М.Ганди: Залуусын хайр дурлал, нөхөрлөлийг манай кино шинэлэг шийдлээр харуулна


А.ЭНХЖИН

 Энэ удаагийн “Шинэ танил” буландаа залуу жү­жиг­­чин М.Гандиг урилаа.

-Юуны өмнө анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо удахгүй нээх гэж байгаад баяр хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Мөнхбаатарын Ганди гэдэг. Соёл Урлагийн Их Сургуулийн Театр урлагийн сургуулийг М.Ариунжолоо багшийн удирдлага доор “жүжигчин” мэргэжлээр энэ жил төгссөн.

-Жүжигчин мэргэж­лийн юунд нь татагдаж сонгосон бэ?

-Миний хувьд багаасаа жүжигчин болно гэж мөрөөдөж байгаагүй ээ. Санаандгүй байдлаар сонгосон. Эмч болно гэж аравдугаар ангидаа химийн сонгонд орсон ч  эмч болох сонирхолгүй гэд­гээ мэдээд эдийн за­сагч болохоор мате­мати­кийн давтлаганд гурван жил суралцсан. Гэхдээ эцэст нь аль алинд нь сонирхолгүйгээ ойлгоод нэг мэдэхэд л СУИС-ийн дамжаанд орох гээд зогсож байсан даа.

-Хүсэл мөрөөдлөө дагаад СУИС-д орсны дараах сэтгэгдэл ямар бай­сан бэ?  Хүнд хэцүү санаг­даж байсан үе бий юу?

-Өөрийгөө голохоос авахуулаад ча­дахгүй мэдэх­гүй зүйл их байсан болохоор хэцүү үе их байсан. Одоо бодоход бэрхшээлтэй байсан ч ангийнхан­тайгаа их сургуульдаа байсан тэр үе маань хамгийн гоё дурсамжтай юм билээ. 

-Удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Кассета” УСК-ныхоо тухай хуваалцаач?

-Манай баг 20-25 насныхнаас бүрдсэн. Шинэ залуу уран бүтээлчдийн хийсэн кино гэдэг утгаараа онцлог. Хайр дурлал, нөхөрлөл гээд залуусын тухай кино бүрт байдаг сэдэв хөндөгдөх ч кино багийнхны маань энэ бүхнийг үзэгчдэд илэрхийлэх, харуулах өнцөг нь илүү шинэлэг, бусдаас өөр байж чадсан гэж бодож байна. 

Мэдээж бид залуу учир алдаа оноо байгаа байх. Гэхдээ эхлүүлсэн ажлынхаа ард нь гарч байна гэдэг бол маш том алхам гэж бодож байгаа. Кино багийнхаа залуусаар маш их бахархсан. Киног маань дуу хөгжимд хайртай хүн бүхэн ирж үзээсэй гэж хүсч байна. Хайртайгаа учраагүй нь ирж үзээд учрах байх аа. -Үнэхээр залуу, чадварлаг хамт олноор багаа бүрдүүлсэн байсан. Анх “Кассета” УСК-д орсон түүхээсээ хуваалцвал?

-Анх ангийн маань найз “Халх production”-ий захирал Б.Хосбаяр санал тавьсан. Тухайн үед би төрийн албанд орох тухай бодоод хөөцөлдөж байсан болохоор шууд зөвшөөрч чадаагүй ээ. Энэ кинонд тоглох  шийдвэрт нөлөөлсөн хүн нь ээж маань байсан. Ээж “Үеийнхэн чинь ийм гоё зүйл хийх гэж байхад шууд л ор оо” гэж хэлсэн. Ингээд удаан бодсоны эцэст энэхүү уран бүтээлийн нэг хэсэг нь болсон. Намайг сонгож уран бүтээлдээ оруулсан кино багийнхандаа баярлаж байгаа.

-“Кассета” нь Монголын анхны хип-хоп мюзикл кино шүү дээ. Өөрөө дуу хөгжимд хэр дуртай вэ? Түүнээс ямар мэдрэмж авдаг вэ?

-Нүд юу ч харахгүй, тас харанхуй ертөнцөд ч дуу хөгжим гэдэг чихээр дамжин тархинд гэрэл болж орж ирдэг. Дуу хөгжим байхгүй бол би өөрийгөө төсөөлөхгүй ээ.

-Таны хувьд хэд ч үзсэн онцгой мэдрэмж авдаг кино юу вэ?

-Хэчнээн үзсэн ч шинэ юм шиг хүлээж авдаг кино олон. Харин хамгийн сүүлд гэвэл “Eat pray love” гээд киног үзээд үнэхээр өөр мэдрэмж авсан. Түлхүүр шиг байсан. Харин энэ асуултыг сарын дараа дахиж асуувал “Кассета” гэж хариулах байх.

-Баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

-Баярлалаа танай хамт олонд бас ажлын амжилт хүсье.


45
119
0
8
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна