Д.Сүнжид: Хүний эрх хэтэрнэ гэдэг ойлголт байхгүй. Эрх хэтэрнэ гэж байгаа бол та бусдын эрхийг хөндсөн байж таарна


Н.УУГАН

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжидтэй 1992 онд батлагдсан Шинэ Үндсэн хуулиар хүний эрхийг хэрхэн хангасан хийгээд зөрчигдөж буй эрхийн талаар ярилцлаа.

-1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд хүний 60 гаруй эрхийг тунхагласан. Тэгвэл энэ 60 гаруй эрхээс хамгийн ихээр хөндөгдөж, зөрчигддөг эрх өнөөдөр юу байна гэж та бүхэн үзэж байгаа вэ?

-Хүний эрхийн үзэл санаа хамгийн түрүүнд Үндсэн хуулийн оршлоос эхэлдэг. Бид ямар зорилго тавьж, ямар нийгэм байгуулахыг зорьж байгаа талаар Үндсэн хуулийн оршилд хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлнэ, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Нэгдүгээр бүлэгт, өмчтэй байх эрхтэй, хүний эрхийг хамгаалах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Засгийн эрх бол бүх ард түмнээс эхлэлтэй байдаг гэх зэргээр тусгасан байдаг. Хоёрдугаар бүлгийн 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр зүйлд Хүний эрхийн асуудлыг тухайлан заасан. Хүмүүс 16 дугаар зүйлд л хүний эрхийг тунхагласан гэж ойлгох нь түгээмэл боловч  зөвхөн хоёрдугаар бүлгээр хязгаарлагдахгүй, 3, 4, 5, 6 гээд бүх бүлэгт хүний эрхтэй холбоотой үзэл баримтлалыг тусгасан нь манай Үндсэн хуулийн онцлог. Мөн төрийн байгуулал хэсгийн өмнө хүний эрхийн бүлгийг заасан нь хуулийн системчлэл, ардчилсан, эрх зүйт төрийн үзэл баримтлалын илрэл юм.

Үндсэн хуулийг нарийвчлан үзвэл хүний эрх 60-аас ч олон болох байх. Зөвхөн 16 дугаар зүйл дээр нэг заалт гурваас зургаан эрхээр салдаг. Монгол Улсын хувьд хүний бүх эрхэнд тодорхой хэмжээний асуудал, зөрчил их, бага хэмжээгээр байна. Сайжруулах хэрэгцээ шаардлага ч байна. Тэгвэл үндсэн эрхүүдээ бүлэглэж үзвэл нэгт, иргэний болон улстөрийн эрх. Үүнд, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх гэх мэт эрх багтана.Хоёр дахь бүлэг нь  эдийн засаг, нийгэм соёлын гэдэгт сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох. Гурав дахь нь хүрээлэн байгаа орчны тэнцвэртэй холбоотой эрх. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны тэнцэл алдагдахаас хамгаалуулах зэргийг үүнд оруулна. Эндээс харвал эдийн засаг, нийгэм соёлын хүрээний эрхэнд илүү анхаарал хандуулах шаардлагатай гэсэн дүр зураг гарч байгаа юм. 2014 оноос дэлхийн шударга ёсны индекс гээд улс орнуудыг жагсааж эхэлсэн. Онцлох бүлэг нь үндсэн эрхийг хэрхэн хангаж байна вэ гэдэг асуудал. Улс орнуудын хэмжээнд бид дундаж буюу 130 орноос 60 гаруйд нь жагсдаг ч задлаад харвал эдийн засаг, нийгэм соёлын эрх болоод улстөрийн эрхүүдээс тодорхой хэсэг нь дунджаас доогуур үзүүлэлттэй гарч ирдэг. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдал, халдашгүй байх эрх гэх мэт.

-Хамгийн их хөндөгддөг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн тухайд?

-Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Дэлхийн шударга  ёсны индекс дээр байхгүй. Тусдаа үзүүлэлтээр гаргадаг. Монгол хүн агаарын чанар, усны чанар, хоолны чанар, шим тэжээлээ бүрэн авч чадаж байна уу гэхээр дунджаас доогуур үзүүлэлт гарсан байгаа юм.

Шинэ Үндсэн хууль маань хүнээр бол эрийн цээнд хүрлээ.  Монгол Улс энэ хугацаанд үндсэн суурь тогтолцоогоо бэхжүүлсэн ч улс орнуудыг жагсааж эхэлсэн 30 жилийн дараа харахаар эдийн засаг нийгэм, соёлыг хангах эрхийн хүрээнд ахиц дэвшил, хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулах  нь юу юунаас чухал байна.-Тэгвэл 1992 оны Шинэ Үндсэн хуульд хүний эрхийн хувьд хуучин хуулиасаа ямар дэвшилт гаргаж чадсан юм бэ?

-Монгол Улс 1924,1940,1960 онд Үндсэн хуулиа баталсан. 1992 оны Үндсэн хуулийг яагаад ардчилсан, дэвшилттэй гэж үнэлдэг вэ гэхээр хүн бүрд адил тэгш эрх олгосноороо үнэ цэнэтэй. Үндсэн хуулийн оршлоос эхлээд 14 дүгээр зүйлд хүн бүр эрхзүйн этгээд буюу хууль шүүхийн өмнө эрх тэгш байх тухай бий. Хүнийг ялгаварлан гадуурхахгүй гээд тодорхой тусгасан. Энэ  суурь санаа бидний дагаж мөрддөг хүчин төгөлдөр 530 гаруй хуульд тусгалаа олж, нийцэж гарсан байх учиртай. Өмнөх Үндсэн хуулиудаар хүний сонгох, сонгогдох эрхэнд тодорхой шалгуур тавиад хасдаг байжээ. Хувийн өмчтэй байхыг зөвшөөрөхгүй, сурвалжит болоод лам гаралтай бол сонгох, сонгогдох эрх эдлэхгүй гэх зэргээр ялгаатай тогтоодог байв.

Ардчилсан Үндсэн хуулийн онцлог хүн бүр адилхан үнэ цэнэтэй гэдэг санаанд суурилаад бусад хуулиудыг боловсруулж, адил тэгш боломж олгох ёстой гэсэн үндсэн үзэл санааг баримталснаараа шинэлэг гэдэг. Мөн олон улсын түвшинд илүү дөхөж, нийцсэн. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1966 оны иргэний болон улс төрийн тухай пакт, эдийн засаг, нийгэм соёлын пакт гээд хүний эрхтэй холбоотой олон талт гэрээ хэлэлцээрт тусгасан үүргээ утгынх нь дагуу, зохих ёсоор хэрэгжүүлэх суурийг тавьж өгснийхөө хувьд ахиц дэвшилттэй юм. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд үндсэн эрхүүдийг эдлэх бололцоог хангах, эдийн засаг нийгмийн хуульзүйн бололцоог хангах үүрэг нь төрд байхаар заасан, мөн  зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоог төр хамгаалах, бүрдүүлэх үүрэгтэй гэдгийг тодорхойлж өгсөн юм.

-Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Хүний эрхийн форумын үеэр Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдын хэлсэн үгэнд Хүний эрхийн хувьд үндэсний бодлогын шинэчлэл хийх ёстой гэдэг зүйл яригдаад байсан. Хүний эрхийн үндэсний бодлого гэдгийг хэрхэн тодорхойлж байна вэ?

-1992 онд Шинэ Үндсэн хуулийг батлаад улс төр, нийгмийн тогтолцоо шинэчлэгдэхээр цаашдаа юуг хэрхэн сайжруулах вэ, ямар бүтэц өрж, хууль баталж энэ зорилгодоо хүрэх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Үүнийг системтэй хэрэгжүүлэхийн тулд эрхзүйн шинэтгэлийн хөтөлбөрийг, 2003 онд Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр гэж гаргасан. Нэг ёсондоо 1992 оны Үндсэн хуулиар сууриа тавьчихлаа, баганаа босгочихлоо. 

Одоо хана, тооно, шалаа өрөх ажлыг яаж хийх вэ гэхээр нөгөө хөтөлбөрийнхөө дагуу хийх ёстой. Гэвч хууль баталж, хэм хэмжээ тогтоогоод л хэрэгжчихнэ гэвэл үгүй. Төрийн албан хаагчдаа чадавхжуулах, үүнийг хэрэгжүүлэх институцитэй, төсөв санхүүгийн нөөцтэй, хоорондоо уялдаатай байх ёстой.  Мөн хэвлэл мэдээлэл, олон нийтэд зөв ойлголт өгөх ёстой. Эрх, үүрэг чинь юу вэ, хэзээ эрхийг хязгаарлаж болох вэ, таны эрхэд хуульгүй халдвал яагаад зөрчил болох вэ гээд. Энэ бүхнийг ойлгуулах, системтэй хэрэгжүүлэх хэрэгцээнд үндэслээд Үндсэн хуульд заасан хүний эрхийн шинэ үзэл баримтлалд хүрэхийн тулд алхам алхмаар төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр байсан. Гэвч 2010 оноос хойш  хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө Засгийн газраас гаргаагүй. Тэгэхээр 2003 онд батлагдсан хөтөлбөрийн дагуу сүүлийн 10 жил ямар нэгэн ажил хийгдээгүй гэсэн үг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын хүний эрхийн чуулган дээр яригдсан олон асуудлаас хөтөлбөрийг шинэчлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Мэдээж өдий хүртэл хийгдсэн олон санаачлага, ахиц дэвшил  бий. Түүнийгээ салбар бүр дээр дүгнэе. Хүний эрх бол байнгын хэрэгжүүлэх сайжруулах явц шүү дээ. Бид нэг цэгт очоод за одоо хүн бүрийн эрх сайхан боллоо гэж үнэхээр хэлэх боломж байдаггүй. Энэ бол өдөр тутмын нийгмийн харилцаа учраас цаашдаа яаж илүү сайжруулах вэ, эхний ээлжид юунд анхаарал тавих вэ, дараагийнх нь юу вэ гэх зэргээр зорилго, зорилттой, алсын хараатай урт, дунд, богино хугацаандаа хэрхэн хэрэгжүүлэхийгээ тодорхойлохын тулд энэ хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийсэн.

-Тэгэхээр өмнөх хөтөлбөр үүргээ биелүүлж чадсан гэж үзсэн хэрэг үү?

-Чадсан. Сайн хөтөлбөр байж үүргээ гүйцэтгэсэн. Хүмүүс энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хэн хангах юм бэ гэж асуудаг. Төр гэдэг нэг үг хэлээд байдаг. Гэтэл төр нь дотроо эрх мэдлээ хуваарилж, хуулиар хүлээлгэсэн чиг үүргийн дагуу хүний эрхийг дэмжих, хангах, хамгаалах үүрэгтэй.  Иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг нийгэм соёлын эрх, олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах тогтолцоо гээд бүлгээр тодорхой заасан байсан нь системтэй, ач холбогдолтой байжээ. Нэг ёсондоо нийтийн боловсрол, улс төрийн албан хаагчийн асуудал, тогтолцооны асуудал, чадавх, санхүү, хууль тогтоомж, хэм хэмжээний асуудлыг бүгдийг нь нэг хавтгай дээр хараад бидний түвшин ийм байна, сайжруулах ёстой, доголдолтой нь энэ гээд өөр өөрийнхөө чиг үүргийн дагуу хэрэгжүүлэх боломжийг олгодгоороо давуу.

-Үндсэн хуулиар олгогдсон миний эрх зөрчигдлөө гээд талбай дээр жагсаж болдог ч энэ эрхээ хангуулахын тулд хэнд хандах вэ, яах ёстой вэ, хаашаа явах ёстой юм бэ гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй?

-Энэ бол үнэхээр чухал асуудал. Маш олон хүн хэнд, хаашаа хандах вэ гэсэн асуудал тавьдаг. Хаашаа хандахыг нь төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмаар  хууль тогтоомжуудад уг нь заасан. Хэрэв хууль тогтоомжийг сайжруулах ёстой гэж байгаа бол хууль санаачлагчид болон хууль тогтоох дээд байгууллага руу хандана. Жишээ нь, Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль яригдаж байна. Энэ хуульд хязгаарлалт хийх нь цаг үетэйгээ нийцэж байгаа юм уу гэвэл хууль тогтоох эрх мэдлийн асуудал учраас УИХ-д хандана гэсэн үг. Хүмүүсийн хандаж буй эрхийн асуудал  ихэнхдээ Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдлийн түвшинд яригддаг.

 “Би нийгмийн халамж хамгаалал авмаар байна, ажлын байраа алдчихлаа, надад дэмжлэг зээл тусламж өгөөч, сурч боловсрох эрх хөндөгдөөд байна, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авья” гэхээр бүгд Засгийн газрын асуудал байдаг. Засгийн газрын эрхлэх хүрээний асуудлыг нэн тэргүүнд тухайн гүйцэтгэх байгууллагад юмуу, түүний удирдах дээд шат руу ханд гэсэн зарчим байдгийг хуулиар заагаад өгчихсөн. Хэрвээ Засгийн газрын болоод төрийн байгууллагын түвшинд миний эрх зөрчигдлөө гэвэл хамгаалах тогтолцоо нь  цагдаа, прокурор шүүх байдаг. Тиймээс ямар эрхийн асуудлаар хаашаа хандахыг мэдэхийн тулд хуулийн харьяаллаа харах хэрэгтэй болно. Ажлаас үндэслэлгүй халагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулиа харна. Төрийн албан хаагч бол Төрийн албаны тухай хуулиа хардаг. Хэрвээ та хувийн аж ахуйд ажиллаж байсан бол Иргэний хэргийн шүүх рүү хандана. Наана нь хөдөлмөрийн маргаан таслах комисс байгаа бол түүндээ хандана. Төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд эхлээд Төрийн албаны зөвлөл рүүгээ  ханд гэх зэргээр хууль нь заагаад өгсөн байдаг. Үндсэн хууль бол таны хуульд заасан эрхийг хамгаалах тогтолцоо байх ёстой.Энэ бол шүүх эрх мэдлийн байгууллага гэдгийг тодорхойлдог. Хэрвээ иргэн өөрөө маргааны  харьяаллаа тодорхойлж чадахгүй бол нэн тэргүүнд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгдөг газруудад хандаж болно. Хуулийг хүн бүр тухайлан ойлгох боломжгүй учраас хуульзүйн туслалцааны төв, хуульзүйн үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний  комисс, Хуульчдын холбоо гээд зөвлөгөө өгдөг байгууллагууд руу хандах боломжтой.

-Хууль эрхзүйн боловсрол  бүх нийтэд олгох асуудлыг байнга ярьдаг. Гэвч, монгол хүн бүр Үндсэн хуулиа бүрэн уншсан уу гэвэл үгүй. Тэгэхээр боловсролын тогтолцоонд энэ талаар хэрхэн тусгадаг юм бэ?

-ЕБС-ийн хөтөлбөрт Үндсэн хуулийн агуулга байдаг. Хууль зүй дотоод хэргийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарсан Иргэдийн оролцоо төслийн хүрээнд эрхзүйн мэдлэг олгож байгаа байдалд дүн шинжилгээ хийсэн. Албан ёсны боловсролын тогтолцоонд хүний эрхийн агуулга нь байна. Гэхдээ илүү бодит амьдралд ойртуулж, холбох шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн. Магадгүй Ерөнхий боловсролын түвшинд хэтэрхий хүнд агуулга өгөөд байгаа байх. Онол, үзэл баримтлал, түүхийг ярих нь зүй ёсны асуудал  хэдий ч түүнтэй хамт амьдралд, өдөр тутам хийдэг үйлдэлтэй нь хэрхэн холбогддог юм гэдгийг тусгаж, эрхзүйн чадвар олгох талд нь анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн байсан. 

Стратегийн академиас хийсэн хүний эрхийн төлөв байдлын судалгаанаас харвал монголчууд өөрийгөө хүний эрхийн мэдрэмжтэй гэж үздэг. Гэтэл шалгах асуултаар хүнд гэмт хэрэг хийсэн хүнийг эрүүдэн шүүж болох уу гэхээр зарим нь “тийм” гэж хариулсан байсан. Өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд бусдын эрхийг зөрчихөд бэлэн үү гэхээр бэлэн гэдэг. Үүнээс бидний хүний эрхийн талаарх мэдлэг, мэдрэмж гүнзгийрээгүй байна гэсэн дүгнэлт гарч ирээд байгаа юм.  Эрх ба үүрэг нэгдмэл ойлголт байдаг.  Эрх үүрэг ярьж байгаа цагт хариуцлага гарч ирдэг. Та хэрвээ эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх ёстой. Үүргээ биелүүлээгүй бол хариуцлагаа хүлээх ёстой. Эрх эдлэх хүрээндээ хүлээсэн үүргээ зөрчвөл хариуцлага яригдана гэсэн тогтолцоог бүхлээр нь ярьдаггүй  байдал ч ажиглагддаг.-Яг үнэндээ нас насанд хүний эрхийн талаарх ойлголтын зөрүү гарч байна. Ялангуяа Z үеийнхний болоод өнөөдрийн ид ажил хийж, бүтээж байгаа “Ваву воом” үеийнхний хүний эрхийн талаарх ойлголтын хувьд?

-Стратеги хүрээлэнгийн судал­гаанд яг энэ асуудал гарч ирсэн байсан. Насаар ялгаатай, үе хоорондын хүний эрхийн талаарх ойлголтын зөрүү. Хувь хүний гэхээс үе хоорондын нийгмийн төлөвшил, хөгжлийн тусгал өөр байжээ. Тиймээс цаашдаа зорилготойгоор хүний эрхийн талаарх ойлголтын талаар таниулах хэрэгтэй болж байна. Залуучуудын хувьд хүний эрхийн мэдрэмж илүү төрөлхийн байна. Тиймээс нийгмийн бүлгүүдэд зорьж тохирсон сурталчилгаа, агуулгаар хүний эрхийн асуудлыг хүргэх хэрэгцээ байна. Хүний эрхийн боловсролыг аль болох бага наснаас нь нас насанд нь тохирсон байдлаар байнга олгож байх ёстой. Насанд хүрсэн хойно нь ч байнга үргэлжлэх үйл явц л даа.  Нийгмийн хөгжлийн явцад олон зүйл шинээр гарч ирж байгаа биз дээ.  Шинэ болж байгаа үйл явдал, үзэгдэл дунд энэ ойлголтыг байнга өгөх шаардлагатай байдаг.

-Хүний эрхийн мэдлэг олгох сургалт, үйл ажиллагаануудыг дийлэнхдээ олон улсын байгуул­лагууд санхүүжүүлсэн байдаг.

-ХЭҮК, БСШУЯ-тай ярилцаад албан болон албан бус бүхий түвшний сургалтад хүний эрхийн агуулгыг тусгасан хөтөлбөр оруулахаар санал солилцсон.  Ирэх жилд энэ талаар тодорхой ажлууд эхлүүлнэ гэж төлөвлөж байна.

-Шинэ Үндсэн хуулиар  эдэлж байгаа эрх чинь хангалттай, хэтэрсэн үү гэхээс багадаагүй гэх үг зарим улстөрчийн амнаас ч гардаг. Олон улсын хүний эрхийн бичиг баримттай харьцуулбал манай Үндсэн хуульд хүний эрхийн талаар хангалттай тусч чадсан уу?

-Хүний эрх хэтэрнэ гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Эрх хэтэрнэ гэж байгаа бол та бусдын эрхийг хөндсөн байж таарна.  Нийгмийн хэв журмыг гажуудуулсан, үгүй бол Үндсэн хуулийн 19.2-т заасан үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан бол зөрчил болно. Та хүний эрхийг зөрчсөн байна. Тиймээс хариуцлагаа хүлээх тухай яригдана.  Үндсэн хууль бол хүний эрхийн стандартын суурийг бий болгохыг зорьдог.  Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ гэхэд төр анхны тусламжийг нэгэн ижил стандартаар өгөх тухай асуудал юм.

-Үндсэн хуулийн 19.2 т ямар ч үед хуулиар хязгаарлаж болохгүй эрхийг тунхаглаад 30 жил болжээ. Гэтэл УИХ дээр УИХ-ын гишүүн 461 дүгээр хорих ангид эрүүдэн шүүсэн асуудал байгаа тухай ярьж л байна. Өнгөрсөн жил С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж, зарим хүнийг эрүүдэн шүүсэн нь батлагдсан. Яриад байгаа ч энэ эрх яагаад хангагдаж чадахгүй байна вэ?

-Эрүү шүүлтээс ангид байх бол туйлын эрх. Ямар ч нөхцөлд хүнийг эрүүдэн шүүж болохгүй. Хязгаарлаж болохгүй эрхэд Амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх, эрүү шүүлт тулгах, харгис хэрцгий хандахаас ангид байх гээд дөрвөн эрхийг Үндсэн хуульд заасан.

 Энэ эрхийн тухайд өнгөрсөн 30 жилд ахиц гарсан уу гэвэл гарсан. Эрүүдэн шүүлт гэж тооцдоггүй асуудал байсан. Тогтолцооны хувьд ийм зүйл байгааг олж, хуульд уу, албан хаагчийн мэдлэг чадвар хандлагад уу, институцид уу, хяналтад байна уу гэдгийг тогтоогоод өөрчлөх, сайжруулах олон зүйл хийсэн. Гэсэн хэдий ч алга болоогүй гэдгийг бид сонссон байна.  Сайжруулах зүйл ахиад цаана нь байна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд үүнийг устгах гэж олон талын ажил хийсэн бөгөөд одоо үргэлжлүүлэх шаардлагатай. Олон хууль тогтоомж шинэчлэгдсэн, бодит практик дээр ч өөрчлөгдсөн. Гол нь энэ бол байх ёсгүй зөрчил.-Хүний эрхийг хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хууль өнгөрсөн жил батлагдсан. Танай байгууллагын хороо байгуулах тухай заасан байсан. Энэ хороо байгуулагдаж, үйл ажиллагаа нь эхэлсэн үү. Гэхдээ хүний эрх хамгаалагч гэдгийг нэлээн өргөн хүрээгээр тодорхойлсон санагдсан?

-Бэлтгэл ажлыг нь хангаад журам боловсруулаад байна. УИХ-аас томилогдох гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа.

Энэ хууль яригдаж байх үед нэлээн олон судалгаа харсан. Хөгжсөн орнуудад ийм тусдаа хууль байдаггүй юм билээ. Ердийн хууль тогтоомжийн хүрээнд эрх нь хамгаалагдаж чадна гэж үздэг. Харин манайтай ижил түвшний орнуудад хэрэгцээ, шаард­лага байдаг.  Хүний эрх хамгаалж, үг хэлж, үйлдэл хийснийхээ, өргөдөл бичсэнийхээ төлөө эрсдэлд орох ёсгүй гэсэн үзэл баримтлалд тулгуурлаж байгаа юм.Хуулийн тодорхойлолтыг харахаар хэтэрхий өргөн хүрээтэй байгаа нь үнэн. Гэхдээ хүний эрхийн талаар тодорхой үйл ажиллагаа явуулах, хууль ёсны дагуу байх ёстой гэдгээр хязгаарлаж байгаа. Учир нь, хүний эрхийг хамгаалж байна гээд бусдын нэр төрийг гутаагаад, хууль бус үйлдэл гаргаад байж болохгүй. Ихэнхдээ институцлэгдсэн байдлаар ярьдаг тогтолцоо байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, өөрийн эрхийг хангуулахдаа зөвхөн миний асуудал биш манай нутгийн, манай салбарын асуудал гэх байдлаар ярьдаг. Манлайлж байгаа хүмүүс нь эрсдэлд орж болзошгүй байдал гардаг учраас эрсдэлийг тодорхойлоод хамгаалалтад авья гэдэг  хууль юм. Сэтгүүлчдийн хувьд иймэрхүү асуудал ч тулгардаг. Тиймээс хууль ёсны үйлдлийг манлайлсныхаа төлөө эрсдэлд орох ёсгүй, хэрвээ орвол хамгаалалтад авахаар хуульчилсан.

-Сүүлийн үед дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор  хүний эрхийг шинэ хандлагаар харах хэрэгтэй болж байна. Энэ тухайд ямар тайлбар байна вэ?

-Ковид бидэнд юу ойлгуулсан бэ гэхээр ялгаварлан гадуурхах ёсгүй гэдэг ойлголтыг хэвшүүлэх ёстойг сануулсан. Шаардлагатайгаас бусад хувь хүний мэдээллийг нийтэд цацах ёсгүй. Ялангуяа төрийн байгууллагаас болохгүй. Өнгөрсөн хугацаанд тухайн хүнийг ажлын газар, нэр устай нь мэдээллийг нь цацаж эрхийг нь шууд зөрчсөн асуудал ч гарлаа. Хоёрт, гамшгийн үед нийгмийн ямар бүлэгтээ хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ гэдгээ шинэ өнцгөөр харах хэрэгтэй байна. Хамгийн их өртөж байгаа нь орлого багатай, амьжиргааны түвшин доогуур иргэд,  хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд байна. Тиймээс энэ бүлгээ ялгаж, хоолтой байна уу, амьдрал нь ямар байна, хүчирхийлэлгүй амьдарч байна уу гээд судалж, хяналт тавьж, зорилттойгоор дэмжлэг үзүүлэх ёстой. Хүүхдийн хувьд өөрөө өөрийнхөө төлөө гомдол гаргаж, асуудлаа илэрхийлж чадахгүй. Гэтэл энэ бүлэг рүү анхаарч чадсан уу гэхээр асуудал маш их гарсан шүү дээ. Хоёр жил онлайнаар сурахаар хүүхэд хяналтгүй болсон. 

Зарим хүүхэд сургуульд явснаараа хяналттай байдаг юм билээ. Хэдийгээр гамшгийн үед авах арга хэмжээний төлөвлөгөө гэж байдаг ч хүний эрхийг хангах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гэж давхар байх ёстой юм байна гэдэг нь ажиглагдсан.-Хүний эрх зөрчигдсөн тухай асуудал хөндөгдөх бүрд Хүний эрхийн комиссоос хариуцлага нэхдэг. Иргэдийн хувьд та бүхнээс хамгаалалт хүсдэг ?

-Төрийн бүх шатны байгууллага хүний эрхийг хангах үүрэгтэй ажилладаг. Хүний эрхийн комисс бол хараат бус, төрийн байгууллагуудын хүний эрхийг хангах тогтолцоог хянах, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй байгууллага. Гэхдээ иргэдээс ганцаарчлаад гомдол ирүүлбэл хянан шийдвэрлэх ажиллагаа хийдэг. Хуулиар тодорхой хэрэг, маргаан хууль хяналтын байгууллагын түвшинд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд хэргийн агуулга руу орох эрхгүй. Бидний хувьд өмгөөлөгчөөр нь хангасан уу, эрүү шүүлт тулгаагүй биз, өрөө тасалгаа хоол хүнсний стандартыг хангасан уу процессын явц дахь эрхэд илүү хяналт тавьдаг. Мөрдөн шалгах эрх Комисст байдаггүй. Иргэдийн хувьд  гомдлын харьяаллаа хамгийн эхлээд тодорхой болгох асуудал тулгардаг. Комиссоос харьяаллын дагуу гүйцэтгэх эрх мэдлийн түвшинд хяналт хэрэгжүүлдэг байгууллагуудтай хоорондоо гомдол шилжүүлэх тохиолдол бий. Жишээ нь, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар гээд төрийн хяналт  шалгалтыг хэрэгжүүлдэг байгууллага бий. Тухайлбал, “Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байна, цалин хөлсийг маань өгөхгүй байна” гээд гомдлыг  хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас шийдвэрлүүлэхээр шилжүүлдэг. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол Цагдаагийн байгууллагад хандаж шилжүүлдэг.  Өнгөрсөн арванхоёрдугаар сарын хүний эрхийн чуулганаар хүний эрхийг хамгаалах тогтолцоог хүндээ чирэгдэлгүй, хурдан шуурхай шийдвэрлэх асуудлыг сайжруулах талаар  харьяаллыг тодорхой болгох, арга ажиллагаа шинэчлэх, эрх хэмжээг тодорхой болгох талаар  ярилцсан.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна