МАН хүний эрхийг хамгаалж, авлигатай тэмцэхээ зарлав


---Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батламжиллаа---

Т.АМАРАА

 МАН-ын 30 дугаар их хурал өчигдөр эхэллээ. Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн ч 1080 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Их хурлыг  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж нээж, хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн юм. Түүний дараа хурал даргалагч Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Тус намын их хурлаар МАН-ын даргыг сонгох, батламжлах, намын дүрмийн өөрчлөлт, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах, эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх дэвшилтэд бодлогыг дэвшүүлж, танилцуулахаар төлөвлөсөн байв. Мөн цар тахлын үеийн Шинэ сэргэлтийн бодлогоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их хурлын гишүүдэд танилцуулж, санал бодол солилцох, сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцох зэрэг асуудал багтав. МАН одоогийн байдлаар 278 мянга гаруй гишүүнтэй болсон бөгөөд их хурлын нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж байгаа аж. Нийт төлөөлөгчдийн 295 нь буюу 25 хувь нь эмэгтэйчүүд байгаа талаар зохион байгуулагчид дуулгасан. Баримт бичиг боловсруулах комисс, Тооллогын комиссыг тус тус байгуулав. Нам төрийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэн тооцож цагаатгасан шүүх хурлын тогтоолыг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан талаар танилцууллаа.

 МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан юм. МАН-ын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн их хурал  дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж  байгааг намын дарга онцлоод “МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдлоо” хэмээн тодотголоо.


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 

“Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм. Д.Амарбаясгалан “МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг ээлжит хурлаараа танилцуулна. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг бий болгоход авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал саад болж байгаа. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, ардчилсан хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж байна. 

Хүний эрхийн зөрчилтэй 800 орчим хуулийн заалтыг засах ажил  эхэлж байна. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан. Хоёр дараалсан том ялалтын цаана маш өндөр хариуцлага ногдож байгаа. МАН-д нийгмийн дундаж давхрагыг хүчтэй болгох хариуцлага ирж байна. Энэ хүрээнд бид намын бүх түвшинд авлига, албан тушаалтын гэмт хэрэг, хүнд сурталтай тууштай тэмцэх хөтөлбөр, бодлогыг танилцуулна” гэв.Монгол Ардын намын 30 дахь их хурал дээр тус намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарын тавьсан илтгэл олны анхаарлыг багагүй татаж байлаа. Тэрээр илтгэлдээ эрх барьж байгаа МАН-ын тулгамдсан асуудлыг хөндөж, УИХ-ын зарим гишүүд намын дүрэм зөрчиж, боловсон хүчний бодлого алдагдаж байгааг ч нуусангүй. Өнгөрсөн их хурлаас хойш Хяналтын Ерөнхий хорооноос 56 иргэний намын гишүүнчлэлийг сэргээж, 42 гишүүнд намаас гарсанд тооцох, 12 гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, тус бүр нэг гишүүнд сануулах, намын гишүүнээс түр түдгэлзүүлэх арга хэмжээг авсан байна.

 Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар илтгэлдээ “Зарим аймаг, сумын намын хороон дарга судалгааны үр дүн, намын бодлого гэсэн нэрийн дор өөрийн үзэл бодлыг намын хорооны тэргүүлэгчид болон сонгуультнуудад тулгадаг байдал гарч байна. Өөрийн эрх мэдэл, эд хөрөнгөнд эрэмшиж намын гишүүд болон ард олноосоо алсран холдох боллоо гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Намын үйл хэрэгт үзэл бодол, итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдсэн жирийн гишүүдээ анхаарч үзэхгүй, тэднийхээ хүч дэмийг намын ажилд татан оролцуулахгүй байгааг энэ шүүмжлэл илтгэж байна. Орон нутагт намын гишүүдийн дунд хувийн эрх ашгаараа болон УИХ-ын гишүүдээ дагаж талцан хуваагдах, ямар нэг зөрчил маргаан гарахад олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр бие биенийгээ дайрч доромжлох, бүүр цаашлаад намын журмын нөхдийнхөө нэр хүндийг унагахын тулд эсрэг намтай үгсэн хуйвалдах явдал ч гарах боллоо. Үүнийг даруй цэгцэлж, буруутныг шийтгэж, зөвийг нь өмгөөлж хамгаалаач гэж Хяналтын хорооноос харж хүлээж байна. Хүчирхэг байхын тулд эвтэй байх нь юу юунаас чухал. Гэхдээ бидэнд өөр хоорондоо үгсэн хуйвалдсан, цөөн хүн өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд эв нэгдэл гэдэг үгээр халхавчилдаг, зарчмын шаардлага тавьсан нэгнээ ад шоо үздэг эв нэгдэл хэрэггүй юм. Эв нэгдлээ хичээгээд дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг эв эе бидэнд тус биш ус болно” хэмээв.

Их хуралд оролцогчдын зүгээс эрх баригч намын хувьд байгаа байдалдаа ханах бус, өөрчлөлтийг цаг ямагт хийж байх ёстойг онцолж байлаа. Тухайлбал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, авлигатай тэмцэх ажлыг МАН өөрсдөөсөө эхлэх ёстой гэсэн байр суурьтай гишүүд ч байв. Их хуралд оролцогчдын төлөөллөөс байр суурийг нь сонссон юм.

МАН-ын Бага хурлын гишүүн, НИТХ-ын гишүүн асан Ж.Батсайхан 

“Намын их хурлаар шинэчлэлийн асуудлыг ярьж байна. Хүний эрх, эрх чөлөөний асуудлыг хөндсөн бүтээлч хурал болж байна. Намын шинэчлэлийн тухайд анхан шатны байгууллагаасаа эхэлж шинэчлэгдэх ёстой. Аймаг, сум, дүүрэг, хорооны намын үүрээс эхэлж шинэчлэгдэх хэрэгтэй. Тухайлбал, намаас нэр дэвшигчийг сонгохдоо намын удирдлага нь мэддэг байж болохгүй. Намын анхан шатны гишүүд олонхийн саналаар нэр дэвшигчээ тодруулдаг, ардчиллын зарчмыг дээдлэх ёстой. Нам дотоод ардчилалтай байх хэрэгтэй” гэв.

Намын их хурлын гол анхаарал хандуулж буй асуудал нь намын шинэчлэл, түүн дотроо хүний эрх, эрх чөлөө, авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд бодлого тодорхойлж, баримт бичиг боловсруулахад чиглэж байгаа юм. Тухайлбал, Монгол хүн хуулийн дор, тэгш эрхтэйгээр амьдрах боломж бүрдүүлэхийн төлөө эрх баригч МАН гол бодлогоо чиглүүлэн ажиллах зорилт тавьсан байна. Тус намын 30 дахь их хурлаас хүний эрхийн чиглэлээр бодлогын баримт бичиг батлан гаргах аж. Үүний тулд МАН сүүлийн есөн сарын хугацаанд хүний эрхийн чиглэлээр 40 гаруй хуульч судлаачтай хамтран олон талт судалгааг явуулсан байна. Ингэснээр өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулдаг буюу түгээмэл хэрэглэдэг  318 хуулийн 11900 заалтыг нэгбүрчлэн задалж үзэхэд  800 орчим заалт нь “Хүний эрхийн зөрчилтэй” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааны дүнг их хурлын төлөөлөгчдөд танилцуулж, бодлогын баримт бичиг гаргахаар төлөвлөжээ.

 МАН-ын шинээр боловсруулсан дүрэмдээ цахим шилжилтийг эрчимжүүлэх, намын анхан шатны байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, намын хүний нөөцийн бодлогыг чадахуйн зарчмаар боловсронгуй болгох, сонгогдож томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чангатгах, аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэг­гүй байх заалтыг дүрэмд тус тус оруулахаар тусгажээ.Энэ оны зургадугаар сард болсон МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тиймээс их хурлын өчигдрийн хуралдааны төгсгөлд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар батламжлах асуудлыг хэлэлцэхэд, төлөөлөгчдийн 99 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа 30 дахь даргаар албан ёсоор томилогдлоо. Өнөөдөр үргэлжлэх МАН-ын их хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАН-тай нэгдсэн МАХН-ынхан Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн 30 хувийг бүрдүүлэхээр тохиролцсон байдаг. Энэ тохироо ч цаашид хүчинтэй хэвээр хэрэгжих ёстой гэж МАХН-ын угшилтай гишүүд үзэж буй аж. МАН-ын Бага хурал дээрх хоёр асуудлыг хэлэлцэж дууссанаар их хурал өндөрлөх ба маргааш шинээр бүрдсэн Бага хурал хуралдах юм. Бага хурлаар намын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг улируулан сонгохоор намын дарга удирдлагууд тохиролцоонд хүрсэн байна. МАН-ын генсек Д.Амарбаясгалан 2020 - 2024 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх чиглэлд ажиллах нь зүйтэй гэж намын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь үзжээ. Түүнчлэн МАН-ын Нарийн бичгийн дарга нар, газар, хэлтсийн дарга нарыг ч нэг их өөрчлөхгүй байхаар ярилцсан байна.

 

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна