МАН их хурлаараа Л.Оюун-Эрдэнийг даргаар батламжилж, АН-ын С.Эрдэнэ тамганы маргаанаа үргэлжлүүлнэ


Т.АМАРАА

 Монгол Ардын нам өнөөдөр их хурлаа хуралдуулах бол Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан М.Тулгат даргатай АН-аас Үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж байна.

МАН ээлжит их хурлаараа Ерөнхий сайд, МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг батламжлах асуудлыг хэлэлцэх юм. Л.Оюун-Эрдэнийг энэ оны зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. МАН-ын дүрэмд “Намын их хурлын чөлөөт цагт намын дарга  гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно” гэж заажээ. Энэхүү заалтын дагуу  Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон юм.

МАН УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө хүний эрхтэй холбоотой хэд хэдэн заалтыг дэвшүүлсэн бөгөөд үүнийг бодит ажил болгох үүднээс “Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг хэрэгжүүлэхээ зарласан байна. Их хурлаар хэлэлцэх асуудлын талаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачилгатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад бид харьцангүй илүү амжилттай яваа мэт боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хөгжсөн нийгэм болсон уу гэвэл бас хангалтгүй байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна. Энэ санаачилга нь эрх барьж буй улс төрийн нам санаачлан эхлүүлэх гэж буй анхны тохиолдол юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг, хуулийн дор ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээнэ. Энэ ажил хий хоосон уриа лоозонгийн төдий болох учиргүй. Тийм ч учир МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хууль бий. Үүнээс тухайлан зохицуулдаг, өргөн хэрэглэдэг 318 хууль үйлчилж байна. Эдгээр хуулийн нийт 11 900 орчим заалт нэг бүрт дүгнэлт хийж, хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг судалж, дүгнэлт хийх ажлуудыг Монголын хүний эрхийн шилдэг хуульчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийлээ. Хүний эрхийг зөрчсөн хуулийн 800 заалт бүрийг бид өөрчилнө” хэмээн онцолсон юм.

Харин Ардчилсан намын хувьд нам байгуулагдсан 30 жилийн ойн өдрийн хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг О.Цогтгэрэл болон М.Тулгат даргатай АН тус тусдаа зохион байгуулж байна. С.Эрдэнэ, М.Тулгат тэргүүтэй намаас энэ сарын 4-нд хүндэтгэлийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж, Үндэсний анхдугаар чуулганыг өчигдөр эхлүүлсэн. “Чуулганы гол зорилго нь үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд намын гишүүд, анхан дунд шатны байгууллагуудын оролцоо, тэдний үзэл бодол, байр суурийг сонсох, нөхцөл байдлыг хангах явдал юм” хэмээн мэдэгдсэн. Чуулганд 1206 хүн оролцож байгаа билээ. Чуулганаар гурван том асуудал хэлэлцэх ба нэгдүгээрт, Улстөрийн намын тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцох, хоёрдугаарт, АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг танилцуулах аж. Гуравдугаарт, хүний эрхийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

АН-ын дарга асан, зөвлөхүүдийн танхимын гишүүн С.Эрдэнэ “УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэйгээ хамтран иргэний үзэл бодлоо илэрхийлэх, Эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барина. Хуулийн төслийг Ардчилсан намаас УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хамтран боловсруулах ба бие даасан хууль хэрэгтэй. Арванхоёрдугаар сарын 10-нд ардчилал, хүний эрхийн өдөр байхаар тогтоол батлагдсан. 

Энэхүү хүний эрхийн өдрийг баяр ёслол гэхээс илүүтэй хүний эрхийн форум хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгдсэн билээ. Өчигдөр эхэлсэн анхдугаар чуулганд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар оролцож, үг хэлж, санал бодлоо солилцсон байна.Мөн О.Цогтгэрэл даргатай АН-аас нам байгуулагдсан ойн өдөртэй холбогдуулан Эрдэм шинжилгээний бага хурал, снукер биллиардын тэмцээн гишүүдийнхээ дунд энэ сарын 3-ны өдөр зохион байгуулсан байна. Мөн өчигдөр АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өчигдөр нийслэлийн гэр хороололд очиж “Иргэний ардчилал - Иргэдийн шийдэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг гишүүдийнхээ дунд зохион байгуулав. “Ардчилсан нам тусгайлан зассан танхимд суугаад асуудал ярьдаг бус шийдэх асуудлынхаа төв цэгт очиж иргэдтэйгээ уулзаж асуудал шийдэл, гарц гаргалгаа ярьдаг байх нь хамгийн чухал” хэмээн зохион байгуулагчид онцолсон. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Эх орны хөгжлийг сууриар нь харахын тулд одоо байгаа бодитой үнэнтэйгээ нүүр тулахаас өөр гарцгүй. Монгол орны дөрвөн зүг найман зовхист, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт бүгдэд нь гэр хороолол бий. Бид гэр хорооллыг хэрхэн багасгах вэ гэдэг шийдлийг хайхын зэрэгцээ ямар бодлого хэрэгжүүлвэл иргэд маань гэр хороололд ая тухтай, тохьтой сайхан амьдарч болох тухай шийдэл гаргах ёстой. Бидэнд, Ардчилсан намд олон том мөрөөдөл бий. Тэрний нэг нь гэр хорооллоо өөд нь татах бодлого юм” гэв.

АН одоогоос яг сарын өмнө онц их хурлаа хуралдуулж, намын даргаар О.Цогтгэрэлийг томилсон. Гэвч С.Эрдэнэ, М.Тулгат нарын зүгээс намын их хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурь илэрхийлээд байгаа. Онц их хурлыг зохион байгуулагчдын зүгээс шийдвэрээ Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн ч шүүх хараахан хариу өгөөгүй байна. Харин С.Эрдэнэ, М.Тулгат нарын зүгээс Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж, хэлэлцэх асуудалдаа АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцүүлж байна. Үүнээс намын дарга, тамганы маргаан үргэлжлэх нь гэсэн таамгыг дэвшүүлж болох юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна