Хүнсний ногоочид хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд санал нэгдэв

Admin
Өчигдөр 10 цаг 51 минут

А.МИНЖИН
 Жил бүр хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид болон тариалагчид, холбогдох салбарынхан чуулж асуудал, шийдлээ хэлэлцдэг. Энэ удаагийн форум “Хүнсний ногооны зах зээл ба маркетинг” нэртэйгээр өчигдөр болов. Форумыг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол ногоо” төсөл зохион байгуулж, оролцогчид цахимаар болон танхимаар “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн Монгол ногоо төсөл” сэдвээр чууллаа. Форумд “Монгол ногоо” төсөлтэй хамтран ажилладаг байгууллага, зөвлөх, тариаланчид, худалдааны байгууллагын төлөөлөл оролцож, хүнсний ногооны зах зээлд тулгарч буй асуудал, бэрхшээлийг илэн далангүй ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.  

Форумын эхэнд Монгол ногоо төслийн зохицуулагч Т.Төрман­дах “Монгол ногоо” төсөл 2016 оноос эхлэн хоёр үе шаттай хэрэг­жиж эхэлсэн бөгөөд 2023 оны наймдугаар сард дуусахыг мэдээлэв. Түүнчлэн сүүлийн үе шатанд хийсэн ажил, гарсан ахиц дэвшлийн талаар тэрээр дэлгэрэнгүй танилцуулга хийв. Дараа нь, Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд тээвэр логистикийн сэдэвт судалгаагаараа сонирхолтой илтгэл тавьж, хүнсний тээвэрлэлт хотын тээвэр логистикийн хөгжлөөс хамаардгийг дэлхийн олон орны хотуудын жишээгээр тайлбарлав. Мөн Улаанбаатар хотын хүнсний түгээлтийн логистикийн бүтэц зураглалыг, гаргаснаа форумд оролцогчдод танилцуулсан нь хэрэгжүүлүүштэй төсөл болсон хэмээн оролцогчид дэмжсэн юм. Тэрбээр Улаанбаатар хотыг хүнсний ногоогоор хангах тээвэр логистик цаг үеэсээ хоцрогдсон. 

Ногоочид өөрсдөө портер машинаар стандартын шаардлага хангахгүй тээвэрлэлт, борлуулт хийж байгааг  бодлого, зохион байгуулалтаар шийдэж болохыг хэллээ. Мөн сүүлийн үед дундын хоршооны зарчмаар тээвэр, зөөврийн асуудлаа шийдэж буй аргыг дэмжиж хөгжүүлэх хэрэгтэйг онцоллоо. Ковидын үед далайд гарцгүй орнууд хамгийн их хохирогч болсон гэдгийг тэмдэглээд олон улсын сүлжээ тээвэр логистикийн асуудалд бид цаашид хэрхэн хандах вэ гэдгийг ярилцах хэрэгтэй гэлээ. Олон улсын тээвэр логистик бүрэн автомат буюу хүний гар, бие оролцохгүйгээр хөгжиж чиглэлд явж байгаа. Харин бид уламжлалт аргаасаа салж чадахгүйгээс хил дээр гардаг үл ойлголцлоосоо ч салж чадахгүй байна. Ямар ч хот хүн амаа тэлэхэд логистикоо тэлдэг. Харин Улаанбаатар хот улам хорьж хумьдаг. Хотын логистикийн асуудал хүнсний тээвэрлэлт хангамжинд асар ихээр нөлөөлдөг тухай тэрээр итгэлдээ дурьдсан юм.

“Монгол ногоо” төсөл Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж эхэлснээс хойш нэгдүгээрт хөдөө аж ахуйн зах зээлд зохистой дадал нэвтрүүлж эхэлсэн. Хоёрдугаарт, 2018 оноос дундын хоршоонууд бэхжиж, төсгөлийн үе шатанд тогтворжих чиглэлд явж байгаа. Дараагийн дугаарт үйлдвэрлэгч, борлуулагчдын хамтын ажиллагаа шинэ шатанд ахисныг онцлов. Мөн Эрээн, Замын Үүдийн хил хаагдахад манай улс нарийн ногоогоор тасалдаж, үнэ гурав дахин нэмэгдсэн нь дараагийн шатанд энэ салбарынхан хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэхэд онцгой анхаарах цаг болсныг хэлсэн юм. 


Хүнсний ногооныхны салбарын форумд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг төлөөлж төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийн асуудал хариуцсан шинжээч Н.Оюунсувд илтгэл тавьсан бөгөөд тэрээр “Монгол ногоо” төслийн болон Ургамал газар тариалангийн хүрээлэнгийнхний хийсэн ажлыг танилцуулав. 
Тэр 2021 онд өрхийн тариалан хөдөлгөөнийг улс даяар өрнүүлсэн.  Энэхүү төслийг 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлснийг дурьдав. Мөн 40 сая ам.долларын санхүүжилтээр 12 аймагт услалтын систем нэвтрүүлж байгаа гэсэн мэдээллийг өглөө. Тус яамны энэ онд хийсэн хамгийн том ажил нь “Таримал ургамлын үр сортын тухай” хуулийг УИХ-аар батлуулжээ. Мэргэжилтний илтгэлээс хүнсний ногоо тариалдаггүй аймаг сумд байдаг бөгөөд тэдгээрийн судалгааг би хийе гэж бодож байгаа, үүнд хэдэн өдөр л зарцуулагдах байх гэсэн сонирхолтой өгүүлбэр олж сонсов. Тус илтгэлээс манай улс хүнсний ногоогоо швейцарчуудын татварын мөнгөөр 2016 оноос тарьсан бөгөөд цаашид санхүүжилтээ нэмэгдүүлэхийн тулд өөр ямар нэгэн гадны байгууллагуудаас “царайчлах” шаардлагатай мэт ойлгогдсоныг нуух юун. 

Манай улс Белорус улсаас газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмж гэрээнд гарын үсэг зурсан аж. Мөн 0.3 хувийн хөнгөлөлттэй зээлийг маш цөөхөн газар тариалан эрхлэгчид авсан бөгөөд судалгаа хийхээр тэдгээр мэдээллийг авах гэсэн боловч банкууд нь үйлчлүүлэгчийн нууц гээд өгөөгүй учраас яам авч чадаагүй ажээ. Борлуулагч талаас Номин сүлжээ дэлгүүр болон И-март сүлжээ дэлгүүрийн төлөөлөл тус форумд оролцож Номин сүлжээ дэлгүүрийн төлөөлөл илтгэл тавив. Тэд хоршоодтой хамтарч ажиллаад дөрвөн жилийг ардаа үдэхдээ нэлээд ахицтай ажиллаж буй талаараа танилцууллаа. Тухайлбал,  “Монгол ногоо” төсөлтэй хамтран ажиллаж эхлэхдээ хамгийн анх хүнсний ногооны хорогдлоо хэрхэн, аль тал нь шийдэж байх вэ гэдгээс эхэлж байсан. Энэ хугацаанд дотоодын хүнсний хангамжийн салбарт арвин туршлагыг хуримтлуулсан гээд Номин сүлжээ монгол хүнсний ногоо, импортын ногоо гэсэн хоёр ангилалтай болж байсан ч  гурван жилийн хугацаанд импортын ногоо гэх ангилалд ногоо орж ирэхээ больсон  гэдгийг хэллээ. Одоо монгол ногооны борлуулалт 90 хувь хүртэл өссөн байна. Мөн тэднийх захиалгат тариаланд захиалгаа  жилээр нь төлөвлөн өгдөг болжээ. Эцэст нь, хүлэмжийн ногооны хоршоологчдыг бий болгоход Номин анхаарахын зэрэгцээ монгол хүлэмжийн ногоондоо зориулж тасаг гаргахад ч бэлэн гэдгээ мэдэгдлээ. 

Форумд оролцогч “Цэвэр хөрс­ний шим” дундын хоршооны Гүйцэт­гэх захирал Х.Доржсүрэн  хоршоо­ныхоо тухай танилцуулан цаашид захиалгат үйлдвэрлэл, борлуулал­тад анхаарч ажиллана. Монголд хам­гийн тохирох тариаланчдын шал­гар­сан хэлбэр бол дундын хоршоо гэв. “Хүнсний ногооны зах зээл ба маркетинг” 15-ны өдрийн үдээс хойш нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжлэв.  Хэлэлцүүлэгт хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон аж ахуй эрхлэгчид идэвхтэй оролцож, Улаанбаатар хотын захиргаа ногоочдоо газраар дэмжих үү, төсвөөр дэмжих үү гэдэг асуултыг асуув. Тухайлбал,  61-ын гарамд 300 га газрыг олгож, төсвийн хөрөнгөөр худаг гаргасан боловч цахилгаангүй учраас худаг нь ажиллахгүй байгаа аж. Мөн тэд хэрэглэгчийн судалгаа гэх тодорхой юм байдаггүй тул мэдрэмжээрээ ногоо тариалдаг. Эсвэл үрийн олдоцоос шалтгаалж тариалалтаа хийдэг учраас зах зээлд борлуулахад “шатах” болдог гэх мэт бэрхшээлээ ярив. Ногоочдод тулгардаг хамгийн том бэрхшээл бол зоорийн асуудал хэвээр аж. 

Ийнхүү хүнсний ногооны салбарын төлөөллүүд нэгэн өдөр өрнөлтэй,  идэвхтэй чуулж Монгол Улс хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийг эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор хангахад юуны өмнө тээвэр логистикийг орчин үеийн хотын хэмжээнд бодлогоор хөгжүүлэх, хоёрдугаарт дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг өргөжүүлэх тэлэх, захиалгат үйлдвэрлэл борлуулалтын системд талууд судалгаатай хамтын ажиллагаатай хандах нь зөв зүйтэй хэмээх шийдэлд хүрэн зөвлөмж боловсруулан салбарын яам болон холбогдох шат шатны байгууллагад хүргүүлэхээр болон өндөрлөлөө. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна