“Хүнд жинг үүрч явах” удамт жүдоч


Б.БАТ

Монголын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн хүнд жинг цаашид олон жил нэр төртэй авч явах учиртай тамирчин бол Олон улсын хэмжээний мастер Одхүүгийн Цэцэнцэнгэл юм. Өдгөө 22 настай тэрбээр өнгөрсөн долоо хоногт олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2021 оны сүүлийн тэмцээн буюу Абу-Дабигийн “Их Дуулга”-д урамтай сайхан барилдаж алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Эмиратын татамид +100 кг-ын жинд Узбекистаны Шохрух Мамарасулов, Финландын Мартти Пуумалайнен, Украины Евгений Бальевски, Румыны Владут Симеонеску нарыг буулган авснаар дэлхийн чансааны 36 дугаар байрт бичигдэж байсан түүний оноо шууд “Топ-20” руу орж ирээд байна. Монголын жүдо бөхийн хүнд жингийн ирээдүй болсон О.Цэцэнцэнгэл 1999 оны аравдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Хэнтий аймгийн Баянхутагт сумын харьяат. Тэрбээр 10 настайдаа “Жүдо академи”-д ОУХМ Д.Батсайхан дээр жүдо бөхийн үндэс сууриа тавьж, цагаан толгой заалгасан. Өдгөө үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Чимэд-Ёндонгийн Болдбаатарын удирдлага дор хичээллэж буй. 

Жүдог сонгож хичээллэснээс хойш түүний анхны томоохон амжилт нь 2016 оны нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн УАШТ. Дөнгөж 16 настайдаа улсын аваргад 90 кг-ын жинд зодоглосон тэрбээр хагас шигшээд энэ жилийн Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Г.Алтанбаганад ялагдсан ч хүрэл медалиар энгэрээ мялаав. Үүнээс найман сарын дараа Энэтхэгийн Кочид болсон өсвөр үеийн Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн нь түүний олон улсын анхны медаль. О.Цэцэнцэнгэл 2017 онд Бишкект болсон залуучуудын Азийн АШТ-ээс -100 кг-д хүрэл, хоёр жилийн дараа Тайпейд болсон залуучуудын +100 кг-д Азийн аваргад алтан медалийн эзэн болов. Монголын жүдочдоос хүнд жинд түүнээс өмнө залуучуудын Азийн аварга болсон ганцхан жүдоч байдаг нь түүний жингийн ах, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр 2011-2014 онд дараалан тивдээ манлайлж байв.

О.Цэцэнцэнгэлийн хамгийн дурсгалтай тэмцээн нь Сэлэнгэ аймагт болсон 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ. 20 настай залуу Сүхбаатар хотын татамид Б.Тэмүүлэн, Х.Цогтгэрэл гээд туршлагатай мастеруудыг ялснаар Монгол Улсын аваргаар анх удаа тодров. Тэгвэл өнгөрсөн жилийн тэмцээнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт ялагдаж хүрэл медаль хүртсэн. О.Цэцэнцэнгэлийн аав нь 2000 онд Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадмаар улсын арслан М.Мөнгөнөөр тав давж, начин цол хүртсэн Хэнтий аймгийн Баянхутагт сумын харьяат Батжаргалын Одхүү. Б.Одхүү жүдо бөхөөр “Сидней-2000”, “Афин-2004” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, Азийн АШТ болон Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, Монгол Улсын аваргаар долоон удаа тодорсон хүчтэн. Ээж Д.Энхтүвшин нь Монголын анхдагч эмэгтэй жүдочдын нэг төдийгүй анхны олон улсын эмэгтэй шүүгч. Ийм л гэр бүлийн орчинд төрж өссөн ууган хүү нь жүдо бөхийг сонгохоос ч өөр аргагүй биз. 

О.Цэцэнцэнгэлийн хувьд жүдо бөхийн эх орон Японы Тэнригийн их сургуульд гурван жил гаруй жүдо хэмээх гайхамшигтай спортыг нарийн ширийнийг үзэж, сурч, боловсорч, “нүд тайлсан”. Тус сургуульд олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын жингийн гол өрсөлдөгч асан, дэлхийн аварга Такамаси Анай өдгөө багшилж, олимпийн гурав, дэлхийн нэг удаагийн аварга Тадахиро Номүра, олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Шохей Оно, олимп, дэлхийн аварга Антон Геесинк, дэлхийн аварга Шиничи Шинохара, Жошира Марүяма гээд олон алдартнууд тус сургуулийг төгссөн. Алдарт Оно аварга нэг сургуулийн “бүтээгдэхүүн” түүнийг Абу-Дабид алтан медаль хүртсэний дараа өөрийн инстаграмм хуудсандаа баяр хүргэж амжилт хүссэн юм.

О.Цэцэнцэнгэл жүдо бөхөөс гадна үндэсний бөхөөр давхар хослуулан барилдах сонирхолтой. 2017 онд Хэнтий аймгийн баяр наадамд найм даван түрүүлж, 18 настайдаа аймгийн арслан цол хүртэв. Сүүлийн хоёр жилийн Улсын баяр наадмаар тус бүр гурав давж, түрүү бөхөд өвдөг шороодоод байна. 2019 оны наадмаар улсын арслан Х.Мөнхбаатараар гурав давж, дөрвийн даваанд нугалаанд даян аварга Н.Батсуурьт тахим буулгасан. Тэгвэл өнгөрсөн жилийн наадамд улсын гарьд М.Баяржавхлангаар гурав давсан ч дөрвийн давааны оноолтод улсын аварга П.Бүрэнтөгстэй таарч унасан. Түүнд их спорт төдийгүй, үндэсний бөхөд өндөр амжилт гаргах нас, ирээдүй байна. Олимп, дэлхийн медальтан болж дэлхийн бөх гэдгээ зарлуулахыг цаг хугацаа харуулна. 


2
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна