О.Батнайрамдал: “Эрдэнэс Монгол”-д шинэчлэл хийхгүй байх нь уул уурхайн салбарын хувьд алдагдсан боломж


Н.БАЯР

 Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Яриагаа өнгөрсөн долоо хоногт ахиад 100 төгрөгөөр нэмэгдсэн шатахуунаас эхэлье. Шатахууны үнэ нэмэгдэх болсон шалтгаан юу вэ?

-Монгол Улс цар тахлаас өмнө оргил үедээ хоёр сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлож байсан. Нийт 1-1.2 тэрбум орчим ам.долларын валют гадагшаа гаргадаг гэсэн үг. Энэ жилийн хувьд 1.5 сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн авч, 500 сая гаруй ам.доллар зарцуулжээ. Нэлээн буурсан байгаа биз. Хэдийгээр хоёр сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн импортлодог ч бид АИ92 автобензин дээр л  төвлөрч яриад байгаа. Нийт газрын тосны бүтээгдэхүүний 25-27 орчим хувийг АИ92 эзэлдэг. Бусад бүтээгдэхүүний хувьд зах зээлийнхээ зарчмаар явдаг, төрийн оролцоогүй. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтарсан үнийн зөвлөл хуралдаад зах зээлийн горим руугаа аажмаар шилжүүлэх зарчмын шийдвэр гаргасан. Гол нь үнийн огцом хэлбэлзэлгүй гэж онцолж оруулж ирсэн. Зарчмын хувьд АИ92-ийн үнийг тогтооход төр хөндлөнгөөс оролцохгүй гэсэн үг. ОУВС-гаас  шатахууны талаар баримтлах үнийн бодлого дээр Монгол улсад автомат үнийн зарчмыг санал болгосон байдаг. Төр болоод хөндлөнгийн хэн нэгэн нь оролцохгүйгээр  үнэ автоматаар бодогддог тооцоо руу  шилжих гэсэн үг. 

Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр нэлээн огцом өсөлттэй байлаа. Үүнийг аажмаар оруулж ирдэг механизм нь зургаан сарын дундаж өртгөөр тооцох төсөөлөл. Энэ нь огцом үнийн өсөлт эсвэл бууралтыг зургаа хувааж байна гэсэн үг. Ингэхээр үнийн хэлбэлзлийг аажмаар оруулж ирнэ, гол нь хэн нэгэн нь энэ бодолтод нөлөөлөхгүй.-Та зургаан сарын дундаж өрт­гөөр тооцоолно гэж байна. Сар хүрэхгүй хугацаанд л литр тутамдаа 200 төгрөг нэмэгдлээ?

-Шатахууны үнийн хувьд шийдвэр гаргагч, аж ахуйн нэгж, хэрэглэгч гэсэн гурван субьект л байгаа. Энэ гурвын ойлголцлын огтолцол нь үнийн зааг гэсэн ойлголт. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн үнийн өсөлт, бууралтад хязгаар тавьж байна гэсэн үг. Жишээлбэл, шатахууны үнэ хоёр удаа тус бүр 300 төгрөгөөр өсөхөд хэрхэн шок үүссэнийг бид харлаа. Ийм шок үүсгэхгүйн тулд нийт үнийн дүнгийн 3-10 хүртэлх хувь дотор хязгаар тогтоочихож байгаа юм. Бидний хувьд хамгийн тохиромжтой хязгаар бол одоогийн байдлаар 5 хувь. Ойролцоогоор 100 төгрөгөөс нэг удаагийн хэлбэлзэл хэтрэхгүй гээд тогтоочихоор хэн хэндээ ойлгомжтой. Шатахууны хувьд гаднаас авч байгаа үнэ маань сард бүр хэлбэлздэг шүү дээ.

-Аж ахуйн нэгжүүд үнэ­хээр нэг литр шатахуунд 350 төгрөгний алдагдал хүлээж байгаа бол хэрхэн үйл ажиллагаа тогтвортой явуу­лах вэ, хоорондоо үгсэн хуйвал­даад байгаа юм биш үү гэх зэрэг хардлага дагаж л байна?

-Жил орчмын өмнө бид дараалсан хөл хорионд орж, эдийн засаг эвгүйтсэн.

 Тэр үед уул уурхайн салбарын хувьд эдийн засгийн дөрөвний нэгийг, төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлэгчийн хувьд ачааны хүндийг үүрэлцэх ёстой гэж үзсэн. Түүхэн гэж хэлж болох шийдвэрүүд гарсан. Эрдэнэт үйлдвэрээс 650 тэрбум төгрөг гаргасан, Эрдэнэс Тавантолгой сайжруулсан түлшний 75 хувийг төлсөн гэх зэргээр манай салбараас ард түмнийхээ нуруун дээрх ачааг бууруулах, эдийн засгаа ковидын нөхцөл байдлаас гэтэлгэх түүхэн алхам байсан. Айлуудын дулаан болж гэрт нь орлоо, хог түлшнийх нь үнийг хөнгөллөө. 

Шатахуун импортлогчид ч манай салбарын нэг хэсэг. Бидний зүгээс ковидын энэ онцгой нөхцөл байдлын үед алдагдалтай ажиллаж байгаа ч нийгмийн хариуцлагын хүрээнд ард түмнийхээ нуруун дээрх ачааг аж ахуйн нэгжүүд хамтраад үүрье гэсэн санал тавьсан. Гэвч дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөнөөс 11 дүгээр сар гэхэд аж ахуйн нэгжүүдийн алдагдал 70 гаруй тэрбум төгрөг болсон. Аж ахуйн нэгжүүд маань АИ92-оос өөр бүтээгдэхүүн борлуулж, үйлчилгээ эрхэлж байгаа ч хүнд байдалд орж эхэлсэн. Энэ нөхцөл байдлыг дүгнээд бид зах зээлийн горим руугаа шилжих нь хамгийн оновчтой шийдвэр юм. Инфляцын түвшин болоод бусад хүчин зүйлээ ч судалсан, цаг үе ч ингэж шаардах болсон.

Үнийн тооцооллын хувьд үнэхээр ойлгомжтой. Арваннэгдүгээр сард нэг тонн АИ92 шатахууныг 830 ам.доллараар авсан. Энэ бол хил үнэ. Төгрөгт шилжүүлбэл нэг литрт 1785 болж байгаа юм. Хилийн үнэ нь нийт өртөгт 75 хувийг эзэлдэг. Үүн дээр гаалийн, автобензиний, НӨАТ гээд татварууд 325 төгрөг болдог. Нийт өртгийн 14 хувь. Мөн төмөр зам, автозамын зардал нь хуульд заасан тарифтай. Ингээд хүүгийн зардал, үйл ажиллагааны зардал гээд нэмэгдвэл литр тутамд 295 төгрөг буюу  нийт өртгийн 12 хувь. Бүгдийг тооцохоор нийт 2405 төгрөг болно. Тухайн үед литр АИ92 шатахуун 2050 төгрөг байсан гэхээр алдагдал нь 355 төгрөг гарч байгаа юм. 

-Та аж ахуйн нэгжийн талаас тайлбарлаж байгааг ойлгож байна. Гэтэл хэрэглэгчийн зүгээс харвал ирэх дарамт нэмэгдэнэ. Жишээ нь, өнөөдрийг хүртэл шатахуун бол өргөн хэрэглээний барааны суурь үнэ гэсэн ойлголт хэвээр байгаа?

-Харин тэгж ойлгоод байдаг юм. АИ92 шатахуун чинь инфляцын сагсны 1,6 хувь нь. АИ92-ын үнэ өсөхөөр бүх юмны үнэ дагаад өсдөг гэж ярьдаг боловч тээвэрлэлтэд хэрэглэдэг шатахуун биш. Дизель түлштэй машинаар зөөдөг биз дээ. Хот дотор, аймаг дотор унаж байгаа суудлын автомашинд ашигладаг шатахуун бол АИ92. Бусад шатахууны бүтээгдэхүүний үнэ дээр төр огт оролцдоггүй. Үнэндээ эрэлт нийлүүлэлт рүү хөндлөнгийн гуравдагч этгээд оролцох тусам зах зээлийн алдагдал хүлээдэг. Тэр алдагдал нь явж явж, ард түмний нуруун дээр ирдэг. Тэгэхээр зах зээлийнх нь зарчмаар л явуулах ёстой. Тэгж байж иргэд хожино. Аравдугаар сард үүссэн шатахууны хомсдолоос бид үнээс илүүтэйгээр хангамжийн тогтвортой байдал чухал юм байна гэдгийг харлаа. Цааш­даа сар бүрийн шатахууны үнийн мэ­дээл­лийг аль болох нээлттэй болгоно. Зөвхөн АМГТГ гэлгүй хэн ч бай­сан үнэн зөв тооцоолсон эсэхэд хя­налт тавих боломжтой болно гэсэн үг.

Шатахууны хувьд хангамж, чанар, үнэ гэсэн гурван зүйл бий. Алийг нь бид нэгдүгээрт тавих вэ. Ойлгомжтой шүү дээ, хангамж.  Аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллавал хангамжийн тогтвортой байдалд шууд нөлөөлдөг. Сая Солонгост дизелийн хомстол үүслээ. Хангамжийн шок гэдэг чинь үнэхээр эрсдэлтэй зүйл гэдгийг бид өөрсдөө ч мэдэрсэн. Ийм байдалд хүрэхгүйн тулд үнийг чөлөөлөх нь зөв шийдвэр.-Үнийг чөлөөлөх гэдгийг дагаад тусгай зөвшөөрлийг дарамт, чирэгдэл багатай олгох гэдэг асуудал гардаг. Энэ тухайд?

-Тусгай зөвшөөрлийг хүчингүй болго гээд байдаг. Шатахууны хувьд гурван төрлийн тусгай зөвшөөрөл олгодог. Одоогоор импортлох, бөөний  худалдаа, жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт 289-ийг олгосон байдаг. Хангалттай олгогдсон. Бидний зүгээс зах зээлийг боомилсон, өрсөлдөгчийн тоог хязгаартай байлгах гэх зэрэг зүйл огт байхгүй. Мэдээж энэ бол заавал тусгай зөвшөөрөл байх шаардлагатай бүтээг­дэхүүн. Шаардлага хангасан ком­пани нь тусгай зөвшөөрлөө авсан байдаг.

-Дотооддоо нефть, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэртэй болох нь энэ бүх эрсдэлээс сэргийлэх гэсэн арга. Гэхдээ нефтийн үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний хувьд бас л эргэлзээтэй хэвээр байна?

-Импортлогч орны толгойны өвчин бол үнэ, хангамж. Үнэндээ хараат байх тусам тухайн бүтээгдэхүүнийг 100 хувь үнэ, инфляцтай нь импортлодог. Зөвхөн АИ92 биш гаднаас авдаг бүх бараа бүтээгдэхүүн дээр яригдах асуудал. Энэ асуудлыг урт хугацаандаа хэрхэн шийдэх вэ гэхээр дотооддоо л үйлдвэрлэх. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт ч дотооддоо нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч улс байж гэмээнэ энэ эрсдлээс өөрсдийгөө хамгаална гэдгийг тусгасан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ид явж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын Энэтхэгт хийсэн айлчлалын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ёндон энэ талаар бас уулзалт хийж байгаа. Үйлдвэр 2025 онд ашиглалтад орно гэсэн тооцоололтой. Ашиглалтад ороход дотоодынхоо өссөн хэрэгцээний 55-60 хувийг хангана гэж  тооцоолж байна. Ойролцоогоор 1,5 сая тонн түүхий газрын тос 1,33 сая тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. АИ92, онгоцны түлш, дизель гэх мэт бүтээгдэхүүн гарна. Бүтээн байгуулалт таван хэсгээс бүрдэж байгаа. Мөн түүхий газрын тос дамжуулах хоолойн төсөл бий. Олон улсын тендер нь зарлагдаад үнэлгээ нь хийгдээд дуусч байгаа. Сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр гарсны дараа шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээгээ хийгээд ажилдаа орно гэсэн үг.

Одоогоор ажилчдын хороолол, шаардлагатай автозам, төмөр замын ажил хийгдсэн. Энэтхэгээс ачигдсан бараанууд маань тээвэр логистикийн хүндрэлд өртсөн. Бидний зүгээс бүх талын хэлэлцээ хийж, нэн яаралтай горимоор авчруулахын төлөө ажиллаж, бараануудаа татаад Алтанширээт дээр авчирсан. Одоо Калькуттагаас 190 чингэлэг буюу 4000 тонн ачаа наашаа гарсан. Тяньжинаас шууд тээвэрлэхээр холбогдох байгууллагуудтай нь холбогдоод ажиллаж байна.-Танай салбартай холбоотой өөр нэг асуудал бол төсөвт уул уурхайн орлогыг хэт өөдрөг төсөөлөлтэй оруулж ирсэн гэх. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Нүүрсний хувьд ирэх жил 36,7 сая тонныг гаргахаар тооцоолсон. Ковидын өмнөх 2019 онд бид 37 сая тоннд хүргэж байсан. Хүчин чадлын хувьд бол хангалттай. Шивээхүрэн, Гашуун сухайт боомтоор 95 хувийг нь гарчихаж байгаа шүү дээ. Манай зүгээс ковидтой холбоотойгоор мөн БНХАУ-аас тавьж байгаа шаардлагатай уялдуулан чингэлэг тээврээр нүүрс бусад уул  уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарч байна. Байгаль орчинд ээлтэй, хорогдол багатай, тээвэрлэлтийн талаасаа ч энэ нь зөв. Чингэлэг тээврийн терминал барих асуудлыг бид  жил гаруй ярьсан. Гашуунсухайт боомт дээр ямар ч байсан чингэлэг тээврийн терминал барих асуудлыг Тавантолгойн орд дээр үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, Жижиг Тавантолгой гэсэн гурван компанитай төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэж чадлаа. Компаниуд зардлаа гаргаад 30 гаруй тэрбумаар чингэлэг тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьсан. 

Жилд  7-8 сая тонныг гаргах хүчин чадалтай. Цаашдаа жигдрээд ирвэл 19 сая тонн хүртэл гаргах боломжтой юм. Шивээхүрэн дээр мөн үйл ажиллагаа явуулж байгаа найман аж ахуйн нэгжийн дэмжлэгээр чингэлэг тээврийн терминал барих ажлаа эхлүүлсэн. МАК манлайлаад 60-70 хувийн бүтээн байгуулалттай ажиллаж байна. Тиймээс ирэх жил задгай тээвэрлэлтээс гадна чингэлэг тээврийн хоёр терминалаар зэрэгцүүлээд гаргавал 36,7 сая тонндоо хангалттай хүрчих болов уу.-Эрдэнэс Тавантолгой гэх мэт төрийн өмчит компаниудын хувьд давуу тал бий болно гэж байсан?

-Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд маш давуу тал үүсгэж байгаа юм. Бид амнаасаа нүүрсээ зардаг байсан. Одоо бол Эрдэнэс Тавантолгой уртын тээврээ өөрөө хариуцаад хил үнээр зарна. Уртын тээвэр дээрх үнэ хөөсрөх ёсгүй. Жишээлбэл, өнөөдөр Эрдэнэс Тавантолгой тендер зарлаад нүүрсээ хил үнээр гэрээлж эхэлсэн. Тонн нь 204 ам.доллар. Энэ бол тус компанийн дараагийн шатанд гаргахад том хүчин зүйл болж байна. Цаашдаа чингэлэг тээврээр явбал Цагаан хаданд буулгах шаардлагагүй.

-Олон жил яригдсан Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн болсон гэсэн. Та ахалж ажилласан байх аа?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж Үндэсний баялгийн сангийн концевцийг оруулж өгсөн. Энэ хүрээнд УУХҮЯ-наас ахалж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсрууллаа. Арванхоёрдугаар сардаа багтаад Засгийн газраар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барина гэж  төлөвлөсөн.  Үндэсний баялгийн сан гэдэг олон улсын жишгээр хоёр төрөл байна. Нэг нь ирээдүйдээ хуримтлал үүсгэж бий болгох Ирээдүйн өв сан. 

Манайх 2016 онд баталсан хуультай. Энэ бол хөрөнгө оруулалт нь гадаадад хийгддэг, хуримтлагддаг хуримтлалын сан. Нөгөөх нь дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалтаа хариуцдаг Хөгжлийн сан байна. Норвеги, Сингапур, Хятадад байгаа жишиг.  Тэгэхээр дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалт хийдэг, эдийн засгаа тэлдэг Хөгжлийн сан гэдэг маш энгийнээр хэлбэл Эрдэнэс Монголын шинэчлэл.  Уул уурхайн салбарын хувьд Эрдэнэс Монголын цогц шинэчлэл хийгдэхгүй байгаа хором тутам нь алдагдсан боломж болчихлоо. Яагаад гэвэл уул уурхай бол Монгол Улсын хувьд хамгийн өрсөлдөх чадвартай салбар нь. Бүтээгдэхүүн нь гадаад зах зээл дээр шууд өрсөлддөг. Энэ ч утгаараа валютын урсгал, нөөцийг бүрдүүлдэг хамгийн том салбар. Тэгэхээр төрийн өмчит компаниудын шинэчлэлийг цогцоор нь хийх ёстой. Ганцхан Эрдэнэс Монголын захирлыг солих асуудал биш. Бид цогцоор нь шийдэж чадахгүй, ганц захирал сольсоор байгаад өнгөрсөн 14 жилийг үдлээ. Энэ нь тус компанийг өнөөдөр цалингаа ч тавьж чадахгүй  байдалд хүргэж. Тэгэхээр төрийн өмчит уул уурхайн компаниудаа дэлхийн жишигт хүргэх цогц шинэчлэлийг бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар хийнэ гэж тооцоолж байгаа.

-Үндэсний баялгийн сангийн хуулиар “Эрдэнэс Монгол” толгой компанийн үүрэг гүйцэтгэнэ гэж ойлгосон. Одоогоор тийм чадамжгүй харагдаж байгаа?

-Хөгжлийн сан гэдэг Үндэсний баялгийн сангийн  хэлбэр. Тэгэхээр “Эрдэнэс Монгол”-ыг Үндэсний баялгийн сангийн эрхзүйн орчинтой голдирол руу нь оруулах цаг нь болсон. Оруулах ч ёстой. Ковидын энэ хүнд нөхцөл байдалд уул уурхайн салбар ямар чухал вэ гэдгийг шийдвэр гаргагчид төдийгүй  иргэд ч ойлголоо. Ийм чухал салбараа төрийн өмчит компанийн захирлыг солиод, эсвэл нэгтгээд өөрчилж, хөгжүүлнэ гэж байхгүй. Олон улсын жишгээр Баялгийн сангийн зарчмыг хууль эрхзүйгээр нь зохицуулж оруулж ирэх ёстой. Манай Үндсэн хуулийн шаардлага ч энэ. Тэгэхээр Эрдэнэс Монгол маань Үндэсний баялгийн сангийн зарчим руу шилжинэ. Зөв, шилдэг менежмэнттэй, сайн засаглалыг хэрэгжүүлдэг хамгийн гол нь  баялгийнхаа, компаниудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлж, арвижуулах л үүргээ биелүүлж ажиллах ёстой. Эрдэнэс Монголын менежмэнтийг дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн, туршлагатай, шилдэг мэргэжилтнүүд хийдэг байх ёстой. Гол үүрэг нь энэ хэдэн уул уурхайн орд эзэмшсэн компаниудынхаа ашигт ажиллагааг хэрхэн хангах вэ, яаж зөв удирдлагаар  хангах вэ, зардлыг хэр бууруулах вэ гэдэгт л анхаарч олсон орлого, ашгаар нь цалинжиж, дэлхийн цалин авч байх тийм баг ажиллах ёстой. Тиймээс энэ хуульд нэлээн том шинэчлэлийн асуудлууд оруулж өгч байгаа. 

Уул уурхайн ордууд Үндсэн хуулийнхаа шаардлагаар бүгд Хөгжлийн сан дээр төвлөрөх ёстой. Хоёрдугаарт, энэ компанийн менежмент дээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баг байх хэрэгтэй. Монгол нь чадахгүй бол чаддаг мэргэжилтэнг гаднаас  авья.-Сан гэхээр яагаад ч юм хувиарлах ёстой гэх ойлголттой болсон. Та арвижуулж, хураах талаар яриад байдаг?

-Харин тийм ээ, сан гэхээр төсвийн мөнгийг ямар нэгэн зорилтот бүлэг рүү хувиарладаг тусгай сангуудаар л ойлгоод байна. ЖДҮ, тариалан эрхлэлтийг дэмжих сан гэх мэтээр ойлгосон хэвээр. Гэтэл сан гэдэг үг чинь арвижуулах, томруулах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх юм. Хөгжлийн сан төсвөөс нэг ч төгрөг авахгүй, төсвийн мөнгө булаацалдахгүй. Харин төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэг дээвэрт оруулж ажиллах юм. Түүнээс биш Эрдэнэт нь ТӨБЗГ-т, Эрдэнэс Оюутолгой нь Эрдэнэс Монголд, Эрдэнэс Тавантолгой нь яаманд гээд хуваасан бялуу шиг байж болохгүй. Энэ чинь механизм нь өөрөө ажиллахгүй байна гэсэн үг. Жишээ нь, манай дээр Эрдэнэс Тавантолгой байдаг. Салбарын бодлого толгойлох яам нь яах гэж аж ахуйн ажилтай, нэг компанитай орооцолдчихсон байдаг юм. Буруу байхгүй юу. Энэ компани Хөгжлийн сан дотроо зөв удирдлагаар нь хангагдсан, зөв ТУЗ-тай, шилдэг менежменттэй ажиллаж байх ёстой.. Жишээ нь, Эрдэнэс Монголын дор байгаа охин компаниудын ТУЗ-ийг хараарай. Баахан газар хэлтсийн дарга нар. Тэр завгүй дарга нар юу хийж тэнд байдаг юм бэ.

-ТУЗ гэхээр үнэндээ цалин авдаг хэдэн хүн гэж ойлгоод байгаа нь нууц биш шүү дээ?

-ТУЗ-ийн талаарх ойлголтыг хүртэл эвдчихсэн. Ийм зарчмаар бид уул уурхайн компаниудын ашигт ажиллагааг хэзээ ч хангахгүй. Хуульд ТУЗ-ийн есөн гишүүн бүгд мэргэжлийн байнгын ажиллагаатай, олон улсын сонгон шалгаруулалтаар сонгогдсон хараат бус, хатуу гэрээтэй ажиллана гэсэн байна. Тэдний ажил бол дор байгаа хэдэн компанийнхаа ашигт ажиллагааг хангах, гүйцэтгэх удирдлагыг хянах. Хувьцаа эзэмшигчийг төлөөлж шүү дээ. Хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байна. 

ТУЗ-ийн дарга нь Ерөнхий сайд байна гэсэн хувилбар яригдаж байсан. Гэтэл Ерөнхий сайдыг тэр ТУЗ-ийн хуралд оруулж байснаас ТУЗ-ийн хараат бус гишүүд нь шаардлагатай үедээ байнгын ажиллагаатай Засгийн газрын хуралд ажлаа танилцуулж, зөвшөөрлөө авах зэргээр ажиллаж болно. Практик талаасаа ч энэ нь илүү бодитой хувилбар байх болов уу гэж тооцсон.-Нэг л наалдацгүй сонсогдоод байна. Уул уурхайн компаниудын удирдлагуудыг улс төрийн нам томилдог, улс төрийн намын санхүүжүүлэгч гэх ойлголт үгүй болоогүй байхад ТУЗ хараат бус гишүүдтэй байж чадах уу?

-Чадахаас өөр яах юм бэ. Бид шинэчлэл, либералчлал зоригтой хийхгүй бол ковидын нөхцөл байдалтай уялдуулж ажиллахад хэцүү болсон. Үнэндээ ковидын нөхцөл байдал нь шинэчлэлийг шаардаж байна. Одоогийн Засгийн газрын цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх бодлого, хуулийн төслүүдийг боловсруулж, Монгол Улсын эдийн засгийг тэлэхэд чөдөр болж байгаа боомилогч хязгаарлагдмал хүчин зүйлүүдийг авч хаяхын төлөө ажиллаж байна. Нөгөө талаасаа том либералчлалын бодлого явж байна. Энэ хүрээндээ л ажиллах ёстой. Улстөртэй хэт хутгалдсан, улстөрийн талаасаа хэцүү гээд хойш суух эрх бидэнд байхгүй. Энийг ойлгоод хийх боловсон хүчнүүд ч гараад ирсэн байна.

-Ирэх жил хайгуулын лиценз олгох ажлыг нэлээн эрчимжүүлэхээр төлөвлөсөн байсан?

-Ашигт малтмал хайгуулын лиценз олголтыг цахим болгож, олгох журмыг нь тэр чигээр нь өөрчилж байгаа. Нээлттэй, ил тод, цахим шударга өрсөлдөөнийг хангасан зарчмаар журмыг өөрчилж байна. Амар байсангүй, сөрөг зүйл багагүй тохиолддог л юм байна. Бүхий л үйл ажиллагааг ил тод байх шаардлага тавьж байгаа.  Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-80 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлдэг. Тэр дундаа хайгуулын салбар гадаадын хөрөнгө оруулалт татах том суваг. Гэтэл одоог хүртэл явж байсан сонгон шалгаруултын журам маш урт хугацаа их шаарддаг. Бараг 45-аас дээш хоног болдог. Тиймээс бид Засгийн газраас олгосон эрх үүргийн хүрээнд 400-500 лиценз зарлахаар төлөвлөж байна. 

Онлайнаар, 70 хувь нь үнэ, 30 хувь нь техникийн санал дээр тулгуурлан явуулна. Эхний 70 хувийн үнийг хүлээж авангуутаа нээлттэй зарлана. Үлдсэн 30 хувийг нь үнэлээд техникийн оноог ил тод тавина. Тэгэхээр аж ахуйн нэгж, оролцогчийн зүгээс ч мэдээллийг мэдэх эрх нь хангагдана, бас зөв  үнэлгээ хийх боломж бүрдэнэ. Үүн дээр том реформыг зоригтой хийхийг хичээж байна. Аливаа асуудал дээр цоо шинэ гаргалгаа гэхээс илүү мэдээллийг ил тод байлгах зарчмыг барихад олон асуудал шийдэгдэнэ.-Өнөөдрийн байдлаар хэчнээн хайгуулын зөвшөөрөл байна вэ?

-Хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл нийлээд нийт газар нутгийн 3,9 хувь байдаг.  Өнөөдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл 1744, хайгуулынх 913 байгаа. Уг нь энэ тоо эсрэгээрээ байх ёстой. Тиймээс хайгуулын лиценз олголтыг эрчимжүүлэх хэрэгтэй.

-Хайгуул гэхдээ эрсдэл өндөртэй, хөрөнгө их шаарддаг ажил л даа?

-Тийм, эрсдэл өндөртэй. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна.  Энэ утгаараа дэлхий даяар хайгуулд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт өссөн. Бид уул уурхайг дэлхийд өрсөлдөх салбар гэж харж байгаа учраас хайгуулын хөрөнгө оруулалт Монголдоо татах хэрэгтэй. Хайгуулын сэдлийг төрүүлэхийн тулд судалгааны ажлын төрийн зүгээс хийдэг. Манай яамны төсвийн дийлэнх нь үүнд л зарцуулагддаг юм. Манай зүгээс газрын ховор элементийн эрлийн ажилд илүү ач холбогдол өгч хийж байна. Хөрөнгө оруулагчдыг ч үүнд татах сонирхолтой байгаа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна