Казахстанд болсон үйл явдал автократ хөршүүддээ том дохио боллоо


М.ХҮСЛЭН

 Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын удирдагчид саяхан Казахстанд болсон үйл явдалд санаа зовж сууна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээ байгууллагаас (ХАБГБ) цэргийн тусламж хүссэнээр төрийн эрхийг, дэглэмээ хадгалж үлдэх тэмцлийн шинэ хуудсыг нээлээ. Казахстаны хуучин нийслэл Алматы хотод урьд өмнө болж байгаагүй хүчтэй эсэргүүцэл, зэвсэгт мөргөлдөөнийг дарах зорилгоор ирсэн Оросын цэргийн нисэх онгоц нэгдүгээр сарын 6-ны өглөө газардсан. 

Москвагийн санаачилгаар байгуулагдсан ХАБГБ-ын энхийг сахиулагчдыг оруулахыг К.Токаев гишүүн орнуудын удирдагчдаас хүссэн. ОХУ, Казахстан, Армени, Беларусь, Киргиз, Тажик уг байгууллагын гишүүн аж. Казахстаны Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээсэн хүмүүсийг “гадаадад бэлтгэгдсэн, олон улсын террористууд” хэмээн нэрлэж, улсынхаа бүрэн бүтэн байдалд заналхийлж байна хэмээн мэдэгдсэн.  ХАБГБ-ын цэрэг орж ирсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, Казахстанд өрнөсөн үйл явдал ОХУ, Узбекистан, Беларусь гээд бүс нутгийн автократ дарангуйлагч удирдагчдын санааг зовоосон хямралын шинэ хуудсыг нээлээ гэж шинжээчид үзэж байна.

 “ОХУ өөрийн холбоотнуудаа дэмжихэд бэлэн байгааг харж байна. Бүх зүйл амжилттай өндөрлөвөл бүс нутгийн аюулгүй байддын гол баталгаа Орос гэдгийг харуулж, Кремлийн нөлөөг нэмэгдүүлнэ” гэж Москва дахь Карнеги төвийн мэргэжилтэн Александр Габуев өгүүлэв.

Нэгдүгээр сарын 2-нд шингэрүүлсэн шатдаг хийн үнийн өсөлтийг ард иргэд эсэргүүцэж тайван жагсаал цуглаанд гарсан. Эсэргүүцэл маш богино хугацаанд улс орон даяар тархаж, Казахстаныг тэр чигээр нь хамарлаа. Ард түмэн К.Токаев болон тус улсыг 30 жил удирдаж 2019 онд Ерөнхийлөгчийн албыг өгсөн ч, эрх мэдлээ хадгалан үлдсэн өмнөх төрийн тэргүүн Нурсултан Назарбаевын эсрэг шаардлага тавиад эхэлсэн. Үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэл, авлига болон дарангуйллын дэглэмийг эсэргүүцсэн тайван жагсаал эмх замбараагүй байдалд хүргэж, улмаар үймээн самуун өрнөлөө. Олон мянган хүн төр захиргааны байр, телевиз, онгоцны буудал руу дайран галдан шатааж, дэлгүүр хоршоог тоносон. Казахстаны эрх баригчид ХАБГБ-аас тусламж авч, өөрсдийн цэргийг эсэргүүцлийг дарахад дайчилсан нь хөрш орнуудад сургамж боллоо. Хөрш зэргэлдээ орнуудын удирдагчид Казахстанд болсон үйл явдлыг авторитар дэглэмийн хүч чадлын сорилт боллоо гэж хүлээн авчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2014 онд Украин, 2020 онд Беларусьт Кремлийг дэмждэг дэглэмийг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсныг харгалзан үзэж, Казахстанд цэргийн тусламж үзүүлэх асуудлыг шууд зөвшөөрөв. “Москва К.Токаевыг суудлаас огцрохыг нь хүсэхгүй. Тэд ямар ч үнээр хамаагүй дэглэмээ хадгалж үлдэхэд бэлэн байгаагаа харууллаа” хэмээн А.Габуев үзэж байна.       

 

Хөрш орнуудын реакц

Казахстанд ХАБГБ-ын цэргийг илгээх тухай хамгийн түрүүнд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдсэн. Армени улс байгууллагыг даргалж байгаа. ХАБГБ 1999 оноос хойш анх удаа гишүүн оронд цэргээ илгээлээ. Тус байгууллага 2010 онд Киргизстанд болсон үндэстэн хоорондын мөргөлдөөн, 2020 онд Армени, Азербайжаны дайнд оролцохоос татгалзсан. Казахстаны хямралд гадаадын хүчнийг буруутгах нотолгоо байхгүй. Гэсэн хэдий ч Казахстаны эрх баригчид тус улсад терроризмын аюул нүүрлэсэн гэж мэдээлж, аюулын харанга дэлдсэн. ХАБГБ-ын цэргийг оруулахад энэ бол хангалттай шалтгаан болсон.      

ХАБГБ-аас цэргээ илгээх тухай мэдэгдэл гаргахаас хэдхэн цагийн өмнө В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Гадаад орнууд Казахстаны дотоод хэрэгт оролцох хэрэггүй” гэв. К.Токаев Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкой ч утсаар ярьжээ. 2020 онд ард түмний эсэргүүцлийг хүчээр дарснаас хойш А.Лукашенкогийн дэглэм эдийн засаг болон улс төрийн салбарт ОХУ-ын дэмжлэгийг түшихээс өөр аргагүй болсон. Узбекистаны Гадаад хэргийн яам Казахстаны эрх баригчдыг дэмжсэн мэдэгдэл хийж, казахууд бүх асуудлыг өөрсдөө шийдвэрлэж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.    

БНХАУ бас Казахстанд болсон үйл явдалд санаа зовж байгаагаа мэдэгдэв. Казахстан Бээжингээс санаачилсан “Бүс ба зам” төслийн хувьд чухал улс. Сүүлийн 10 жилд дээрх төслийн хүрээнд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Энэ сарын 6-нд БНХАУ-ын төлөөлөгч Ван Вэньбин Казахстанд болсон үйл явдал дотоод асуудал гээд, Бээжин хөрш орон дахь нөхцөл байдал хурдан хугацаанд тогтворжино гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.   Хятадын төрийн “Global Times” сонины эрхлэгч асан Ху Шижинь “Твиттер” хуудсандаа Казахстанд өрнөсөн үймээн самуун “өнгөт хувьсгал”-тай төстэй гээд, тус улсын нөхцөл байдлыг 2003 онд Гүрж, 2005 онд Украинд өрнөсөн Кремлийг дэмжигч эрх баригчдыг эсэргүүцсэн тэмцэлтэй харьцуулжээ. Тэрбээр Орос болон Хятад нөхцөл байдлыг тогтворжуулахад оролцож, К.Токаевын хэлсэн “гадаад дай­санд” цохилт өгнө гэдэгт итгэж байна гэв. “ОХУ ба БНХАУ барууны орнуудад Казахстанд урт хугацааны эмх замбараагүй байдал үүсгэхийг зөвшөөрөхгүй” гэж Ху Шижинь хэлэв.

 

К.Токаев шинэчлэл хийж чадах уу

Казахстанд эмх замбараагүй байдал нэмэгдэх нь бүс нутгийн ирээдүйд нөлөөлөх нь дамжиггүй. К.Токаев эхэндээ жагсагчдын шаардлагыг биелүүлэхийг хичээж, шатахууны үнэд төрөөс хяналт тогтоож, Н.Назарбаевыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас буулгасан. Үүнээс гадна Засгийн газрыг огцруулж, хэд хэдэн албан тушаалд шинэ хүмүүсийг томилж, Н.Назарбаевын үеэл дүүг бас ажлаас халжээ. Дээрх арга хэмжээг авсан ч, олон арван жилийн турш эрх баригчдын явуулж байсан улс төр, эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн ард иргэдийг тайвшруулж чадсангүй. Тиймээс К.Токаев гарцгүй болж, хүч хэрэглэж, ХАБГБ-аас цэргийн тусламж хүсэхээс аргагүй боллоо.  

Н.Назарбаевын 30 жилийн турш үргэлжилсэн эрх мэдлийн үеэр түүний найз нөхөд, хамаатан садан болон “Нур Отан” нам Казахстаны улс төрийн тайз болон хэвлэл мэдээллийг бүхэлд нь хяналтад байлгасан. Өмнө нь эрх баригчид ард түмний эсэргүүцлийг намжаахын тулд багахан шинэчлэл хийсэн болоод, Засгийн газрын ганц хоёр хүнийг өөрчлөх гэж оролдож байв. 2019 онд Н.Назарбаев Ерөнхийлөгчийн суудлаас буусан ч, “Үндэсний удирдагч”-ийн хувьд албан бусаар эрх мэдлээ хадгалж үлдсэн аж. Тэрбээр өөрийнхөө оронд Ерөнхийлөгчөөр К.Токаевыг үлдээсэн. К.Токаев төрийн тэргүүн болсон даруйдаа нийслэл Астана хотын нэрийг өөрчилж Нур-Султан болгов.   “Казахстан төрийн дэглэмийг өөрчлөхгүйгээр, удирдагчаа сольж болохыг харууллаа” хэмээн Глазгогийн их сургуулийн профессор Лука Анчески хэлэв. Казахстаны улс төрийн тавцанг олон жилийн турш сөрөг хүчний удирдагчдаас тусгаарласан. Энэ нь шинэчлэл хийх боломжийг багасгав. “Энэ удаагийн эсэргүүцэлд удирдагч, зохион байгуулсан сөрөг хүчин байгаагүй. Тийм учраас хуучин дэглэм дахин сэргэнэ” гэж АНУ-ын Батлан хамгаалах их сургуулийн профессор Эрик Марат үзэж байна. Тэрбээр хэлэхдээ, “ХАБГБ Казахстаны дотоод асуудлыг шийдэхгүй. Улс орны эдийн засаг эсвэл улс төрийн нөхцөл байдлыг сайжруулахгүй. Тэд дарангуйллыг л хүчирхэгжүүлнэ. Энэ нь ирээдүйд дахин эсэргүүцлийн давлагааг өдөөх болно“ хэмээн онцолжээ.  

Ямартай ч Казахстанд Н.Назарбаевын үе дуусгавар болж, К.Токаевын эрх мэдэл тогтлоо. К.Токаев шинэчлэл хийж, ард түмний амьжиргааг дээшлүүлнэ, баялгийг тэгш хуваарилна гээд олон амлалт өгч байна. Тэрбээр хэлсэн үгэндээ хүрэх үү гэдгийг цаг хугацаа харуулна. Хөрш орнууд Казахстанд өрнөсөн үйл явцыг анхааралтай ажиглаж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна