Ч.Мөнгөндалай: Би сонсохгүй ч нүдээрээ харж, гараараа барьдаг учраас бүхий л мэдрэмжийг авдаг


Б.ЛХАГВА  

Чимэдсэнгээ овогтой Мөнгөндалай. Манай уншигчид түүнийг эчнээ таньдаг ч байж магад. Тэр дугуйчин, зурагчин, бас уулын спортоор хичээллэдэг. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хөтлөгдөж, өөрийгөө хөгжүүлж бас бусдад цагаан энерги түгээдэг нэгэн. Түүний ертөнцийг хамтдаа сонирхоё. Бид хоёрт хэлмэрч хийж өгсөн бүсгүйдээ баярлалаа.

 -Мөнгөндалайгийн бага нас хаана өнгөрсөн бэ. Одоо хаана амьдарч байна. Яагаад уулын спортоор хичээллэх болов?

-Миний бага нас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгонд өнгөрсөн. Аав ээж маань эрт бурхан болсон учраас хамаатан садныхаа гэрээр амьдарч байгаад сүүлийн жилүүдэд ганцаараа байр түрээсэлж байна. 2014 онд 21 аймгийн 205 сумын 11400 километр замыг дугуйгаар туулж, эх орноо тойрсон. Ялангуяа хилтэй хамгийн ойр болоод залгаа аймгуудтай танилцаж, хилийн зурвас газруудаар явах нь сонирхолтой байсан юм. Хэн нэгний туслалцаа, зөвлөгөөгүй явсан учраас төөрөх тохиолдол гарна. Замд тааралдсан малчин ардынхаа буянаар зүг чигээ олж явлаа.  Анх Богд уулаар ойр дотнын хүмүүс, найз нөхөдтэйгөө аялж, өөрийнхөө бие махбод, эрүүл чийрэг байдлыг хангахын тулд явдаг байв. Одоо бол олон уулчинтай танилцаж, туршлагаас нь суралцаж сонирхлоо хөгжүүлэхийн тулд энэ спортод дурлаж, мөрөөдлөө болгож явна. 2014 онд Алтай Таван Богд ууланд дугуйн аялал хийх үедээ далайн түвшнээс 4050 метрийн өндөрт Малчин оргилд мэргэжлийн хүмүүстэй хамт авирсан юм. Тухайн үед бэлтгэлгүй байсан ч санаандгүй ууланд гарсан нь миний сонирхол болчихсон. Отгонтэнгэр хайрханд ганцаараа авиралт хийж, ойролцоогоор 3900 метрийн өндөрт гараад цаг агаарын хүндрэлээс болж буцсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ спортын чадвараа бага багаар хөгжүүлж байгаа.


-Таныг удахгүй Африк тивийн Килиманжаро уулыг зорино гэж сонссон?

 -2018 онд Эльбрусийн оргилд гарсныхаа дараа Африк тивийн ноён оргил Килиманжаро ууланд авирахаар төлөвлөсөн ч Ковид19-ийн цар тахлын улмаас хойшлуулсан. Ингээд аялахынхаа оронд зургийн аппарат худалдаж авсан. Миний хувьд аялахын хажуугаар нүд тайлж, амьтдын зураг авах их дуртай. Одоо зорих аялах гэж буй Килиманжаро уулыг нэлээд сонирхож, цахимаар хайж, өөрийнхөө хэмжээнд судалсан. Дэлхийн цөөнгүй улсын сонсголгүй иргэд гадаад орноор зорчиж, ууланд гарч, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлдэг гэж сонссон. Тиймээс Монгол улсаас сонсголгүй иргэдийнхээ төлөөлөл нь болъё гэж дэлхийн оргилуудад гарахаар шийдсэн. Ямар ч байсан Монголынхоо нэрийг өндөрт өргөнө өө. Европын Эльбрус ууланд авирах үед тусалсан Орос эмэгтэй бий. Түүнтэй одоо болтол холбоотой байдаг. Тэр маш олон хүнд тэтгэлэг өгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалдаг сайн хүн. Энэ удаагийн аяллыг тэр хүн маань зохион байгуулж, хугацааг нь хоёрдугаар сарын 18- 25-ны хооронд төлөвлөсөн.

-Эльбрусийн оргилоос Килиманжаро уул руу, үүний дараа ямар оргилд гарахаар төлөвлөсөн бэ?

-Хүн аливаа зүйлийн оргилд шууд хүрнэ гэж байхгүй. Би бага багаар сонирхол, ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор явж байна. Уулын бэлээс эхэлж байна гэж хэлж болно. Ерөнхийдөө дэлхийн хүмүүс ихээр аялдаг долоон оргил бий. Миний хувьд тав үлдсэн. Дурдвал Ази тивд Эверест (8848 м), Хойд Америкт Денали (6194 м), Өмнөд Америкт Аконкагуа (6962 м) гэх зэрэг. Эдгээр уулсад миний ур чадвар бүрдсэн гэж үзсэн үедээ л авирах хүсэлтэй байна.

-Өнгөрсөн хоёр жил ууланд авирахаар төлөвлөж, камер худалдаж авсан гэсэн. Камерынхаа “ид шид”-ийг үзэж чадсан уу?

-Энэ хугацаанд камераа ашиглаж л мөнгө олсон. Сонсголгүй иргэд болон төрийн бус байгууллагын холбоотой хамтарч, контент бүтээхэд нь тусалж камераа түрээсэлнэ. Ингээд цар тахал бага зэрэг намжсан учраас Килиманжаро ууланд авирахаар болсон. Хүмүүс ч гэсэн аялах бэлтгэлээ базааж буйг сонсоод аялалдаа анхаарсан. Хаана хоноглох, хэдэн хүнтэй явах, онгоцны зардлаа босгох зэргээр ажиллаж байна. Өмнө нь ууланд гарахдаа хамт явсан уулчин, тусалж дэмжсэн гадаад хүмүүсийн улс орны төрийн далбааг мандуулдаг байлаа. Ингэж баярласнаа илэрхийлэхийн зэрэгцээ, улс орны төрийн далбаа өндөр оргилд мандаж буй зургийг дараа нь борлуулж болдог.

 -Эх орныхоо ямар уулсаар аялж амжсан бэ? Эдгээр оргилууд Эльбруст авирахаас хэр ялгаатай байсан бэ?

-Би уул бүрийн оргилын агаарыг өөр гэж боддог. Зөвхөн Монголынхоо уулсад авираад байхаасаа илүүтэй өөр орны оргилд хүрч өөрийгөө сорьж үзэх хүсэлтэй. Алтай Таван Богдод гарснаас хойш 2016 онд Мөнхсарьдаг (3491 м), 2017 онд Асралт хайрхан (2800 м), Отгонтэнгэр (4008 м), Хүйтэн (4347 м), Мөнххайрхан (4217 м), Сутай (4200 м) зэрэг оргилуудад авирсан. Алтай Таван Богд их хүйтэн, Сутайн оргилд ойролцоогоор -40 хэм гэдэг ч юм уу хүйтэн цаг агаартай уулс Монголд олон. Эльбруст гарахад агаар нь цэнгэг тайван байсан. Ер нь, хэнтэй аялж байгаагаасаа шалтгаалаад уулын оргил болгон өөр, өөр мэдрэмж төрүүлдэг. Ууланд авирахын тулд хүмүүс багт хуваагддаг учраас танихгүй хүнтэй хамтарч явах тохиолдол байхгүй. Багийн хүмүүс хоорондоо тодорхой хэмжээгээр бие биенээ хүндэлж, сэтгэлээрээ харилцдаг.

-Дэлхийн өндөр уулсад авирахын тулд ойролцоогоор хэдэн төгрөг хэрэгтэй вэ? Килиманжаро оргилд авирахын тулд цуглуулж буй хандив нь хангалттай хэмжээнд хүрсэн үү?

-Гаднын орны сонсголгүй иргэд ч ууланд авирдаг. Магадгүй монголчуудыг ууланд авирдаггүй гэж боддог ч юм билүү. Би тэр бодлыг нь эвдэхийн тулд дэлхийн оргилуудад гарна. Зардлын хувьд нэлээн өндөртэй байдаг ч тухайн улсын аялал хариуцсан хүнтэй холбогдож чадсан учраас хөнгөлөлт эдэлнэ. Ер нь таньдаг хүмүүстэйгээ холбогдож явбал илүү найдвартай. Бусад хүмүүс хамтарч ажиллах санал тавьдаг ч би болгоомжилдог. Монголд хамтарч ажилладаг байгууллага, хувь хүмүүс бий. Тэд надад хандив өгсөн. Энэ удаагийн аялал онгоцны зардлаа хасвал 2700 доллар. Харин Орос найз маань хямдруулж 2000 доллар болгож өгсөн. Килиманжаро ууланд авирах өртөг нь их биш гэж сонссон ч би төсөвтөө онгоцны билетны үнийг оруулаагүй байсан. 12 сая төгрөг орно гэсэн. Ямартай ч болно доо. Зардал маань бүтвэл оргилоо зорино. Энэ маань бүтэхгүй бол өдий хүртэл хандив өгсөн хүмүүсийнхээ мөнгийг буцааж өгнө. Өмнө нь, Орос руу аялж байхад зардал боломжийн байсан ч энэ удаа өртөг өндөр гарсан. Одоогоор 2 сая орчим төгрөг цуглажээ. Сэтгэлээрээ мөнгө өгсөн хүмүүстээ үнэхээр баярлалаа.-Аяллын дунд бусадтайгаа хэрхэн ойлголцдог вэ? Оргилд гарах тэр үеийн мэдрэмжээ хуваалцвал?

-Мэдэхгүй ээ, сэтгэлээ л дагадаг байх даа. Өмнө нь, Алтай Таван Богд ууланд авирч байхад яг ямар байгалийн үзэгдэл болсныг мэдэхгүй ч гэнэт үүл хурж, аянга цахисан. Тухайн үед сонсоогүй ч мэдрэмж нь надад үлдсэн. Ямар ч байгалийн үзэгдэл болсон доргилт, чичиргээг нь мэдэрдэг. Түүнээсээ ч гэсэн аз жаргалыг хүртэнэ. Би сонсохгүй байсан ч нүдээрээ харж, гараараа барьдаг учраас бүхий л мэдрэмжийг авдаг хэмээн боддог. Энэ л надад хангалттай. Нэг удаа 15 хоногийн турш Хөвсгөл далайг бүтэн тойрч байсан. Тэр үед их хүйтэн, чонын мөр ихтэй айж явсан ч Ханх сумын нутагт зам дагаж явсаар Мөнхсарьдаг руу гарсан. Энэ мэтээр олон өдөр хэцүү явсан ч зорилгоо биелүүлсэн. Сайн мэдэхгүй ч зүрхэндээ нэг зүйл сүлбүүлчих шиг л болсон. Уулын оргилд гараад нүднээс өөрийн эрхгүй нулимс дусаж, зовсны эцэст жаргана гэдэг шиг л мэдрэмжийг авдаг. Цахим хаягаар минь дэмждэг олон хүн бий, тэд надад их тусалдаг. Тэднийхээ тусламжаар хүсэл, мөрөөдлөө биелүүлж явна даа.

 -Дуртай зүйлээ хөгжүүлээд аялахаас гадна тамирчны хувьд амжилтаа хэрхэн ахиулахыг хүсдэг вэ?

-Би ямар ч спортын тамирчинтай өөрийгөө дүйцүүлж, зүйрлэдэггүй. Харин хүмүүс намайг тамирчин гэж хардаг учраас маш их баярладаг. Ямар нэгэн газар аялаад ирэхэд бусад хүн үнэхээр сайн тамирчин шүү хэмээн намайг магтаж шагнадаг. Би зөвхөн өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө зорилгоо биелүүлж, чадахгүй бүхнээ чадахын төлөө яваа. Ховд болон Замын-Үүдээс Улаанбаатар хот руу хоёр ч цэрэг гүйсэн. Санхүүжилт нэлээн сайн байсан гэж сонссон. Олон уулын бартаатай замыг туулсан намайг үнэлэхгүй атлаа тэднийг замаар гүйснийх төлөө байр, машинаар шагнасан. Би өнөөдрийг хүртэл хэдэн он дамнаж, хэцүү зүйлсийг даван тууллаа. Гүйсэн хүмүүсийг муулж байгаа юм биш шүү. Тэднийгээ энэ хол замыг туулсанд баярлаж байна. Гэхдээ төр засагтаа хандаж хэлэхэд сонсголгүй иргэдтэй яагаад ингэж ялгаатай харьцаж байгаа юм. Энэ нь миний төр засагтаа итгэх итгэлийг унагасан. Хүн бүр өөр, өөрийн гэсэн аяллын ертөнцтэй. Би удахгүй уулын оргилд гарч мөрөөдлөө биелүүлнэ.

-2014 оноос өдий хүртэл ууланд авирчээ. Энэ хугацаанд төр засгаас уулчдаа дэмжиж байв уу?

 -Огт дэмжиж байгаагүй. Надад хувийн байгууллага болон иргэд их тусалдаг. Засгийн газрын зүгээс аялалд маань ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Анх онгоцонд суухад зүрх маш их догдолж байсан. Москвагийн онгоцны буудалд газардахад ганцаараа мэдэхгүй оргилд гараад нүднээс өөрийн эрхгүй нулимс дусаж, зовсны эцэст жаргана гэдэг шиг л мэдрэмжийг авдаг. Цахим хаягаар минь дэмждэг олон хүн бий, тэд надад их тусалдаг. Тэднийхээ тусламжаар хүсэл, мөрөөдлөө биелүүлж явна даа. 

-За баярлалаа. Африкийг зорьж, мөрөөдлөө биелүүлээд олон сайхан зурагтай ирээрэй. 

 -Мөрөөдөл минь биелвэл та бүхэндээ үлдээх юмтай ирнэ гэдгээ амлаж байна. Надтай үргэлж холбоотой байж, мэдээлэл аваарай. Та бүхэндээ баярлалаа. Урьд нь яваад ирэхэд арьс их өөр өнгөтэй болчихсон байдаг. Энэ удаа ямар болох нь уу ирээд харуулна аа хэмээн бидний яриа өндөрлөлөө. Түүний хувьд энэ бол зөвхөн өөрийнх нь ертөнц, өөрийнх нь мөрөөдөл. Гэхдээ Монголынхоо нэрийг гаргаж, далбааг мандуулахыг ч хүсдэг. Дэмжлэг болох байгууллага иргэн байвал фэйсбүүкээр нь холбогдож хандив өргөж болох юм.

 МИНИЙ ДАНС: TDB: 453193384. Хаан банк: 5048261949 Та бүхнийг хүндэтгэсэн, Deaf, Ч.Мөнгөндалай 





4
3
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.