн, муу хоёр талтай. Амьдралаас тасарчих гээд байдаг нэг муу тал бий.

-Төрийн хүний алдаа гэдэг тухайн байгууллага, салбарын алдаа болдог. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Алдаа бол янз бүр. Санаатай, санамсаргүй гэж. Гэхдээ санаатайгаар алдаа хийдэг хүн нэг ч байхгүй. Мэдлэг дутуугаас болж их алддаг.

-Та хамгийн сүүлд хэзээ Ю.Цэдэнбал даргатай уулзсан бэ?

-1980-аад оны дундуур Чехэд ажиллаж байгаад Монголд ирээд буцахдаа Москвагаар дайрах болоод даргатай уулзах санаатай хамаатангийнх нь нэг нөхөр рүү нь утасдаад хэллээ. 15 цагт уулзахаар цаг болзоод хүлээж байсан чинь Филатова гуайд хэн нь ам алдчихсан юм. Ямар ч байсан уулзуулаагүй. 

Дарга хөөрхий минь “уулзаж чадсангүй” гээд уйлж байсан гэдэг. Тэгэхээр хамгийн сүүлд бид 1978 оны 11 дүгээр сард намайг Чехэд ажиллаж байхад дуудуулаад Улаанбаатарт уулзсан юм. Хэдхэн хором хөндийхэн уулзаад л салсан даа хөөрхий.-Тантай Цэдэнбал даргын хүүх­дүүд уулзаж байсан уу?

-Үгүй. Хүний хүн гэдэг хүний л хүн байдаг юм билээ. Дарга маань хөөрхий сэтгэл санааны хувьд хүнд л өнгөрч дээ гэж боддог юм. Бага хүү Зоригийн охин гээд овоо сэтгэлтэй хүүхэд сонсогдоод байдаг шүү.

-Оросын хэтэрхий хяналтад бай­­сан учраас тэр бүр хүнтэй уулзуул­даггүй байсан гэх яриа ч бий?

-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан уулзуулдаггүй л юм билээ. 

Даргыг нас барсны дараа Чехээс Монгол руу буцах замдаа Филатова гуайтай Москвад гэрт нь очиж нэг удаа уулзсан. Хөөрхий уйлаад “чамаас өөр хүн ирээгүй” гээд ярихаар нь “Тантай уулзахаар ирсэн хүнийг оруулдаггүй гэсэн дээ” гэтэл миний нэрийг бариад оруулдаггүй юм байхдаа л гэж билээ.-Та 700 гаруй одон, тэмдгийн эхийг зурсан. Төрийн 34 одон, медалийн 14 нь таны зурсан эхээр олон хүний энгэрт гялалзаж байна. Энэ жил та Урлагийн гавьяат зүтгэлтэн болж, өөрийнхөө эхийг нь зурж байсан одонгоор шагнуулж, төрийн хүндэтгэл хүлээлээ?

-Уран бүтээлчийнхээ хувиар төрд их ажил хийсэн. Дарга өрөөндөө шөнө ажиллаж байхад нь амжуулаад зурна, уншина. Эргээд бодохоор яаж ажиллаж амжуулж байснаа ч ойлгохгүй юм. Нэг одон, медалийн эх бэлтгэхийн тулд их олон зүйл уншиж судлана шүү дээ. Төрдөө үнэлүүлж, шагнуулсан хүний энгэрт өөрийнхөө зурсан бүтээлийг одон болон гялалзаж байхыг харах сайхан, сайхан.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна