Алдагдсан боломжоо тооцвол дэндүү их


Эдийн засгийн ухааны доктор Р.даваадорж

2022 оны төсөв батлагдаад удаагүй байна. Төсвийн голлох үзүүлэлтийн талаар нийтэд хэлэхгүй орхигдуулж боломгүй хэд хэдэн асуудал бий. Үүний нэгийг өнөөдөр хөндье. Энэ бол төсвийн зарлага. Төсвийн зарлага нь төрөөс иргэдэд боловсрол олгох, сургах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг нь хангах, бүртгэлийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, улс орноо батлан хамгаалах,  дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн орлогыг дахин хуваарилах явцад үүсч буй харилцаа юм.

Ирэх жилийн төсөв “Төр хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, зардлыг оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна” гэсэн ганган уриатай орж ирсэн. Гэвч энэ удаа чамин лоозонгийн цаана эрх баригчдын дуртай “цавчаа” нуугдаж байснаас нэгийг нь иргэд анзаарчээ. Энэ бол Богд Зонхов төсөл. Нийгмийн сүлжээгээр хэд хоног шуугисны хүчинд энэ төслийг зогсоож чадлаа. Гэвч энэ жилийн төсөвт ганцхан ийм асуудал байсан юм биш, сайтар ухвал энэ төсөлтэй төстэй арга хэмжээ цөөнгүй.

2022 оны төсвийн нийт зарлага 18 их наяд 159 тэрбум төгрөг! Хэдхэн жилийн өмнө, 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7 их наяд 420 тэрбум төгрөгөөр УИХ баталж байж. Ирэх жилийн төсвийн урсгал зардал энэ оныхоос 32.8 хувиар, хөрөнгийн зардал 34.4 хувиар буюу огцом өснө. Гэтэл манай улсын эдийн засагт ийм хэмжээний өсөлт гаралгүй удаж байна. Монгол улсын ДНБ ердөө 12-13 тэрбум ам.долларт эргэлдсэн хэвээр байна. Төрийн үйлчилгээний чанар огт сайжирсангүй. Иргэдийн амьдрал дээшилсэнгүй, нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 4 мянган ам.долларт уяастай арваад жилийг ардаа үдлээ.Гэвч төсвийн зарлага сүүлийн жилүүдэд 3 дахин нэмэгджээ. Хэдэн жилийн өмнө Монгол гэдэг айл ердөө 6-7 их наяд төгрөгт амьдралаа сэв хийтэл аваад явчихдаг байсан юм. Энэхүү асар өндөр мөнгөн дүнтэй зарлага бол  татвар төлөгчдийн мөнгө.

 Тийм учраас хэрхэн хайр найргүй үрэн таран хийж улс орныхоо хөгжлийг хойш татаж байгааг бид зүгээр хараад сууж боломгүй байна.  Уг нь иргэд хянаж нягтлан анхааруулж байх учиртай юм. Учир нь манай жижигхэн эдийн засаг 76 төсвийн “пян”-г үнэхээр даахгүй. Гишүүн бүр тойрог руугаа ямар нэгэн хэмжээгээр татвар төлөгчдийн хөрөнгийг татахыг чармайж энэ нь эцэстээ улс орныхоо хөгжилд саад болсоор даруй 30 жилийг ардаа орхижээ. Дэлхийн банкны тайланд “Орлогоо дагасан зарлагын хэт өсөлт Монголын хөгжилд саад болж байна”  гэсэн агуулагатай дүгнэлт гарч байсныг би тод санаж байна.

Мэдээж эрх баригчид зардлын хэт өсөлтөө ковид руу чихэхийг оролдох биз. Тэгвэл ковидгүй үед төсвийн зардлыг мөн л 3 дахин өсгөж байсан түүхийг нь сануулъя.

Одоогоос арваад жилийн өмнө. Монгол Улс уул уурхайгаас боломжийн хэмжээний хөрөнгө олох үүд хаалга нээгдсэн үе. Өмнө хөршийн эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч Монгол Улс экспортын хоёр баганатай боллоо. Энэ нь зэс ба нүүрс. Өнөөдөр гадаадаас олж буй 10 ам.доллар тутмын 7-8-ыг зөвхөн энэ хоёр бүтээгдэхүүнээс олж байна. Монгол улсын төсөвт боломжийн хэмжээний мөнгө орж ирэхтэй зэрэгцэн улс төр “булингартаж” эхэлсэн байдаг. Энэ үеэс л мөнгө олох зорилготой хүмүүс улс төр рүү хошуурцгааж, хоёр том намд хуваагдан гишүүнээр элслээ. 2008 оны УИХ-ын сонгуульд ялсан намд санхүүгийн эрх мэдэл очих нь тодорхой. Тиймээс ямар ч хамаагүй үнээр ялалт байгуулах нь намд “шингэсэн” бизнесменүүдийн зорилго байв. Тиймээс УИХ-ын сонгуульд сонгогчдын санал татах зорилгоор улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгөн амлалтаар бөмбөгдөж эхлэв.

МАХН (Одоогийн МАН) бусад намуудаас хавьгүй өгөөмөр амлалт авчээ. Энэ нь иргэн бүрт 1.5 сая төгрөг бэлнээр өгөх амлалт байв. Ам.долларын ханш 1100 орчим төгрөгтэй тэнцэж байсан нь УИХ-ын гишүүнд өгөх нэг санал мянган ам.доллароос давсан үзүүлэлт. Сонгогч олонд ийм хэмжээний мөнгө хаанаас олох нь бүү хэл ирээдүйд эдийн засгийн ямар гамшиг дагуулах нь ч огт сонин биш байв. МАХН(МАН) ч парламентад олонх боллоо. Чухам энэ үеэс эдийн засгийн өнөөгийн хямралын суурь тавигдсан байдаг. Төрийн эрх мэдлийг атгасан бизнесменүүд хүртдэгээ хүртсэн. Тэд хөлсөө урсгаж, эрсдэл үүрч бизнес хийхийн оронд төрийн сэнтийд залрах нь ямар их ашигтай гэдгийг мэдэрсэн тул сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэхээр шийдлээ. Мэдээж өөрсдийн халааснаас биш харин төсвийн хөрөнгөнөөс гаргах учраас элдэв хүндрэл байсангүй. Амлалтын асар их мөнгийг байгалийн баялгаасаа гаргахаас өөр арга зам байгаагүй нь мэдээж.

Ийнхүү 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УИХ, ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх “Хүний хөгжил сангийн тухай хууль”-ийг баталжээ. Залгаад, 2010 онд “Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 84 дүгээр тогтоол ч гарав. Амлалтын 1.5 сая төгрөгөөс 500.0 мянган төгрөгийг бэлнээр олгохоор шийдвэрлэж, иргэн бүрд 2010 онд 120.0 мянган төгрөг, 2011 онд сар бүр 21.0 мянган төгрөг буюу нийт 252.0 мянган төгрөг, 2012 оны эхний 6 сард нэмж 128.0 мянган төгрөгийг олгожээ. Ийнхүү 2010-2012 онд иргэн бүрт 500.0 төгрөгийг бэлнээр олгов. Үлдсэн 1.0 сая төгрөгийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эсвэл бэлэн мөнгөний гэх сонголттой олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан юм. Тэтгэврийн насныхан, оюутнууд амлалтын мөнгөний дийлэнх хувийг хүртэцгээв. 

2012 онд манай улсын хүн ам 2 сая 867 мянга гэж тоологджээ. Монголын төр хэлсэн амандаа хүрч иргэддээ 1 их наяд 433 тэрбум төгрөг буюу нэг тэрбум ам.доллароос илүү бэлэн мөнгө тараажээ. Ийм их бэлэн мөнгө иргэддээ тарааж байсан түүх Монголын төрд байсангүй.Тэгвэл үүнийг хэрхэн яаж санхүүжүүлсэн тухай асуудал анхаарал татна. Энэ үйл явц уул уурхайн бүтээгдэхүүний супер циклтэй давхацдаг. 2011 онд Австралид олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж ихэнх уурхайнуудын хаалгаа барьжээ. Индонезод цалин хөлсөө нэмүүлэх зорилготой уурхайчдын жагсаал цуглаан ажил хаялт ид өрнөж байсан үе. Ийнхүү Хятадад хамгийн их хэмжээний нүүрс нийлүүлэгч хоёр улсын  экспорт зогссоноор зах зээлд нүүрсний нийлүүлэлт багасаж эрэлт нэмэгдсэнээр үнэ нь өсөв. Чухам энэ үед Монгол Улс урд өмнө олж байгаагүй их хэмжээний орлого олсон юм. 2008 онд нүүрсний экспортын борлуулалтын нийт орлого 184 сая ам.доллар байсан бол 2011 онд 2 тэрбум 273 сая ам.долларт хүрч 12 дахин нэмэгджээ. Зэсийн баяжмалын хувьд 2009 онд 500 орчим сая ам.долларын борлуулалт хийж байсан бол 2011 онд бараг тэрбум ам.долларт хүрч 2 дахин өсөв. Зөвхөн нүүрснээс гэхэд л гурван жилийн өмнөх орлогоосоо 2 тэрбум ам.доллароор илүүг оллоо. Удтал талцан хүлээгдсэн Оюутолгойн уурхайн ажил жигдэрч гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ  4.9 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байв. Ийнхүү улсын төсөвт тооцоолоогүй их хэмжээний мөнгө цутгаж эхэлсэн юм. Хэрэв санаж байгаа бол тэр үеийн УИХ-аас ямаанд хүртэл мөнгө өгөх шийдвэр гарч байсан санагдана.

Хэрэв бид тэр үед улс орныхоо ирээдүйг бодсон шийдвэр гаргаж чадсансан бол  Монгол Улс өдгөө уул уурхайгаас хараат бус бие даасан эдийн засагтай болчих алтан боломж байжээ. Нэг тэрбум ам.долларыг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 1000 аж ахуй нэгжид тус бүр сая ам.долларын урт хугацаатай маш бага хүүтэй зээл олгосон гэж бодъё. Тэгвэл нэг компанид 500 орчим хүн ажилд орсон гэж тооцвол өдгөө 500 мянган өрх байнгын орлоготой болох байж. Ажилгүйдэлтэй холбоотой нийгмийн олон хүнд асуудлууд шийдэгдэх байж. Монгол Улсын Засгийн газар хүнд үедээ хэрэглэх тэрбум ам.долларын хуримтлалтай байх байж. Ковидын аюулыг ч ганц ам.долларын өр тавилгүй даван туулах байж. Ийнхүү алдагдсан боломжоо тооцвол дэндүү их.

Хамгийн харамсалтай нь, Монгол Улсын эдийн засаг хямрах үүд хаалгыг ийнхүү төрийн харалган шийдвэрээрээ нээж өгчээ. Валютын ханш энэ үеэс эхлэн өсөж, инфляц нэмэгдэж монгол төгрөг үнэгүйдэж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөх суурь тавигдлаа. Гадаад өр өсөж тасралтгүй нэмэгдэх эхлэл ийнхүү тавигдав.Тухайн үеийн эрх баригчид тооцоо судалгаагүй амлалтаа биелүүлэхийн тулд төсөвт орж ирсэн бүх хөрөнгөө “сэгсрээд” гаднаас зээл авлаа. Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа бонд босгов. 2012 оны 3 дугаар сард Сү.Батболдын Засгийн газар Евро бондыг “эх барьж” авчээ. Тухайн үеийн эрх баригчид эдийн засгийг 17 хувь өсгөсөн гэж “цээжээ дэлддэг” он жилүүдэд 5 жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй, 580 сая долларыг олон улсын зах зээл дээрээс босгожээ. Гэвч өнөө хүртэл энэ бондын өрийг төлж барагдуулсангүй. Зөвхөн бондын нэр өөрчлөгдөж, хүү, хэмжээ нь өссөөр байна. Хятадын Чалко компаниас авсан зээлийн ард дөнгөж жилийн өмнө гарах шиг боллоо.

Төсвийн зардал энэ үед яг 3 дахин нэмэгдсэн юм. 2008 онд 1.8 их наяд төгрөг байсан төсвийн зарлага 2011 онд 4.5 их наяд төгрөг болж “хөөв”. 2012 оны төсвийн хуулийг өмнөх жил нь батлахдаа 4.9 их наяд болтол хөөсрүүллээ. Дараагийн Засгийн газрын үед нүүрс, зэсийн үнэ нь 2-5 дахин буурч төсвийн зарлагыг энэ хэмжээнд барих гэж үйл тамаа үзэв. Түүхий эдийн үнэ ханш газарт унасан хямралын жилүүд эхэллээ. Евро бондыг төлөхийн тулд Мазаалай бонд босгохоос өөр зам байсангүй. 

Бүтээн байгуулалт хийж ажлын байрыг цөөрүүлэхгүйн тулд Чингис бонд босгохоос өөр зам байсангүй. Энэ бүхэн тухайн үеийн сөрөг хүчинд улс төр хийх сайхан боломж олгов. Уул уурхайн бүтээгдэхүүний супер циклийн үед цөөн хэдэн бизнесмэн улстөрчдийг “дураар нь дургиулах” зорилгоор амласан тооцоо судалгаагүй амлалт Монголын эдийн засгийг тэлэхийн оронд эрсдэлд оруулсан гунигт түүхийг сөхвөл ийм байна.Ирэх жилийн төсөв энэхүү түүхийг давтахаар орж ирэв үү. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш үргэлж өндөр байхгүй нь мэдээж. Дараагийн Засгийн газар хэт өндөрт “данхраадсан” төсвийн зарлагыг энэ түвшинд байлгахын тулд үйл лайгаа эдэлж таарна. Харин буруу шийдвэр гаргаж, эдийн засгаа хорлогчдын халаас нь чихсэн мөнгөндөө цоорохын хэрээр Монголын хөгжил гацсаар байдаг. Монголын эдийн засаг ойр ойрхон хямардаг учир шалтгаан нь зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас илүүтэй төсөвт наалдсан улс төрийн бүлэглэл, төсвийн зарлагын хэт өсөлт, Засгийн газрын үйл ажиллагаанд хэвшмэл үзэгдэл болсон “хариуцлагагүй байдал” гэдгийг мартаж болохгүй.

АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч асан Франклин Д.Рузвельт: “Бизнесмэн хэзээ ч улс төрийн сайн зүтгэлтэн болдоггүй.  Түүний цорын ганц сонирхол бол халаасаа зузаатгах явдал болохоос ард түмэн огт биш” гэж хэлсэн байдаг. Энэ үг ямар үнэн болохыг манай улсын туулж өнгөрүүлсэн жилүүдийн улс төр, төсвийн бодлого тод томруунаар батлан харуулдаг.



1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна